1 гол сэдэв

NASA-ийн сансрыг хөлөг "Perseverance" Ангараг гараг дээр амжилттай газардлаа.

Юу болов?

Өнгөрсөн 7-р сард хөөрсөн уг робот станцын Ангараг гарагт газардах явц 7 минут орчим үргэлжилсэн. Хүний гараар бүтсэн хамгийн дэвшилтэт, хамгийн том уг станц нь Ангараг гараг дээр дор хаяж 2 жилийг өнгөрүүлэх төлөвлөгөөтэй. "Perseverance" 19 камер, 2 микрофоноор тоноглогдсон учир тогтмол зураг, аудио илгээх гэнэ. Өмнө нь Ангараг гараг дээр газардах 14 оролдлогын 8 нь амжилттай болж байжээ.

Юу судлах вэ?

Тус хөлөг Ангараг гараг дээрээс эртний амьдралын ул мөрийг хайх юм. Гадаргын мэдээлэлд нягт шинжилгээ хийж, амьдралын орчин нөхцлийн талаар үнэтэй мэдээлэл дамжуулахаас гадна амьдралын ул мөр хадгалагдаж үлдсэн эсэхийг мөн тогтоох учиртай. Тэд цуглуулсан хөрсний дээжээ 40 орчим саванд хадгалж, дараагийн төслүүдэд үлдээх юм. NASA-ийн тооцоогоор хүн төрөлхтөн улаан нүдэн гарагийн хөрсний дээжтэй 2031 онд л золгох аж.

Өөр юу байна?

Хоёрдугаар сард нийт 3 хөлөг Ангараг гарагийн тойрог замд амжилттай нэвтэрч, судалгааны ажлуудаа эхлүүллээ. Арабын Нэгдсэн Эмиратын "Hope" уур амьсгалын зураглал гаргах зорилготой бол Хятадын "Tianwen-1" гарагийн геологийн бүтцийг илүү нарийвчлан судлах төлөвлөгөөтэй байгаа юм.

2 чухал тоо

0: Дэлхийн хамгийн том далайн тээврийн компани Maersk 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах, анхны нүүрстөрөгч ялгаруулдаггүй карго усан онгоц замд гаргана хэмээн мэдэгдлээ. Далайн тээвэр дэлхийн нийт нүүрстөрөгчийн хийн 3 орчим хувийг ялгаруулдаг салбар ажээ.

30 - Америкийн эрдэмтэд анх удаа клоны аргаар амьтан үржүүлсэн байна. Тэд 30 жилийн өмнө үхсэн хар хөлт үенгийн генийг ашигласан нь энэ. Уг амьтны тоо толгой нь дэлхий даяар ердөө 300 гаруй л үлдсэн гэж тооцогддог, улаан номонд орсон амьтан юм. Сонирхуулахад, Сан Диегогийн амьтны хүрээлэнгийн лабораторид 1100 гаруй зүйлийн амьтны хөлдөөсөн ген хадгалагдаж байгаа гэнэ.

3 онцлох өгүүлбэр

I. Австрали сошиалын эсрэг дайн зарлалаа

- Энэ бүхэн Австралийн засгийн газар Facebook, Google зэрэг сошиал платформуудыг мэдээний редакцуудад төлбөр төлөхийг шаардсан хууль санаачилснаас эхэлсэн. Шинэ хуулийн дагуу тэд платформд тавигдаж, хэрэглэгчид дарж эсвэл хэрэглэж буй линк бүрийн тоогоор контент бүтээгчдэд төлбөр төлөх ёстой болж байгаа юм. Уг хуулийн төсөл Төлөөлөгчдийн танхимаар дэмжигдсэн бөгөөд Сенатад ч олонхын санал авах магадлал өндөртэй байгаа аж.

- Facebook үүнийг эрс эсэргүүцэн Австрали дахь хэрэглэгчдийн мэдээ унших эсвэл хуваалцах эрхийг хязгаарлаж орхив. Гадаадаас ч Австралийн медиа компаниудын мэдээг унших боломжгүй болоод байгаа юм. Facebook хэрэглэгчдийн нүүр хуудасны 4-өөс ихгүй хувийг мэдээ эзэлдгээс гадна контент бүтээгчдэд 400 сая доллараар үнэлэгдэх 5 тэрбум хандалт авчирсан хэмээн маргаж буй.

