1 гол сэдэв

Өнгөрсөн долоо хоногийн гол түлхүүр үгс Трамп, ардчилал зэрэгтэй холбоотой байв. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн Трампын мянга мянган дэмжигчид Капитолын ордныг эзэлсэн нь 1812 оноос хойших анхны тохиолдол. Гэхдээ тухайн үед АНУ иргэний дайны улмаас хуваагдан тэмцэж байлаа.

Нэгдүгээр сарын 7

Энэ өдөр АНУ-ын конгресс ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг албан ёсоор баталгаажуулах учиртай байв. Гэхдээ үүнээс өмнө Д.Трампыг дэмжигчид "Америкийг аврах нь" жагсаалыг эхлүүлж, Трамп ч өөрөө дэмжиж үг хэлэн, Капитолын ордон тийш алхахыг уриалсан нь бүх үйл явдлын эхлэл байв. Улмаар жагсагчдын тоо нэмэгдэж, аажмаар хяналтаа алдаж, хэсэг тэмцэгчид Капитолын ордны хамгаалалтыг сэтлэн, Капитолын ордон руу нэвтрэх нь тэр. Тэд хамгаалалтын алба, цагдаагийнхантай тэрсэлдэж, эмх замбараагүй байдал үүсгэж, улмаар таван хүн амь насаа алджээ. Цэргийнхэн ирж нөхцөл байдлыг намжаах хүртэл тэд Конгрессийн эд хогшлийг эвдэж, хулгайлж, өрөөнүүд рүү нэвтэрч, тонон дураараа дургиж байв.

Нэгдүгээр сарын 8

Шөнийн 3:30 минутанд АНУ-ын дэд ерөнхийлөгч М.Пенс сонгуулийн үр дүнг албан ёсоор баталгаажуулав. Бүгд найрамдах намын зарим гишүүд маргаантай байсан Жиоржиа, Пеннсильвани зэрэг мужийн үр дүнг эсэргүүцэж, санал хураалт явуулсан нь бүтэлгүйтэв. Сошиал хуудсаараа олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалсан хэмээн Д.Трампыг буруутгаж, "Facebook", "Twitter" тэргүүтэй платформууд тодорхой хугацаанд эрхийг нь хязгаарлав.

Нэгдүгээр сарын 9

"Twitter" Трампын аккаунтыг бүрмөсөн хаав. Тэднээс гадна "Youtube", "Shopify", "TikTok", "Discord" ижил шийдвэрийг гаргаж, Трампыг болон түүнтэй холбоотой хуудсууд, дэмжигчдийг сайт дээрээсээ хасаж, эрхийг нь хязгаарлаж эхэлжээ. "Twitter"-ийн "алтернатив" хувилбар болох "Parler"-ийг ашиглан Трампын дэмжигчид мэдээлэл солилцож, "тархи угаах" үйл явц эрчимтэй явагдаж байсан учраас "Apple", "Google" хориглож, "Amazon" AWS үйлчилгээг нь хязгаарлаж эхлэв. Трампын кабинетийн 10 гаруй гишүүн ажлаа өглөө.

Нэгдүгээр сарын 10

Трамп албан ёсоор анх удаа ялагдлаа хүлээн зөвшөөрч, эрх мэдлээ тайван замаар шилжүүлэн өгнө гэдгээ мэдэгдэв. Гэхдээ тэрээр 1-р сарын 20-нд болох Ж.Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүй аж. Түүнийг ажлаа өөрийн хүсэлтээр өгөх, эсвэл албан шахалтаар огцруулах тухай яриа Вашингтонд өрнөж, Ардчилсан намаас асуулга явуулах магадлал улам нэмэгдлээ. Америкчуудын 50 хувь нь түүнийг хугацаанаасаа өмнө Цагаан ордноос огцрох ёстой хэмээн үзэж буй нь түүхэн дээд үзүүлэлт ажээ.

2 чухал тоо

62: Индонезийн нийслэл Жакарта хотоос хөөрсөн "Sriwijaya Air" компанийн Boeing 737 онгоц осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Уг онгоцонд 62 зорчигч байсан бөгөөд албаныхан хар хайрцгийг илрүүлэн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

1.25: 2020 он дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан жил байжээ. CCCS-ийн тайланд дурдсанаар өнгөрсөн жилийн дундаж температур 1850-1900 онтой харьцуулахад 1.25 градусаар, 1981-2010 онтой харьцуулахад 0.6 градусаар халуун байсан гэнэ.

