1 гол сэдэв

Юу болов?

Монгол улсад омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн гэдгийг ЭМЯ-аас албан ёсоор баталлаа. Шинэ он гарснаас хойш огцом нэмэгдсэн эерэг тохиолдлын тоо омикроны давлагаа ойрхон ирсэн гэдгийг мэдрүүлэв. Эмнэлгийн салбарынхан вакцинжуулалтаа эрчимжүүлж, хувийн ариун цэврээ сахихыг сануулсаар байна. Одоогоор нийт 936 мянган хүн бүүстер тунд хамрагдаад байгаа юм.

Дэлхий яаж байна?

Олон улсад ч нөхцөл байдал эгзэгтэй хэвээр л байна. АНУ-д л гэхэд нэг өдөрт бүртгэгдсэн ковидын тохиолдол анх удаа 1 саяыг давсан нь түүхэн үзүүлэлт болов. Тус улсад сүүлийн нэг сарын хугацаанд 36,400 хүн амиа алдсан нь аюул холдоогүйг илтгэнэ хэмээн экспертүүд онцолж буй.

Өөр онцлох юу байна?

Улс орнууд хязгаарлалтуудаа тогтоож, хоригоо нэмж байгаатай зэрэгцэн олон нийтийн арга хэмжээнүүд ч эхнээсээ цуцлагдаж эхэлж буй. 64 дэх удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслол, "Sundance" кино фестивалиуд товоо хойшлуулсан нь хамгийн сүүлийн жишээ боллоо. Грэммигийн хувьд нэгдүгээр сарын 31-нд товлогдоод байсан бол Sundance 20-нд эхлэх хуваарьтай байсан юм.

2 чухал тоо

3.000.000.000 - Apple зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд долларын босго давсан анхны компани боллоо. 2018 онд анх их наядын клубын гишүүн болж байсан тэд 2020 оны наймдугаар сард 2 их наядын үнэлгээтэй болж байсан юм.

90 - General Motors 1931 оноос хойш анх удаа АНУ-д хийсэн борлуулалтын тоогоороо анх удаа тэргүүлж чадсангүй. Тэдний урд 2.3 сая машин зарсан Toyota бичигдсэн байна. GM-ийн борлуулалт 12.9 хувиар буурч, 2.2 саяд хүрсэн нь энэ аж.

3 онцлох өгүүлбэр

I. Казахстаныг хямрал нөмрөв.

- Газрын тосны үнийн өсөлтөөс улбаатай эсэргүүцлийн жагсаал улс орон даяар хүчээ авч, улмаар олон хүний аминд хүрсэн эмх замбараагүй үйл явдал болтлоо өргөжлөө. Казахстаны ерөнхийлөгч Ж.Токаев онц байдал зарлаж, үймээн дэгдээгчдийг "террористууд", "гадны нөлөөтэй турхирагчид" хэмээн нэрлэж, улмаар сануулгагүйгээр буудна гэдгээ мэдэгдэв. Мөн тэрээр ОХУ тэргүүтэй холбоотнуудыг энхийг сахиулах зорилгоор тусламж үзүүлэхийг гуйсан билээ.

- Үймээний шалтгаан зөвхөн үнийн өсөлт байсан гэвэл бас өрөөсгөл. 2019 он хүртэл тус улсыг засагласан Н.Назарбаевийн үеэс эхтэй тэгш бус байдал, авилгалын асуудал улам даамжирсны илрэл нь энэхүү тэсрэлтээр тодорхой болов. Ард иргэд төр засагтаа бухимдлаа илэрхийлж, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэсээр байна. Одоогоор 160 гаруй хүн амиа алдаж, 6000 орчим хүн баривчлагджээ.

- Эсэргүүцлийн үр дүнд засгийн газар газрын тосны үнийг буулгасан ч тэр нь хангалттай байсангүй. Мөн Ж.Токаев засгийн газраа огцруулж, Н.Назарбаевийг аюулгүй байдлын зөвлөлөөс гаргаад амжив. Харин энэ хооронд түүний гэр бүл, хамсаатнууд эх орноо орхиж, АНЭУ-ыг зорьсон тухай эх сурвалжууд мэдээлсээр байна. Токаев энэхүү үйл явдлыг төрийн эргэлт хийх оролдлого байсан хэмээн мэдэгдлээ.


