1 гол сэдэв

Зуны Олимпийн XXXII наадам Япон улсын нийслэл Токио хотноо нээлтээ хийлээ. Түүхэнд анх удаа нэг жилээр хойшлогдсон уг наадамд 206 улс, түүн дотор дүрвэгсдийн шигшээ багийн 11 мянга гаруй тамирчид оролцож буй.

Юу болов?

Үзэгчгүй нээлт утга учир, агуулгын хувьд түүх соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд болон цар тахлын үед ажиллаж буй дуурсагдаагүй баатруудыг алдаршуулахад чиглэгдэв. Олимпын бамбарын буухиаг цэнгэлдэх дотор энгийн иргэд, эмч сувилагчид залгуулсан нь сонирхолтой шийдэл байв. Өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү агуулга руу төвлөрсөн гэж хэлж болохуйц ёслол манга, видео тоглоомын аялгуун дор пиктограмын бүжиг, контемпорари дэглэлт, байгальд ээлтэй үзэгдлүүдээр дүүрэн өнгөрлөө. Бамбарыг Японы алдарт теннисчин, өдгөө 23 настай Наоми Осака асаасан юм.

Өөр онцлох зүйл нь юу байв?

1964 онд анх Олимпыг хүлээн авч байсан Токио хот тухайн үед улс орон бүрээс авчирсан үрийг ашиглан ургуулсан модоор таван цагаригийг залсан нь гайхалтай мөч байв. ОУОХ нээлтийн өмнөх чуулганаараа 1896 оноос хойш анх удаа тамирчдын тангараг, уриандаа өөрчлөлт оруулж, "Хүчтэйгээс хүчтэй, хурднаас хурдан, өндрөөс өндөр" гэсэн алдарт мөртдөө "Хамтдаа" гэсэн үгийг оруулсан нь мөн зоримог шийдвэр байлаа. Нээлтийн ажиллагаа ч энэ мессежийг тайлбарласан агуулгатай байсан нь цар тахлын үеийн нөхцөл байдалтай төгс зохицсон хэрэг байлаа.

Монголын багаар сонин сайхан юутай байна?

Michel&Amazonka-ийн ёслолын хувцсаар гангарсан монголчууд энэ наадамд 43 тамирчинтай өрсөлдөж буй. Тэмцээний эхний өдөр МУГТ М.Уранцэцэг жүдо бөхийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж, манай тамирчдын медалийн салхийг хагалав. Дэлхийн аваргаас нэг алт, нийт дөрвөн медаль хүртээд байсан түүнд чухам олимпын медаль л дутуу байлаа. 3х3 сагсан бөмбөгийн охидын баг багийн төрлөөр анх удаа олимпын наадмын эрх авч, улмаар АНУ, Италийн хүчирхэг багуудтай тулаан хийв. 18 настай ширээний теннисчин Б.Болор-Эрдэнэ энэ төрлөөр анхны ялалтыг эх орондоо авчирч, манай баг одоогоор медалийн хүснэгтэд 36-р байрт бичигдэж байна. Наадам наймдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

2 чухал тоо

14,700,000,000 - Zoom түүхэн дэх анхны тэрбум долларын худалдан авалтаа хийж, Five9-ийг 14.7 тэрбум доллараар үнэлэн эгнээндээ нэгтгэлээ. 2001 онд байгуулагдсан Five9 клоуд контактийн програм хангамж бүтээдэг бөгөөд Zoom-тэй төгс хослол байх болно хэмээн CEO Э.Юан мэдэгджээ.

2032 - ОУОХ-оос 2032 оны Зуны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийг Австралийн Брисбэйн хотноо олголоо. Уг эрхийн төлөө Жакарта, Мадрид, Доха зэрэг хотууд өрсөлдсөн ч гүйцэтгэх зөвлөлөөс Брисбэйнийг санал болгож, батламжилсан нь энэ. Сонирхуулахад, дараагийн Олимпын наадмуудыг Парис, Лос Анжелес хотууд хүлээн авах билээ.

3 онцлох өгүүлбэр

I. Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм сансарт нислээ.

- Amazon-ийг үүсгэн байгуулагч Жефф Бэйзос өөрийн эзэмшдэг Blue Origin-ийг хөлөглөн сансарт нислээ. 10 минут, 10 секундын турш үргэлжилсэн нислэгийн хүрээнд тэрээр 107 км-ийн өндөрт хүрсэн нь энэ.

