1 гол сэдэв
Юу болов?
Facebook, Instagram, Whatsapp, Threads-ийг эгнээндээ нэгтгэж, тэрбум тэрбум хэрэглэгчдийн өдөр тутмын сошиал хэрэглээний гол талбар болсон тус компани баримт шалгах, хуурамч мэдээлэлтэй тэмцэх бодлогодоо томоохон өөрчлөлт хийж байгаагаа зарлалаа. Тэд хэрэглэгчдийн үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг хангах үүднээс баримт шалгах хөтөлбөрийг зогсоож, оронд нь “Community Notes” буюу X-тэй төстэй нэмэлтийг нэвтрүүлнэ. Энэ нь маргаантай нийтлэл, постод бусад уншигчид тайлбар оруулж, хавсралт линкээр баяжуулах боломж олгодог.
Яагаад?
М.Цукерберг сүүлийн жилүүдэд контентын бодлогоо зөөлрүүлж, цензурыг багасгах тал дээр анхаарна хэмээн мэдэгдлээ. Тэрээр Д.Трампын засаг захиргаатай хамтран олон нийтийн сүлжээн дэх олон талт үзэл бодлыг өргөжүүлэхэд онцгойлон анхаарна гэжээ. Мөн Ж.Байдены захиргаа зарим асуудлуудад Meta-г шахаж, дарамталж байсан гэдгийг Ж.Роганы подкастад оролцлох үеэрээ онцолжээ.
Одоо яах вэ?
Баримт шалгах бүтцийг хэт өргөжүүлж, хүнээс хамааралтай болгосноор улс төрийн ашиг сонирхолд хөтлөгдөн энгийн постуудад хязгаарлалт тавьж байснаа тэрээр хүлээн зөвшөөрсөн байна. М.Цукерберг Facebook хэрэглэгч төвтэй анхны хэлбэр лүүгээ эргэн орлоо хэмээн өөрийн бичвэртээ тайлбарлажээ. Харин медиа экспертүүд, хэвлэлийн байгууллагууд уг шийдвэрийг сошиал орчинг улам бохирдуулж, хуурамч мэдээлэл зах хязгааргүй түгэхэд түлхэц болох “хөнгөн” шийдвэр боллоо хэмээн хүлээн авч байна.
2 чухал тоо
1.6: 2024 он дэлхийн хамгийн халуун жил байжээ Европын холбооны уур амьсгалын өөрчлөлт судлалын төвөөс 2024 онд дэлхийн гадаргын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.6 хэмээр өндөр байсныг зарлалаа. Энэ бол дэлхийн дулаарлын өсөлтийг 1.5 хэмд барих Парисын хэлэлцээрийн зорилтоос анх удаа давсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч жил 2023 оны адилаар хамгийн багадаа сүүлийн 125 мянган жилийн түүхэн дэх хамгийн халуун жил байсан гэсэн үг юм. Судлаачдын тогтоосноор 2024 оны дундаж температур 2023 оныхоос 0.12 хэмээр өндөр байжээ.
58: Дэлхийн технологийн салбарын хамгийн том шоуны нэг CES 2025 Лас Вегас хотноо явагдлаа. 58 дахь удаагийн арга хэмжээнд 4300 компани, брэнд шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмжөө танилцуулжээ.
3 онцлох өгүүлбэр
I. "Алтан бөмбөрцөг"-ийн ялагчид тодорлоо.
- Кино, телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг “Алтан бөмбөрцөг”-ийн эзэд нэрлэгдлээ. Энэ жилийн драмын төрөлд “The Brutalist” давамгайлж, шилдэг киноноос гадна нийт гурван төрөлд ялагч болжээ. Оскарын шагналт А.Броди шилдэг эрэгтэй жүжигчнээр нэрлэгдсэн байна. Харин комеди/мюзикл төрөлд “Emilia Perez” энэ наадмын хамгийн олон буюу 10 төрөлд өрсөлдөж байсан. Тус киноны од З.Салдана шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорч, кино нь шилдэг кино болон шилдэг гадаад хэл дээрх киногоор нэрлэгдэж, нийт 4 цомтой буцлаа.
- Телевизийн төрөлд шүүмжлэгчдийн таамаглаж байсанчлан “Shogun” нэр дэвшсэн дөрвөн төрөлдөө бүгдэд нь ялалт байгууллаа. Харин 5 төрөлд өрсөлдсөн “The Bear” шилдэг киноны төрөлд “Hacks”-д ялагдаж, ердөө ганцхан цомтой хоцорсон бол хамгийн олон буюу 36 төрөлд бүтээлээ сойсон Netflix-ийн “The Baby Reindeer” лимитед цувралын төрөлд шилдгээр тодорчээ.