3 онцлох өгүүлбэр

I. Элон Маск дэлхийн хамгийн чинээлэг эр боллоо.

- "Tesla", "SpaceX"-ийг үүсгэн байгуулагч Э.Маскийн хөрөнгө 195 тэрбум ам.доллартой тэнцэх болсон нь "Amazon"-ий Ж.Бэйзосоос 10 тэрбумаар илүү гэсэн үг. Хэрвээ "Tesla"-ийн үнэлгээ энэ эрчээрээ өсвөл тус компанийн 20 хувийг эзэмшдэг Маск түүхэн дэх анхны 200 тэрбумттан болох нь цаг хугацааны асуудал.

- "Tesla"-ийн үнэлгээ 2020 онд огцом өсөж 800 тэрбум доллар луу дөхөв. Энэ нь автомашины салбарын гигантууд болох "Toyota", "Volkswagen", "Hyundai", GM, "Ford"-ийг нийлүүлснээс ч илүү гэсэн үг. Тэд энэ жил 499 мянган ширхэг машин үйлдвэрлэж, анх удаа ашигтай ажилласнаа зарласан билээ.

- Э.Маск 2018 онд бүх цалин, бонусаасаа татгалзаж, зөвхөн "Tesla"-ийн үнэлгээг 100 тэрбум давсан үед л нэмэлт хувьцагаар урамшуулал хүртэх гэрээ байгуулж, олныг ангайлгаж байв. Эцсийн эцэст, түүний зөв байжээ.


II. Коронавирусийн шинэ давлагаа дэлхийг нөмрөв

- Хэдий вакцин түгээлт улам эрчимжиж, улс орнууд нөөц бололцоогоороо иргэдээ тарилгад хамруулсаар байгаа ч коронавирусийн тархалт зогсохгүй л байна. Нийт халдвар авсан хүмүүсийн тоо 90 саяыг давлаа.

- Их Британи, Япон, Норвеги зэрэг улс онц байдлын дэглэмээ сэргээж, иргэдээ гэрээс гарахгүй байхыг уриалж, холбогдох арга хэмжээнүүдийг авч эхлэв.

- Коронавирусийн улмаас хоёр хүн амиа алдаад буй Монгол Улсын хувьд 1429 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатар хот өнөөдрөөс эхлэн хөл хорионы дэглэмээ сулруулж буй ч хоёрдугаар сард тохиох цагаан сарын баярын үеэр хатуу дэглэм мөрдөнө гэдгээ зарлаад буй. Манай улс "Pfizer", "Moderna", "AstraZeneca"-ийн вакциныг бүртгэлтэй эмийн жагсаалтад албан ёсоор багтаажээ.


III. "Apple" "Hyundai"-тай хамтран жолоочгүй машин үйлдвэрлэнэ.

- Ердөө л таамаг төдий энэ мэдээ "Hyundai"-ийн хувьцааны үнийг 19 хувиар өсгөсөн нь сүүлийн 20 жилд тохиогоогүй үзүүлэлт. Тэд өнгөрсөн аравдугаар сард цахилгаан болон жолоочгүй машины технологид 37 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан билээ.

- Харин "Apple"-ийн хувьд эртнээс машин үйлдвэрлэх амбицтай нь ил байсаар ирсэн. Тэд анх 2014 онд "Project Titan" нэртэй төслийг дотооддоо эхлүүлсэн нь энэ зорилгын эхлэл байлаа. Э.Маск "Tesla"-г тэдэнд зарах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн талаараа нэгэнтээ дурдсан нь бий.

- Эх сурвалжууд "Apple"-ийн хувьд үүнээс гадна батарейн шинэ технологи хөгжүүлж, 2024 он гэхэд машинаа гаргах зорилготой байгаа талаар мөн онцолжээ.

4 мэдүүштэй зүйл

Маск танигч: Японы NEC компани маск зүүсэн хүний нүүрийг таних технологийг хөгжүүлсэн байна. Тэд нүүрний ил гарсан хэсгийн датаг ашиглаж мэдээлэл дамжуулж, үндсэн өгөгдөлтэй харьцуулах машин сургасан нь энэ. Уг технологийг Английн цагдаагийн газар болон "Lufthansa" зэрэг агаарын тээврийн хэд хэдэн компани ашиглахаар бэлтгэж байгаа ажээ.

Дэлгэцтэй кэйборд: "Apple" товчлуур бүр нь дэлгэц байх кэйбордын патент эзэмших хүсэлт гаргажээ. Тэд кэйборд дэх үсгүүдийг сольж, хэлээ хүссэнээрээ өөрчилдөг, өөрсдийн хамгийн түгээмэл ашигладаг үйлдлүүдийг илүү хялбарчлах боломжтой болно гэж үзэж байгаа нь энэ гэнэ.