- Нөгөө талд Google "Б план"-аа идэвхжүүлж, Р.Мюрдокийн News Corp-тэй контент хуваалцах, төлбөр төлөх гэрээ байгуулсан нь сонирхолтой алхам байв. Тэд Google News үйлчилгээгээрээ албан ёсны лицензтэй мэдээ цацах эрхтэй болжээ.


II. Universal Music Group IPO хийнэ

- Уг компанийг эзэмшигч Францын Vivendi энэ оны сүүл гэхэд дэлхийд хамгийн томд тооцогдох хөгжмийн бизнесээ тусад нь нэгж болгон Амстердамд бүртгүүлэх бөгөөд 2022 оны эхний улиралд нээлттэй компани болгох гэнэ. Тус компанийн үнэлгээ 36 тэрбум доллараар хэмжигдэж буй.

- Энэ мэдээг зах зээл ихэд сайшаан хүлээн авч, Vivendi-ийн хувьцааны үнэ түүхэн дэх хамгийн өндөр буюу 19 хувиар өссөн байна. Vivendi шинээр байгуулагдах компанид 20 хувь эзэмшсэн хэвээр үлдэх учиртай. Сонирхуулахад, Хятадын Tencent тус компанийн мөн 20 орчим хувийг хянадаг аж.

- Стриминг зах зээл өргөжиж, хөгжмийн бизнес оргил үедээ хүрч байгааг энэ үйл явдал баталлаа. Өнгөрсөн жил тэдний гол өрсөлдөгчдийн нэг Warner Music мөн IPO хийж, 16 тэрбум доллараар үнэлэгдсэн юм. Universal-ийн харьяанд Лэйди Гага, Тэйлор Свифт зэрэг топ артистууд багтдаг билээ.


III. Наоми Осака энэ жилийн эхний их дуулгад түрүүллээ.

- Австралийн нээлттэй тэмцээн түүний хувьд 4 дэх карьерын ялалт болж байгаа нь энэ. 23 настай Япон теннисчин хагас шигшээд гол өрсөлдөгч С.Уильямсийг буулган авсан билээ. Тэрээр шигшээд хамгийн том амжилтаа үзүүлж, энд хүрсэн Ж.Брэйдиг ялсан юм.

- Хөл хорионы үеэрх уг тэмцээний зохион байгуулалт олон холбоод, спортын байгууллагуудад үлгэр жишээ үзүүлэхүйц боллоо. Тэд бүх тамирчдыг 2 долоо хоногийн хугацаатай тусгаарлаж, мөн үзэгчдийн тоог 50 орчим хувиар бууруулж, хагас нээлттэй горимд явуулсан юм.

- Эрэгтэйчүүдийн төрөлд Н.Жокович 9 дэх удаагаа аваргалав. Түүний өрсөлдөгч нь магадгүй яг энэ цаг мөчид хамгийн сайн формтой байсан Д.Медведев байсан ч түүнээс нэг ч сет салгаж чадсангүй. Жокович карьерынхаа 18 дахь түрүүг хүртсэн нь бүх цаг үеийн жагсаалтад Р.Федерер, Р.Надаль нараас ердөө хоёроор дутуу болж байгаа юм.

4 мэдүүштэй баримт

Сансрын зураг: Лайдений их сургуулийн эрдэмтэд 256 цагийн ажиглалт, олон арван жилийн түүхэн өгөгдөл дээр суурилан дэлхийн хамгийн том сансрын зургийг бүтээжээ. Уг зурагт 250 мянга гаруй их хэмжээний масстай хар нүхийг багтаасан гэдгээрээ онцлогтой ажээ.

Технологи үржүүлэгч: Huawei Шаньси мужид уул уурхайн салбарт хиймэл оюун болон бусад технологийг нутагшуулах зорилго бүхий инновацын лаборатори байгуулснаа зарлалаа. Тэд уг салбар дахь автоматжуулалтыг эрчимжүүлж, илүү аюулгүй, бүтээмжтэй орчин үүсгэх зорилготой байгаа гэнэ. Үүнээс гадна тэд гахайн фермүүдтэй хамтран өвчин илрүүлэх, жин, хөдөлгөөн хянах технологийг нэвтрүүлж байгаа ажээ.

Цахилгаан компани: Ford 2030 он гэхэд Европт зөвхөн цахилгаан хөдөлгүүрт машин л борлуулна гэдгээ зарлалаа. Үүний хүрээнд тэд технологи хөгжүүлэлтэд зориулсан хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлж, 29 тэрбум долларт хүргэх аж. Мөн Кольн дахь үйлдвэртээ 1 тэрбум доллар зарцуулж, цахилгаан машины үйлдвэр болгон хувиргана гэнэ.

