1 гол сэдэв

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Ирэх дөрвөн жилд төрийн эрхийг барьж, хууль засаглах түшээдийг сонгох чухал хариуцлагатай сонголтын өмнө ирээд буй танд хэрэгцээтэй, мэдвэл зохих зүйлсийг багцлан хүргэж байна.

Хэн хэн өрсөлдөж байгаа вэ?

Нийт 13 нам, 4 эвслийн 485 нэр дэвшигч болон 121 бие даагч энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө. 2020 оны сонгууль томсгосон тойргоор явагдах бөгөөд нийт 29 тойрогт хуваагдаж санал өгнө гэсэн үг. Мөн таны тойрог хэдэн мандаттай байгаагаас хамааран саналын хуудсан дээр дугуйлах хүний тоо тогтоогдоно гэдгийг мартаж болохгүй. Гурван мандаттай тойрогт гурван хүний нэрийг л дугуйлахгүй бол таны санал хүчингүй болно гэсэн үг.

Заавал мэдэх: Тойрог хуваалт | Сонгуулийн хуваарь | Саналын өдөр | Сонгуулийн тухай хууль

Санал өгөх тойрогт нэр дэвшиж буй эрхмүүдийг эхнээс нь анзаарч үзэхээс таны сонгууль эхлэх учиртай. Зарим тойрогт гуч гаруй хүн өрсөлдөж байгаа учир хангалттай сайн мэдээлэл цуглуулахыг зөвлөж байна.

Нэр дэвшигчдийн жагсаалт: Gogo | Ikon | СЕХ

Үүний дараа тойрогт тань нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нягталж үзэхэд ч гэмгүй. Сонирхлыг тань татах олон зүйлс байж мэднэ шүү.

Хөрөнгө орлогын мэдүүлэг: Албан ёсны | Хамгийн хамгийн | Дарга нарын |

Мэдэх ёстой зүйлс юу вэ?

Мөрийн хөтөлбөр. Нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөрийг шалгаж, таны санааг хамгийн их зовоож, анхаарлыг тань татаж буй сэдвийн талаар ямар байр суурьтай байгаа, хэрхэн шийдвэрлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг харах нь хариуцлагатай сонголт хийх үндэс.

Мөрийн хөтөлбөрүүд үзэх: МАН | АН | Зөв Хүн Электорат | Та бидний эвсэл | ШИНЭ эвсэл

Баримтад суурилсан сурталчилгаа. Цар тахлын үед явагдаж буй гэдгээрээ онцлогтой энэ жилийн сонгуулийн гол фронт сошиал медиа платформууд байх болно. Харамсалтай нь энд эх сурвалж нь тодорхойгүй, баталгаагүй, баримтгүй контентууд хяналтгүй тараагдаж, хүмүүсийн сонголт-санал-үзэл бодолд нөлөөлөх боломж өндөр. Тиймээс сонгуультай холбоотой аливаа сурталчилгаа, суртал, ухуулганд хэрсүү хандаж, баталгаатай-баримттай эсэхийг нь нягталж үзээрэй.

Цаг гаргаж үзэх: Мэдээллийн боловсрол | Ялгах аргууд | Нягталсан мэдээлэл

Идэвхтэй оролцоо. Сонгуульд 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн бүр оролцох эрхтэй. Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ гэдэг ардчилсан нийгмийн үндсэн суурь зарчмуудын нэг. Бидний амьдарч буй нийгмийн "тоглоомын дүрмийг" тогтоох гэж буй энэ цаг үед ялангуяа залуус бүгд идэвхтэй сонгогч байж, оногдсон саналаа өгөхийг уриалж байна.

Заавал унших: Надад нэг санал байна | Залуусын улс төрийн оролцоог тайлбарлах нь

2 чухал тоо

515 - Мексик, АНУ-ын эрдэмтэд тоо хэмжээ нь 1000-аас доош болсон буюу мөхлийн ирмэг дээр байгаа зэрлэг амьтдын тоо 515-д хүрснийг зарлалаа. Хүний буруутай үйл ажиллагааны улмаас биологийн төрөл зүйлсийн байгалийн жамаар устаж мөхөх үйл явц 100 дахин хурдацтай явагдаж байгаа нь масс мөхлийн зургаа дахь эрин эхэлсний баталгаа болсон гэж тэд үзэж байна. Энэ явцын цар хүрээг тэд үлэг гүрвэл мөхсөнтэй дүйцэхүйц хэмээн тодотгожээ.

