1 гол сэдэв

Юу болов?

Nintendo Switch 2 зарлагдлаа Nintendo компани видео тоглоом тоглогчдын удтал хүлээсэн Switch 2-ийг албан ёсоор зарлалаа. Тэд ирэх дөрөвдүгээр сард болох Nintendo Direct арга хэмжээнийхээ үеэр албан ёсны үнэ, үзүүлэлтийг зарлах бололтой. Эхний мэдээллээс харахад дэлгэцийн хэмжээ арай томорч, удирдлага нь дизайны хувьд багагүй өөрчлөгджээ.

Яагаад том мэдээ гэж?

2017 оны гуравдугаар сард анх гарсан Switch тэр даруй хит болж, 146 сая ширхэг зарагдсанаараа хамгийн их борлуулалттай консолийн нэг болж чадсан. Тэдний урд зөвхөн PlayStation 2, Nintendo DS л бичигддэг юм.

Өөр?

Nintendo хамгийн алдартай тоглоом болох Mario Kart-ийн шинэ тоглоомыг зөвхөн Switch 2-т зориулан гаргах гэнэ. Үүнээс гадна The Legend of Zelda-ийн шинэ тоглоом гарах хүлээлттэй байна.

2 чухал тоо

83 - Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-нд 83 насандаа өвчний улмаас таалал төгсөж, Монголын ард түмэн, төрд хүнд гарз тохиолоо. Завхан аймгийн Түдэвтэй суманд мэндэлсэн тэрээр шилжилтийн эдийн засгийн хүнд үед улс орноо удирдаж, 1990-1997 онд Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа.

15 - Израил улс болон Хамас бүлэглэлийн хооронд гал зогсоох хэлэлцээр албан ёсоор байгуулагдаж, 15 сарын турш үргэлжилсэн дайн зогсох найдвар төрлөө. Катарын Доха хотноо Катар, Египтын талуудын зуучлал дунд өрнөсөн хэлэлцээр нийт 3 үе шаттайгаар хэрэгжих юм. Жил дамнан үргэлжилсэн хэлэлцээр сүүлийн долоо хоногуудад АНУ-ын тал орж ирснээр эрчимжиж, улмаар Д.Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө талууд хэлцэлд хүрч чадав.

3 онцлох өгүүлбэр

I. Blue Origin анхны пуужингаа хөөргөлөө

2 Amazon-ийг үүсгэн байгуулагч Ж.Бэйзосын Blue Origin 25 жилийн дараа анхны хүнд даацын пуужингаа амжилттай хөөргөлөө. Дэлхийг тойрсон анхны америк эрхэмийн нэрээр нэрлэсэн “New Glenn” пуужин 98 метрийн урттай, сансрын төхөөрөмж тээвэрлэх, сансрын нисгэгчдийг тойрог замд гаргах зорилготой. Тэд энэ жилдээ багтаан уг пуужинг дахин 10 удаа хөөргөж, турших зорилготой.

- Пуужин хөөргөлтийн зах зээлд ноёлж байгаа И.Маскийн SpaceX-тэй өрсөлдөх, цаашлаад саранд хүрэх амбицтай тус компани 2021 оноос хойш сансрын жуулчлалын салбарт түүчээлж байгаа ч өөрийн пуужинг агаар мандалд гаргаж чадаагүй л байв. Нислэг хэдий амжилттай явагдсан ч дахин ашиглах зориулалттай хурдасгуур хэсгийг хөвөгч тавцанд газардуулж чадаагүй байна.

- Тэд нэг нислэгийн өртгийг 70 сая доллар байна хэмээн тооцож, нэг пуужинг 25 удаа ашиглана хэмээн төлөвлөж байгаа юм. Blue Origin зөвхөн уг пуужингийн хөгжүүлэлтэд 2.5 тэрбум доллар зарцуулжээ.


