1 гол сэдэв

Юу болов?

Facebook-ийн үүсгэн байгуулагч М.Зукерберг "интернетийн шинэ эрин" эхэлснийг зарлан тунхаглаж, компанийн нэрээ "Meta" хэмээн өөрчилж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү рибрэндинг нь зөвхөн толгой компанийн түвшинд хэрэгжих бөгөөд Facebook, Instagram, Whatsapp, Oculus зэрэг сошиал платформуудад ямар нэг өөрчлөлт орохгүй аж. Meta үндсэн бизнесээ 2 хуваах бөгөөд сошиал аппуудаа нэгтгэн "Family of Apps", дэвшилтэт технологийн төслүүдээ "Reality Labs" гэсэн нэгжийн дор тус тус хөгжүүлнэ.

Одоо яах вэ?

Тэд хүмүүсийг технологиор холбох үндсэн зорилгоосоо хазайхгүй ч биет болон виртуал орчныг холбох "метаверсийг" бүтээхэд гол анхаарлаа хандуулна гэнэ. Энэ төсөлдөө аль хэдийн 10 тэрбум доллар зарцуулахаа зарласан тэд VR, AR технологийн тусламжтай харилцаа, бүтээмж, хэрэглээний цоо шинэ шийдлүүдийг санал болгох зорилготой буй. Тэд биет төхөөрөмжгүйгээр ажлаа гүйцэтгэх, гэрээс гаралгүй уулзалтад оролцох, цаг хугацааны хоцрогдолгүй аливаа биетийг рендерлэх зэрэг ирээдүйн төсөөллөөсөө энэ үеэр хуваалцав.

Яагаад одоо гэж?

Facebook-ийн хувьд дотоод бичиг баримт алдагдаж, зохицуулах байгууллагын шахалттай нүүр тулсан хүндхэн өдрүүдийг өнгөрүүлж буй. Зарим шинжээчид энэ үйлдлийг нийтийн анхаарлыг өөр тийш хандуулах оролдлого хэмээн дүгнэж байгаа. Үүнээс гадна тэд шинэ үеийн залуу хэрэглэгчдийг татах, алдагдсан нэр хүндээ сэргээх зэрэг зорилгыг өвөртөлж буй нь гарцаагүй.

2 чухал тоо

1,000,000,000 - Цахим спортын хамгийн алдартай клубүүдийн нэг Faze Clan ирэх онд SPAC нэгдлийн тусламжтайгаар нээлттэй компани болно гэдгээ зарлалаа. Сошиал медиад 350 сая дагагчтай, Call of Duty, CS: GO, PUBG-ийн багтай тус нэгдэл 1 тэрбум долларын үнэлгээтэйгээр 291 сая доллар босгох зорилготой байгаа юм.

8 - Домогт Элтон Жон гэнэтийн цомгоороо фенүүдээ баярлуулж, карьертаа 8 дахь удаагаа Их Британийн чартыг тэргүүллээ. Dua Lipa, Gorillaz, Stevie Wonder зэрэг ододтой хамтран бүтээсэн түүний шинэ цомог "The Lockdown Sessions" нэртэйгээр цацагджээ.

3 онцлох өгүүлбэр

I. Tesla их наядын үнэлгээтэй боллоо

- Цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla-ийн үнэлгээ 1 их наядыг давлаа. Триллион долларын клубт тэднээс өмнө Apple, Microsoft, Amazon, Alphabet болон Aramco гэсэн компаниуд л багтаж байсан юм. Энэ бол тэдний үнэлгээ Toyota, Volkswagen, General Motors, Ford, BMW, Daimler гэсэн топ тоглогчдыг нийлүүлснээс ч өндөр боллоо гэсэн үг.

- 2003 онд байгуулагдсан Tesla 18 жилийн дотор их наядын үнэлгээтэй болсон нь түүхэнд хоёрт бичигдэх амжилт болжээ. Өмнө нь Facebook хамгийн хурдан буюу 17 жилийн дотор ийм үзүүлэлтэд хүрч байв. Үүсгэн байгуулагч Элон Маскийн нийт хөрөнгө 292 тэрбум долларт хүрч, дэлхийн хамгийн чинээлэг эрхэм болсныг мөн онцлох хэрэгтэй. Б.Гэйтс, В.Баффетын хөрөнгө нийлээд ч түүнийг гүйцэхгүй.

