1 гол сэдэв

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж, сайд нараа томиллоо. Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ерөнхий сайдын эрх мэдэл эрс нэмэгдэж, тэрээр шууд кабинетаа эмхлэн бүрдүүлэх боломжтой болсон билээ.

Давхар дээлтнүүд

Шинэ хуулиар засгийн газрын дөрвөн сайд л давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүний ажлыг сайдын үүрэгтэй хавсран гүйцэтгэх боломжтой байсан. Өмнөх засагт ажиллаж байсан ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар ажлаа үргэлжлүүлэн хаших болсон бол эрүүл мэндийн салбарыг толгойлж байсан Д.Сарангэрэл Байгаль Орчин, Аялал жуулчлалын сайдаар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хууль зүйн сайдаар тус тус томилогдов.

Мэргэжлийн "тодотголтой" сайд нар

Бусад яамдын сайд нарын нэрс олон нийтэд төдийлэн танил бус ч салбартаа олон жил ажилласан, туршлагатай мэргэжилтнүүд байгааг онцолъё. Өмнөх засагт дэд сайдаар ажиллаж байсан Л.Халтар (ЗТХЯ), Б.Мөнхбаатар (БХБЯ), төрийн нарийн бичгийн дарга болон газрын даргаар ажиллаж байсан Л.Цэдэвсүрэн (БШУЯ), З.Мэндсайхан (ХХААХҮЯ), Г.Сайханбаяр (БХЯ) нар тушаал дэвшиж, сайдаар томилогдов.

Онцлох сонголтууд

Коронавирусын хямралтай байгаа энэ үед УОК-ийг удирдах үүрэг экс гишүүн Я.Содбаатарт оногдов. ЖДҮ-ийн зээл авсан гэх тодотголтой тэрээр УИХ-ын сонгуулийг өнжиж, намын штабд ажилласан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван Гадаад Харилцааны Сайдаар томилогдсон нь мөн "гэнэтийн" сонголт байв. Мөн шинээр байгуулагдах Соёлын яамны сайдаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Чулуун томилогдсон нь сонирхолтой сонголт байлаа. Түүнийг академик бүтээлээ хуулбарлаж туурвисан хэмээх шүүмжлэл гарсаар удаж буй. Мөн 1-р эмнэлэг, Гэмтлийн эмнэлгийг богино хугацаанд амжилттай удирдсан, 37 настай Т.Мөнхсайхан,Үндэсний Статистикийн хорооны даргаар маш үр бүтээлтэй ажилласан хэмээн үнэлэгддэг А.Ариунзаяа нарын залуус салбараа тэргүүлэх боллоо.

Дэлгэрүүлэх: У.Хүрэлсүх Засгийн Газраа эмхлэн байгуулав

2 чухал тоо

2,500,000,000 - 2021 онд анхны загвараа зах зээлд гаргах цахилгаан машин үйлдвэрлэгч Rivian 2.5 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт татлаа. 2009 онд байгуулагдсан тус стартап Ford, Amazon тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас нийт 6 тэрбум доллар босгоод байгаа бөгөөд Tesla-ийн гол өрсөлдөгчдийн нэгт тооцогддог билээ. Сонирхуулахад, шинэ санхүүжилтийг монголчуудын эчнээ танил Соросын сан тэргүүлсэн гэнэ.

450,000,000 - NFL-ийн супер оддын нэг Патрик Махоумс Канзас Сити багтайгаа 10 жилийн 450 сая долларын гэрээ байгууллаа. Энэ бол Америкийн мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн том гэрээ бөгөөд амжилтаас хамааран 500 сая болон өсөх нэмэлт заалтууд ч багтсан гэнэ. Өдгөө 25 настай тэрээр өнгөрсөн жилийн Супер Боулын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан билээ.

3 онцлох зүйл

Аваргатай наадам: Энэ өдрүүдэд тохиож буй Үндэсний Их Баяр наадам тахлын улмаас цахим хэлбэрээр, хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулагдаж байна. Наадмын үйл ажиллагаа уламжлал ёсоор Төв Цэнгэлдэх Хүрээлэнд бус, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт явагдсан нь, мөн нээлтийн ажиллагаа шууд бус урьдчилан бэлтгэсэн бичлэгээр цацагдаж, олон нийтэд хүрсэн нь онцлох зүйл байв. Ердөө 93 улсын цолтон зодоглосон Үндэсний бөхийн барилдаанд, Улсын арслан П.Бүрэнтөгс 9 даван түрүүлж, улсын аварга цол хүртэв. Түүнтэй гурван жил дараалан үзүүр түрүүнд хүрсэн улсын аварга Н.Батсуурь түрүү булаалдсан юм. Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгс 8 жилийн өмнө аймгийн арслан цолтойдоо улсын наадамд анх түрүүлж байлаа. Энэ жил 1 заан, 3 харцага, 7 начин шинээр төрлөө.