- Домогт Аполло хөлгийн сансарт хөөрсөн түүхэн өдөр түүнтэй цуг дүү Марк Бэйзос, 82 настай сансрын технологийн анхдагчдын нэг Валли Фанк, 18 настай голланд хүү нар аялалд гарсан юм. Фанк сансарт хөөрсөн хамгийн ахмад хүн болсон бол хувийн хөрөнгө оруулалтын сангийн захирлын хүү Оливер Дэмон хамгийн залуу зочин болжээ.

- Бэйзос 2000 онд анх Blue Origin-ийг байгуулж, сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхэм зорилготой ажилласаар буй. Энэ нислэг нь түүний мөрөөдөл нэг алхам ойртсоныг илтгэж, арилжааны нислэгүүд улам бүр нэмэгдэхийн цондон боллоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.


II. Pegasus Project-ийн мэдээ дэлхийг цочирдуулав.

- The Washington Post, Le Monde, The Guardian гэсэн гурван редакцийн хамтарсан эрэн сурвалжлах баг улс орнуудын засгийн газруудын хэрэглэдэг тагнуулын апп, аргачлалын талаар мэдээлэл цацсан нь анхаарал татав. Тэдний мэдээлэлд дурдсанаар Pegasus нэртэй програмын тусламжтайгаар аливаа хэрэглэгчийн гар утсанд нэвтрэхэд ердөө ганцхан мессеж л хангалттай байдаг гэнэ.

- Израйлын NSO фирмийн бүтээсэн Pegasus нэртэй уг програм нэвтэрсэн 50 мянга гаруй утасны дугаарын жагсаалтыг тэд ил болгосон юм. Үүн дотор Франц, Ирак, ӨАБНУ-ын ерөнхийлөгчид, Пакистан, Египт, Мороккогийн ерөнхий сайд нар багтсан байсан юм. Мөн 2018 онд амиа алдсан сэтгүүлч Ж.Хашоггитэй ойрын харилцаатай байсан хоёр ч эмэгтэйн мэдээлэл байжээ.

- NSO-ийн зүгээс Pegasus-ийг хууль хүчний байгууллагуудтай хамтран терроризмийн эсрэг, нийгмийн сайн сайхан байдлыг хангах үүднээс ашигладаг хэмээн мэдэгдсээр буй. Саудын Арабтай л хийсэн гэрээний үнэ нь 55 сая доллартай тэнцэхүйц байсан тэднийг улс орнуудад өөрсдийн иргэдээ тагнах, хувийн мэдээлэл авах боломж олгодог хэмээн олон улсын байгууллагууд буруутгасаар байна.


III. Clubhouse логогоо сольж, урилгагүйгээр хэрэглэгч бүртгэдэг боллоо.

- Энэ оны хамгийн эрэлттэй сошиал апп Clubhouse шинэ лого, брэндийн өнгө төрхөө танилцууллаа. Илүү орчин үеийн хэв маягтай болсон хэмээн тодотгосон энэ өөрчлөлттэй зэрэгцэн тэд апп-ийн шинэ айконоо мөн зарласан юм. Сар бүр хамгийн бүтээлч хэрэглэгчдийнхээ зургаар гангардаг тэдний энэ удаагийн сонголт нь алдарт реппер 21 Savage-ийн менежер, энтрепренер Жастин "Meezy" Уильямс хэмээх эрхэм байв.

- Үүнээс гадна тэд шинэ хэрэглэгч нэмэх бодлогоо "нээлттэй" горим руу шилжүүлэв. Анх зөвхөн урилгаар шинэ гишүүд бүртгэж, түүгээрээ дамжуулж чанартай хэрэглэгч татах зорилготой байсан тэд 10 сая гаруй хэрэглэгчтэй болоод буй. Хүлээлгийн жагсаалтад буй 10 сая хэрэглэгчдэд тэд ирэх өдрүүдэд апп-д нэвтрэх эрх олгоно гэнэ.

- Өнгөрсөн долоо хоногт хэрэглэгч хоорондоо чат бичих боломж олгох "Backchannel" нэмэлт нь ихээхэн амжилттай болсныг тэд мөн онцоллоо. Хэрэглэгчид тус нэмэлтийг ашиглан эхний өдрөө л 10 сая, эхний долоо хоногтоо 90 сая чат солилцжээ.

4 мэдүүштэй зүйл

Ухаалаг маск: LG микрофон, дуу өсгөгчтэй шинэ загварын ухаалаг маск худалдаанд гаргана гэдгээ мэдэгдлээ. 94 грамм жинтэй, 1000mAh батарей бүхий уг маск нь жижиг хэмжээний агаар шүүгч мотороор тоноглогдсон гэнэ.

