1 гол сэдэв
Юу болов?
Prada Versace-г худалдаж авлаа. Италийн тансаг зэрэглэлийн хамгийн алдартай брэндүүд нэгдэж байгаагаа зарлалаа. 1913 онд байгуулагдсан Prada түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийж, нэгэн үе гол өрсөлдөгчдийн нэгт тооцогдож байсан Versace-г 1.38 тэрбум доллараар эгнээндээ нэгтгэжээ.
Яагаад?
Америкт төвтэй, Jimmy Choo, Michael Kors зэрэг брэндүүдийн толгой компани Capri 2018 онд Versace-г 2 тэрбумаар худалдан авч байсан ч борлуулалтыг нь нэмэгдүүлж чадахгүй байсаар ийнхүү алдагдалтай зарж байна.
Юу болох вэ?
Энэхүү наймаа амжилттай болсноор Итали улс тансаг зэрэглэлийн барааны зах зээлд эргэн ирлээ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Сүүлийн жилүүдэд уг зах зээлд Францын LVMH, Kering SA илт давамгайлж, Италийн бусад алдартай компаниуд болох Fendi, Gucci, Bulgari-г худалдан аваад байсан билээ.
2 чухал тоо
600: Apple Энэтхэгээс 600 тонн гар утас татжээ. Энэ бол дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн худалдааны дайнтай холбоотой гаргасан хамгийн эхний хариу үйлдлийн нэг байлаа. Д.Трампын захиргаа Apple-ийн үйлдвэрлэлийн гол төв болсон Хятадад 125%-ийн тариф ногдуулсан нь тус компанид хамгийн сөргөөр нөлөөлөх болсон. Иймд тэд Энэтхэг дэх үйлдвэрлэлээ эрчимжүүлж улмаар өнгөрсөн долоо хоногт гэхэд 6 ачааны онгоц дүүрэн iPhone гар утас тээвэрлэжээ. Энэ нь нийт 600 тонн буюу 1.5 сая ширхэг гар утастай тэнцүү байсныг эх сурвалжууд мэдээлж байна. Энэтхэг улс өнгөрсөн жил 20 сая ширхэг iPhone үйлдвэрлэсэн бөгөөд энэ жил уг тоогоо дор хаяж 20%-аар нэмэгдүүлэх төлөвтэй байна.
221: Доминиканд шөнийн клубын дээвэр нурсны улмаас 221 хүн амиа алдлаа Тухайн өдөр Санто Домингогийн хамгийн алдартай шөнийн цэнгээний газруудын нэг “Jet Set”-д тус улсын алдарт дуучин Р.Перезийн тоглолт явагдаж байжээ. Амь үрэгдсэн 221 хүний дотор дуучнаас гадна Монте Кристи мужийн захирагч Н.Круз, MLB-ийн од асан О.Дотель зэрэг эрхэмүүд байжээ.
3 онцлох өгүүлбэр
I. Д.Трамп татвар ногдуулах хугацаагаа 90 хоногоор хойшлууллаа
- АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп дэлхийг гайхшруулсан худалдааны тариф ногдуулах шийдвэрээ 3 сараар хойшлууллаа. Үүнийхээ шалтгааныг тэрээр 80 гаруй улс хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтээ илэрхийлсэнтэй холбон тайлбарлажээ. Гэсэн ч тэрээр хариу хориг тавих шийдвэр гаргасан БНХАУ-д ногдуулах хоригоо нэмэгдүүлж бүр 125% болгон өсгөв.
- Хятадын тал алдарт “чөлөөлөлтийн өдөр”-ийн дараагаар АНУ-д бууж өгөхгүй гэдгээ мэдэгдэж, АНУ-ын бүтээгдэхүүнд 84%-ийн тариф ногдуулах болсон юм. Д.Трамп амралтын өдрүүдээр ухаалаг гар утас, компьютерийн бараанд уг хориг үйлчлэхгүй гэдгийг зарлажээ.
- Эдгээр шийдвэрүүдтэй холбоотойгоор АНУ-ын гол индексүүдийн үнэлгээ эргэн сайжирч эхэлсэн байна. S&P 500 л гэхэд 2008 оноос хойшхи хамгийн өндөр өсөлттэй өдрөө өнгөрүүлсэн бол Nasdaq бүр 2001 оноос хойшхи хамгийн сайн үзүүлэлтдээ хүрчээ. Гэсэн ч Европ, Азийн зах зээлийн уналт үргэлжилж, хөрөнгө оруулагчдын эргэлзээ өндөр байсаар байгааг тодотгох хэрэгтэй.
