1 гол сэдэв
Шинэ төлөвлөгөө
Хиймэл оюуны салбарт түүчээлж буй OpenAI байгууллагын бүтцээ өөрчилж, ашгийн статустай болох төлөвлөгөөгөө танилцууллаа. Тус компанийг 2015 онд И.Маск тэргүүтэй нийт 11 эрхэм “хүн төрөлхтний тусын тулд хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх” эрхэм зорилготойгоор үүсгэн байгуулж байв. Энэ мэдээний дараагаар технологи хариуцсан захирал М.Мурати тэргүүтэй хэд хэдэн удирдлагын түвшний судлаачид компаниа орхиж буйгаа зарлажээ. Ингэснээр тус компанид үүсгэн байгуулагчдаас ердөө хоёр нь л үлдэж байгаа юм.
Мөнгө шатаагч
Шинэ бүтэц нь OpenAI-ийг хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл санал болгох боломжийг олгоно хэмээн тэд үзэж байна. Тус компани энэ онд 3.7 тэрбум долларын борлуулалттай ажилласан ч тав орчим тэрбумын алдагдал хүлээгээд байна. Тиймдээ ч OpenAI илүү хүчирхэг модель хөгжүүлэх, дата төвийн хэрэгцээг хангах зорилгоор 150 тэрбум долларын үнэлгээтэйгээр 6.5 тэрбум долларыг босгож буй.
Хувь эзэмшигч
Үүнээс гадна компанийн гүйцэтгэх захирал С.Алтман бүтцийн өөрчлөлтийн дараагаар OpenAI-ийн долоо орчим хувийг эзэмших эрхтэй болох гэнэ. Энэ нь одоогийн үнэлгээгээр 10 тэрбум доллартой тэнцүү гэсэн үг. Тэрээр үүнээс өмнө компаниас ашиг хүртэх сонирхолгүй, хувь эзэмшихгүй гэдгээ удаа дараалан мэдэгдэж байв.
2 чухал тоо
8.400.000.000: Ажлын менежмент, хамтын ажиллагааны платформ Smartsheet шинэ эзэнтэй боллоо. Blackstone, Vista гэсэн топ хөрөнгө оруулалтын фирмүүд нийлэн, тус компанийг 8.4 тэрбум доллароор худалдан авчээ. 2005 онд анх байгуулагдсан тус компани 2018 онд IPO хийсэн бөгөөд Microsoft Office, Google Workplace, Atlassian-тай өрсөлддөг юм.
4.000.000: Дэлхийг хэрсэн хиймэл дагуулын сүлжээгээр өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Starlink 100 гаруй оронд нийт дөрвөн сая хэрэглэгчтэй болсноо зарлалаа. Саяхнаас тус компани United, Air France гэсэн топ авиа компаниудтай хамтарч, онгоцонд интернэтийн үйлчилгээ үзүүлэх болсноо танилцуулаад байсан билээ.
3 онцлох өгүүлбэр
I. Хезболла бүлэглэлийн удирдагч амиа алджээ
- 1992 оноос хойш тус бүлэглэлийг удирдаж буй Хассан Насралла Бейрут дахь төв штабтаа амиа алдсан байна. Израйлын зэвсэгт хүчин сүүлийн 10 сарын турш явуулсан тагнуулын ажиллагааны хүрээнд тус бүлэглэлийн удирдагчид газар доор байрлах штабтаа цугларах үед гэнэтийн дайралт хийсэн нь энэ юм. Уг бөмбөгдөлтийн үеэр Х.Насраллагийн залгамжлагчид гэгдэж байсан хэд хэдэн генералууд, мөн 300 орчим энгийн иргэн амиа алджээ.
- 2023 оны аравдугаар сард Хамас бүлэглэл Израйлд довтолж, Газын зурваст цэргийн ажиллагаа явагдаж эхэлсэн цагаас эхлэн Хезболла бүлэглэл идэвхжиж эхэлсэн. Тэд Израйлын хойд нутаг руу байнга пуужин харваж, нөгөө талаас ч Ливан руу тогтмол халдлага үйлдэх болсон билээ. Х.Насраллагийн удирдлаган дор дэлхийн хамгийн хүчирхэг төрийн бус армид тооцогдох болсон тус бүлэглэл дэлхий даяар олон мянган иргэний аминд хүрсэн террорист халдлага удаа дараа зохион байгуулсаар ирсэн билээ.