- Tesla-ийн хувьцааны үнэ өнгөрсөн долоо хоногт огцом өсөхөд тэдний Hertz-тэй хийсэн тохиролцоо онцгой нөлөөлөв. Саяхан дампуурлаа зарлаж, зохицуулах байгууллагын хамгаалалтад орж байсан машин түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Hertz 2022 оны сүүл гэхэд 100 мянган ширхэг Tesla машин худалдан авах захиалга өгсөн юм. 4 тэрбум долларын үнэлгээтэй энэ захиалгын талыг нь Uber-ийн жолоочид ашиглах аж.


II. Microsoft дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо.

- Баасан гарагийн арилжаа хаагдах үед Microsoft-ийн нэгж хувьцааны үнэлгээ 1 хувиар өсөж, нийт зах зээлийн үнэ цэн нь 2.47 их наяд долларт хүрлээ. Энэ бол тэд Apple-ийг гүйцэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй нээлттэй компани боллоо гэсэн үг. Тэд 2020 оны зун мөн ийм амжилтыг үзүүлж байв.

- Америкийн анхны 1 их наяд, 2 их наядын үнэлгээтэй компани болж байсан Apple-ийн улирлын тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй. Цар тахлын улмаас үүссэн чип нийлүүлэлтийн хомсдолоос болж 6 тэрбум долларын алдагдал хүлээснээ мэдэгдсэн Apple-ийн нэгж хувьцааны үнэ 4 хувиар буурч хаагдав. iPhone-ийн борлуулалт 47 хувиар өссөн, iPhone 13-ийн борлуулалтын тоо бараг багтаагүй зэрэг мэдээ экспертүүдэд хангалттай байсангүй.

- Нөгөө талд саяхан Windows 11-ээ танилцуулж, хэд хэдэн шинэ төхөөрөмжөө зарласан Microsoft 2018 оноос хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүлсэн гэнэ. Тэдний борлуулалтын орлого өнгөрсөн жилтэй харьцуулахад 22 хувиар нэмэгджээ.


III. Ж.Бэйзос хувийн сансрын станц байгуулна.

- Amazon-ийг үүсгэн байгуулагч Ж.Бэйзосийн тэргүүлдэг Blue Origin арилжааны зорилготой сансрын станц байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа. Orbital Reef нэртэй уг төсөл ирэх таван жилд хэрэгжиж дуусах бөгөөд Boeing, Sierra Space зэрэг компаниудтай хамтран уг төслийг хэрэгжүүлнэ.

- Тэд сансрын станц дээр жуулчдыг аяллын зорилгоор хүлээн авахаас гадна төрөл бүрийн судалгаа, зураг авалт, технологийн туршилт хийхийг зорьж буй. Тус станц энтертайнмент үзүүлэн, хүлэмж, робот үйлчлэгчээр тоноглогдсон байхаар төлөвлөгджээ.

- Blue Origin-ийн гаргасан мэдэгдэлд дурдсанаар тэд "сансрын хөтөлбөргүй улс орны засгийн газар, медиа болон академик байгууллагууд, шинэ үеийн энтрепренерүүдтэй" эхний ээлжинд хамтран ажиллахыг зорьж байгаа гэнэ.

4 мэдүүштэй зүйл

NFT бүтээгч: Adobe хамгийн их хэрэглэгчтэй бүтээгдэхүүн Photoshop-д контентоо NFT хэлбэр лүү хөрвүүлэх шинэ сонголт нэмж байгаагаа зарлалаа. Тэрчлэн "Content Credentials" нэртэй нэмэлтийг хөгжүүлж, NFT-ийн жинхэнэ эздийг баталгаажуулж, залилангаас сэргийлэх боломжийг үүсгэнэ гэдгээ мэдэгджээ.

Алсын гараг: NASA-ийн одон орончид анх удаа манай оддын аймгаас гадна оршин байж болзошгүй гарагийг илрүүлжээ. Уг гараг 28 сая гэрлийн жилийн цаана орших Эргүүлгэн оддын аймагт оршдог гэнэ. Одоогоор эрдэмтэд манай нарны аймгийн гадна оршдог 4000 гаруй гарагийг нээгээд байгаа ч бүгд 3000 гэрлийн жилийн зай дотор буюу манай галактик болох Сүүн замд харьяалагддаг байсан юм.