Дрон шоу: Хятадын дроны технологи хөгжүүлэгч стартап EFYI, Тьянжиний их сургуультай хамтран дэлхийн хамгийн урт үргэлжилсэн дрон шоуг зохион байгуулж, Гиннесийн рекорд тогтоосон байна. Тэд домогт зураач Винсент Ван Гогийн амьдрал, уран бүтээлийг 26 минут 19 секундын турш 600 дрон ашиглан дүрсэлжээ.

5 сонин хачин

1. Өмнөд Солонгосын нэрт найруулагч Бон Жүн Хо өөрийг нь нэр алдрын оргилд хүргэсэн "Parasite" киноны үргэлжлэлийн зохиолыг бичиж дуусгажээ. Тэрээр англи болон солонгос хэл дээр тус бүр нэг ангийн зохиол дээр бичихээр төлөвлөж байгаа гэнэ. Сонирхуулахад, HBO тус бүтээлээс сэдэвлэсэн телевизийн цуврал хийх болсноо зарлаад байгаа билээ.

2. Adidas 2006 онд 3.8 тэрбум доллараар худалдан авч байсан Reebok брэндийг 2021 онд багтаан зарах, эсвэл тусад нь бие даасан нэгж болгон салгах төлөвлөгөөгөө танилцууллаа. Зарим шинжээчид Reebok-ийг тусад нь гаргаж, нээлттэй компани болгох боломжтойг ч онцолсон байна. Борлуулалт нь тасралтгүй буурсаар байгаа тус компанийн үнэлгээ 1.2 тэрбум доллартай тэнцүү байгаа гэнэ.

3. Youtube гуравдугаар сард багтаан TikTok-ийн өрсөлдөгч Shorts нэмэлтээ АНУ болон бусад топ зах зээлд нэвтрүүлнэ гэдгээ зарлалаа. Контент бүтээгчдэд богино хэмжээний видео цацаж, түүнийгээ борлуулах боломж олгох уг нэмэлт нь Энэтхэгт амжилттай туршигдаж байгааг тэд онцолсон байна. Оны өмнө Instagram Reels нэртэй өөр нэг TikTok-ийн клоныг танилцуулаад амжсан билээ.

4. ОХУ-ын баг тамирчид Токиогийн Олимпийн наадамд "Russian Olympic Committee"-ийн товчлол болох "ROC" гэсэн нэрийн дор оролцох боллоо. Удаа дараалсан допингийн скандалтай холбоотойгоор тус улс өөрийн туг, далбаа, төрийн дууллыг ашиглах эрхгүй болоод байсан юм. Сонирхуулахад, Токиогийн Олимпийг зохион байгуулах хорооны даргаар өмнө нь олимпийн сайдаар ажиллаж байсан С.Хашимото томилогджээ. Өмнөх тэргүүн Ё.Мори ёс зүйн алдааны улмаас ажлаа хүлээлгэн өгөөд байсан билээ.

5. Netflix дэлхийн хамгийн алдартай видео тоглоомуудын нэг Dota 2-оос сэдэвлэсэн аниме бүтээж байгаагаа зарлалаа. 3-р сарын 25-нд нээлтээ хийх уг анимегийн эхний бүлэг 8 ангиас бүрдэх бөгөөд Voltron, The Legend of Korra зэрэг хит бүтээлийг туурвисан Studio MIR ажиллаж байгаа гэнэ.

10 унших мэдээ

Төсөөлөх: 9 дэх гарагийг яагаад бид олохгүй байна вэ? /BBC/

Үзэх: Оскарт өрсөлдөгчдийг таамаглах нь /Variety/

Унших: Монголд дүрвэсэн Иран жүдочийн түүх /CNN/

Мэдэх: Robinhood, Gamestop-ийн сонсголын эргэн тойронд /Reuters/

Ойлгох: Техасд юу болов? /TM/

Анхаарах: Биткойн 50 мянгыг давлаа /The Economist/

Харьцуулах: Бэйзос уу? Зукерберг үү? /Twitter/

Тоглох: Nintendo-ийн зарласан шинэ тоглоомууд /Gamerant/

Хүлээх: March Madness эргэн ирлээ /Vox/

Гайхах: Google-ийн ээлжит скандал /The Verge/