- Сонирхуулахад, Холливүүдийн алдарт жүжигчин Д.Мур карьерын анхны алтан бөмбөрцгөө “The Substance” бүтээсэн дүрээрээ хүртлээ. Харин шилдэг анимэйшнээр Латвийн уран бүтээлчдийн “Flow” нэрлэгджээ. 82 дахь удаагийн наадмыг 10.1 сая хүн шууд үзсэн нь өмнөх жилээс ахисан үзүүлэлт болжээ.
II. Dell лаптопын нэршлээ шинэчиллээ
- Дэлхийн хамгийн алдартай компьютер бүтээгчдийн нэг Dell зах зээл дэх байр сууриа баталгаажуулах үүднээс брэндийн нэршлээ сольж байгаагаа зарлалаа. Өмнө нь тэд XPS, Inspiron, Latitude зэрэг брэндийн дор лаптопоо гаргаж, тухай бүрд нь маркетингийн кампанит ажил гүйцэтгэдэг байсан юм.
- Одооноос тэд бүх лаптопоо зорилтот хэрэглээнээс хамааран “Dell Pro” эсвэл “Dell Pro Max” гэсэн ангилалд хуваах болсон байна. Эдгээр нь дотроо хүчин чадлаасаа хамааран “Base”, “Plus”, “Premium” хэмээн дахин хуваагдах гэнэ.
- Энэ нь хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, хялбар байдал үүсгэж, идэвхжүүлэлтийн зардлаа хэмнэх үүднээс хийж буй шинэчлэл хэмээн Dell тайлбарлаж байна. 2006 онд худалдан авч байсан тоглоомчдод зориулсан Alienware харин бие даасан хэлбэрээ хадгалж үлдэх гэнэ.
III. Getty Images, Shutterstock нэгдлээ
- Онлайн гэрэл зураг, видеоны хамгийн том платформуудын нэгдэл 3.7 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Getty Images шинэ компанийн 54.7%-ийг эзэмших бол Shutterstock-ийн хувьцаа эзэмшигчдэд 45.3% нь ногдоно гэнэ.
- Хиймэл оюуны хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь уламжлалт гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэгчдийн ирээдүйг тодорхойгүй нөхцөл байдалд оруулсан. Энэхүү эгзэгтэй үед талууд стратегийн хэлцлийг хийж байгаа нь цаашид хамтарсан технологи хөгжүүлэх, дижитал архиваа бэхжүүлэх, лиценз борлуулалтаа эрчимжүүлэх ажилд анхаарна гэдгийн илрэл юм.
- Гэхдээ энэ хэлцлийг эхлээд монополийн шинж чанартай байгаа эсэхийг зохицуулах байгууллагаас шалгах учиртай. Талууд сток зураг, цаг үеийн контентийн зах зээлийн бараг 80%-ийг хянах боломжтой болж байгаа нь энэ юм.
4 мэдүүштэй зүйл
Сансрын амбиц: Toyota хиймэл дагуулын технологи сонирхож байна.Тус компани тээврийн салбарын ирээдүйг зөвхөн эх дэлхийгээр хязгаарлахгүйгээр өргөн хүрээнд харахыг хүсэж байгаа нь энэ юм. Тэд Interstellar Technologies хэмээх дотоодын стартап 44 сая долларын хөрөнгө оруулжээ. Тус компани нь нам орбитын хиймэл дагуулын технологи хөгжүүлдэг. Toyota-ийн дэд бүтэц, санхүүгийн дэмжлэгтэйгээр тэд олон тооны, хямд бөгөөд орчин үеийн сансрын төхөөрөмжүүд, хиймэл дагуулуудыг бүтээх амбицтай байгаа юм.
Таних тэмдэг: X хуурамч аккоунтыг тодотгодог болно. Сүүлийн үед X-ийн цэнхэр тэмдгийг худалдан авсан хэрэглэгчид олны танил, алдартнуудын нэрээр хуурамч аккоунт үүсгэж, төөрөгдөл үүсгэх нь элбэг болсон. Тэгвэл X-ийн зүгээс дээрх асуудлыг шийдэх үүднээс хуурамч аккоунтуудыг тодотгосон тэмдэглэгээг бий болгоно гэдгээ мэдэгдлээ. Энэ нь цаашид хошигносон, хөнгөн жиргээнээс болж хуулийн асуудал үүсэхээс хамгаалах боломжийг олгоно хэмээн тэд онцолжээ.