II. OpenAI-аас салсан стартапууд аварга хөрөнгө оруулалт татлаа
- ChatGPT-г бүтээгчдийг тойрсон дуулиан үргэлжилсээр байна. Энэ долоо хоногт тус компанийг орхисон инженерүүдийн байгуулсан стартапууд өндөр дүнтэй, шинэ хөрөнгө оруулалт татсанаа ил болголоо.
- Тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг Илья Суцкеверийн байгуулсан “Safe Superintelligence” нэртэй компани хэдийнээ 32 тэрбумын үнэлгээнд хүрсэн байна. Уг компанид Alphabet, Nvidia тэргүүтэй компаниуд хөрөнгө оруулжээ.
- OpenAI-ийн CTO-оор ажиллаж байсан Мира Мурати мөн шинэ компаниа “Thinking Machines Lab” нэртэйгээр зарлалаа. Уг компанийн үнэлгээ 10 тэрбумтай дүйцэж байгаа бөгөөд Цахиурын хөндийн топ венч хөрөнгө оруулагчдын нэг a16z гол санхүүжилтийг хийжээ.
III. Shein Лондонд IPO хийнэ
- Хямд, хурдан онлайн худалдааны зах зээлд Temu-тэй зэрэгцэн хүч түрэн орж ирж буй Shein хамгийн сүүлд 66 тэрбум доллараар үнэлэгдэн хөрөнгө оруулалт татаж байлаа. Хятадад төвтэй 5800 гаруй үйлдвэрлэгчдээс хямд үнэтэй бараа нийлүүлдэг тус компани Д.Трампын тарифын дайны ид дунд нээлттэй компани болохоор хүсэлт гаргасан нь мөн анхаарал татаж байна.
- Тус компани Лондонд IPO хийхийн өмнө Бээжингээс тодорхой зохицуулалтын зөвшөөрөл авах шаардлагатай гэдгийг баримт бичигт дурджээ.
- Хятадын засгийн газар өнгөрсөн жилээс эхлэн Хятадад төвтэй компаниудыг гадаадын зах зээлээс мөнгө босгоход мэдээллийн аюулгүй байдал, засаглалын ил тод байдал зэрэг тодорхой нөхцлүүдийг хангахыг шаардах болсон юм.
4 мэдүүштэй зүйл
Орлон тоглогчид: Нэр хүнд, цар хүрээгээрээ кино ертөнцийн оргилд тооцогдох Оскарын наадам 2028 оноос эхлэн “Шилдэг орлон тоглолт”-ын шагналыг олгох болсон байна. Энэ нь киноны хамгийн хүнд, эрсдэлтэй зураглалыг бүтээдэг мянга мянган орлон тоглогч жүжигчдийг таниулах, алдаршуулах боломж боллоо хэмээн экспертүүд онцолжээ.
Мөхснийг сэргээгч: Colossal хэмээх биотехнологийн стартап уг чоныг генийн инженерчлэлийн техник ашиглан 13 мянган жилийн өмнөх шүд, 72 мянган жилийн настай яснаас гарган авсан гэнэ. Тэд өнгөрсөн 1-р сард арсланзаан зэрэг мөхөж алга болсон амьтдыг сэргээх технологи хөгжүүлэх зорилгоор 10 гаруй тэрбум долларын үнэлгээтэйгээр хөрөнгө оруулалт татаад байсан билээ.
AI туслах: Сүүлийн жилүүдэд дизайны зах зээлд хүч түрэн орж ирэх болсон Canva Antrophic-ийн модельд суурилсан хиймэл оюуныг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Canva AI нэртэй уг туслах нь санаа гаргах, зааврын дагуу зураг, постер гаргах, зураг засах, бүр баримт бичиг боловсруулах чадвартай гэнэ. Үүнээс гадна Австралид төвтэй тус компани Excel-тэй төстэй Canva Sheets хэмээх бүтээгдэхүүнийг гаргасан нь оффисын зах зээлд төвлөрч байгаагийн нэгэн илрэл боллоо.
