1 гол сэдэв
Юу болов?
Дэлхийн спортын хамгийн нөлөө бүхий байгууллага болох Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгчийн сонгуульд 41 настай Кирсти Ковентри ялалт байгууллаа. Ингэснээр тэрээр 1894 оноос эхтэй уг байгууллагын түүхэн дэх анхны эмэгтэй, хамгийн залуу ерөнхийлөгчөөр тодорч байна. Зимбабвегийн спортын сайдын албан тушаалыг хашдаг тэрээр мөн Африкаас сонгогдсон анхны ерөнхийлөгч болж байгааг тодотгох хэрэгтэй. Түүнээс өмнөх 9 ерөнхийлөгч бүгд Европ, Америкаас л тодорч байлаа. Сонирхуулахад тэрээр усанд сэлэлтээр олимпын наадмаас 2 алт, нийт 7 медаль хүртсэн нэрт тамирчин юм. Тэрээр хамгийн сүүлд Давосын чуулганы үеэр нээгдсэн Mongolia House-д зочилж, “Аялал жуулчлал ба Монгол улс” хэлэлцүүлэгт панелистаар оролцож байлаа.
Өрсөлдөөн хэр байв?
Энэ удаагийн сонгуульд нийт 7 эрхэм өрсөлдсөн нь ойрд үзэгдээгүй ширүүн өрсөлдөөн байв. Тиймдээ ч шинжээчдийн зүгээс дийлэнх олонхийн санал цуглуулахын тулд хэд хэдэн шатны санал хураалт явагдана гэсэн хүлээлттэй байв. Гэвч санал хураалт ердөө ганцхан удаа өрнөж, нийт оролцсон 97 гишүүний 49 нь К.Ковентриг дэмжжээ. Ялах магадлалтайд тооцогдож байсан, ОУОХ-ны экс ерөнхийлөгч Х.Самаранчийн хүү бага Самаранч 28 санал авсан нь хангалттай үзүүлэлт биш байв. Мөн Лондоны олимпын босс, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Лорд С.Кое ердөө 8хан санал авсан нь гэнэтийн үзүүлэлт байв. Бусад 4 нэр дэвшигч нийлээд 12 санал л цуглуулж чаджээ.
Одоо яах вэ?
Энэ үр дүн нөгөө талаас ОУОХ-г сүүлийн 12 жил удирдсан Т.Бахын нөлөө хүчтэй хэвээр байгаагийн илрэл байлаа. Түүнийг уламжлалт лидерүүд болох С.Кое, Х.Самаранч бус шинэ, эрч хүчтэй дүр К.Ковентриг хөшигний ард дэмжиж байна гэх яриа сүүлийн үед гараад байсан юм. Гишүүд дунд Олимпын хартыг өөрчилж, Т.Бахыг дахин сонгох санал ч нэлээдгүй гарсан. Гэхдээ тэрээр Парис 2024-ийн үеэр бүрэн эрхээ дуусгана гэдгээ мэдэгдсэн билээ. Түүний үед Олимпын наадам түүхэн үзэгчтэй, рекорд орлоготой, наадмыг зохиох эрэлт оргил үедээ ирээд байна. Т.Бах олимпын хөдөлгөөний түүхэн дэх хамгийн хүчирхэг шинэчлэгч ерөнхийлөгч байлаа хэмээн үлдэх нь гарцаагүй биз ээ.
2 чухал тоо
6.100.000.000: Бостон Селтикс түүхэн дэх хамгийн үнэтэй баг боллоо NBA-ийн түүхэн дэх хамгийн амжилттай баг, өнгөрсөн улирлын аварга Бостон Селтикс 6.1 тэрбум доллараар зарагдлаа. Энэ бол Хойд Америкийн мэргэжлийн спортын багууд дунд сонсогдоогүй өндөр үнэ. 2002 онд тус багийг 360 сая доллараар худалдан авч байсан В.Гроусбек 2027 он хүртэл багийн захирагчийн үүргээ гүйцэтгэх гэнэ. Одоо Symphony Technology Group-ийг үүсгэн байгуулагч, Селтиксийн үнэнч фен Б.Чисхолм хэмээх эрхэм тус багийг эзэмших болжээ.
1: Япон ДАШТ-д оролцох эрхээ авсан анхны улс боллоо. “Хөх самурай” хочтой Японы хөлбөмбөгийн шигшээ 2026 онд АНУ, Канад, Мексикт явагдах ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Тэд Бахрайныг 2:0-ээр хожиж, 8 дахиа дараалан дэлхийн аваргыг зорих боллоо. 2022 онд Герман, Испанийг буулган авч, шуугиан тарьсан тэд энэ удаад илүү туршлагатай, амбицтай байх нь гарцаагүй биз ээ.
3 онцлох өгүүлбэр
I. Google хамгийн том худалдан авалтаа хийлээ
- Тэд клоуд аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн Wiz-ийг 32 тэрбум доллараар эгнээндээ нэгтгэв. Энэ наймаа нь тэдний үүлэн технологийн зах зээлд эзлэх байр суурийг баталгаажуулж, Amazon, Microsoft-той өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болно.