Шумбагч робот: Сүүлийн жилүүдэд далай, тэнгисийн гүнээс дата мэдээлэл цуглуулах, түүн дээр үндэслэн дэд бүтэц, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ эрс нэмэгдсэн. Энэ чиглэлд гол лидер болж буй Ирландын Xocean нэртэй стартап хөрөнгө оруулагчдаас 115 сая доллар татан төвлөрүүлжээ. 2017 онд байгуулагдсан уг стартап нь жолоочгүй шумбагч төхөөрөмж бүтээн хамгийн бага зардал, аюулгүй нөхцөлд дата мэдээлэл цуглуулах боломжийг хангах зорилготой юм.
Дата төв: Д.Трамп дата төвд 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт татжээ. Тэрээр ирэх жилүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын хамгийн том үл хөдлөх хөгжүүлэгч компаниудын нэг DAMAC Properties-тай хамтран уг төслийг хэрэгжүүлнэ гэнэ. Тус компанийг үүсгэн байгуулагч Х.Сажванитай хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр Аризона, Индиана, Оклахома зэрэг мужуудад AI, клоуд технологийг хөгжүүлэлтэд зориулсан дата төвүүдийг шинээр байгуулна гэдгээ зарлажээ.
5 сонин хачин
1. Дэлхийн хамгийн том сошиал апп-уудын нэг TikTok-ийн Америк дахь ирээдүй бүрхэг хэвээр байна. Д.Трамп дээд шүүхэд хүсэлт гаргаж, нэгдүгээр сарын 19-нд үйл ажиллагаагаа зогсоох шийдвэрийг хойшлуулах хүсэлт гаргаж, талууд дээд шүүхэд өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа ч ямар нэгэн шийд гараагүй л байна. Тэгвэл TikTok-ийн толгой компани ByteDance зүгээр суусангүй. Өөрсдийн хөгжүүлсэн шинэ апп Lemon8-ийн идэвхжүүлэлтийг эрчимжүүлж, улмаар АНУ-ын топ апп-ын чартыг тэргүүлж эхэлжээ. Зөвхөн 12-р сард л гэхэд нийт таталт нь 150%-аар өссөн бөгөөд тэдний 70% нь америкчууд байсан байна. TikTok Америкт 170 сая хэрэглэгчтэй юм.
2. VLC-ийн таталт 6 тэрбумд хүрчээ. Монголчуудын хамгийн өргөн ашигладаг видео тоглуулагч програм VLC Media Player-ийн таталт 6 тэрбумд хүрчээ. Нээлттэй эхэд суурилсан тус апп-ыг комьюнитигийн хөгжүүлэгчдээс бүрдсэн VideoLan нэртэй ТББ удирддаг. 1996 онд анхны хувилбараа гаргаж байсан тус програм энэ жилдээ багтаан AI-ийн тусламжтайгаар хадмал орчуулгыг олон хэлээр санал болгох нэмэлтийг гаргах гэнэ.
3. "Henley Passport Index"-ийн шинэчлэгдсэн чансааг Сингапур улс нийт 195 улс руу визгүй зорчдог үзүүлэлтээр тэргүүлж, дэлхийн хамгийн хүчирхэг пасспортоор нэрлэгдлээ. Харин Япон улс 193 улс руу чөлөөтэй нэвтэрдэг пасспорттойгоороо дараагийн байрт бичигджээ. Жагсаалтад тэдний араас Франц, Герман, Итали, Финлянд, БНСУ бичигдсэн байна. Монгол улсын хувьд 66 орон руу визгүй нэвтрэх боломжтой үзүүлэлтээрээ 75-р байрт бичигдлээ. Жагсаалтын хамгийн сүүлд ердөө 26 орон луу чөлөөтэй нэвтэрдэг Афганистан улс оржээ.
4. Apple төрсөн өдөр, хурал зөвлөгөөн, арга хэмжээний урилга болон мэдээлэл түгээх зорилготой шинэ апп хөгжүүлж байгаа гэнэ. “Invites” нэртэй уг апп нь iOS-ийн үндсэн апп болох төлөвтэй байгаа ч хэзээ албан ёсоор зарлагдах нь тодорхойгүй байгаа. Календарын урилгаас ялгаатай нь тухайн эвент, арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл болон оролцох бусад хүмүүсийн мэдээлэл нь илүү үзэмжтэй, визуал сайтайгаар байрших бололтой.
5. УИХ-ын чуулганы хуралдаанаар сүүлийн 28 жилийн турш төрөл бүрийн шалтгаанаар гацаж, хэлэлцэгдсээр ирсэн уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олголоо. Ингэснээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын засгийн газар болон Францын Орано Майнинг С.А.С компани хооронд хийх боломжтой болж байгаа юм. Тус төслийн анхны хөрөнгө оруулалт 500 сая доллар байх бөгөөд шинээр 1600 ажлын байр бий болгох ажээ.