1 гол сэдэв
Юу болов?
Оскарын шагналд нэр дэвшигчид тодорлоо. Энэ жилийн хувьд “Emilia Perez” хамгийн олон буюу 13 төрөлд өрсөлдөх болсон байна. “Алтан бөмбөрцөг”-өөс гол 4 шагналыг хүртээд буй тус кино Оскарт хамгийн олон төрөлд өрсөлдөх гадаад хэл дээрх кино болов. Тус киноны гол дүр, испанийн жүжигчин К.Гаскон шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшсэн анхны транс хүн болж буй. Гэхдээ Латин америк, ялангуяа үйл явдал өрнөдөг Мексикийн үзэгчид тус киног соёл, онцлогийг хангалттай харуулаагүй хэмээн шүүмжилсээр байгаа юм.
Гол өрсөлдөгчид хэн бэ?
Тэдний араас А.Бродигийн гол дүрийг нь бүтээсэн “The Brutalist” болон алдарт “Oz”-ийн ертөнцөд өрнөх “Wicked” тус бүр 10 төрөлд нэр дэвшлээ. Энэ оны онцлох бүтээлүүдийн нэг “The Substance”-ийн найруулагч К.Фаржа шилдэг найруулагчид өрсөлдөх 9 дэх эмэгтэй болж байна. Тус киноны од Д.Мур анх удаа Оскарт өрсөлдөнө. Нөгөө талд Холливүүдийн хамгийн эрэлттэй од болоод буй Т.Шаламе “A Complete Unknown”-д бүтээсэн дүрээрээ 2 дахь удаагаа Оскарт нэр дэвшлээ. Түүний өөр нэг кино “Dune: Part Two” шилдэг киноноос илүүтэй визуал, хийцлэлийн гол төрөлд цом хүртэх магадлал өндөр. Д.Трампын намтраас сэдэвлэсэн “The Apprentice”-ийн од С.Стан ерөнхийлөгчийн дүрээр Оскарт өрсөлдөх 9 дэх жүжигчин болжээ.
Өөр онцлох бүтээлүүд юу байв?
Шилдэг анимэйшний төрөлд Disney/Pixar-ийн бокс оффисын хит “Inside Out 2” ялагч болох нь бараг тодорхой. Гэхдээ Латвийн уран бүтээлчдийн “Flow” энэ төрлөөс гадна шилдэг гадаад хэл дээрх киноны төрөлд давхар нэр дэвшиж байгааг нь онцолъё. Поп од А.Гранде “Wicked”-ийн дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчний шагналд өрсөлдөх бол эрэгтэй туслах дүрийн төлөө Г.Пирс (The Brutalist), Э.Нортон (A Complete Unknown” зэрэг томчууд тулна. 97 дахь удаагийн Оскарын наадам гуравдугаар сарын 2-нд явагдах юм.
2 чухал тоо
75 - Дэлхий даяар тэрбум гаруй хэрэглэгчтэй TikTok-ийн шинэ эзэн ирэх 75 хоногт тодорхой болно. TikTok Ж.Байдены захиргааны гаргасан шийдвэрийн дагуу тус улсын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн гэх үндэслэлээр 90 минут орчмын хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөсөн даруйдаа тусгай зарлиг буулгаж, тус компанийн Америк дахь үйл ажиллагааг сэргээж, 50%-ийг эзэмших компанитай хэлцэл хийх болсноо зарласан билээ. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн баян хүн И.Маскаас эхлээд Youtube-ийн хамгийн том од MrBeast тэргүүтэй хэд хэдэн эрхэмүүд наймаанд ороход бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ одоогоор TikTok-ийн зүгээс ямар нэгэн албан мэдээлэл гаргаагүй байна.
