1 гол сэдэв

Intel Энэтхэгийн харилцаа холбооны гигант Reliance Jio-д 253.5 сая долларын хөрөнгө оруулж, 0.39 хувийг эзэмших болов.

Яагаад бид онцлов?

Энгийн үед стартап, технологийн ертөнцөд өдөр тутам өрнөдөг олон хэлцэлтэй төстэй энэ гэрээний урьдач нөхцөл бидний анхаарлыг татав. 400 сая орчим хэрэглэгчтэй, дэлхийн 3 дахь том үүрэн телефоны оператор ердөө 3 сарын дотор 15.5 тэрбум долларын хөрөнгө татсан нь энэ. 65 тэрбум доллараар үнэлэгдсэн Jio энэ хугацаанд 25 хувиа Facebook, Silver Lake, General Atlantiс зэрэг топ компаниудад зарав. Өнгөрсөн сарын сүүлээр Саудын Арабын хөрөнгө оруулалтын сангаас 1.5 тэрбум доллар татсан тэд санхүүжилтээ энэ үед хаасныг мэдэгдсэн билээ.

Яагаад одоо гэж?

Азийн хамгийн баян эрхэм Мукеш Амбани энэ компанийг удирддаг. 4 жил хүрэхгүй хугацаанд хамгийн өндөр өсөлттэй зах зээлд тэргүүлэгч болж чадсан тэр өндөр хурдны интернэтийг улс орон даяар түгээж, түүгээрээ дамжуулан технологийн эзэнт гүрэн босгох зорилготой. Үүнээс гадна тэрээр газрын тос, худалдааны гигант, Энэтхэгийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид тооцогдох Reliance Industry-ийн 21 тэрбум долларын өрийг дарах зорилгоор хөрөнгө татаж байгаагаа ч нуугаагүй. Тэд Intel-тэй хамтарснаар 5G технологийн төлөөх дайнд асар том давуу талтай болж байгааг мөн онцолъё.

Одоо яах уу?

Jio зах зээлд эзэлсэн байр сууриа ашиглан бусад үйлчилгээ, платформуудыг өөрсдөө бүтээж, эсвэл өөрийн болгохоор санаархаж байна. Үүний нэг илрэл бол энэ долоо хоногт танилцуулсан JioMeet. Цар тахлын үед эрэлт нь эрс өссөн Zoom-ийн өрсөлдөгч болох учиртай уг платформоо тэд 24 цаг хүртэлх уулзалтдаа үнэгүй ашиглахыг санал болгож буй. Угаас Reliance-ийн "түнш" засгийн газар нь ч Zoom-ийг төрийн байгууллагуудад хориглосон нь үүнтэй зэрэгцэв. Jio үүнээс гадна хөгжмийн стримингийн JioSaavn, видео стримингийн JioTV болон төлбөр тооцооны JioMoney гэсэн үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлээд буй. М.Амбани Jio-г дараагийн таван жилд нээлттэй компани болгох зорилготой байгаагийн дотор бие даасан онлайн үйлчилгээнүүдээ ч багтаагаад байгаа билээ.

2 чухал тоо

60: Дэлхийн дундаж температур 2100 он хүртэл энэ эрчээрээ нэмэгдсээр байх ахул далайн амьтдад хамгийн ихээр нөлөөлж, нийт загасны төрөл зүйлийн 60 хувь нь устах судалгааны тайлан гарчээ. Улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчээ нэгтгэж, температурын өсөлтийг 1.5 градуст барих зорилго тавьсан ч нийт загасны 10 хувь нь мөхөх тооцоо дурдагдсан гэнэ.

209,000,000,000 - 209 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй болсон Tesla дэлхийн хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч боллоо. Цахилгаан машины зах зээлийг манлайлж буй тэд урдаа явсан Toyota-г гүйцсэн нь энэ. Сонирхолтой нь, Toyota 2019 онд Tesla-аас 30 дахин их буюу 10,4 сая машин борлуулж, 10 дахин их буюу 201 тэрбум долларын борлуулалттай ажилласан гэнэ.

