1 гол сэдэв

Юу болов?

Samsung-ийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалт арга хэмжээ "Unpacked 2022" явагдлаа. Энэ удаагийн арга хэмжээний гол дүр нь Samsung-ийн сүүлийн үед ихээхэн анхаарал хандуулах болсон нугардаг утасны дөрөвдүгээр үеийн загварууд байв. Гурван жилийн өмнө анх нээлтээ хийсэн энэ төрлийн утасны борлуулалт өнгөрөгч онд 10 саяд хүрсэн нь гурав дахин өссөн үзүүлэлт болсон байна. Тэд илүү хүчирхэг, бат бөх болсон нугардаг утаснууд нь ухаалаг утасны тухай тогтсон ойлголтыг эвдэж, цоо шинэ хэрэглээг үүсгэж байгааг онцолж байлаа. Үүнээс гадна тэд Galaxy-ийн бүх төхөөрөмжийн сав баглааг дахин боловсруулсан материал ашиглаж бүтээх болсноо зарлалаа.

Ямар бүтээгдэхүүн танилцуулав?

Z Flip 4-ийн хувьд урд талын толин дэлгэцээ хүссэнээрээ тохируулах боломжтой болсноос гадна дурын байрлал, дуртай өнцгөөрөө утсаа байрлуулж зураг авах боломжтой болсон байна. Мөн гаднах биет хэсгийн өнгө, загварыг тусгай кэйзээр сольж, өөрчлөх сонголттой болжээ. Харин Z Fold 4-ийн хувьд өмнөхөөсөө хөнгөн бөгөөд хүчирхэг үзүүлэлттэй болсноос гадна үндсэн камер нь 50 мегапиксел болон эрс сайжирсан байна. Эдгээрээс гадна Samsung TikTok, Instagram, Microsoft Office, Google Meet зэрэг хэрэглэгчдийн өдөр тутамдаа хэрэглэдэг сошиал болон бүтээмж нэмэх апп-уудыг нугардаг утсанд зориулан хөгжүүлснийг мэдэгдсэн нь онцлох мэдээ байв.

Өөр юу болов?

Samsung-ийн шинэ ухаалаг цаг Watch 5 нэг цэнэглэлтээр 40 цаг ажиллах боломжтой болсон нь том дэвшил байлаа. Watch 5 Pro-ийн хувьд бүр 80 цаг хүртэл батарейгаа барих чадалтай гэнэ. Мөн ердөө 30 минутанд 45 хүртэл хувьтай цэнэглэх боломжтой болсон нь 8 минутанд 8 цагийн цэнэг авна гэсэн үг. Нойр хянагч технологи нь эрс сайжирсан эрүүл мэндийн апп-аас гадна Google Assistant-тай нийцэж ажиллах болсныг Samsung зарлалаа. Тэрчлэн тэд удтал хүлээлгэсэн шинэ үеийн утасгүй чихэвч болох Buds Pro 2-оо танилцуулсан юм. Шинэ загвар өмнөхөөсөө 15 хувиар жижиг ч 24 битийн өндөр чанартай аудиог хүргэх чадалтай болжээ.

2 чухал тоо

90 - Дэлхийн хамгийн алдартай тоглоом бүтээгчдийн нэг Lego 90 жилийн төрсөн өдрөө тэмдэглэлээ. Үүнийхээ хүрээнд тэд төрөлх Данийн Биллунд хотод 94 мянган ширхэг лего тоглоомоос бүрдсэн 198 кг жинтэй бялууг угсарсан байна. 24 мянган ажилтантай Lego-ийн хувьд жилд 100 тэрбум ширхэг лего үйлдвэрлэдэг юм.

20 - АНУ-ын Холбооны мөрдөх товчоо экс ерөнхийлөгч Д.Трампын Флорида дахь гэрт нэгжлэг хийсэн нь олныг шуугиуллаа. Мөрдөгчид цөмийн зэвсэгтэй холбоотой нууцын зэрэглэлд хамаарах бичиг баримтыг оролцуулан нийт 20 хайрцаг материалыг авахаар уг ажиллагааг гүйцэтгэжээ. Трампын хувьд ажлаа өгөхөөс өмнө дээрх баримтуудыг улсын нууцаас гаргах шийдвэр гаргасан байсан хэмээн маргаж байгаа юм.

3 онцлох өгүүлбэр

I. Серена Уильямс зодог тайлна.

- Теннисийн ертөнцийн амьд домог Серена Уильямс энэ оны сүүлээр явагдах Америкийн нээлттэй тэмцээнд оролцсоныхоо дараа зодог тайлах болсноо зарлалаа. Өдгөө 41 настай Серена 1999 онд анхны их дуулгын түрүүгээ чухам энэ тэмцээнээс хүртэж байсан билээ.

- Уильямс карьерынхаа туршид 23 удаа их дуулгад аваргалсан нь нээлттэй тэмцээний эрин үед дээд амжилтад тооцогдоно. Үүнээс гадна тэрээр эгч Венусийнхээ хамтаар хосын төрөлд 14 удаа их дуулгад түрүүлж байжээ. Дэлхийн чансааг 189 долоо хоногийн турш дараалан тэргүүлж, 2012 оны Лондоны олимпоос алтан медаль хүртэж байсан тэрээр их спортын гол од, нүүр царайнуудын нэг гарцаагүй мөн юм.

