1 гол сэдэв
Юу болов?
Google-ийн намрын эвентийн гол дүр нь олонхийн таамаглаж байсанчлан Pixel болон Gemini AI байв. Шинээр танилцуулсан гурван загварын камерын дизайн өөрчлөгдөж, Google-ийн шинэчлэгдсэн G4 Tensor чипээр тоноглогдсоноос гадна батарейн хүчин чадал эрс нэмэгдэж, SOS дуудлагыг хиймэл дагуулын тусламжтай хийх боломжтой болжээ. Үндсэн Pixel 9 болон Pixel 9 Pro нь 6.3 инчийн дэлгэцтэй, харин Pixel Pro XL нь илүү том буюу 6.8 инчийн дэлгэцтэй болсон байна. Харин нугардаг загварын Pixel 9 Pro Fold нь өмнөхөөсөө урт, гэхдээ нарийн болсноос гадна бүрэн дэлгэгдвэл 8 инчийн дэлгэцтэй. Үнийн хувьд 1799 доллараас эхлэх гэнэ.
AI-ийн хувьд?
Google энэ удаад өөрсдийн хөгжүүлж буй хиймэл оюуны модель Gemini-г нийт Андройд системд нээлттэй болгож байгаагаа зарлав. Ингэснээр олон өөр брэндийн олон загварт AI функцүүд ашиглагдах боломжтой болж байгаа гэсэн үг. Pixel 9-ийн хувьд "Add Me" сонголтоор хоёр зургийг нийлүүлж, "Magic Editor"-ийн тусламжтай цоо шинэ орчныг бий болгох боломжтой болсон нь анхаарал татав. Мөн "Pixel Studio" апп-ын тусламжтай текстээс зураг үүсгэж, "Pixel Screenshot"-оор хадгалсан зургаасаа хайлт хийхийг санал болгов. Тэрчлэн өмнө танилцуулж байсан дуу хоолойгоороо AI-тай харилцах "Live" функц нь илүү төгөлдөршиж эхэлснийг шинжээчид онцолж байна.
Өөр юу байв?
Үүнээс гадна Google хоёр ч шинэ загварын ухаалаг цагийг Pixel Watch 3-ийн дор танилцуулав. Шинэ загварууд хүчин чадлын хувьд эрс сайжирч, том дэлгэцтэй болсноос гадна Google-ийн экосистемд төгс нийцнэ гэдгээрэ онцлогтой. Одоо та бугуйнаасаа Google TV-г удирдаж, Nest камераа хянан, Google Map-ийг интернетгүй орчинд ашиглах болсон байна. Тэрчлэн 229 долларын үнэтэй Pixel Buds Pro 2 энэ өдөр нээлтээ хийлээ. Илүү хөнгөн бас жижиг хэмжээтэй шинэ загвараас дуу тусгаарлагч технологи болон 8 цаг тасралтгүй сонсох боломж олгох батарейгаа онцолъё.
ТОЙМ ОНЦОЛЖ БАЙНА: "ХУВИЙН ДУНД СУРГУУЛИУДЫН НЭГДСЭН ЭКСПО 2024"
Шинэ хичээлийн жил айсуй. Зуны урт амралт дуусаж, хичээлийн бэлтгэлээ базааж буй эцэг эхчүүд, хүүхэд залууст зориулсан "Хувийн дунд сургуулиудын нэгдсэн экспо 2024" арга хэмжээ 8-р сарын 24,25-ны өдрүүдэд явагдах гэж байна.
"Си И Си инвестмент ББСБ" ХХК болон "Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбоо"-оос хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээнд нийт 14 сургууль оролцож, үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрөө танилцуулна. Та сонирхсон сургуулийн төлөөлөлтэй газар дээр нь уулзаж, мөн боловсролын хөнгөлөлттэй зээлд хамрагдан, хүссэн сургуульдаа бүртгүүлэх боломжтой.