500.000.000.000 - Дэлхийн тэргүүлэх технологийн компаниуд болох SoftBank, Oracle болон OpenAI хамтран Америкийн зах зээлд AI хөгжүүлэлтэд зориулсан дата төвийн дэд бүтцийг байгуулахад хагас их наяд доллар зарцуулна гэдгээ зарлалаа. Тус компанийн үүсгэн байгуулагч Д.Трампыг тангараг өргөсний дараахан болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэдэн зуун мянган ажлын байр үүсгэх боломжтой уг төсөл нь АНУ-ыг хиймэл оюуны төв болгох түүний амибцтай бүрэн нийцнэ гэдгийг тодотгов. Талууд OpenAI-ийн дата, судалгаа, хөгжүүлэлтийн модель, SoftBank-ийн ногоон эрчим хүчний шийдэл, Oracle-ийн клоуд платформыг ашиглан тус бүр 100 тэрбум долларын хөрөнгийг эхний ээлжинд байршуулах болжээ.
3 онцлох өгүүлбэр
I. Samsung S25 загвараа танилцууллаа.
- Жил бүрийн эхэнд, технологийн эвентүүдийн салхийг хагалж зохион байгуулагддаг Samsung Unpacked явагдлаа. Энэ удаагийн арга хэмжээний гол дүр нь урьдчилан таамаглаж байсанчлан S25 байв. S25 загвар уламжлал ёсоор S25, S25+, S25 Ultra гэсэн төрлөөр гарсан. Мөн эвентийн төгсгөлд бусад загваруудаасаа эрс нимгэн S25 Edge загварыг зарлаад амжив.
- Шинэ загвар гаднаас нь харахад дизайны хувьд дугуй ирмэг, ялимгүй томорсон дэлгэцээс өөрөөр өөрчлөгдөөгүй ч AI хэрэглээ, функцийн тал дээр хавьгүй сайжирсан байна. Galaxy AI бүх апп хооронд чөлөөтэй хөрвөн ажиллаж, таны хэрэглээ, зан төлвөөс үндэслэн дараагийн үйлдлийг таамаглах чадвартай болсон гэдэг нь гол мэдээ байлаа.
- Тэд Google-ийн Gemini-тай төгс хослолыг үүсгэж, таны коммандыг зөвхөн уншихаас гадна таны үйлдлийг сонсож бас үзэх чадвартай болжээ. Хамгийн гол нь AI-тай холбоотой эдгээр бүх үйлдэл, сургалт нь зөвхөн таны халаасанд багтах төхөөрөмж дотор л хийгдэнэ гэдгээрээ онцлог. Энэ бол шинэ үеийн технологийн төхөөрөмжүүдийн суурь цөм нь хиймэл оюун болсон гэдгийн тод илрэл болов.
II. Д.Трамп ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө.
- АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 2 дахь удаагаа ялалт байгуулсан Дональд Трамп тангаргаа өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо. Капитолын ордонд явагдсан ёслолын ажиллагааг дэлхий даяар 80 сая гаруй хүн үзсэн нь түүхэн дээд үзүүлэлт болов.
- Өдгөө 78 настай Трампын тангараг өргөх ёслолд 600 гаруй хүн оролцсоны дотор И.Маск (Tesla), Ж.Бэйзос (Amazon), С.Брин (Google), М.Цукерберг (Meta), Б.Арно (LVMH) зэрэг технологийн салбарын томчууд, дэлхийн хамгийн баян эрхэмүүд байсан нь анхаарал татав.
- Тэрээр Америкийн дахин агуу болгохын тулд цагаачидтай хатуу тэмцэж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тарифын бодлого хэрэгжүүлнэ гэдгээ дахин тодотгов. Мөн АНУ-ыг хиймэл оюун, робот, криптогийн төв болгох болно хэмээн амалжээ. Тэрээр үүрэгт ажилдаа орсон даруйдаа сонгуулийн амлалтуудаа биелүүлж эхлэн 80 гаруй тушаал, зарлиг буулгаад байна.
III. Silk Road-ийн үүсгэн байгуулагч суллагдлаа
- АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр амалж байсанчлан Silk Road цахим платформын үүсгэн байгуулагч Росс Улбрихтэд өршөөл үзүүлж, шоронгоос суллалаа. Р.Улбрихтын хувьд 2011 онд нэрээ нууцлан орох боломжтой цахим худалдааны платформыг үүсгэсэн нь хар тамхи зарах, хүний наймаа явагдах, хөлсний алуурчин захиалах зэрэг хууль бус гэмт хэргийн үүр болсон хэмээн буруутгагдсан юм.
