1 гол сэдэв

Юу болов?

Монгол улсын сансрын салбарын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал 3-р сарын 4-өөс 5-нд шилжих шөнө тохиов. Энэ өдөр Монголын анхны арилжааны хиймэл дагуулыг Ondo Space компани амжилттай хөөргөлөө.

Юу гэсэн үг вэ?

Тэд SpaceX-ийн Falcon 9 пуужингийн "Transporter 10" даалгаврын хүрээнд Ondosat - Owl - 1, Ondosat-Owl-2 нэртэй жижиг хэмжээний кубсатыг амжилттай хөөргөсөн нь энэ юм. Эдгээр нано хиймэл дагуулууд нам орбитоос амжилттайгаар анхны сигналаа илгээжээ.

Одоо яах вэ?

Ondo Space компанийн хувьд цаашид 170 гаруй кубсатыг нам орбитод байрлуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тус хиймэл дагуулыг бүтээсэн баг 2017 онд Японтой хамтран "Мазаалай" нэртэй нано хиймэл дагуулыг мөн амжилттай хөөргөж байсан билээ.


Тойм онцолж байна: monpay “THIS or THAT” урамшууллаа зарлалаа 

Үндэсний төлбөрийн шийдэл MonPay апп ээлжит урамшууллаа зарлажээ. Нийт гурван долоо хоногийн хугацаанд зургаан төрлийн бэлгийн эздийг тодруулах “THIS or THAT” урамшуулал нь долоо хоног бүр хоёр супер бэлэгтэй байх юм байна. Урамшуулалд оролцохын тулд хэрэглэгч ердөө MonPay апп дахь дансаа цэнэглэж, түүгээрээ худалдан авалт, хандив, төлбөр төлөлт гэх мэт бүх төрлийн үйлчилгээг авснаар оролцох эрхээ авах юм.

Урамшууллын эрхтэй хэрэглэгч тухайн долоо хоногийн "Entertainment" эсвэл "Family" гэсэн төрөл бүхий супер бэлгүүдээс тус бүр нэгийг сонгон санал өгөх ба хэрэглэгч зөвхөн өөрийн санал өгсөн нэг бэлгийн тохиролд л эрхээ ашиглан оролцох боломжтой ажээ. Ингэхдээ хэрэглэгчдээс хамгийн их санал авсан бэлгийн тохирол явагдах ба хэрэв хэрэглэгчийн санал өгсөн бэлгийн төрөл их санал авч чадаагүй бол урамшуулалд өгсөн эрхүүд хадгалагдахгүйг анхаараарай. Мэдээж хэрэг хэрэглэгчийн урамшуулалд оролцох эрх долоо хоног бүр шинэчлэгдэх юм.

Monpay апп татах

2 чухал тоо

68 - Бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай, хамгийн алдартай манга цувралын нэг Dragon Ball-ийг зохиогч Акира Торияама 68 насандаа таалал төгслөө. 1984 онд анх гарсан Dragon Ball дэлхий даяар 420 сая хувь зарагдаж, видео тоглоом, картын цуглуулга, бүрэн хэмжээний кино бүхий цогц медиа франчайз болгон өргөжсөн билээ.

1.950.000.000 - Европын холбоо Apple компанид түүхэнд гуравдугаарт бичигдэхүйц өндөр торгууль ноогдууллаа. Тэд тус компанийг давуу эрхээ ашиглаж, хөгжмийн стриминг салбарын өрсөлдөөнийг боомилсон хэмээн үзэж, 1.95 тэрбум доллараар торгожээ.

3 онцлох өгүүлбэр

I. OpenAI-ийн драма үргэлжилсээр.

- Өнгөрсөн 11-р сард үүсгэн байгуулагч С.Алтманыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэнэтийн үйл явдалтай холбоотойгоор тус компанид хараат бус хяналт шалгалт явагдаж, тайлан дүгнэлтээ танилцууллаа. WilmerHale нэртэй хуулийн компани 30 мянга гаруй бичиг баримтыг нягталж, компани даяар тусгай ярилцлага явуулсны дараагаар С.Алтманыг "халах" нөхцөл байдал үүсээгүй хэмээн дүгнэсэн байна.

- Тэрчлэн тус компани төлөөлөн удирдан зөвлөлөө шинэчлэн байгуулснаа мэдэгдэв. Шинэ гишүүдээр Bill and Melinda Gates Foundation-ийн CEO асан С.Десмонд-Хэллман, Sony-ийн экс хуулийн захирал Н.Селигман, Instacart-ийн CEO Ф.Симо нар томилогджээ. Харин "бослогыг удирдсан" гэх үүсгэн байгуулагчдын нэг И.Суцкевер ТУЗ-д багтсангүй.