3 онцлох зүйл

Мөнхийн ерөнхийлөгч: ОХУ-ын иргэд Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бүх нийтийн санал асуулгад оролцлоо. Улсын хэмжээнд санал асуулгын ирц 67.97 хувь байсан бөгөөд нийт иргэдийн 77.92 хувь нь нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн санал өгчээ. Ингэснээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 84 нас хүртлээ буюу 2036 он хүртэл төрийн тэргүүний ажлаа үргэлжлүүлэн хаших боломжтой болж байна. Шинэчлэлийн хүрээнд 2024 оноос түүний бүрэн эрхийн хугацааг тэглэж, дахин сонгуульд өрсөлдөх боломжтой болгож байгаа нь энэ. Гэрлэлтийг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд зөвшөөрөхөөр тусгасан нь мөн олон улсын зүгээс маргаан дагуулж буйг онцолъё. Үүнээс гадна төрөөс олгох төрөл бүрийн нийгмийн халамжийг эрс нэмэгдүүлж байгаа бөгөөд парламентын эрх мэдлийг илүү өргөжүүлэх зэрэг 200 орчим өөрчлөлт хийгдэж байгаа юм. А.Навалны тэргүүтэй сөрөг хүчин энэхүү асуулгын дүнг зохиомол, нийт арга иргэдийн хүсэл зоригийг мохоосон үйл явдал боллоо хэмээн эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Цунами тахал: Коронавирусын халдвараар өвчлөгсдийн тоо 11.4 саяд хүрлээ. Одоогоор 534 мянган хүн амиа алдаад байна. АНУ-д нэг өдөрт халдвар авсан хүний тоо 50 мянгад хүрч, гурван өдөр дараалан дээд үзүүлэлтээ шинэчлэв. Хэдий ерөнхийлөгч Д.Трамп тахлын эсрэг ажиллагаа нь ахицтай байгааг дахин онцолсоор байгаа ч 15 мужид бүртгэгдсэн халдварын тоо дээд хэмжээндээ хүрэв. Австрали, Их Британи, Испанид шинэ голомт бүртгэгдсэн нь аюулын харанга дэгдэж, засгийн газрууд нь хөл хорионы арга хэмжээ хэрэгжүүлж эхэллээ. Латин Америкаас гадна Арабын хойг, Зүүн Өмнөд Азид ч нөхцөл байдал эгзэгтэй хэвээр л байгаа бөгөөд Бямба гарагт л гэхэд 220 мянган тохиолдол дэлхий даяар гарсан нь мөн л рекорд болов.. Монгол улсад одоогоор 220 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Хамгийн их найдлага дагуулж байсан Moderna-ийн вакцин 30 мянган хүн хамруулах учиртай гуравдугаар шатны туршилтаа хойшлуулсан нь олон нийтийн урмыг хугалав. Ингэснээр Хятадын CanSino компанийн хөгжүүлж буй вакциныг хамгийн эхэнд нийтэд гарах боломжтой хэмээн экспертүүд үзэж эхэлжээ.


Улирсан дарга: 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн парламент тангаргаа өргөж, анхдугаар чуулганаа эхлүүллээ. Нийт 62 суудлыг өөрийн болгож үнэмлэхүй ялалт байгуулсан Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий Сайдаар улиран сонгогдсон нь энэ долоо хоногийн онцлох мэдээ байлаа. Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдэл нь үлэмж нэмэгдсэн тэрээр ирэх өдрүүдэд засгийн газраа эмхлэн байгуулж, сайд нарын нэрсээ зарлах учиртай. Үүнээс гадна УИХ-ын даргаар Г.Занданшатар дахин сонгогдсон бол УИХ-ын дэд даргаар МАН-ын бүлгээс Т.Аюурсайханыг, АН-ын бүлгээс С.Одонтуяа нарыг дэвшүүлж сонгожээ.

4 мэдүүштэй баримт

Утас хориглоно: 240 мянган хүн оршин суудаг Японы Ямато хотод алхах үедээ утас ашиглахыг хориглосон шийдвэр гарсан байна. Хотын захиргаа дэлгэц ширтсэн үедээ тухайн хүн өөртөө болон бусдад төвөг учруулж, аюулд өртөх магадлалтай байдаг тул гаргасан гэх уг шийдвэрийг хотын иргэдийн дийлэнх сайшаан хүлээн авч байгаа аж. Одоогоор утсаа ашигласан үед ямар нэгэн торгууль, шийтгэл оногдуулахгүй гэнэ.

Ухаалаг шил: Google Канадад төвтэй ухаалаг нүдний шил хөгжүүлэгч North-ийг 180 сая доллараар худалдан авлаа. 2012 онд байгуулагдсан North 1000 долларын үнэтэй Focals нэртэй шил гаргасан ч өнгөрсөн жил үйлдвэрлэлээ зогсоогоод байсан юм. Google уг худалдан авалтаа стратегийн хувьд чухал алхам боллоо хэмээн онцолжээ.