Мөн сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүд, Voice of Mongolia, "Уран хас" балет зэрэг сонирхолтой энтертэйнмент үзүүлбэрүүд бүтэн хоёр өдрийн турш таныг хүлээж байна.
Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.
2 чухал тоо
998.000.000 - АНУ-ын экс ерөнхийлөгч Д.Трамп болон алдарт энтрепренер И.Маск нарын X платформ дээр хийсэн шууд ярилцлага ердөө 2 цагийн дотор 998 сая хандалтыг цуглуулж рекорд тогтоолоо. 2.5 цаг үргэлжилсэн уг ярилцлага сая сая сонгогчдод нөлөөлөхүйц олон сэдвийг хөндлөө хэмээн хөндлөнгийн шинжээчид үзэж байна.
88 - XX зууны хамгийн нөлөө бүхий жүжигчдийн нэг, Францын кино урлагийн алтан үеийн төлөөлөл Алан Делон 88 насандаа таалал төгслөө. "Le Samouraï", "Purple Noon" зэрэг кинонуудаараа алдаршсан тэрээр тайз, дэлгэцийн 100 гаруй бүтээлд дүрээ мөнхөлж, үе үеийн үзэгчдийн хамгийн хайртай баатруудын нэг байсан билээ.
3 онцлох өгүүлбэр
I. Ангараг гарагаас усны их нөөц илрүүлжээ.
- NASA-ийн эрдэмтэд Ангараг гарагийн гүнд их хэмжээний усны нөөц байгааг илрүүлжээ. Тэд 2018 онд анх улаан нүдэн гараг дээр газардсан Mars Insight Lander-ийн 4 жилийн турш цуглуулсан хэмжилтийн датанд үндэслэн уг дүгнэлтийг хийжээ.
- Судлаачид Ангаргийг гадаргаас 10-20 км-ийн гүнд шингэн төлөвтэй ус байгааг тогтоосон нь энэ. 3 тэрбум жилийн өмнө уг гараг дээр ус урсаж байсан ул мөр болох эртний судал, сувгийг эрдэмтэд олсон ч ус хаашаа урсаж алга болсонд нэгдсэн хариулт өгч чаддаггүй байсан. Энэ нээлт тус гарагийн уур амьсгал, экосистемийн хөгжлийн талаар судлахад томоохон дэмжлэг болох учиртай.
- Мөн амьдралын эх үүсвэрийн талаарх эрэл хайгуулд шинэ чиглэл нэмж байгааг судлаачид онцолж байна. Харин ийм гүн ухах нь технологийн хувьд хүндрэлтэй учир Ангаргийг эзэмших төслүүдэд төдийлэн ач холбогдол багатай байж болохыг тодотгожээ.
II. Starbucks CEO-оо халав.
- Дэлхийн хамгийн том, хамгийн алдартай кофе шопын сүлжээ Starbucks ердөө 16 сарын өмнө томилсон гүйцэтгэх захирал Л.Нарасимханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Энэ хугацаанд тус компанийн хувьцааны үнэлгээ 22%-аар буурчээ. Үүн дотор хамгийн гол зах зээлүүд болох АНУ (2%-аар буурсан), БНХАУ (14%-аар буурсан)-ын үзүүлэлт хамгийн гол нөлөө үзүүлэв.
- Starbucks түүний залгамжлагчаар Мексик хоолны сүлжээ ресторан Chipotle-ийн CEO Б.Никколыг нэрлэлээ. Б.Никколын хувьд цар тахлын үеийг амжилттай давж, шинэ борлуулалтын стратеги, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ачаар 7.8 тэрбумын үнэлгээг 76.5 тэрбум болгон өсгөсөн гэдгээрээ алдартай.
- Энэ мэдээг зах зээл эергээр хүлээн авч, Starbucks-ийн нэгж хувьцааны үнэ 24.5%-аар нэмэгдэн рекорд тогтоож, үнэлгээ нь 21 тэрбумаар өсчээ. Харин Chipotle-ийнх 7.6%-аар буурсан нь энэ оны хамгийн муу үзүүлэлт нь болсон байна.