Гараг эзэмшигч: Lil Uzi Vert хэмээх Америкийн реппер дэлхийгээс 522 гэрлийн жилд орших хийн гараг WASP-127b-ийг худалдаж авснаа зарлав. Гэсэн ч гараг эзэмших болсон анхны хүн хэмээх тодотголыг зүүхийг хүссэн түүний энэ үйлдэл нь "луйвар", "хууль бус" хэмээн экспертүүд дүгнэж байна.

Цахилгаан компани: Mercedes-Benz 2030 он гэхэд бүрэн цахилгаан хөдөлгүүрт машин үйлдвэрлэгч болно гэдгээ зарлалаа. Тэд энэ зорилгын хүрээнд 40 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг технологи хөгжүүлэлтэд зарцуулах гэнэ.

Робот хөгжүүлэгч: Google үйлдвэрлэлийн роботын програм хангамж үйлдвэрлэгч шинэ нэгж байгуулж байгаагаа зарлалаа. Intrinsic нэртэй шинэ компани нь роботын технологийг илүү хямд, бүтээмж өндөртэй болгоход хувь нэмрээ оруулна хэмээн тодотгожээ.

5 сонин хачин

1. Алдарт найруулагч М.Найт Шьяамаланий бүтээл "Old" бокс оффисыг 16 сая долларын орлогоор тэргүүлж, гэнэтийн амжилт үзүүллээ. Уг бүтээл өмнөх долоо хоногийн лидер "Space Jam"-аас гадна шинээр цацагдсан "Snake Eyes"-ийг ардаа орхисон нь энэ. Сонирхуулахад, Хятадын зах зээлд дотоодын анимэйшн бүтээл "Green Snake" 29 сая долларын орлогоор нэгдүгээр байрыг эзэлжээ.

2. Хятад улсад дэлхийн хамгийн хурдан галт тэрэг ашиглалтанд орлоо. Чиндаогаас хөдөлсөн галт тэрэг 600 км/цагийн хурдад хүрэх боломжтой нь тэдний 2019 онд баталсан гол хотуудын хооронд 3 цагийн аяллын тойрог үүсгэх амбицыг улам ойртуулсан хэрэг боллоо.

3. Милоуки Бакс NBA-ийн 2020-21 оны улирлын аваргаар тодорлоо. Сүүлийн 2 жилийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан грек залуу Я.Антетокумбогоор удирдуулсан тэд шигшээд Финикс Сансыг 4:2-оор буулгаж авсан нь энэ. Хамгийн сүүлд Милоуки 50 жилийн өмнө лигийн аваргаар тодорч байжээ.

4. Дэлхийн хамгийн алдартай мэдээллийн агентлагуудын нэг CNN стриминг үйлчилгээ нээж байгаагаа зарлалаа. CNN Plus нэртэй уг платформ 2022 оны эхний улиралд нээлтээ хийх бөгөөд зар сурталчилгаагүйгээр мэдээ үзэх, шууд нэвтрүүлэг хүлээн авахаас гадна зөвхөн стримингд зориулсан оригинал контент үзэх боломжоор хангана гэнэ. Энэ төслийн хүрээнд тэд ирэх 9 сард 450 шинэ ажилтан авах аж.

5. Instagram стори орчуулах нэмэлтийг нэвтрүүллээ. Ингэснээр хэрэглэгчид стори дотор агуулсан текстийг 90 орчим хэл рүү шууд орчуулан унших боломжтой болно гэсэн үг. Тэд удахгүй аудио орчуулгыг ч нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа мөн мэдэгджээ.

10 уншууртай мэдээ

Унших: Марк Зукербергийн мета-ертөнцөд тавьсан бооцоо /The Verge/

Мэдэх: Барууны ертөнц шатаж байна /Vox/

Гайхах: Британийн тэжээвэр амьтдын тэсрэлт /BBC/

Тооцох: Энэтхэгийн анхны юникорн IPO хийлээ /CNBC/

Сонирхох: Snap түүхэн амжилтаа үзүүлэв /Yahoo/

Үзэх: Dexter эргэн ирнэ /Variety/

Ойлгох: Ши Жинпин ба Коммунист намын тэмцэл /CNN/

Алмайрах: Ангарагийн гүн рүү тольдох нь /Wired/

Төсөөлөх: Эртний хүмүүс юу иддэг байсан бэ? /The Atlantic/

Санах: 2000 оноос хойших Олимпын агуу мөчүүд /BR/