2,550,000,000 - 388 сая хэрэглэгчтэй Энэтхэгийн топ харилцаа холбооны компани Reliance Jio энэ долоо хоногт гурван хөрөнгө оруулагчаас 2.55 тэрбум долларын хөрөнгө босголоо. Хамгийн сүүлд Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Газарт 1.16 хувиа 750 сая доллараар зарсан тэд үүнээс өмнө Silver Lake-ээс 600 сая, Абу Дабигийн өөр нэг сан Mubadala-аас 1.2 тэрбум долларыг тус тус татжээ. Сонирхуулахад, тус компанийн 10 хувийг Facebook эзэмшдэг билээ.

3 онцлох зүйл

Нэгдсэн тэмцэл: Ж.Флойдын амь насаа алдсан явдалтай холбоотой эхэлсэн нийгэм дэх арьс өнгөний үзлийн эсрэг эсэргүүцлийн жагсаал зөвхөн АНУ-аар зогсохгүй Франц, Герман, Австрали зэргээр дэлхийн өнцөг булан бүрд тэлж, хүрээгээ нэмсээр байна. #BlackLivesMatter хаштаг сошиалын хамгийн эрэлттэй сэдэв болж, олон одод, нөлөө бүхий зүтгэлтнүүд тэгш бус байдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэв.

- Технологийн компаниуд "Хар Мягмар Гараг"-ийн хөдөлгөөнийг үүсгэж, өөрсдийн платформуудаар дамжуулан тас хар постерууд хуваалцаж, үзэл санаа, үнэт зүйлээрээ нэгдэж байгаагаа мэдэгдлээ.

- Англи, Испанийн хөлбөмбөгийн багууд бэлтгэлийнхээ үеэр өвдөглөн сууж, Бундеслигийн багууд тоглолтын үеэр тууз зүүн эв нэгдлээ илэрхийлэв.

- Майкл Жордан 100 сая долларыг, BTS 1 сая долларыг, А.Оханиан Reddit-ийн ТУЗ-ийн суудлаа хөдөлгөөнд зориулахаа мэдэгдэв

Нөмөрсөн гал: Улаанбаатар хотын нүүр царай болсон Улсын Их Дэлгүүрийг түймэр нөмөрч, ард иргэдийг айдаст автууллаа. Ням гарагийн 17 цагийн орчимд эхэлсэн гал 5 цагийн дараа л бүрэн зогссон бөгөөд гал унтраах 6 ангийн 100 гаруй албан хаагчид газар дээр нь ажиллажээ. Галд тус дэлгүүрийн 5, 6, 7 давхар өртсөн бөгөөд 11 иргэнийг галаас аварч, 2 иргэн угаартаж эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч дээвэр дээр ажиллаж байсан туслан гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдалтай холбоотой байж болзошгүй хэмээн таван хүнээс мэдүүлэг авч байгаа ажээ.

Нэмүү вирус: Коронавирусын улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 400 мянгыг давав. Дэлхий даяар халдварын тархалт нэмэгдсэн хэвээр байгаа бөгөөд нийт тохиолдол 6.9 саяд хүрчээ. Өдөрт бүртгэгдэж буй тохиолдлын тоо 100 мянгыг давсаар байгаа нь тархалт улам бүр нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Монгол улсад одоогоор 193 тохиолдол бүртгэгдээд байна.

Онцлох мэдээ: Бразилд нэг өдөр 1200 хүн амиа алдаж, нийт 30 мянган хүн нас барав | ӨАБНУ-д нэг өдөр 3267 тохиолдол илэрч дээд үзүүлэлт тогтоов | Мьянмарт Рохингягийн дүрвэгсдийн тосгонд анхны хүн амиа алдлаа.

Анхаарах мэдээ: ДЭМБ масктай холбоотой журмаа шинэчиллээ. Шипи: үргэлжлүүлж зүүхэд л хангалттай | Уурхайгаар дамжиж тархах магадлал өндөр | Хятад вирусын мэдээгээ түгээхдээ хэт удсан байж магад

Өсөлттэй орнуудын жагсаалтад Монгол анх удаа багтав.

4 мэдүүштэй баримт

Цагариган гараг: Ангараг гараг эрт цагт цагариган бүслүүртэй байсан байх таамгийг одон орончид дэвшүүллээ. Тэд тус гарагийн дагуул сар Дэймос, Фобосын өвөрмөц хэлбэр, туйлын бүтэц зэргийг нарийвчлан судалсны үр дүнд энэхүү дүгнэлтэд хүрчээ. 2024 онд Японы сансрын агентлагийн илгээх хөлөг тус дагуул дээр бууж, хөрсний дээжийг нь авчирч шинжлэх үед илүү дэлгэрэнгүй мэдээлэл ил болохыг мөн онцолсон байна.