II. TikTok Америкт хаагдлаа

- Дэлхийн хамгийн том сошиал апп-уудын нэг TikTok Америк дахь 170 сая хэрэглэгчдэдээ анхааруулга илгээж, энэ долоо хоногоос эхлэн үйл ажиллагаа нь зогсож байгааг зарлалаа. Энэ бол таван жилийн турш үргэлжилж буй өрнөлийн эцсийн шат. Америкийн засаг захиргаа TikTok-ийг Бээжинтэй холбоотой, хэрэглэгчдийн датаг зөвшөөрөлгүй ашигладаг зэргээр буруутгаж, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй хэмээн үзсэн юм. Өнөөдрийн байдлаар Google, Apple Америк дахь апп-ын жагсаалтаасаа TikTok-ийг хасчээ. Дээд шүүх шийдвэрийг хэвээр үлдээв

- TikTok-ийн зах зээлийн үнэлгээ 50 тэрбум доллараар хэмжигдэж байгаа. Уг үнийг дийлж, Хятадтай хэлцэл хийх хүн тийм ч их биш. Гэхдээ дэлхийн хамгийн баян хүн, Д.Трампын “баруун гар” И.Маскийн хувьд энэ бол шийдэж болох асуудал. Тиймдээ ч Bloomberg түүнийг TikTok-ийн хамгийн боломжит худалдан авагчаар зарласан нь санамсаргүй хэрэг биш. Түүнээс гадна Youtube-ийн “бурхан” MrBeast, Shark Tank-ийн Д.Олири тэргүүтэй хөрөнгө оруулагчид худалдан авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

- Гэвч апп-ын бүх хувь заяа Д.Трампын гарт хэвээр л байна. TikTok-ийн CEO Шоу Зи түүнтэй оройн зоог барьж, хандив өргөснөөс гадна тангараг өргөх ёслолд нь оролцоно. Шинжээчдийн үзэж байгаагаар Д.Трамп үүрэгт ажлаа авангуут тусгай зарлиг гаргаж, TikTok-ийн хоригийг 60-90 хоногоор эхний ээлжинд хойшлуулах бололтой. TikTok ч үүнд найдан дараагийн алхамуудаа төлөвлөж байгаа нь тодорхой.


III. Трампын гаргасан мемекойн пуужиндлаа

- Даваа гарагт тангаргаа өргөх АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн нэрээр койн гаргалаа. $Trump нэртэй уг мемекойн гарсан даруйдаа эрэлт нь огцом өсөж, улмаар зах зээлийн үнэлгээ нь ердөө 2 цагийн дотор 8 тэрбум долларт хүрэв.

- Трамп уг койны 80%-ийг нь эзэмшдэг бөгөөд AFP-ийн мэдээлснээр хөрөнгө нь 7 тэрбумаар нэмэгджээ.

- Тэрээр шинэ засаг захиргаа блокчэйний инновацыг дэмжиж, криптогийн шинэ эрин эхлэнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ.

4 мэдүүштэй зүйл

Аварга амбиц: Мөхсөн амьтдыг сэргээх технологи хөгжүүлэгч Colossal Bioscience 10.2 тэрбум долларын үнэлгээнд хүрч, 200 сая долларын шинэ санхүүжилт татлаа. Тэд хэдийнээ устаж мөхсөн арсланзаан болон Тасманийн бар, додо шувууг генийн инженерчлэл, биотехнологийн дэвшилтэт аргачлалаар дахин сэргээх зорилготой байгаа юм. Энэхүү төслүүд 2028 он хүртэл үргэлжлэх тооцоотой байгаа бөгөөд амжилттай болбол экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

Гэнэтийн санал: Perplexity AI TikTok-той нэгдэх санал тавилаа. Google-ийн хайлтын ноёрхлыг зогсоох потенциалтай гэж үнэлэгдэх Perplexity AI цоо шинэ нэгдэл үүсгэж, зах зээл дэх байр сууриа бэхжүүлэхийг хүсэж байна. Тэд ByteDance-ийн хөрөнгө оруулагчдыг шинэ нэгдэлд гол байр суурьж эзэлж, хайлтын системдээ видео элементийг нэмэх боломжийг санал болгож байгаа нь энэ. Гэхдээ Bytedance одоог хүртэл тус апп-ыг ямар нэгэн байдлаар зарах сонирхолгүй байгаа гэдгээ илэрхийлсээр байгаа билээ.

Түүхэн гэрээ: 1996 оноос эхтэй ураны төсөл албан ёсоор эхэлж, Монгол улсын засгийн газар болон Францын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа. Энэ бол Монгол улсад хийгдэж буй хөрөнгө оруулалтын хэмжээ, цар хүрээгээрээ Оюутолгойн гэрээний дараа бичигдэх томоохон үйл явдал билээ. Анхны хөрөнгө оруулалт нь 500 сая доллараар хэмжигдэж, улсын төсөвт жилд 520 тэрбум төгрөг хуримтлуулах тооцоотой уг төслийн хүрээнд шинээр 1600 ажлын байр үүсэж, манай улс үр өгөөжийн дийлэнхийг буюу 51%-аас доошгүйг жил бүр хүртэхээр гэрээнд заажээ.