- Ойрх Дорнодыг тэр чигт нь доргиосон энэ үйл явдал бүс нутгийн нөхцөл байдлыг улам тодорхойгүй болгож байна. Израйлын ерөнхийлөгч Б.Нетаньяху энэ бол эцсийн цохилт биш гэдгийг онцлоод Х.Насраллаг “тоо томшгүй олон иргэний үхэлд буруутай”, “хамгийн аюултай алан хядагч байсан” хэмээн тодотгожээ. Харин тус бүлэглэлийн хамгийн том холбоотон, санхүүжүүлэгч Ираны талаас улс орон даяар таван өдрийн гашуудал зарлаж, Израйлын эсрэг дайралтаа улам эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдэв.
II. Орон нутгийн сонгууль эхэллээ.
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын хурлын сурталчилгаа өнгөрөгч пүрэв гарагт албан ёсоор эхэллээ. Хуулийн дагуу сурталчилгаа 13 өдрийн турш үргэлжилж, 2024 оны ээлжит сонгууль 10-р сарын 11-ний өдөр зохион байгуулагдана.
- Энэ удаагийн сонгуульд 8031 мандатын төлөө аймаг нийслэлд 1992 нэр дэвшигч, сум, дүүрэгт 15,283 нэр дэвшигч, мөн 266 бие даагч өрсөлдөж байна. Энэ нь нийт 12 нам, эвслээс 17,541 хүн улс орон даяар сонгуульд өрсөлдөж байна гэсэн үг.
- Эргэн сануулахад, өнгөрөгч сонгуульд НИТХ-ын 45 суудлын 34-ыг нь МАН, Ардчилсан нам найман суудал, ХҮН нам гурван суудал тус тус авжээ. Харин дүүргийн ИТХ-ын тухайд Сүхбаатараас бусад дүүрэгт Монгол Ардын Нам олонх болсон бол орон нутгийн хувьд 21 аймгийн наймд нь Ардчилсан нам илүүрхжээ.
III. Meta Connect 2024 явагдлаа.
- Meta-ийн жил бүр зохиодог уг арга хэмжээний энэ жилийн од нь Orion нэртэй нүдний шилний туршилтын хувилбар байв. Meta-гийн олон жил хөгжүүлж байгаа, Марк Зукербергийн хэлж буйгаар гар утсыг орлох төхөөрөмж энэхүү шил нь одоогоор нэн үнэтэй байгаа тул хэдхэн мянган ширхгийг туршилтын журмаар үйлдвэрлэжээ. Orion нь шилнээс гадна зөөврийн тооцоолох төхөөрөмж, булчингийн хөдөлгөөнийг таних бугуйвч гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
- Үүнээс гадна тэд Quest 3 төхөөрөмжийн илүү хямд хувилбарыг зарлалаа. 299 ам.долларын үнэтэй Quest 3S нь үндсэн Quest 3-аас даруй 200 ам.доллароор хямд байгаа нь нягтшил бага дэлгэц, зайн мэдрэгчгүй шийдэл, нарийн харууц зэрэгтэй нь холбоотой.
- Meta-гийн Ray-Ban-тай хамтарсан ухаалаг шил сануулга тааруулах, хоцрогдолгүй орчуулга хийх зэрэг функцүүдтэй болов. Түүнчлэн тэд энэ төрлийн бүтээгдэхүүний доторх технологийг олон нийтэд илүү таниулах зорилгоор тунгалаг биетэй тусгай загварууд борлуулж эхлэв.
4 мэдүүштэй зүйл
Хос сар: Дэлхий хос сартай болох нь.
Гэхдээ зөвхөн сар гаруй хугацаанд л энэ ховор үзэгдэл тохионо. 11 метрийн голчтой 2024РT5 нэртэй солир энэ долоо хоногт дэлхийн тойрог замд нэвтэрч, 56.6 хоногийн хугацаанд манай гарагийг тойрон эргэх гэнэ. Уг солир нь хэт жижиг хэмжээтэй учир энгийн нүдээр болон сонирхогчийн дурангаар ажиглах боломжгүй гэдгийг судлаачид онцолжээ.
Цуут домэйн: Сүүлийн үед эрчээ авч, X/Twitter-тэй хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж буй Threads домэйн нэрээ удахгүй солих бололтой. Meta-ийн хувьд платформоо анх нээхдээ Threads.net-ийг ашигласан нь .com өргөтгөл нь өөр эзэнтэй байсантай холбоотой. Тэгвэл тус компани Threads.com-ийг эзэмшиж байсан Shopify-тай тохиролцоонд хүрч, домэйнийг албан ёсоор эзэмших болжээ.
