1 гол сэдэв

Юу болов?

Perplexity AI 520 сая долларын үнэлгээтэй шинэ хөрөнгө оруулалт татлаа. Хайлтын системийн зах зээлд Google-тэй өрсөлдөх амбицтай тус компани OpenAI, Llama зэрэг олон дата сангаас эх сурвалж авч, хэрэглэгчдэд харилцан ярилцах замаар хайлт хийх боломжийг олгодог юм.

Хэн оролцов?

Шинэ хөрөнгө оруулалтад Amazon-ийн үүсгэн байгуулагч Ж.Бэйзос хамгийн голлох үүрэгтэй оролцсон байна. Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм тэрээр 1996 онд Google-ийн анхны хөрөнгө оруулагчдын нэг байснаараа алдартай. Түүнээс гадна NVidia, Databricks зэрэг салбарын лидерүүд хөрөнгө оруулжээ.

Яах бол?

Хайлтын зах зээлийн 90%-ийг Google дангаараа эзэлдэг. Өнгөрсөн жил Microsoft ChatGPT-тэй өөрийн Bing-ийг нэгтгэж, нэлээдгүй шинэ хэрэглэгч татсан ч мэдэгдэхүйц өсөлт үзүүлж чадахгүй хэвээр байгаа. Perplexity-ийн апп-ыг сард 45 сая хэрэглэгч ашиглаж байгаа бөгөөд өнгөрсөн жил 500 сая гаруй хайлтыг гүйцэтгэсэн хэмээн тайландаа дурджээ.

2 чухал тоо

1.600.000 - Tesla Хятадын зах зээлээс 1.6 сая цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа буцаан татаж байгаагаа зарлалаа. Энэ нь автомат жолоодлоготой холбоотой аюулгүйн асуудлаас шалтгаалсан гэдгийг эх сурвалжууд баталж байна. Өнгөрсөн сард тус компани АНУ-ын зах зээлээс мөн ижил шалтгаанаар 2 сая машинаа татсан юм.

920.000.000 - Хойд Америкийн колежийн спортын лиг NCAA ESPN-тэй 8 жилийн 920 сая долларын гэрээг байгууллаа. Өмнөх гэрээнээс 300%-ийн өсөлттэй шинэ тохиролцооны хүрээнд ESPN сагсан бөмбөг, хөнгөн атлетик, теннис, волейбол зэрэг 40 спорт, түүн дотор 21 эмэгтэйчүүдийн спортын уралдаан тэмцээнийг шууд дамжуулах болжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Google "роботын хууль" бичжээ.

- Google-ийн хиймэл оюун хөгжүүлэлтийн нэгж DeepMind роботын шийдвэрийг илүү хурдан, илүү сайн, илүү аюулгүй байлгах зорилготой шинэ журам хэрэгжүүлж эхэлснээ зарлалаа. "Робот Хууль" нэртэй уг бичиг баримтыг тэд алдарт А.Азимовын "Роботын гурван хууль"-аас санаа аван бичжээ.

- Уг бичиг баримтад заасан ёсоор тухайн робот нь тодорхой нөхцөлд өөрийгөө унтраадаг, мөн хүний удирдлагад бүрэн шилжих горимтой байхаар заасан байна. Мөн хүн, амьтан, хурц иртэй биет, цахилгаан хэрэгсэлтэй харьцах заалтуудыг нарийвчлан тогтоожээ.

- DeepMind-ийн баг оффисын энгийн үүрэг гүйцэтгэх чадвартай 53 ширхэг роботыг 4 байршилд нэвтрүүлж, 77 мянга гаруй туршилтыг хийсний үр дүнд дээрх бичиг баримтыг гаргасан гэнэ.


II. Хятадын технологийн компаниуд машины зах зээлд нэвтэрлээ.

- 2021 онд цахилгаан машины зах зээлд нэвтрэхээ зарлаж, 10 тэрбумын хөрөнгө оруулахаа мэдэгдээд байсан Xiaomi анхны загвараа танилцууллаа. Ирэх 20 жилд дэлхийн топ 5 автомашин үйлдвэрлэгчийн нэг болох амбицтай тэдний SU7 нь нэг цэнэглэлтээр 800 км зайг туулах чадвартай гэнэ.