Хүйтэн цэг: Дэлхийн дулаарал бүх бүс нутгийг хамарч буй энэ цаг үед Атлантын далай хойд хэсэгт буюу Грийнландын урдхан орших хэсэгт дундаж температур буурч буйг эрдэмтэд тогтоосон байна. Далайн урсгалын нөлөө болон зузаан үүлний байршлын улмаас уг хэсэг 1900 оноос хойш 0.9 хэмээр "хүйтэрсэн" гэнэ.

Сансрын үнэр: Англид төвтэй Omega Ingredients нэртэй стартап сансрын үнэртэй сүрчиг гаргах гэж байна. Өмнө нь NASA-ийн захиалгаар 4 жилийн турш уг төсөл дээр ажилласан бүтээгчид нь Kickstarter ашиглан олон нийтээс хандив цуглуулж эхэлжээ. Бууны дарины утаа шиг үнэртэй хэмээн тодорхойлсон уг үнэртнийг сансрын нисгэгчдийн тэмдэглэл, химийн онол дээр тулгуурлан гаргаж авсан бөгөөд төсөл одоогоор 200 мянган долларыг босгожээ.

5 сонин хачин

1. Instagram хэрэглэгчдэд нэг дороос бүх сториг үзэх боломж олгох нэмэлт цэсийг туршиж байна. Өдөрт 500 сая хүн хэрэглэдэг сториг нүүр хуудсанд илүү томоор байршуулж, тусдаа цонх үүсгэснээр илүү таатай, цэгцтэй мэдрэмж төрүүлнэ хэмээн найдаж байгаа гэнэ.

2. Google Sheets энэ оны сүүлээр нэвтрэх, машин сургалтад суурилсан шинэчлэлүүдээ зарлалаа. Шинэчлэлийн хүрээнд Google Sheets нь хэрэглэгчдийн хийж буй үйлдлүүд, оруулсан тоон болон чанарын өгөгдөл дээр тулгуурлан автоматаар дата цэвэрлэх, хүснэгт нөхөх, бүлэгт хуваах зэрэг үйлдлийг гүйцэтгэх чадвартай болж байгаа ажээ.

3. Онлайн даатгалын үйлчилгээ үзүүлэгч Lemonade-ийн IPO энэ оны Америкийн хамгийн амжилттай дебют боллоо. 1.6 тэрбум долларын үнэлгээтэй нээлтээ хийсэн тэдний нэгж хувьцааны үнэлгээ эхний өдрөө 139 хувиар өссөн нь энэ. Сонирхуулахад, тус компани өнгөрсөн жил SoftBank-аас 300 сая долларын хөрөнгө оруулалт татсан юм.

4. Lego насанд хүрэгчдэд зориулсан эвлүүлдэг постерын сетээ танилцууллаа. Эхний ээлжинд Iron Man, The Beatles, М.Монро, Оддын Дайн гэсэн дөрвөн сонголт худалдаанд гарах бөгөөд нэг бүр нь 120 долларын үнэтэй, 3000-аас дээш ширхэгтэй, 15.5 инчийн хэмжээтэй байх гэнэ.

5. Алдарт жүжигчин Дуэйн Жонсон Instagram-ийн хамгийн үнэ цэнтэй хэрэглэгчээр нэрлэгдлээ. 187 сая дагагчтай тэрээр нэг зургаа 1 сая доллараар үнэлсэн нь ардаа бичигдсэн К.Женнер (986,000$), К.Роналду (889,000$), К.Кардашиан (858,000$) нараас давсан үзүүлэлт болжээ. "The Rock" нэрээрээ алдаршсан тэрээр зөвхөн кино, телевизийн ажлаас гадна Under Armour, Apple, Voss брэндүүдтэй хамтардаг юм.

10 унших мэдээ

Турших: Windows меню цэсээ шинэчиллээ /Microsoft/

Сонирхох: Интернетийн хамгийн нууцлаг худалдан авагчийн эрэлд /WSJ/

Анхаарах: Тархиа хэрхэн хамгаалах вэ? /BBC/

Гайхах: 350 зааны амиа алдсан шалтгаан юу байв? /CBS/

Ойлгох: Хонгконгийн аюулгүй байдлын тухай хуулийг тайлбарлах нь /NYTimes/

Хүлээх: Энэ зун аялах нь зөв үү? /Vox/

Ухах: ОХУ Монголыг байранд нь тавихыг хүсэж байна /ForeignPolicy/

Үзэх: Тусгаар Тогтнолын Баяр гэрэл зургийн дуранд /CNN/

Мэдэх: 7 триллионы үнэлгээтэй зах зээл рүү өнгийх нь /TNW/

Харамсах: Зайрмагны музейн хувь заяа /Forbes/