1 гол сэдэв

Юу болов?

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон Зуны олимпын наадам Францын Парис хотноо эхэллээ. Тус хот өмнө нь 1900, 1924 онуудад Олимпыг хүлээн авч байсан түүхтэй. 33-р наадамд 206 орны 10,714 тамирчин спортын 32 төрөлд 329 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Нээлт ямар болов?

Парис хот нээлтийг цэнгэлдэхэд бус хот дотроо хүлээн авсан нь шинэлэг шийдэл байв. Баг тамирчид Сена мөрнийг даган завьтай "жагссан". С.Дион эргэн ирж, Эйфэлийн цамхаг лазер шоу үзүүлж, Францын соёлын түүхийг бүтээлч байдлаар харуулсан нээлтийн үзэлт АНУ-д л гэхэд 28.6 саяд хүрсэн нь Токиогоос 60%-аар илүү үзүүлэлт байв. Гэхдээ наадмын үеэр тасралтгүй бороо орж, Олимпын тугийг буруу харуулан өлгөж, зарим шашины үзэл санаатай зөрчилдсөн агуулгууд гарсан нь олон нийтийг ихээхэн талцуулж, ОУОХ-г мэдэгдэл гаргаж, уучлал хүсэхэд хүртэл хүргэсэн гэдгийг сануулъя.

Монголчуудын хувьд?

Манай баг энэ удаагийн наадамд 8 төрөлд 32 тамирчин илгээсэн. Тэмцээний эхний өдөр жүдогийн эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд өрсөлдсөн дэлхийн аварга Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэж, медалийн салхийг хагаллаа. Sports Illustrated сэтгүүл манай улсыг энэ наадмаас 6 медаль хүртэнэ хэмээн таамаглаад байгаа билээ.

2 чухал тоо

6.800.000.000 - NVidia-ийн гол нийлүүлэгчдийн нэг SK Hynix чипний үйлдвэр байгуулах төсөлд 6.8 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх болсноо зарлалаа. 2027 онд дуусах уг төсөл нь БНСУ-ын чип, хагас дамжуулагчийн томоохон төв болох амбицын нэгэн илэрхийлэл болж байна.

6 - Apple Хятадын ухаалаг утасны зах зээлд эзлэх хувиараа 6-р байрт жагсах боллоо. IDC-ийн судалгаагаар тус компанийн эзлэх хувь өмнөх жилээс 3.1%-аар буурч, Xiaomi-д гүйцэгдлээ 2024 оны эхний хагаст нийт 140 сая ширхэг утас борлуулагдсаны хамгийн өндөр буюу 18.5%-ийг Vivo брэнд эзэлж байна. Huawei-ийн хувьд хамгийн том өсөлт буюу 50.1%-аар борлуулалт нь нэмэгдэж, 2-р байрт бичигдэх болжээ.

3 онцлох өгүүлбэр

I. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ зарлалаа.

- Өдгөө 81 настай ерөнхийлөгчийн эрүүл мэндийн асуудал олон нийтэд эргэлзээ төрүүлж, түүнийг дахиад 4 жил үүрэгт ажлаа гүйцэтгэж чадах эсэх тухай яриа ихээр тарах болсон. Тэгвэл энэ бүхний хариулт болж, Ж.Байден 11-р сард болох сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ зарлалаа.

- Тэрээр өөрийн дэд ерөнхийлөгч Камала Харрисыг Ардчилсан намын нэр дэвшигчид дэмжиж байгаагаа зарласан. К.Харрис ч долоо хоногийн дотор 250 сая доллар босгож рекорд тогтоон, нэр дэвшихэд шаардлагатай төлөөлөгчдийн саналыг цуглуулж чадав. Гэхдээ Ардчилсан намын чуулганаас түүний нэр дэвшилтийг албан ёсоор баталгаажуулах учиртай.