- Нийт 11 HD камер, 12 ултрасоник радартай уг машин хурдны зам, зогсоолын үеэр автомат удирдлагын горимд шилждэг гэнэ. Мөн 2024 оны сүүл гэхэд Хятадын 100 хотод жолоочгүй машины технологио нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүргэх гэнэ.

- Үүний өмнөхөн өөр нэг технологийн гигант Huawei Aito M9 загварын шинэ машинаа зарлаад байсан. 66,5 мянган долларын үнэтэй уг машинаа тэд Tesla-тай шууд өрсөлдөхүйц хэмээн зарласан нь анхаарал татав. Эдгээр компаниудын шинэ төслүүд нь цахилгаан машины зах зээлийн өсөлтөд эерэг нөлөөтэй хэмээн шинжээчид үзэж байна.


III. Дараалсан онгоцны ослууд нийгмийг цочроолоо.

- Токио хотын Ханеда онгоцны буудалд газардаж байсан Japan Airlines-ийн иргэний тээврийн онгоц эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөн харамсалтай хэрэг гарлаа. Ослын улмаас жижиг онгоцонд газар хөдлөлтийн бүс рүү ажиллахаар явж байсан цагдаагийн 6 ажилтны тав нь нас баржээ.

- JAL-ийн онгоцонд зорчиж байсан 379 хүн бүгд эсэн мэнд аврагдсан нь аюулгүй ажиллагааны дүрмийг маш сайн мөрдсөнтэй холбоотой. Энэ хэргийн учир шалтгааныг тодруулах ажиллагаа ид хийгдэж байна. Ханеда онгоцны буудал үүнтэй холбоотойгоор 300 орчим нислэгийг цуцалж, төдий тооны нислэгийг хойшлуулжээ.

- Тэгвэл үүний дараахан Портлэнд-Онтарио чиглэлд хөөрсөн Alaska Airlines-ийн онгоцны ослын хаалга салж унасан хэрэг гарлаа. Онгоц 5000 орчим метрийн өндөрт нисэж байх үед уг осол гарсан бөгөөд ердөө 35 минутын дараа буцаж газарджээ. Ослын улмаас ямар нэгэн хүн гэмтэж бэртээгүй байна. AA-ын хувьд өөрсдийн эзэмшдэг Boeing 737 Max 9 загварын 65 онгоцонд аюулгүй байдлын шалгалт хийх болсноо зарлажээ.

4 мэдүүштэй зүйл

Шинэ метаверс: Киног нь домогт С.Спилберг найруулснаар хит болсон "Ready Player One"-ийн ертөнц метаверст үүсэх гэж байна. Futureverse компани оригинал зохиолыг бичсэн Э.Клайн болон оюуны өмчийг эзэмшиж буй Warner Bros-той хамтран Readyverse нэртэй шинэ төслийг эхлүүлжээ.

Шинэ үйлчилгээ: Starlink үүрэн холбооны үйлчилгээний анхны туршилтаа амжилттай хийлээ. Одоогоор АНУ-ын нутаг дэвсгэрт T-Mobile-ийн сүлжээгээр дамжуулан 4G үйлчилгээг үзүүлэх боломжтой нийт 6 хиймэл дагуул холболтоо хийсэн байна. Тэд энэ үйлчилгээгээ 2025 онд албан ёсоор зарлах төлөвлөгөөтэй байгаа юм.

Шинэ ETF: BlackRock тэргүүтэй хэд хэдэн хөрөнгө оруулалтын фирмүүд биткойнд суурилсан ETF гаргах хүсэлтээ өглөө. Энгийн хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлж, эрсдлийг бууруулах боломж олгох энэ мэдээтэй холбоотой биткойны ханш 44 мянгыг давжээ.