Дэлгэрүүлэх: iKon | Gogo | Montsame


Маэстрогийн үхэл: Италийн алдарт хөгжмийн зохиолч Эннио Морриконе 91 насандаа таалал төгслөө. Нийт 450 гаруй киноны хөгжим зохиож, хамгийн сүүлд 2016 онд The Hateful Eight-ийн хөгжмөөр Оскарын шагнал хүртсэн тэрээр Грэмми шагналыг гурван удаа, Алтан Бөмбөрцөг шагналыг 2 удаа тус тус гардсан, хөгжмийн зохиолчийн хувиар хүрч болох бүх оргил, бүх шагналд хүрсэн хосгүй суутан байв. "Cinema Paradiso", "The Good, The Bad, and The Ugly", "Once Upon A Time in America" зэрэг классик бүтээлүүдээрээ олны сэтгэлд хоногшсэн тэрээр салбартаа домог болсон, үе үеийн уран бүтээлчдийн уран бүтээлийн охь сэдэл болсон гайхамшигт уран бүтээлчид тооцогддог билээ. 14 насандаа Ромын консерваторид элсэж, 18 насандаа анхны хөгжмөө зохиож эхэлсэн тэрээр С.Леоне, К.Тарантино зэрэг ододтой ойр хамтран ажилладаг байсан бөгөөд хэзээ ч англи хэл сураагүй боловч киноноос гадна сая сая хувь борлогдсон поп хөгжим, топ тайзнууд дээр эгшиглэх симфони хөгжмүүдийг туурвисан нэгэн байлаа.

Дэлгэрүүлэх: Financial Times | The New York Times | BBC


Вирусын дэгдэлт: Коронавирусын халдвар авсан иргэдийн тоо дэлхий даяар 13 сая давав. Хамгийн их тархалттай байгаа АНУ-д нэг өдөрт халдвар авсан хүний тоо 66 мянгыг даван дээд үзүүлэлтдээ хүрч, ерөнхийлөгч Д.Трамп олны өмнө анх удаа маск зүүж гарав. Өөр нэг "үл итгэгч", Бразилын ерөнхийлөгч Ж.Болсонаро вирусын халдвар авсан нь илэрч, тус улсад нийт халдварын тохиолдол 1.8 саяд хүрчээ. Энэтхэгийн баруун мужууд тахлын шинэ голомт болж, нийт халдварын тоогоороо дэлхийд гуравт бичигдэж эхлэв. Хүн ам шигүү сууршьсан, эрүүл мэндийн тогтолцоо сул учир Энэтхэг, ӨАБНУ зэрэг өндөр өсөлттэй бүсэд тахал хяналтаас гарах эрсдэлтэй байгааг ДЭМБ сануулсаар байна. Дэлхий даяар өнгөрсөн 24 цагт нийт 230 мянган шинэ тохиолдол илэрсэн нь мөн л дээд үзүүлэлт болжээ. Манай улсад одоогоор 230 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 202 нь бүрэн эмчлэгдсэн тухай холбогдох байгууллагууд мэдэгдээд байгаа юм.

Дэлгэрүүлэх: CNN | John Hopkins | The Guardian

4 мэдүүштэй баримт

Робот туслагч: Ливерпүүлийн Их Сургуулийн судлаачид өдөрт 22 цаг ажилладаг лабораторийн туслагч хийх зориулалттай роботыг бүтээснээ танилцууллаа. Лабын бүтэц, хийх ажлыг чиглүүлснээр уг робот хүнтэй ижил туршилт, хөдөлгөөнийг хийх боломжтой болох бөгөөд хүнээс 1000 дахин хурдтай ажиллана хэмээн онцолжээ.

Яамаха дугуй: Хөгжмийн зэмсэг, мотоцикл үйлдвэрлэгч Yamaha АНУ-ын зах зээлд фитнессийн зориулалттай, Civante нэртэй анхны цахилгаан дугуйгаа гаргалаа. 3399 долларын үнэтэй уг дугуй цагийн дотор 80 хувийн цэнэг авч, 45 км/цагийн хурданд хүрэх боломжтой бөгөөд 19 кг жинтэй гэдгээрээ онцлог гэнэ.