Ургуулсан элэг: Питтсбургийн Их Сургуулийн эрдэмтэд хүний арьсны эсээс бичил элэг ургуулах туршилтыг амжилттай хийснээ зарлалаа. Улмаар түүнийгээ лабораторийн харханд суулгаж, ажиллагааг нь хянасан нь томоохон ахиц болсон байна. Энэ нь хожмоо донор шаардлагатай өвчтөнүүдийн хүлээлгийн хугацааг багасгаж, хиймэл эрхтнээр түр орлуулах боломжийг нээхэд дөхөм болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Эртний сүм: Мексикийн өмнөд хэсгээс Маяагийн соёл иргэншлийн барьж байгуулсан хамгийн эртний сүмийн үлдэгдлийг илрүүлсэн байна. Аризонагийн их сургуулийн эрдэмтэд лазерын технологи ашиглан МЭӨ 1000-800 онд харьяалагдах 1.4 км урт үргэлжилсэн цогцолборыг тогтоожээ.

Робот үйлчлэгч: Тэгвэл Нидерландад хэрэглэгчдийн хоорондын зайг хангах үүднээс ресторан, зоогийн газруудад робот үйлчлэгчдийг туршиж эхэлсэн байна. Сайн байна уу, тавтай морил зэрэг ерөнхий үгсийг хэлж чаддаг уг роботууд хоол зөөх, угтах болон үдэх үүргийг гүйцэтгэж байгаа аж. Тахлын улмаас дэлхий даяар рестораны салбар 5.5 сая орон тооны цомхотгол хийснийг эх сурвалжууд мэдээлжээ.

5 сонин хачин

1. Sega энэ жил тохиож буй 60 жилийн ойдоо зориулан классик тоглоомуудаа багтаасан мини төхөөрөмж гаргах гэж байна. Game Gear Micro нэртэй уг төхөөрөмж нь 4 өнгөний сонголтоос хамаарч, Sonic, Gunstar, Shining Force зэрэг 4 тоглоомтой гарах ажээ. 10-р сард худалдаанд гарах уг консолийн үнэ 50 доллар.

2. Цар тахлын аюул хүний нийгмийг шинэ дэг журамд оруулж байгаатай зэрэгцэн технологийн компаниуд ч дасан зохицох оролдлого хийсээр байна. Хятадын Honor брэнд шинээр танилцуулсан Play 4 Pro загвараа халуун хэмжигчтэй гаргасан нь олны анхаарлыг татлаа. Уг нэмэлт нь -20 градусаас +100 хүртэлх халууныг мэдрэх чадалтай ажээ.

3. Цар тахлын улмаас цуцлагдсан Каннын Кино Фестиваль 2020 оны наадамд шалгарсан 56 бүтээлийн нэрийг зарлалаа. Түүхэнд хамгийн олон буюу 2600 гаруй бүтээл урьдчилсан шалгаруулалтанд хүлээн авсан 73 дахь удаагийн наадмын финалд мөн хамгийн олон эмэгтэй найруулагчтай кино (16), найруулагчийнхаа дебют бүтээл (15) тус тус шалгарчээ.

4. Дэлхийн Эдийн Засгийн Форум 2021 оны 1-р сард товлогдсон Давосын чуулганыг виртуал хэлбэрээр явуулж, хүссэн хүн бүрийг хэлэлцүүлэг, ярианд оролцож, хувь нэмрээ оруулах боломжоор хангана гэдгээ зарлалаа. Ирэх жилийн хурлын гол сэдэв-уриа нь "Great Reset" байх ажээ.

5. Google ухаалаг зурагтын төхөөрөмжийн брэндээ шинэчилж, шинэ нэрийн дор гаргахаар зэхэж байна. Chromecast-ийн дараагийн үеийн Андройд ТВ, удирдлагын сет бүхий энэ төхөөрөмжийн код нэр нь "Sabrina". Зуйван хэлбэртэй, дэлгэцийн интерфэйс дизайн эрс шинэчлэгдсэн уг төхөөрөмж зах зээл дээр 80 орчим доллараар борлуулагдах бололтой.

10 уншууртай мэдээ

Танилцах: BBC-ийн ухаалаг туслах Beeb /BBC/

Таах: Харри Поттерын түүх хэрхэн үргэлжлэх вэ? /The Verge/

Анзаарах: Slack Amazon-той хамтарна /Techcrunch/

Сонсох: 2020 оны шилдэг цомгууд /Variety/

Ажиглах: Твиттерийн хамгийн гунигтай өдөр /Hedonometer/

Сөхөх: Pride Month: Анхны жагсаалыг эргэн санахуй /Inverse/

Мэдэх: Хонгконг Хятадад үнэхээр үнэ цэнтэй гэж үү? /SCMP/

Харах: Вашингтоны аварга тэмдэглэгээ /CNN/

Гашуудах: Terrace House-ийн одын гунигт төгсгөл /Vox/

Ангайх: Хар нүхний парадокс /Wired/