Шинэ баримт: Насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд уруу татаж, улс дамнан дамлан наймаалах гэмт хэрэгт буруутгагдаж байх үедээ амиа хорлосон тэрбумтан Ж.Эйпштэнийн хэрэгтэй холбоотой шинэ баримтууд дэлгэгдлээ. Шүүхээс түүнтэй холбоотой 200 гаруй хүний нэрийг ил болгосны дотор Б.Клинтон, Ханхүү Эндрью, Г.Дюбин зэрэг нэр хүндтэй хүмүүсийн нэр багтсан байна.

5 сонин хачин

1. "Wonka" 4 дэх долоо хоногтоо бокс оффисыг тэргүүлж, орлого нь 465 сая долларт хүрлээ. Зул сарын баярын үеэр 19 сая долларыг олж, 2009 оны Sherlock Holmes-оос хойшхи хамгийн өндөр амжилт үзүүлсэн кино болсон "Color Purple" дөнгөж 7-д бичигдэв. Харин Universal, Blumhouse-ийн аймшгийн триллер "Night Swim" нээлтийн долоо хоногтоо 2-р байрт жагсчээ.

2. Microsoft компьютерийн кэйбордод сүүлийн 30 жилд гарсан хамгийн том өөрчлөлт хэмээн шинэ товчоо танилцууллаа. Тэд AI туслах Copilot-ийн товчыг баруун доод талд нэмсэн нь энэ юм. Шинэ товчийг дарснаар хэрэглэгч AI-ийн тусламжтайгаар тэмдэглэл хөтлөх, имэйл бичих, хийх ажлын жагсаалтаа бэлтгэх зэрэг үйлдлийг автоматжуулах боломжтой билээ.

3. Фитнессийн технологи хөгжүүлэгч Peloton TikTok-той албан ёсны хамтын ажиллагааг эхлүүллээ. Ингэснээр Peloton богино хэмжээний видеогоор дамжуулан хэрэглэгчдийг эрүүл амьдралын хэв маягт уриалах хөдөлгөөнийг өрнүүлэх гэнэ. Шинэ контентууд #TikTokFitness хаштагийн дор хүрэх ажээ.

4. Steam-ийн хэрэглэгчдийн саналаар 2023 оны шилдгүүд тодорсон байна. Оны шилдэг видео тоглоомоор Бельгийн Larian Studios-ийн хөгжүүлсэн "Baldur's Gate 3" нэрлэгджээ. Финалд FC 24, Hogwarts Legacy, Resident Evil 4 зэрэг хит тоглоомууд өрсөлдсөн юм.

5. Оклахомад амьдардаг 13 настай хүү классик тетрисийг дуусгаж, 157 үеийг давж гацтал нь тоглосон анхны тоглогч болжээ. Үүнээс өмнө зөвхөн бот, AI-ууд л ийм амжилт үзүүлж байв. 1985 онд анх гарсан уг тоглоомыг тэрээр долоо хоногт 20 цаг орчим тоглодог бөгөөд ердөө 38 минутын дотор дуусгасан нь энэ гэнэ.

10 унших мэдээ

Ойлгох: Японы газар хөдлөлт ба архитекторын гайхамшиг /CNN/

Алмайрах: CES 2024-оос юу хүлээх вэ? /The Verge/

Анхаарах: И.Маскийн хориотой бэлдмэлийн скандал /WSJ/

Анзаарах: 2024 оны онцлох сонгуулиуд /Morning Brew/

Унших: Nintendo-ийн дизайн гурутай танилц /The Guardian/

Үзэх: Хамгийн шилдэг кино франчайз - Оддын дайн /CNBC/

Мэдэх: Харвардын ерөнхийлөгч огцров /Washington Post/

Тооцох: 100 тэрбумын хөрөнгөтэй анхны эмэгтэй /DW/

Сонирхох: Бангладешийн балагтай сонгууль /Al Jazeera/

Ашиглах: AI 2024 онд /BBC/