Үнэгүй веб: Wordpress үнэгүй веб хийдэг платформ танилцууллаа. Дэлхийн вебсайтын зах зээлийн 60 гаруй хувийг хангадаг гэх Wordpress хиймэл оюун ашиглан үнэ төлбөргүйгээр вебсайтаа угсрахыг урьж байна. Ингэснээр тэд уг зах зээлд тэргүүлэгч Wix, Squarespace-тэй шууд өрсөлдөх болж байгаа гэсэн үг. Wordpress үүнээс гадна домэйн нэр авах, хост байрлуулах, үнэгүй тэмплэйт сонгох зэрэг багц үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгох ажээ.
5 сонин хачин
1. Skytrax-аас жил гаргадаг “Дэлхийн хамгийн шилдэг онгоцны буудал”-ын жагсаалтыг Сингапурын Чанги нисэх буудал 13 дахь удаагаа тэргүүллээ. 2024 онд 80 сая зорчигч хүлээн авсан уг буудал ногоон байгууламж, худалдааны төвүүдээрээ алдартай. Мөн ирэх жил гэхэд 2 тэрбум доллараар өргөтгөл хийж, өнгө үзэмжээ улам сайжруулахаар төлөвөлж байгаа юм. Харин Катарын “Хамад” 2-р байрт, Токиогийн “Ханеда” 3-р байрт тус тус бичигджээ.
2. Netflix-ийн хамгийн алдартай цувралуудын нэг Black Mirror-ийн 7-р бүлэг энэ долоо хоногт цацагдлаа. Эммид 9 удаа өнгөлж байсан тус цувралын энэ бүлэг гар утасны тоглоомтойгоор гарсан нь онцлог байв. Тодруулбал тэд “Plaything” нэртэй ангитай хослуулан тоглох учиртай “Thronglets” хэмээх апп-ыг гаргажээ. Энэ нь тамагочитой төстэй, амьтан өсгөж, сорилт давах тоглоом юм. Netflix-ийн хувьд өөрсдийн алдартай брэндүүдээр тоглоом гаргаад чамгүй удаж байгаа ч контенттой шууд хослох туршилт хийж байгаагүй юм.
3. Universal Европт анхны паркаа байгуулна. 2031 онд бүрэн ашиглалтанд орох уг парк Английн нийслэл Лондоноос 70 гаруй км-ын зайд орших Бедфорт хотноо нээгдэнэ. Уг парк нь жилд 8.5 сая зочин хүлээн авч, эдийн засагт 50 гаруй тэрбум долларын өгөөж үзүүлж, 28 мянган ажлын байр үүсгэнэ хэмээн талууд тооцоолжээ. Universal-ийн хувьд одоогоор паркийн бүтцийг ил болгоогүй байгаа ч тус улсын нэрийн хуудас болсон алдарт тагнуулч Жэймс Бонд болон Паддингтоны адал явдлаас сэдэвлэсэн тоглоомуудыг байршуулах боломжтой гэдгээ зарлажээ.
4. К.Роналду кино студи байгуулжээ Хөлбөмбөгийн ертөнцийн нүүр царай болсон К.Роналду энэ төсөлдөө Холливүүдийн алдарт найруулагч М.Вонтой хамтран ажиллах болсон байна. Инновацлаг технологи ашиглан уламжлалт киноны салбарыг түйвээх зорилготой хэмээх тодотголтой UR-Marv нэртэй уг компани хэдийнээ 2 кино бүтээгээд амжжээ. М.Вон бол X-Men, Kingsman-ийг бүтээснээрээ танигдсан шилдэг уран бүтээлч билээ.
5. Нью Йорк дэлхийн хамгийн баян хотоор тодорчээ. Тус хотод 66 тэрбумтан, 384 мянган долларын саятан амьдардаг үзүүлэлтээр Henley & Partners-ийн “Дэлхийн хамгийн баян хот”-ын жагсаалтыг тэргүүлсэн байна. Өнгөрсөн жил тэргүүн байрыг эзэлж байсан Сан Франциско харин 2-р байрт бичигджээ. Уг хотод хамгийн их буюу 82 тэрбумтан амьдарч байгаа ч 342 мянган саятан оршин суудаг гэжээ. Топ 50 хотын жагсаалтын 11 нь АНУ-д харьяалагдаж байна. БНХАУ-ын Шенжен, Ханжоу болон Энэтхэгийн Бенгалуру хамгийн өндөр өсөлттэй хотуудаар нэрлэгджээ. Харин Монако, Нью Йорк, Хонгконг хамгийн үнэтэй хотуудад тооцогдож байна.