Крипто тэсрэлт: Биткойны ханш 40 мянган долларыг анх удаа давж, түүхэн рекордоо ээлжит удаагаа шинэчлэв. Ердөө сар хүрэхгүй хугацааны дотор биткойны үнэлгээ хоёр дахин өсөж буй нь энэ. Ингэснээр нийт крипто валютын зах зээлийн үнэлгээ нэг их наядыг давжээ.

Шинэ төхөөрөмж: LG нэвт гэрэлтдэг, хураагддаг орны дэлгэцээ танилцууллаа. 55 инчийн OLED технологи бүхий уг дэлгэцийг тэд гэрт хаана ч байрлуулж болохуйц байдлаар бүтээж байгаа бөгөөд ортой залгаа байдлаар хэрэглэх нь хамгийн тохиромжтойг онцолсон байна. Тэд бүтээгдэхүүнээ энэ долоо хоногт дижитал хэлбэрээр нээгдэх CES 2021-д зориулан гаргаж байгаа юм.

5 сонин хачин

1. "Pixar"-ийн алдарт бүтээл "Ratatouille"-ээс сэдэвлэсэн мюзикл TikTok-ийн платформоор үзэгчдэд хүрлээ. Сүүлийн хэдэн сарын турш Бродвэйн шилдэг жүжигчид, найруулагчид болон уран бүтээлчдийг хамруулж, нэг сая орчим доллар босгож чадсан уг мюзикл 20 хэсгээс бүрдэх бөгөөд шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ аваад байгаа юм.

2. Бээжин хотноо 2022 онд явагдах өвлийн олимпын наадмын албан ёсны пиктогорам буюу спортын дүрслэлүүдийг танилцууллаа. Тэд Эртний Хятадын сийлбэр урлаг болон уран бичлэгээс сэдэвлэн бүтээлээ туурвижээ.

3. Стриминг дайнд сүр дуулиантай нэвтэрч орсон ч жил хүрэхгүй хугацааны дараагаар дампуурлаа зарласан "Quibi" бүх контентоо "Roku"-д 100 сая орчим доллараар зарлаа. Уг хэлцэлд хараахан гарч амжаагүй байсан шоунуудыг оролцуулан нийт 75 оригинал бүтээл багтсан гэнэ.

4. Дэлхийн 100 гаруй оронд салбартай "Burger King" брэнд бүрэн шинэчлэгджээ. Хамгийн сүүлд 1999 онд логогоо сольж байсан тэд илүү энгийн, орчин үеийн шийдлийг сонгосон бөгөөд баглаа боодлоо ч байгальд ээлтэй байлгахаар өөрчилжээ. Сонирхуулахад, өнгөрөгч долоо хоногт "General Motors" ч илүү ирээдүй рүү тэмүүлсэн, цахилгаан хөдөлгүүрийг агуулгадаа шингээсэн шинэ логогоо танилцуулсан билээ.

5. "AppTopia"-ийн тайланд дурдсанаар 2020 оны гар утас хэрэглэгчдийн хамгийн их татсан тоглоом нь Among Us байжээ. Тус тоглоомыг дэлхий даяар 264 сая хүн татаж тоглож эхэлсэн нь Roblox, PUBG Mobile-ийн урд орох үзүүлэлт байв. TikTok харин хамгийн их таталттай бөгөөд хамгийн өндөр өсөлттэй апп байсан гэнэ. Сонирхуулахад "Apple"-ийн App Store-ийн борлуулалт цар тахлын үеэр 28 хувиар өсөж, 64 тэрбумд хүрсэн гэнэ.

10 уншууртай мэдээ

Таах: 2021 оны Оскарын ялагчид /Variety/

Турших: Lenovo AR шил гаргалаа /Techcrunch/

Найдах: Азийн зах зээл бокс оффист итгэл төрүүлж байна /CNBC/

Сонирхох: Дэлхийн хамгийн хүчирхэг пасспортууд /CNN/

Хүлээх: Жиоржиагийн ялалт бол зөвхөн эхлэл /Time/

Унших: Тахлыг ашиглах нь /The Verge/

Нэгдэх: "Baidu", "Geely"-тэй цахилгаан машин бүтээнэ /Reuters/

Харамсах: Хонконг ардчиллын төлөөх тэмцэгчдийг баривчиллаа /Vox/

Цээжлэх: Хамгийн алдартай нохойны нэр - Макс /Mentalfloss/