II. CES 2022 амжилттай явагдлаа.

- Дэлхийн технологийн салбарын хамгийн том цугларалтуудын нэгт тооцогдох "CES 2022" Лас Вегас хотноо цахим болон биетээр зохион байгуулагдлаа. Омикроны дэгдэлтийн улмаас зарим компаниуд үзэсгэлэнгээ цуцалж, зарим нь бүр оролцохоос татгалзсаны улмаас арга хэмжээ төлөвлөснөөс нэг өдрийн өмнө үүдээ хаасан билээ.

- Гэхдээ энэ жилийн арга хэмжээ олон сонирхолтой технологи, бүтээгдэхүүнээр дүүрэн байлаа. Эдэн дундаас хамгийн ялгарсан брэнд нь Samsung байв. Тэд 55 инчийн компьютерийн хотгор дэлгэц Odyssey Ark-ийг зарласан нь тэр дороо хит бүтээгдэхүүн болов. Мөн зурагтууд нь NFT-г дэмждэг болсныг, 100 инч хүртэл тэлэх чадвартай Freestyle проекторуудыг нь онцолъё.

- Тэднээс гадна Intel 12-р үеийн цоо шинэ чипүүдээ танилцуулсан нь чухал мэдээ байв. Мөн Sony, LG-ийн шинэ OLED зурагтууд нягтрал, хэрэглээгээрээ сондгойрч, Chevy, Cadillac-ийн цахилгаан хөдөлгүүрт машины концепц олны анхаарлыг татав.


III. "Алтан бөмбөрцөг" шагналын эзэд тодорлоо

- Энэ жилийн арга хэмжээ албан ёсны арга хэмжээ, хэвлэл мэдээллийн оролцоогүйгээр ялагчаа тодруулсан нь энэ жилийн онцлог байлаа. Сүүлийн жилүүдэд тус наадмыг зохион байгуулдаг HFPA-ийн хувьд оролцооны тэгш бус байдал, арьс өнгөний ялгаварлан гадуурхалтын улмаас нэр хүнд нь ихэд унаж, шууд дамжуулалтын гол түнш NBC гэрээгээ цуцалж байгаагаа зарлаад байсан юм. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тэд танилцуулгаа цахим хуудсаа ашиглаж хийсэн нь энэ.

- Бүрэн хэмжээний киноны ангилалд Netflix-ийн "Power Of The Dog" шилдгээр шалгарч, Ж.Чампион шилдэг найруулагчаар нэрлэгдэв. С.Спилбергийн "West Side Story" мюзикл, комеди төрөлд шилдгээр тодорлоо. Тэрчлэн Н.Кидман (Being the Ricardos), У.Смит (King Richard), А.Гарфилд (Tick, Tick ... Boom!) зэрэг одод алтан бөмбөрцгийн эзэд болжээ.

- Харин телевизийн цувралын ангилалд HBO-ийн "Succession" шилдгээр нэрлэгдэж, нийт 3 шагналыг хүртлээ. "Squid Game"-ийн хамгийн ахмад оролцогчийн дүрийг бүтээсэн О Ён Сү шилдэг туслах жүжигчний шагналын эзэн болжээ. Харин мюзикл, комеди төрөлд "Hacks" манлайлж, 2 шагналтай буцсан байна.

4 мэдүүштэй зүйл

Хиймэл тахиа: KFC Америк даяарх рестораны менюдээ лабораторид ургуулсан тахианы махыг санал болгож эхэллээ. Тэд Beyond Meat-тэй хамтран шинэ хоолоо гаргаж байгаа нь энэ. Тэд анх хиймэл тахианы махаа 2019 онд Атлантад туршихад таван цагийн дотор бүрэн борлуулагдаж дууссан түүхтэй юм.

Шинэ нэгдэл: The New York Times спортын контентын платформ The Athletic-ийг 550 сая доллараар эгнээндээ нэгтгэлээ. 2016 онд байгуулагдсан The Athletic өдгөө 1.2 сая төлбөр төлдөг хэрэглэгчтэй юм. Times 2025 он гэхэд 10 сая төлбөрт хэрэглэгчтэй болох зорилго дэвшүүлээд байгаа билээ.