- Тэрээр 2013 онд баривчлагдан улмаар мөнгө угаасан, хар тамхи борлуулсан гэсэн зүйл ангиар бүх насаараа хоригдох ялаар шийтгэгдсэн. Тухайн үед Р.Улбрихтыг хар тамхины наймаанаас шимтгэл болгон 18 сая долларыг авсан, 4000 борлуулагч, 100 мянган худалдан авагчийг хянах системийг үүсгээгүй хэмээн шүүхээс үзсэн. Гэсэн ч энэ нь бүтээсэн платформ, апп-тайгаа холбоотой шууд бус үйлдэлд үүсгэн байгуулагч нь хариуцлага хүлээж, ял авсан онцгой тохиолдол болж, өдийг хүртэл олны дунд эрэлттэй кэйз байсаар ирсэн билээ.
- Трампын хувьд кампанит ажлынхаа үеэр либертари болон крипто комьюнитигийн дэмжлэгийг авах үүднээс уг амлалтаа өгөөд байсан юм. Silk Road нь тухайн үед биткойноор арилжаа хийхийг зөвшөөрдөг анхны платформуудын нэг болж, криптовалютыг эргэлтэнд оруулахад чухал нөлөө үзүүлсэнд тооцогддог юм.
4 мэдүүштэй зүйл
Шинэ вакцин: Норовирусын вакцин энэ онд багтан гарна. Цар тахлын нөлөө бүрэн арилж амжаагүй байхад дэлхий даяар норовирусын халдвар хурдацтай тархаж, олон нийтийн болгоомжлолыг төрүүлэх болсон. Он гарснаас хойшхчи илэрсэн тохиолдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин их байгаа нь бодит эрсдэл болсон юм. Тэгвэл дэлхийн хамгийн том эм үйлдвэрлэгчдийн нэг Moderna энэ онд багтаан тус вирусын эсрэг вакцин гаргах төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа. Тэд 25 мянган хүнийг оролцуулсан клиник туршилтын ажиллагаагаа эхлүүлжээ.
Хиймэл нар: Хятад улс “хиймэл нар” бүтээж байна. Тус улс 2006 оноос эхлэн EAST нэртэй халуун цөмийн реакторын төхөөрөмж бүтээж, төрөл бүрийн холбоотой туршилт хийх болсон. Тэгвэл тус лабораторид 1066 секундын турш хэт өндөр хэмд плазмыг тогтоон барьж чадсанаар дээд амжилт тогтоолоо. Тэд далайд элбэг тохиолддог устөрөгчийн дейтерийг ашиглан наран дээр явагддагтай ижил халуун цөмийн урвалыг үүсгэж, улмаар хиймэл нарыг бий болгон хязгааргүй эрчим хүчний эх үүсвэр гаргаж авах амбицтай байгаа юм.
Шинэ санхүүжилт: Хиймэл оюуны зах зээлд OpenAI-тай хамгийн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж буй Antrophic 60 тэрбум долларын үнэлгээтэйгээр 2 тэрбум долларын шинэ санхүүжилт татжээ. Тус компанийн 10 хувийг 2 тэрбум доллараар худалдан авч байсан Google энэ удаад нэмэлт санхүүжилт хийж, 1 тэрбум долларыг нь гаргасан байна. Одоогийн байдлаар Amazon тус компанид 8 тэрбум долларын хөрөнгө оруулаад байгаа билээ.
Нас уртасгагч: Сүүлийн жилүүдэд биотехнологи болон хиймэл оюуны тусламжтай хүний амьдрах хугацааг уртасгах зорилготой стартапууд олноор төрөх болсон. Эдгээрийн нэг Retro Biosciences хэмээх компани хүний насыг 10 хүртэлх жилээр сунгахад эсийн хэмжээнд нөлөөлөх эмийг бүтээх зорилгоор 1 тэрбум доллар босголоо. Уг стартапын гол дэмжигчдийн нэг нь OpenAI-ийн үүсгэн байгуулагч С.Алтман юм. Сонирхуулахад, дэлхийн хамгийн баян эрхэмүүдийн нэг Ж.Бэйзос Altos хэмээх ижил зорилготой стартапад 3 тэрбум долларын хөрөнгө оруулаад байгаа билээ.