- Гэвч олон шинжээчид К.Харрист маш бага хугацаа байгааг сануулж байна. Нөгөө талд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трампын амь насанд халдах гэсэн оролдлого түүний дэмжигчдийг улам нэмж байгааг мөн санах хэрэгтэй. К.Харрис түүхэн дэх анхны эмэгтэй бөгөөд Өмнөд ази гаралтай ерөнхийлөгч болох боломжтой юм.


II. Avengers-ийн шинэ мэдээ Marvel-ийн фанатуудыг баярлууллаа.

- Энэ долоо хоногт эхэлсэн San Diego Comic-Con-ийн хамгийн том мэдээ нь Avengers-ийн шинэ ангийг ах дүү Руссо найруулах болсон нь байлаа. Тэдний Marvel-д ажилласан хамгийн сүүлийн төсөл Endgame нь бокс оффисоос 2.8 тэрбум долларын орлого олж, бүх цаг үеийн жагсаалтын 2-рт бичигдэх болсон юм.

- Үүнтэй зэрэгцэн дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг, Marvel-ийн ертөнцөд Iron Man-ийн дүрийг бүтээсэн Р.Дауни эргэн ирж байгаа нь бүр ч том мэдээ байв. Тэрээр энэ удаад Doctor Doom-ийн дүрийг бүтээх юм.

- Тэд 2026 оны 5-р сард гарах Avengers: Doomsday, 2027 оны 5-р сард гарах Avengers: Secret Wars-д тус тус хамтран ажиллана. Ингэснээр Marvel өмнө зарлаад байсан The Kang Dynasty-ийн түүхээс хазайж, шинэ үйл явдлууд эхлүүлэх болсон гэсэн үг. Loki-ийн цувралд Kang-ийн дүрийг бүтээсэн Ж.Мэйжорс гэмт хэрэгт холбогдож, кино төслийг орхисон нь үүний гол шалтгаан болсон нь тодорхой.


III. OpenAI хайлтын системээ танилцууллаа.

- Тэд хэрэглэгчдэд "илүү найдвартай эх үүсвэрээс илүү хурдан хариултаа авах" боломж олгох шинэ платформоо SearchGPT хэмээн нэрлэсэн байна. Энэ бол OpenAI хайлтын зах зээлд монополь гэж хэлж болох Google-тэй шууд "дайн зарлаж" байна гэсэн үг.

- Google-ийн толгой компани Alphabet-ийн хувьцааны үнэлгээ мэдээ гарсан даруйд 3%-аар буурсан байна. Google-ийн хувьд өөрсдийн хөгжүүлж буй Gemini моделио хайлтын технологидоо интеграц хийж, AI Overview нэртэйгээр олон нийтэд танилцуулаад байгаа юм.

- SearchGPT-ийн хувьд хэрэглэгчдэд илүү визуал талаас мэдээлэл олгож, хайлт хийх зан төлвийг тэр чигт нь өөрчилнө хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

4 мэдүүштэй зүйл

Татгалзсан санал: Клоудад суурилсан кибер аюулгүй байдлын компани Wiz Google-ийн худалдан авах саналаас татгалзаж байгаагаа зарлалаа. Google тус компанийг 23 тэрбум доллараар үнэлж санал илгээсэн ч компанийн үүсгэн байгуулагчид IPO хийж, нээлттэй компани болох замыг сонгож байгаа нь энэ ажээ.

Крипто дэмжигч: АНУ-ын экс ерөнхийлөгч Д.Трамп крипто салбарын томоохон эвентүүдийн нэг The Bitcoin Conference-д оролцож, биткойноо "хэзээ ч битгий зар" хэмээн уриаллаа. Энэ үеэр тэрээр 4 сая долларыг криптовалютаар босгож, сонгуульд ялбал криптод ээлтэй орчныг бүрдүүлнэ хэмээн амалжээ.

Шинэ өрсөлдөгч: Google Translate-ийн өрсөлдөгч гэгдэх DeepL мандарин хэл дээрх шинэ үйлчилгээгээ танилцууллаа. Европын хамгийн үнэ цэнтэй AI стартапд тооцогдож буй тус компани өдгөө 2 тэрбумын үнэлгээтэй байгаа бөгөөд Азийн зах зээлд байр сууриа эзлэх нь өсөлтийн хамгийн том стратеги хэмээн үзэж байна.