Орлон тоглогч: TikTok Америкт 170 сая хэрэглэгчтэй. Уг апп-д суурилан бизнесээ явуулдаг жижиг компаниуд, контент бүтээгчдийн ирээдүй бүрхэг хэвээр байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос RedNote буюу Xiaohongshu хэмээх аппын эрэлт эрс өсөж, App Store-д таталтаараа тэргүүлж эхэллээ. Хятадын Instagram гэгддэг тус аппын дизайн, хэрэглээ, функц нь Америкийн хэрэглэгчдэд таатай санагдсан нь энэ. Bytedance-ийн өөр нэг апп Lemon8 ч чартын №2-т бичигдэж, TikTok-ийн гол алтернатив хэмээн тооцогдож байгаа юм.

5 сонин хачин

1. Moana 2-ийн орлого тэрбум долларт хүрлээ. Ингэснээр тус кино 2024 онд гарсан кинонуудаас ийм амжилт үзүүлсэн 3 дахь бүтээл боллоо. Тэднээс өмнө Inside out 2, Deadpool & Wolverine л тэрбумын босгыг даваад байсан юм. Энэ долоо хоногт Universal, Blumhouse-ийн ээлжит аймшгийн кино Wolf Man болон Sony-ийн инээдмийн жанрын бүтээл One of Them Days гэсэн кинонууд нээгдэж, бокс оффист хүчтэй өрсөлдөөн үзүүлж байна. Гэсэн ч Disney-ийн хит Mufasa-г тэргүүн байраас нь унагаж чадахгүй бололтой.

2. Threads хөгжим дэмждэг болно. Meta-ийн текст суурьтай сошиал платформ Threads хэрэглэгчдэд постоо илүү баяжуулж, өөрийгөө илэрхийлэх боломж олгох зорилгоор уг нэмэлтийг туршиж байгаа гэнэ. Тэд эхэн үеийн сошиал медиагийн нүүр царай MySpace-тэй ижил уур амьсгал бүрдүүлэх талаар ч төлөвлөж байгаа бололтой.

3. Хятадын археологичид 3000 жилийн өмнө нэрсэн дарс олжээ. Тэд 2010 онд МЭӨ 1600-1046 оны үед оршин байсан Шан гүрний үед хамаарах хүрэл савыг илрүүлж байжээ. Гэсэн ч маш их зэвэрсэн, хэврэг байсан учраас өнөөдрийг хүртэл доторхыг нь нээж чадаагүй л байж. Тэгвэл Жинань хотоос олдсон уг саванд нэрмэл дарс байсныг илрүүлсэн байна. Тэд лабораторийн шинжилгээгээр уг шингэнд элсэн чихэр, уураг байхгүй байгааг нотолсноор нэрж гаргаж авсныг нь баталжээ. Өмнө нь судлаачид Хятадын ард түмэн 2000 жилийн өмнөөс архи нэрж эхэлсэн хэмээн үздэг байсан юм.

4. Талбайн теннисийн ертөнцийн хамгийн том дөрвөн их дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээн 3D анимэйшн ашиглан тоймоо цацаж, сошиал ертөнцийг шуугиулж байна. Tennis Australia шууд дамжуулалт болон бичлэгийн эрхээ топ зах зээлүүдэд хэдийнээ зарж борлуулсан учраас өөрсдөө хэрхэн тэмцээнээ сурталчлах тал дээр илүү бүтээлч ажиллах хэрэгтэй болсон гэнэ. Тийм ч учраас тоглолтын гол мөчүүдийг анимэйшн ашиглан цацах болж, тэр нь GenZ тэргүүтэй залууст ялангуяа ихээхэн хүрч эхэлжээ. Тэмцээний эхний 3 өдрийн дараах байдлаар 1 сая гаруй шинэ хэрэглэгч татаж, тэмцээний талаарх пост, сэтгэгдлүүд улам нэмэгдэх болсон байна.

5. Монголын бурхан шашины төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвч лхаарамба Д.Жавзандамба өнгөрсөн даваа гарагт Ромын пап лам Францист бараалхжээ. Уулзалтын үеэр талууд хүн төрөлхтний ёс сурталхуу, шударга ёс, сайн сайхны төлөө шашин хоорондын яриа хэлэлцээр, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолжээ. Гэгээн ширээт улсын тэргүүн Пап лам Францис Монгол улсад өнгөрсөн жил анх удаа айлчилсан билээ.