Хурц хутга: Мэрилэндийн их сургуулийн эрдэмтэд энгийнээс гурав дахин хурц, даац бүхий хутгыг бүтээжээ. Уг хутганы материалыг модыг хатаах технологийн тусламжтай гарган авсан нь байгальд ээлтэй шийдэл болсныг шинжээчид онцолж байна.

Жолоочгүй завь: MIT-ийн судлаачид Амстердам хотноо анхны бүрэн автомат, жолоочгүй завийг туршжээ. Roboats нэртэй уг завь нь нэг цэнэглэлтээр 10 цаг ажиллах чадалтай бөгөөд нэг удаадаа 5 хүн тээвэрлэх багтаамжтай гэнэ.

5 сонин хачин

1. "Dune" хоёр дахь долоо хоногтоо дараалан Хойд Америкийн бокс оффисыг тэргүүллээ. Дэлхий даяар 240 сая долларын орлого олоод буй тус киноны 2-р анги 2023 оны аравдугаар сард нээлтээ хийхээ зарлаад байгаа билээ. "Сүнсний баяр"-ыг тохиолдуулан цацагдсан аймшгийн төрлийн бүтээлүүд болох "Last Night in Soho", "Antlers"-ийн амжилт хүлээлтэд хүрсэнгүй, жагсаалтын 3,4-р байрт бичигджээ.

2. Харилцагчийн үйлчилгээний програм хангамж хөгжүүлэгч Zendesk дэлхийн хамгийн алдартай судалгаа, асуулгын платформ SurveyMonkey-ийг худалдан авлаа. Тус хэлцлийн үнэлгээ 4 тэрбум доллартай тэнцэж байгаа гэнэ. 1999 онд байгуулагдсан SurveyMonkey өнгөрсөн зун рибрэндинг хийж, толгой компаниа Momentive хэмээн нэрлэсэн юм. Тэд 60 сая хэрэглэгчтэй, өдөрт 20 сая асуулт зохиогддог аж.

3. Amazon Cubhouse-тэй өрсөлдөх аудиод суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа гэнэ. "Project Mic" нэртэй уг апп нь радиог дахин тодорхойлох амбицтай байх бөгөөд контент бүтээгчдэд өөрийн шоуг бүтээн, цацах боломжийг олгож, мөн Alexa-тай нийцэн ажиллана гэдгээрээ онцлогтой байх аж.

4. Онлайн сургалтын платформ Udemy нээлттэй компани боллоо. Гэхдээ 3.8 тэрбум долларын үнэлгээтэйгээр 421 сая доллар босгосон тэдний хувьцааны үнэлгээ эхний өдрөө л 5 хувиар буурсныг онцолъё. Udemy 44 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй бөгөөд өнгөрсөн жил л гэхэд сургалтуудад нь давтагдсан тоогоор 201 сая элсэгч хамрагджээ.

5. Future Motion "шинэ үеийн сонголт" хэмээх тодотголтой нэг дугуйт төхөөрөмжийн шинэ загвараа танилцууллаа. Onewheel одоо нэг цэнэглэлтээр 50 км зайг туулж, 28 км/цаг хүртэлх хурдлах чадвартай болсон гэнэ. Тус төхөөрөмжийн үнэ 1400 доллараас эхэлж байгаа юм.

10 унших мэдээ

Мэдэх: COP26-ийн талаар мэдэх ёстой бүх зүйлс /DW/

Гайхах: Shiba Inu, Dogecoin хэр хол явах бол? /QZ/

Анзаарах: Alibaba-ийн уналт ба Хятадын нөлөө /WSJ/

Ойлгох: Айдсыг шинжлэх ухаанчаар тайлбарлах нь /CNN/

Анхаарах: Хагас тэрбумын үнэтэй NFT /Mint/

Сонирхох: Бээжин 2022-ийн медаль зарлагдлаа /SI/

Харамсах: Тонгад анхны ковид илэрлээ /France24/

Турших: Монголын анхны стэйблкойн /MONT/

Хэрэглэх: Macbook Pro 14, 16-ийн тойм /The Verge/

Тайлбарлах: Суданы төрийн эргэлт /Vox/