- Үүнтэй зэрэгцэн OpenAI-ийн зүгээс И.Маскийн шүүхийн заргад хариу мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд дурдсанаар И.Маск OpenAI-ийн технологийн хөгжүүлэлтийг хурдасгах үүднээс ашгийн төлөө болгон шинэчлэхийг хүлээн зөвшөөрч, бүр Tesla-тай нэгтгэхийг санал болгож байсан, үүгээр зогсохгүй бүрэн удирдлагыг гартаа авахыг санаархсан хэмээжээ. Үүнийг батлах хэд хэдэн имэйлийг мөн ил болгосон байна. И.Маск өөрийн хамтран үүсгэн байгуулсан компаниа хүн төрөлхтний сайн сайхны төлөө AI-ийг хөгжүүлэх анхны зорилгоо умартсан хэмээн буруутгаж байгаа юм.


II. Rivian шинэ загваруудаа танилцууллаа.

- Цахилгаан автомашины салбарын гол тоглогчдын нэг Rivian гурван шинэ машин танилцуулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээлээ. 2023 оны борлуулалтын үзүүлэлтээ хүрч чадаагүй тус компанийн хувьцаа энэ мэдэгдлийн дараагаар 13%-аар нэмэгджээ.

- Тэдний эхний машин нь урьдчилан таамаглаж байсанчлан 45 мянган долларын эхлэх үнэтэй R2 байв. 2026 оноос эхлэн худалдаанд гарах уг дунд оврын автомашин нь өмнөх загвараас бараг 2 дахин хямд үнэтэй гэдгээрээ онцлогтой. Тэд үүгээр зогссонгүй, R3, R3X загварын шинэ машинуудаа танилцуулсан нь гэнэтийн үйл явдал байв. Бүх загварууд нэг цэнэглэлтээр доод тал нь 500 км зайг туулж, 30 минутанд 80% хүртэл түргэн цэнэглэгдэх үзүүлэлттэй гэнэ.

- Үүнээс гадна тэд Жоржиад нээхээр төлөвлөж байсан шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтыг түр зогсоож, 2 тэрбум долларыг хэмнэх болсон нь зах зээлд таалагдав. Ташрамд дурдахад, уг компанийн хамгийн том хөрөнгө оруулагч нь Amazon билээ.


III. Meta-ийн сүлжээ дэлхий даяар доголдов.

- Meta-ийн эзэмшилд багтдаг дэлхийн хамгийн их хэрэглэгчтэй сошиал медиа платформууд болох Facebook, Instagram, Threads-ийн сүлжээ 2 цаг орчим тасалдаж, тэрбум тэрбум хэрэглэгчдийг сандаргав. Зарим хэрэглэгчид үүнийг том хэмжээний цахим халдлага байж болзошгүй хэмээн хардав.

- Хэрэглэгчдийн дийлэнх нь өөрийн аккоунт руугаа нэвтэрч чадахгүй байсан бол зарим хэрэглэгчдийн нүүр хуудас шинэчлэгдэхгүй гацсан байна. Meta-ийн хувьцаа энэхүү үйл явдлын дараагаар 1%-аар унажээ.

- Хамгийн сүүлд 2021 онд Meta-ийн платформууд бүр 6 цаг орчим тасалдаж байсан удаатай. Тухайн үед инженерчлэлийн тохируулга хийгдэх үед алдаа гарчээ хэмээн тэд тайлбарлаж байв.

4 мэдүүштэй зүйл

Видео сан: Facebook видео контентийн сандаа зориулан цоо шинэ AI систем бүтээж байгаа гэнэ. Тэд 2026 он хүртэл үргэлжлэх төслийн хүрээнд Reels, Story, Groups болон үндсэн платформын тусдаа байсан алгоритмуудыг нэгтгэж, хэрэглэгчдэд видео санал болгох, бүтээгчдэд зориулсан зарим хэрэгслүүдийг бүтээх зэрэг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Эмчийн туслах: Salesforce эрүүл мэндийн салбарын ажилчдын бичиг цаастай ажлыг хөнгөвчлөх зорилготой AI туслах бүтээснээ танилцууллаа. Einsten Copilot: Health Actions нэртэй уг модель нь цаг товлох, өвчтний түүхийг бэлтгэн бүртгэх, эм бичих, тэмдэглэл хөтлөх зэрэг үүргийг гүйцэтгэх чадвартай юм.