Сансрын хаягдал: Европын сансрын агентлаг 2027 он гэхэд сансрын хаягдалтай тэмцэх технологийг төгөлдөржүүлэхийг хүсэж байна. Энэ хүрээнд тэд 200 кг жинтэй, 200 мэдрэгч суурилуулсан туршилтын хиймэл дагуул хөөргөж, улмаар түүнийгээ дэлбэлэн агаар мандалд нэвтрэх үйл явцыг ажиглана гэнэ. Улмаар туршилтын үр дүнг нэгтгэж, агаар мандалд хяналтгүй нэвтэрч буй хаягдлуудыг хэрхэх шийдлийг боловсруулах ажээ.
Шинэ эм: АНУ-ын зохицуулах байгууллагаас дэлхийн хамгийн том эмийн компанийн нэг, Bristol Myers Squibb-ийн шизофренийн эсрэг шинэ эмийг хэрэглээнд зөвшөөрлөө. Өдөрт хоёр удаа уух учиртай тус эмийн сарын өртөг 1800 доллар байх бөгөөд урт хугацааны нөлөө нь одоогийн эмчилгээнүүдээс хавьгүй илүү байж, өвчтөнүүдийг энгийн амьдралын хэв маягт дасан зохицоход эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэдгийг шинжээчид онцолж байна. Тус компани өнгөрсөн жил 14 тэрбум доллароор эгнээндээ нэгтгэсэн Klarna-ийн технологийг ашиглан, Cobenfy нэртэй уг эмээ бүтээжээ.
5 сонин хачин
1. Холливүүдийг цочроож буй реппер Диддигийн олон арван жил үргэлжилсэн дуулиант амьдралын хэв маяг, зохион байгуулдаг байсан үдэшлэгийнх нь тухай өгүүлэх баримтат цувралыг Netflix бүтээх болжээ. Тэд өдгөө шоронд хоригдож буй Диддигийн эсрэг тууштай дуугардаг өөр нэг реппер 50 Cent-тэй хамтран бодит баримт, амьд гэрчүүдийг оролцуулан уг цувралыг гаргах гэнэ.
2. Монголын кино урлагийн зөвлөлөөс найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон”-ийг Оскарын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцуулах шийдвэр гаргалаа. Тус зөвлөлөөс гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтын үр дүнд үндэслэн Оскарын наадамд өрсөлдүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, цахим орчинд ихээхэн шуугиан дэгдээгээд байсан билээ. “Баавгай болохсон” нь дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадмуудын нэг Каннд шалгарсан анхны монгол бүтээл болсон юм. Үүнээс өмнө Монгол Улсаас Оскарын наадмын “Гадаад хэл дээрх шилдэг бүтээл” төрөлд “Сэр сэр салхи”, “Эргэж ирэхгүй намар”, “Хийморь” зэрэг бүтээлүүдийг нэр дэвшүүлж байсан билээ.
3. Хэл сурагчдын хайртай апп Duolingo өнгөрсөн жилээс хөгжмийн хичээлтэй болсон. Тэгвэл тэд энэ нэмэлтээ идэвхжүүлэх үүднээс Loog брэндтэй хамтран биет төгөлдөр хуурыг худалдаанд гаргажээ. Анхан шатны хэрэглэгчдэд зориулсан уг төгөлдөр хуур 249 долларын үнэтэй бөгөөд Duolingo-ийн хичээлтэй бүрэн нийцэж ажиллах гэнэ.
4. Месси медиа компанитай боллоо. Өнөө цагийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг тэрээр шинэ компаниа “525 Rosario” хэмээн нэрлэсэн байна. Өөрийн төрөлх нутгийн нэрээ хайрласан уг компаниараа дамжуулан тэрээр төрөл бүрийн контент, баримтат кино бүтээж, спортын арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
5. 200 сая хэрэглэгчтэй сошиал платформ Discord хөгжүүлэгчдэд өөрсдийн апп, тоглоомыг нэвтрүүлэх боломжийг нээлээ. Тэд Activity нэртэй функцээр дамжуулан Discord-ийн сувгуудтай бүрэн интеграци хийж болох нээлттэй экосистемийг бүрдүүлж байгаа нь энэ. Ийнхүү хөгжүүлэгчид өөрсдийн апп-ыг борлуулж, түүнээсээ ашиг хүртэх боломжтой болжээ.
Сэтгэгдэл бичих