5 сонин хачин
1. Flight Risk бокс оффисыг тэргүүллээ. Алдарт жүжигчин М.Гибсоны найруулж, М.Валбергийн гол дүрийг нь бүтээсэн “Flight Risk” энэ долоо хоногийн бокс оффисыг өрсөлдөгчгүйгээр тэргүүллээ. Гэхдээ үүнд жилийн энэ үеэр энтертэйнмент салбар харьцангуй нам гүм болж, Б зэрэглэлийн кинонууд нээлтээ хийдэгтэй холбоотой. Lionsgate-ийн хувьд он гарснаас хойш 2 дахь №1 киногоо хүлээн авч байна. Өмнө нь оны эхний долоо хоногт “Den of Thieves 2” жагсаалтыг тэргүүлсэн билээ.
2. Instagram TikTok-ийн толгой компани ByteDance-ийн хамгийн амжилттай апп-уудын нэг CapCut-ийн зах зээлийг булаахыг хүсэж байна. Тэдний шинэ апп-ын нэр Edits байх бөгөөд зөвхөн зураг засах, янзлах төрөл бүрийн хэрэгсэл, филтэрээс гадна шинэ санаа авахад зориулсан тусдаа хэсэгтэй байна гэдгээрээ онцлогтой гэнэ. Уг апп ирэх сараас эхлэн олон нийтэд нээлттэй болох ажээ.
3. Өнөө цагийн хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг Ханс Зиммер Саудын Араб улсад байрлаж, хэд хэдэн төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. Үүний хамгийн анхаарал татаж буй нь тус улсын төрийн дууллыг шинэчлэх ажил юм. Одоогийн төрийн дуулал нь 1947 онд бичигдсэн бөгөөд орчин үеийн хэв шинж, шинэ эриний амбицыг илтгэх зорилгоор шинэчилж байгаа юм. The Lion King, Interstellar, Inception зэрэг киноны хөгжмөөрөө танигдсан Х.Зиммер үүнээс гадна “Arabia” нэртэй киноны хөгжим дээр ажиллаж байгаа аж. Энэ бол Саудын Арабын засаг захиргааны улс орноо дахин тодорхойлж, дэлхийн зах зээлд таниулах ээлжит оролдлогын нэг.
4. Meta тамирчдад зориулсан ухаалаг шил бүтээнэ. Өнгөрсөн жил Ray-Ban-тай хамтран 1000 долларын үнэтэй ухаалаг шил гаргаж, хэрэглэгчдээс чамгүй эерэг үнэлгээ аваад буй Meta дараагийн төсөлдөө оржээ. Энэ удаад тэд шилний зах зээлийн өөр нэг топ брэнд Oakley-тай хамтран ажиллах гэнэ. Шинэ шил нь зөвхөн мэргэжлийн тамирчдаас гадна тогтмол гүйдэг, дугуй унадаг хэрэглэгчдэд ч таатай байдлаар бүтээгдэж байгаа ажээ. Үүгээрээ тэд камертай, ухаалаг шилийг масс хэрэглээнд оруулахыг зорих болно.
5. Хятадын AI модель Цахиурын хөндийг сандаргаж эхэллээ. DeepSeek хэмээх стартапын гаргасан R1 нэртэй загвар нь ургуулан бодох болон тооцоолох чадвараараа OpenAi-ийн хамгийн сүүлд гаргасан o1-ийн үзүүлэлтээс илүү гарсан нь энэ долоо хоногийн технологийн салбарын гол сэдэв байв. Хамгийн гол нь уг модель нь нээлттэй эх байдлаар зах зээл дээр байршсан, хөгжүүлэгчдэд үнэ төлбөргүй ашиглагдах боломжтой гэдэг нь байв. Харьцуулахад, ChatGPT-ийн Pro модель нь сарын 200 долларын төлбөртэй байдаг билээ.