Шинэ мисс: Энэтхэгийн Мумбай хотноо явагдсан "Miss World 2024"-ийн ялагчаар Чехийн мисс Кристина Пицкова тодорлоо. Өдгөө 23 настай хуулийн чиглэлээр сурдаг тэрээр сүүлийн шатанд өөрийн нийгмийн ажлаа "Shark Tank India"-ийн шүүгчдийн өмнө танилцуулсан нь сонирхолтой формат байв. Энэ удаагийн шалгаруулалтад нийт 111 улсын бүсгүйчүүд оролцсоны дотор Монголын мисс Б.Болор багтсан билээ.

Хүчтэй өрсөлдөгч: Antrophics-ийн хамгийн сүүлийн шинэчлэгдсэн загвар Claude 3-ийг ил болголоо. Текст, зурагтай харьцаж чадах шинэ модель нь Google, OpenAI-ийн моделиудтай үр дүнгийн хувьд тэнцүү бөгөөд зарим тохиолдолд илүү болсныг экспертүүд онцолж байна.

5 сонин хачин

1. Күнфү Пандагийн шинэ анги 8 жилийн дараа цацагдаж, бокс оффисыг 80 сая долларын орлогоор тэргүүллээ. Өмнөх ангиудаасаа бараг 2 дахин бага буюу нийт 85 сая долларын төсвөөр бүтсэн "Kung Fu Panda 4"-ийн энэхүү амжилт нь зөвхөн эхний ангийнхаа дараа л орох үзүүлэлт юм. Харин "Dune: Part Two"-ийн хувьд Хойд Америкийн зах зээлийн орлого нь 150 сая долларыг давж, 2-р байрт бичигджээ.

2. Apple таамаг ёсоор M3 чипээр тоноглогдсон MacBook Air-ийг зарлалаа. 13, 15 инчийн сонголттой шинэ лаптопууд нь илүү чанартай вебкам, 18 цагийн батарей, хурдтай Wi-Fi сүлжээтэй болсон байна. 13 инчийн MacBook Air-ийн эхлэх үнэ 1099 доллар байх ажээ.

3. Netflix-ийн спортын шууд дамжуулалт үргэлжилсээр. Тэд энэ удаад домогт боксчин Майк Тайсон болон Youtuber Жэйк Пол нарын тулааныг зарлалаа. Тулаан Техасын 80 мянган хүний суудалтай AT&T Stadium-д 7-р сарын 20-нд явагдана.

4. Nikon киноны зах зээлд өргөнөөр ашиглагдах болсон дижитал камер бүтээгч RED-ийг худалдаж авлаа. RED-ийн камерууд Marvel (Guardians of The Galaxy, Captain Marvel), Netflix (Squid Game, The Queen Gambit)-ийн кинонд өргөн ашиглагдах болсон. Сонирхуулахад, тус компанийг нүдний шил, хэрэглэлийн брэнд Oakley-ийн үүсгэн байгуулагч Ж.Жаннард 2005 онд эхлүүлж байсан юм.

5. Америкийн хамгийн худалдааны сүлжээний нэг Whole Foods жижиг хэмжээний конвениенс дэлгүүрийн формат турших болсноо мэдэгдлээ. Amazon-ийн эзэмшдэг тус сүлжээ эхний салбараа Нью Йоркийн төвд нээх гэнэ.

10 унших мэдээ

Анхаарах: Хятадын Коммунист намын хурлаас мэдэх ёстой зүйлс /Al Jazeera/

Эхлүүлэх: Байден vs Трамп: Хэн ялах вэ? /NYTimes/

Тооцох: Т.Свифтийн тоглолт Сингапурын ДНБ-д нөлөөлнө /Bloomberg/

Гайхах: Хуриман дээрээ Vision Pro зүүсэн эрийн сэтгэгдэл /Futurism/

Тодруулах: Би клоудын гачигдалд орсон! /The Atlantic/

Турших: Супер оддын дууны хувийг эзэмших үү? /WSJ/

Эмээх: Хаягдал ухаалаг төхөөрөмжүүдийн хямрал /The Verge/

Мэдэх: TikTok-ийг хорьж чадах уу? /Mashable/

Таамаглах: 2024 оны Оскарын эзэд /Unread/

Хүлээх: Арслан зааныг "амилуулах" цаг айсуй /CNN/