Хар хүчилтөрөгч: Америкийн эрдэмтэд Номхон далайн гүнээс полиметалийн нодуль гэх эрдэс хүчилтөрөгч ялгаруулж байгааг илрүүлжээ. Энэ бол анх удаа амьд бус организм, мөн нарны гэрэл огт хүрдэггүй газраас фотосинтезийн бус аргаар хүчилтөрөгч үйлдвэрлэж буйг баталсан хэрэг юм. Уг үйл явдал дэлхийд амьдрал үүссэн талаарх ойлголтыг эргэж харах хүртэл нөлөө үзүүлж болохуйц нээлт боллоо.


5 сонин хачин

1. Marvel-ийн шинэ бүтээл "Deadpool & Wolverine" нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 458 сая долларын орлого олж, энэ жилийн топ амжилтыг үзүүллээ. Хойд Америкийн зах зээлд л гэхэд 200 саяын босго давсан ердөө 9 бүтээлийн нэг тус кино болов. Уг кино 200 сая долларын өртөгтэй боссон билээ.

2. Meta хамгийн хүчирхэг нээлттэй эхэд суурилсан AI моделио зарлалаа. Тэд 405 тэрбум параметр бүхий Llama 3.1 нэртэй уг моделио GPT-4o, Claude 3.5 Sonnet зэрэг гол өрсөлдөгчдөөсөө илүү үзүүлэлттэй гэдгийг тодотгожээ.

3. Slack iPhone, iPad-д зориулсан анхны дэлгэцийн вижетээ танилцууллаа. Хэрэглэгч одоо өөрийн гар утасны нүүр хуудсаас "статусаа шинэчлэх", уншиж амжаагүй мессежүүдээ гүйлгэж харах зэрэг үйлдлийг хийх боломжтой болжээ.

4. Олимпын өмнөхөн хуралдсан ОУОХ-ны чуулганаас 2030, 2034 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах улсыг зарлалаа. 2030 оны наадмыг Францын Алпийн хотууд хамтран зохиох болов. Тус бүсэд хамаарах Шамони анхны өвлийн наадмыг 1924 онд хүлээн авч байснаас хойш Гренобл 1968 онд, Албервилл 1992 онд тус тус олимпын нийслэл болж байсан түүхтэй. Харин 2034 оны олимпын зохион байгуулагчаар АНУ-ын Солт Лэйк хот тодров. Тус хот 2002 онд өвлийн олимпыг хүлээн авч байсан түүхтэй юм.

5. Threads дизайны шинэчлэл хийж, апп-ын үндсэн нүүр хуудсаа өөрчлөхөөр зэхэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр хамгийн том өөрчлөлт нь хэрэглэгчид өөрсдийн "лайк дарсан" болон "хадгалсан" постуудаа шууд сонгож үзэх цэсийг нүүр хуудсанд байршуулсан нь байх гэнэ.

10 уншууртай мэдээ

Танилцах: Онлайн хар захаас крипто энтрепренер болсон түүх /NYTimes/

Тагнах: Канадын хөлбөмбөгийн баг дрон ашиглаж эсрэг багаа тагнажээ /ESPN/

Холбох: Какао-ийн уналт K-Pop-оос эхлэх үү? /The Verge/

Дэмжих: LVMH яагаад олимпыг ивээн тэтгэх болов? /CNBC/

Унах: Google жолоочгүй машины компанид дахин 5 тэрбумыг оруулна /Elektrek/

Турших: iPhone нугардаг болно гэж үү? /Morning Brew/

Зочлох: Дэлхийн хамгийн том ресторан нээгдлээ /BBC/

Үзэх: Inside Out 2-ийн ахин нэг амжилт /Variety/

Ойлгох: NBA, WarnerBros-ийн хооронд юу болж байна вэ? /USAToday/

Анхаарах: Хезболла бүлэглэл Израйл руу халдав /CNN/