- Өнгөрсөн долдугаар сард Google тус компанид 23 тэрбум долларын санал тавьсан ч бүтэлгүйтсэн удаатай. Тухайн үед Wiz нээлттэй компани болох төлөвлөгөөтэй гэдгээ ил болгож байв. Дөнгөж 2020 онд байгуулагдсан Wiz 18 сарын дотор ашигтай ажиллаж эхэлсэн, жилд 1 тэрбум долларын цэвэр ашигтай ажилладаг компани гэнэ.
- Энэ бол Google-ийн хамгийн том худалдан авалт. Үүнээс өмнө тэд 2012 онд Motorola-г 12.5 тэрбум доллараар худалдан авч байв. Гэсэн ч ердөө 2 жилийн дараа Lenovo-д 3 тэрбум хүрэхгүй үнээр буцаан зарж байв. 2024 оны эцэс гэхэд Google-ийн толгой компани Alphabet 96 тэрбум долларын бэлэн мөнгө эзэмшиж байжээ.
II. Финлянд дахин хамгийн аз жаргалтай улсаар тодорлоо
- Тэд найм дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар нэрлэгдэж байгаа нь энэ. Тэдний ард Скандинавын хойгийн бусад улсууд болох Дани, Исланд, Швед дараалан бичигджээ. Нийт 140 орныг хамруулдаг уг судалгаа орлого, засаглал, эрүүл мэндийн үзүүлэлтээс гадна нийгмийн итгэлцэл, эрх чөлөөний үзүүлэлтийг тооцдогоороо онцлогтой.
- Уг судалгаанд манай улс 77-р байрт бичигджээ. Манай улс 10-аас 5.7 оноо авсан нь дэлхийн дунджаас (5.56) ялимгүй өндөр үзүүлэлт юм.
- Шинэ тайлангийн эхний аравт Коста Рика (6), Мексик (10) анх удаа багтсан байна. Харин өнгөрсөн жил анх удаа топ 20-оос хасагдсан АНУ дахин байр ухарч, 24-р байрт бичигджээ.
III. Noorog-ийг саатуулсан нь нийгмийн ундууцлыг хүргэв
- Цэргийн баярын өдөр Noorog.mn-ийн редакцад хойшлуулшгүй ажиллагаа явагдаж, тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг хураан, ажилчдыг нь саатуулсан нь хэвлэлийн эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан үйл явдал боллоо. Noorog болон түүний үүсгэн байгуулагч О.Уламсайхан сошиал сүлжээнд төр, засгийн зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, өөрсдийн өвөрмөц, онцгой арга барил, хэлбэрээрээ танигдсан хамт олон. Тэд өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулийн үеэр “18 хоног” нэртэй баримтат кино бүтээх болсноо зарлаж, олон нийтээс хандив цуглуулан ажиллаж байв. Хамгийн сүүлд тэд 6 дүртэй уг бүтээл нь тун удахгүй гарна гэдгийг мэдэгдээд байсан билээ.
- Хууль зүйн сайд О.Алтангэрэл зүгээс уг ажиллагаа нь “хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоогүй” явагдсан гэдгийг тодотгож, улмаар цахим мөрийтэй тоглоом, хувь хүний нууцыг задалсан зэрэг хэрэгтэй холбоотой байсныг ил болгосон. Гэвч энэ нь хамгийн анх үндэсний эв нэгдлийг бусниулах оролдлоготой холбоотой хэмээн ил гарсан уг хэргийн туршид солигдож, мэдэгдлүүд зөрж байсны улмаас хардлага, эргэлзээ төрүүлсээр байна.
- Үүнтэй холбоотойгоор Хэвлэлийн хүрээлэн, Глоб Интернэйшнл, Нест зэрэг дотоодын болон Олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” зэрэг байгууллагууд мэдэгдэл гаргаж, ил тод нээлттэй байдлыг хангах, хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх чиглэлд анхааран ажиллахыг уриалсаар байгаа билээ.
4 мэдүүштэй зүйл
Сансрын зочид: NASA-ийн сансарт гацсан нисгэгчид эх дэлхийдээ ирлээ. Олон улсын сансрын станцад ердөө 9 хоногийн даалгавар гүйцэтгэхээр дэлхийг орхисон нисгэгчид 9 сарын дараа гэртээ буулаа. Тэднийг тээвэрлэсэн Boeing Starliner хөлөг техникийн шалтгааны улмаас тэднийг авч буух боломжгүй болсон нь гол шалтгаан. Харин энэ удаад ерөнхийлөгч Д.Трампын санал болгож, түүний зөвлөх И.Маскийн дэмжлэгтэйгээр SpaceX-ийн капсул тэднийг эх дэлхийд авчирсан нь энэ юм.