Туна хэмжигч: Японы инженерүүд хиймэл оюуны тусламжтайгаар туна загасны чанарыг шалгах чадалтай апп хөгжүүлсэн байна. Tuna Scope нэртэй уг апп-ийг ашиглан тухайн тунагийн ганцхан зургийг ашиглан тав хүртэлх оноогоор хэр чанартай, сайн мах байгааг мэдэх боломжтой гэсэн үг. Олон жилийн туршлага шаарддаг экспертийн ажлыг орлох боломжтой уг апп-ийг 4000 гаруй тунагийн мэдээллийн тусламжтайгаар сургажээ.

Цагариг хэлбэрт: Одон орончид "хөвж буй аралтай" зүйрлэсэн дөрвөн ширхэг үл мэдэгдэх биетийг илрүүлснээ зарлалаа. Радио долгионы давтамжийн тусламжтайгаар илрүүлсэн уг биет нь юу болох, хэр хол байгаа, ямар бүтэцтэй зэргийг хараахан тодорхойлоогүй байна. Энэ нээлт нь радио одон орны чиглэлд цоо шинэ хуудас нээх ач холбогдолтой боллоо хэмээн эрдэмтэд үзэж байгаа гэнэ.

5 сонин хачин

1. 1985 онд худалдаанд гарсан Super Mario Bros. тоглоомын хуурцаг дуудлага худалдаагаар 114 мянган доллараар зарагдлаа. Энэ нь видео тоглоом хамгийн өндөр үнэд хүрсэн тохиолдол болсон гэсэн үг. Өнгөрсөн жил тоглоомын ижил хувилбар 100 мянган доллараар борлуулагдаж, шинэ рекорд тогтоож байжээ.

2. Uber хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч Postmates-ийг 2.6 тэрбум доллараар худалдан авлаа. Ингэснээр Uber Eats Америкийн зах зээлийн 37 хувийг эзлэх болж, зөвхөн DoorDash-ийн ард бичигдэх болж байна. Тэд өнгөрсөн сард Grubhub-ийг мөн худалдан авах хэлцлийг хийж байсан ч Европын зах зээлийн лидер JustEats-д алдаад байсан юм.

3. Твиттер "Gryphon" нэртэй төлбөртэй үйлчилгээ хөгжүүлэх төсөл эхлүүлсэн бололтой. Тэдний шинээр гаргасан ажлын байрны заранд энэ тухай дурдсан байв. Өдгөө зөвхөн сурталчилгаа, дата лицензийн чиглэлээр борлуулалт хийдэг Твиттер сарын тогтмол төлбөртэйгөөр тодорхой контент хүргэдэг моделийг турших сонирхолтой байгааг эх сурвалжууд мэдээлсээр ирсэн билээ.

4. HBO Max Р.Паттинсоны гол дүрийг нь бүтээж буй The Batman-ий шинэ киноны ертөнцөд өрнөх телевизийн цуврал хийх болсноо зарлалаа. Уг цуврал нь Готам хотын цагдаагийн албаны эргэн тойрны үйл явдалд төвлөрөх бөгөөд "Boardwalk Empire"-ийн Т.Винтер зохиолыг нь бичиж байгаа гэнэ. HBO Max DC-ийн ертөнцийг илүү тэлж, шинэ дүрүүд, үйл явдлуудыг танилцуулах нь стриминг үйлчилгээгээ илүү хэрэглэгчид хүргэх гол стратегиа болгон тодорхойлоод байгаа билээ.

5. Дэлхийн хамгийн алдартай видео тоглоомуудын нэг The Sims дөрвөн ангитай, анхны реалити шоугаа TBS сувгаар цацах гэж байна. Spark'd нэртэй уг шоунд тоглоомын хамгийн бүтээлч 12 тоглогч оролцож, өөрсдийн зохиосон дүрийг хөгжүүлж, тэдгээрийнхээ түүхийг хүүрнэн 100 мянган долларын төлөө өрсөлдөх ажээ.

10 уншууртай мэдээ

Сонирхох: Энэ зуны гол төхөөрөмжүүдийн жагсаалт /The Verge/

Үзэх: 2020 оны хамгийн шилдэг 20 кино /The Ringer/

Хүлээх: Э.Маск, Neuralink 8-р сард апдэйт өгнө /Twitter/

Анзаарах: Sony Epic Games-д хөрөнгө оруулав /Polygon/

Турших: Uber Лондонд дуудлагын завины үйлчилгээ эхлүүллээ /Mashable/

Унших: Трампын тухай шинэ номын эргэн тойронд /CNN/

Мэдэх: iOS 14-ийг туршсан нь /CNET/

Үзэх: Энэ долоо хоногийн кинонуудыг дүгнэх нь /VOX/

Гайхах: Италийн живсэн хот /BBC/

Алмайрах: Хятадын Шинжан бодлого /The Atlantic/