Дижитал юань: Хятад улс ирэх сард нээлтээ хийх "Бээжин 2022" Олимпын наадмын өмнө дижитал юанийг ашиглах боломж олгох апп-ийг туршиж эхэллээ. Гэхдээ 2014 оноос хойш хөгжүүлж буй уг цахим мөнгө нь криптовалют бус цаасан мөнгө, зоосыг орлох зорилготой бүтээгдэхүүн гэдгийг анхаарах хэрэгтэй.

Өнгөө солигч: Алдарт BMW Лас Вегаст явагдсан CES 2022-ийн үеэр өнгөө сольдог технологийг танилцууллаа. Тэдний ашигласан хүний үснээс ч нарийн ширхэгтэй бичил капсул бүхий E Inc нь Kindle зэрэг электрон төхөөрөмжүүдэд түгээмэл хэрэглэгддэг. Одоогоор өнгө нь хар, цагаан, саарал руу шилжих боломжтой байгаа гэнэ.


5 сонин хачин

1. "Spider-Man: No Way Home" 33 сая долларын орлогоор дахин бокс оффисыг тэргүүллээ. Марвелын ээлжит бүтээл дэлхий даяар 1.5 тэрбум долларыг цуглуулснаар бүх цаг үеийн жагсаалтын 8-р байрт бичигдэж эхэлжээ. Энэ долоо хоногт нээлтээ хийсэн гол бүтээл Ж.Частайн, П.Круз, Л.Ньюинго зэрэг одод тоглосон "The 355" жагсаалтын 3-р байрт бичигдэв. Харин тэдний урд "Sing 2" оржээ.

2. Эрүүл мэндийн технологи хөгжүүлэгч Binah.ai видео бичлэгээс үндэслэн тухайн хүний даралтыг хэмжих чадамжтай болсноо зарлалаа. Тэд PPG гэх технологийн тусламжтайгаар нүүрнээс ойсон гэрлийг хэмжих замаар цусны даралтыг тодорхойлж байгаа аж.

3. Twitter хэрэглэгчид зөвхөн текст бус өөрсдийн бичлэг, зураг ашиглан жиргээнд хариу бичдэг нэмэлтийг нэвтрүүллээ. "Quote Tweet with Reaction" нэртэй уг нэмэлт нь TikTok-д хамгийн анх ашиглагдсан бөгөөд саяхан Instagram мөн төстэй хувилбарыг танилцуулсан билээ.

4. Японы технологийн салбарын тэргүүлэгч Sony автомашины салбарт нэвтэрч, Sony Mobility нэртэй компани байгуулж байгаагаа зарлалаа. Тэд цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон, бүрэн энтертэйнмент орчинг үүсгэж чадах шинэ дизайнуудаа CES-ийн үеэр ил болгосон нь энэ юм.

5. АНУ-ын экс ерөнхийлөгч Д.Трамп ирэх сарын 21-нд өөрийн шинэ сошиал медиа платформыг нээлттэй болгоно гэнэ. "Ерөнхийлөгчийн өдөр"-тэй давхцан зарлагдах уг апп нь iOS/Android үйлдлийн системтэй нийцэн ажиллах бөгөөд загварын хувьд Twitter-тэй ихээхэн төстэй хийгджээ.

10 унших нийтлэл

Цочирдох: 85%-ийн буруу дүнтэй шинжилгээ /NYTimes/

Үзэх: Pixar-ийн шинэ бүтээл театраар цацагдахгүй /Forbes/

Ойлгох: Жоковичийг яагаад буцаав? /Sportingnews/

Танилцах: Шинэ консерватив сошиал платформ, Turning Point /The Verge/

Сонсох: Видео тоглоом ажил байсан бол? /NYTimes/

Сонирхох: Элизабет Холмесийн хэрэг дуусах болоогүй /Vox/

Гайхах: 50 он руу буцах нь /CNN/

Аялах: Канадын Стоунхенжээр зочлох нь /BBC/

Айх: Evergrande ба дараагийн төлөв /Insider/

Төсөөлөх: Жэймс Веббийн сүүлийн үеийн мэдээ /Space/