III. Mars групп Pringles-ийн толгой компанийг худалдаж авлаа.
- 35.9 тэрбум долларын үнэтэй уг хэлцэл АНУ-ын хүнсний салбарын хамгийн том наймааны нэг болж байна. 1911 онд анх шоколад үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн Mars салбарыг донсолгосон том худалдан авалтуудаараа бизнесийн чиглэлээ өргөжүүлсээр ирсэн. Тэд 2011 онд тэжээмэл амьтдын хоол үйлдвэрлэгч Royal Canin-ийг 730 саяар, 2008 онд бохины хамгийн алдартай брэнд Wrigley-ийг 23 тэрбумаар, 2020 онд эрүүл хүнcний Kind Brand-ийг 5 тэрбумаар тус тус худалдан авч, тус бүрийн зах зээл дэх тэргүүлэгчийн статусаа бататгаж байв.
- Pringles, Eggo зэрэг алдартай брэндүүдийг эгнээндээ нэгтгэсэн Kellanova өнгөрсөн жил толгой компани Kellogg-оос салж, хүнс, хөнгөн зуушны чиглэлээр бие даан үйл ажиллагаа явуулах болсон. 2023 онд 13 тэрбумын борлуулалттай ажилласан тус компанийн Африк дахь нэр хүнд, ложистикийн суурь нь Mars-д том давуу тал авчирна хэмээн шинжээчид үзэж байна.
- Snickers, Twix, M&M зэрэг дэлхийд алдартай брэндүүдийг эгнээндээ нэгтгэсэн Mars-ийн жилийн борлуулалт 50 тэрбум доллар байв. Америкийн хамгийн том хувийн өмчит компанид тооцогдох уг компанийг удирддаг Марсын гэр бүлийн хөрөнгө 120 тэрбум доллараар хэмжигддэг.
4 мэдүүштэй зүйл
Шинэ чип: Хятадын технологийн гигант Huawei зах зээлийн лидер NVidia-ийн H100-тай өрсөлдөхүйц шинэ чипийг танилцуулахад бэлэн болжээ. Ascend 910C нэртэй уг чипийг TikTok-ийн толгой компани Bytedance, Baidu, China Mobile зэрэг компаниуд хэдийн худалдаж авахаар төлөвлөж байгаа гэнэ. АНУ-ын хоригоос шалтгаалж NVidia-ийн чип Хятадад борлуулагдах боломжгүй байгаа орон зайг уг бүтээгдэхүүн бүрэн нөхнө хэмээн экспертүүд үзэж байна.
Аюулт тахал: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сармагчны цэцэг өвчний тархалт Африк тивээс гадуур анх удаа бүртгэгдсэнтэй холбоотой онц байдал зарлалаа. Одоогоор зөвхөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад л гэхэд халдварын 15 мянган тохиолдол бүртгэгдэж, 537 хүн амиа алджээ. Уг өвчний халдвар Швед, Пакистан, АНУ, Их Британид илрээд байна. Ташрамд дурдахад, 2 жилийн өмнө дэлхий даяар 130 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, ДЭМБ-аас онц байдал мөн зарлаж байсан удаатай.
Хөгшрөх нас: Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хүний хөгшрөлт дөчөөд насны дунд үе, жараад насны эхэн үед огцом эрчимждэг гэдгийг баталжээ. Тэд 100 гаруй хүнийг оролцуулан 7 жилийн турш хийсэн судалгааны дүнд хүний аль ч төрлийн молекул дээрх насанд эрс өөрчлөгдөж байгааг тогтоожээ.
Солирын үүсэл: 66 сая жилийн өмнө эх дэлхийг мөргөж, үлэг гүрвэлийг мөхөлд хүргэсэн гэх солирын гарал үүслийг тодорхойлсноо эрдэмтэд зарлалаа. Тэд Мексикийн булангаас олдсон солирын үлдэгдэлд химийн нарийвчилсан шинжилгээ хийн, бусад сорьцуудтай харьцуулах замаар уг солир нь Бархасбадь гарагийн орчимд үүсэж бүрэлдсэн гэдгийг тогтоожээ.