Дахин дампуурал: Forever 21 дахин дампуурлаа зарлалаа. Энэ бол Temu, Shein зэрэг хятад өрсөлдөгчдийн нөлөө гэдгийг компанийн удирдлага нуусангүй. Тэд ойрын хугацаанд АНУ дахь бүх 350 салбараа хаах бөгөөд 1.4 тэрбум долларын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах шинэ худалдан авагчийн эрэлд гарчээ. 6 жилийн өмнө хамгийн анх дампуурлаа зарлахад Authentic Brands тус компанийг аварч, улмаар 2021 онд л гэхэд 2 тэрбум долларын борлуулалттай ажиллаж байжээ.
Хакер арми: Хойд Солонгосууд AI хакерын технологи бүтээнэ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр тус улсын аюулгүй байдлын газар AI-д суурилсан технологи хөгжүүлж, үндэсний мэдээллийн аюулгүй байдлаа хангах, шаардлагатай довтолгоог хийх зорилготой шинэ нэгж байгуулжээ. Research Center 227 нэртэй уг баг нь дэлхий даяар тархсан Хойд Солонгосын мэргэжлийн хакерын багуудад мөн дэмжлэг үзүүлэх гэнэ. Сүүлийн жилүүдэд тэд крипто салбарт төвлөрч, саяхан л гэхэд Bybit-ээс 1.4 тэрбум долларыг хулгайлж чадсан юм.
Байлдааны онгоц: Хэдий сансрын төсөл нь бүтэлгүйтэж, цаашдын ирээдүй нь бүрхэг хэвээр байгаа ч Boeing энэ оны Пентагоны хамгийн том төслийг өөрийн болголоо. Тэд АНУ-ын агаарын хүчинд зориулан дараагийн үеийн сөнөөгч онгоцыг үйлдвэрлэх 20 тэрбум долларын гэрээг үзэглэжээ. Ингэснээр Boeing-ийн F-47 одоогийн хамгийн хүчтэй онгоц Lockheed-ийн F-22 Raptor-ийг орлоно гэсэн үг билээ.
5 сонин хачин
1. Жүжигчдийн сонголт, сурталчилгааны бодлогоороо нээлтээсээ өмнө л анхаарлын төвд орсон “Snow White”-ийн шинэ анги 45 сая долларын орлого олж, жагсаалтыг манлайллаа. Энэ бол 2025 оны хувьд зөвхөн “Captain America”-ийн ард бичигдэх үзүүлэлт. Гэхдээ 250 сая долларын төсвөөр бүтсэн Disney-ийн хамгийн домогт түүх цаашдаа ямар амжилт үзүүлэх нь тодорхойгүй хэвээр байна. Өнгөрсөн онд “Mustafa” 35 сая доллараар нээлтээ хийсэн ч тасралтгүй өссөөр дэлхий даяар 700 сая долларын ашиг олсон. Эсрэгээрээ “Dumbo” 45 саяын дебюттэй байсан ч удалгүй эрэлт буурч, 353 сая долларын ашиг олсон билээ.
2. Telegram 1 тэрбум хэрэглэгчтэй болжээ. Тус компанийг үүсгэн байгуулагч Павел Дуров өнгөрсөн онд Францад баривчлагдаж, одоог хүртэл шалгагдсаар байгаа. Тэрээр энэ долоо хоногт анх удаа тус улсыг орхих эрхтэй болж, Дубайн оффистоо эргэн иржээ. Энэ үеэрээ тэрээр компани нь 1 тэрбум хэрэглэгчтэй болж, өнгөрсөн онд 547 сая долларын ашигтай ажилласныг зарласан юм. Энэ үзүүлэлтээр тэдний өмнө Whatsapp, WeChat л бичигдэнэ. П.Дуров Telegram дахь мөнгө угаалт, хүүхдийн хүчирхийлэл, зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааны улмаас шалгагдаж байгаа юм. Сонирхуулахад, тэд xAI-ийн Grok чатбот болон бусад технологийг интеграц хийхээр судалж байгаа гэнэ.
3. Meta AI-аар сэтгэгдэл бичих боломж үүсгэнэ. Meta хиймэл оюунтай холбоотой маш олон туршилтууд хийсээр байгаа. Хамгийн сүүлд AI профайл үүсгэж, комьюнитигийн нөлөөлөгчид бүтээх оролдлогоо зогсоосон. Тэгвэл тэд энэ удаад хэрэглэгчдэд AI ашиглан коммент бичих нэмэлтийг туршиж байгаа гэнэ. Хэрэглэгч “Write with Meta AI” товчийг дарахад тухайн зурагтай холбоотой гурван төрлийн сэтгэгдлийн сонголт гарч ирнэ гэнэ. Энэ нь хэрэглэгч хоорондын харилцааг нэмэгдүүлж, бүтээлч хандлагыг сэргээнэ хэмээн тэд үзэж байгаа аж.
4. PepsiCo пребиотикийн ундаа үйлдвэрлэгч Poppi-г 1.95 тэрбум доллараар худалдан авлаа. Poppi 2018 онд алдарт Shark Tank-д оролцож байжээ.
5. Онлайн тасалбарын платформ Stubhub IPO хийхээ зарлалаа. Тэд өнгөрсөн жил 40 сая тасалбар зарлуулж, 1.4 тэрбум долларын ашигтай ажиллажээ.