5 сонин хачин
1. Борлуулалтын орлого нь 1.2 тэрбумыг давсанаар Joker-ийг гүйцэн, түүхэн дэх хамгийн өндөр орлоготой R-rated кино болсон "Deadpool & Wolverine"-ийн бокс оффисын ноёрхол 4 дэх долоо хоногтоо тасарлаа. 1979 онд анх гарсан "Alien"-ийн франчайзийн 7 дахь бүтээл бүтээл "Alien: Romulus" дэлхий даяар 108 сая долларын орлогоор жагсаалтыг тэргүүлжээ. Цувралын түүхэнд 2012 оны "Prometheus" л үүнээс илүү нээлтийн амжилтыг үзүүлж байв.
2. Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч Zeekr дэлхий хамгийн түргэн цэнэглэгчийг бүтээснээ зарлалаа. Тус компанийн шинэ цэнэглэгч нь ердөө 10 минутын дотор батарейг 10-80% болгон дүүргэнэ гэнэ. Мөн -10 градусын хүйтэнд 30 минутанд дээрх үзүүлэлтийг гүйцэтгэж байгааг баталжээ. Тэд 2026 он гэхэд 10 мянга гаруй ултра түргэн цэнэглэгч станц байгуулах амбицтай байгаа юм.
3. Видео тоглоомын хамгийн анхны классик бүтээлүүдийн нэг Age of Empires гар утсанд зориулсан анхны хувилбараа гаргах гэж байна. 2022 оны сүүлээр оригинал тоглоомын 25 жилийн ойгоор анх зарлагдаж байсан тус тоглоом 10-р сарын 17-нд албан ёсоор цацагдах бөгөөд урьдчилсан бүртгэлээ эхлүүлжээ.
4. Дэлхийн хамгийн алдартай видео тоглоомын нэг Fortnite 4 жилийн дараа iOS-д эргэн ирлээ. Тэд Apple-тай төлбөр, шимтгэлийн асуудлаар маргаж, улмаар Европын холбооны өрсөлдөөн дэмжих шинэ журмын дагуу өөрсдийн апп дэлгүүрээр дамжуулан тоглоомоо борлуулах замыг нээсэн. Одоо Европын хэрэглэгчид Epic Games Store болон AltStore PAL нэртэй өөр нэг апп-аар дамжуулан уг тоглоомыг татахад нээлттэй.
5. Хамгийн нууцлал сайтай веб хөтчийн нэгт тооцогддог Opera iPhone-д зориулсан шинэ апп-аа танилцууллаа. Уг апп нь тус компанийн хөгжүүлж буй Aria AI чатботоос гадна нэг гараар удирдахад зориулсан хэрэглээтэй гэдгээрээ онцлог. Мөн хэрэглэгч өөрийн хүссэн өнгөөрөө дизайнаа тохируулж болдог болжээ.
10 унших мэдээ
Тайлбарлах: Диснейн шүүхийн маргааныг ойлгох нь /Yahoo/
Турших: 2024 оны хамгийн шилдэг ТВ - Sony A95L /The Verge/
Анхаарах: Японы ерөнхий сайд ажлаа өгнө /Reuters/
Санах: AI хичээлийн танхимд хэрхэн нөлөөлж байна вэ? /NYTimes/
Хүлээх: WorldCoin ба AI-ийн төгсгөл /Bloomberg/
Баясах: Нүүдэлчин фестивалийн эргэн тойронд /Ikon/
Харамсах: М.Перригийн үхэлд буруутай этгээдүүдийг нэрлэлээ /CNN/
Сонирхох: 2024 оны сонгуулийг тодорхойлох нөлөөлөгчид /Wired/
Мэдэх: Тайланд хамгийн залуу ерөнхий сайдаа томиллоо /Al Jazeera/
Анзаарах: X Бразил дахь үйл ажиллагаагаа зогсоолоо /Techcrunch/