- Түүний тэмцээн уралдаанаас олсон нийт шагналын хэмжээ 94 сая доллар болсон нь эмэгтэй тамирчдаас хамгийн эхэнд бичигдэх үзүүлэлт. Мөн Gatorade, Aston Martin, Intel, Pepsi зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж олсон орлого нь бараг хагас тэрбум доллараар хэмжигддэг юм. Тэрээр 2014 онд эмэгтэй эсвэл хар арьст үүсгэн байгуулагчтай стартапуудыг дэмжих зорилгоор Serena Ventures нэртэй хөрөнгө оруулалтын фирмийг байгуулж,


II. Уур амьсгалын өөрчлөлт халдварт өвчний тархалтанд нөлөөлж байна

- Уг дүгнэлтийг Nature сэтгүүлд нийтлэгдсэн шинэ тайланд онцолсон байна. Эрдэмтэд хамгийн түгээмэл бүртгэгдсэн 375 төрлийн халдварт өвчин болон уур амьсгалын өөрчлөлтийн хоорондын нөлөөг судалж, 218 төрлийн өвчинд шууд нөлөөлж байгааг тогтоосон байна. Нийт 4 арга замаар өвчний тархалт үүсэж байгааг эрдэмтэд онцлов.

- Эхнийх нь вирус тээгч амьтад уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүнтэй болон суурин газар луу ойртох болсон. Түймрийн улмаас суурьшсан бүсээ орхин дайжсан сарьсан багваахай Африк дахь эболагийн тахал үүсэх эх үүсвэр болсон нь нэг жишээ. Мөн үүнтэй зэрэгцэн коронавирус, зика зэрэг вирусын амьтнаас хүнд халдах мутац үүссэн байж болзошгүй гэнэ. Нөгөөх нь үер, шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хүмүүс өөрсдөө орон гэрээ орхин дайжиж, онгон зэрлэг байгальд хөл тавих тохиолдол. Холер, лассо зэрэг өвчний тархалтыг үүнтэй холбон тайлбарлажээ.

- Харин гурав дахь зам нь уур амьсгалын өөрчлөлт вирус тээгчдийн экосистемд өөрчлөлт оруулж байгаа хэмээн тодорхойлсон байна. Дулаан температур вирус тээгч шумуулын зарим төрлийг хэт үржих нөхцлийг бүрдүүлж байгааг тэд жишээлжээ. Сүүлийнх нь цаг уурын өөрчлөлт хүний биеийн дархлааны системд сөргөөр нөлөөлж байгаа. Энэ нь дэлхий даяар ханиад, томуугийн тархалт тасралтгүй нэмэгдсээр байгаатай холбоотой гэнэ. Мөн судлаачид цуглуулсан тоон мэдээлэл, үр дүнгээ олон нийтэд нээлттэй байдлаар хуваалцах болсон байна.


III. Walmart стриминг платформ эхлүүлж магадгүй.

- Америкийн хамгийн том худалдааны сүлжээ Walmart видео стриминг үйлчилгээ нээхээр ажиллаж байна. Тэд хэдийнээ Paramount, Comcast, Disney зэрэг компаниудтай контент болон технологи хуваалцах хэлцэл хийж эхэлснийг эх сурвалжууд онцолжээ.

- Үүний гол шалтгаан бол тэдний саяхан нэвтрүүлсэн жилийн 98 долларын үнэтэй Walmart Plus гишүүнчлэлийн үйлчилгээ юм. Тэд Amazon Prime-тай ижил зарчмаар ажиллах уг үйлчилгээний хэрэглэгчдэдээ зөвхөн үнэгүй хүргэлт, онцгой хямдрал, дараалалгүй бичүүлэх боломжоос гадна энтертэйнмент хэрэглээг нь санал болгохыг зорьж буй. Amazon-ийн хувьд 2016 оноос Prime Video үйлчилгээгээ танилцуулж байсан билээ.

- Гэхдээ энэ бол Amazon-ийн хувьд анх удаа контент бизнес сонирхож байгаа хэрэг биш. Тэд 2010 онд Vudu хэмээх стриминг үйлчилгээг худалдан авсан ч төдийлэн амжилт олохгүй байсаар 2020 онд NBCUniversal-ийн охин компани Fandango Media-д зарсан. Мөн тэд Onn брэндийнхээ дор 30 долларын үнэтэй стриминг төхөөрөмж гаргаж байсан билээ.

4 мэдүүштэй зүйл

Аюулгүй хэрэглээ: Facebook Messenger хэрэглэгчдийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс "end to end" шифрлэлтийг нэвтрүүлж эхэллээ. Удтал хүлээлгэсэн уг шинэчлэл одоогоор цөөн хэрэглэгчдийн дунд туршигдаж байна. Үүнээс гадна тэд хэрэглэгчдийн чат архивыг мөн нууцлалтайгаар хадгалах "Secure storage" нэмэлтийг туршиж байгаа ажээ.

Шинэ NFT: Парис Хилтон шинэ NFT гаргаж, виртуал үдэшлэг зохиох болсноо зарлалаа. Тэрээр The Sandbox-д газар авч, улмаар өөрийн нэрийн парти, цэнгүүнийг зохиож, дижитал бүтээгдэхүүн борлуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Шатрын амжилт: Энэтхэгийн Ченнай хотноо болсон дэлхийн шатрын 44-р олимпиадад манай тамирчид түүхэн амжилт үзүүллээ. 3-р тойрогт АНУ-ын хүчирхэг багийг хожиж шуугиан тарьсан эмэгтэй баг 15-р байрт, эрэгтэй баг 35-р байрт орсон байна. Мөн дөрөвдүгээр ширээнд тоглосон дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул ширээндээ нэгдүгээр байр эзэлж, алтан медальтай иржээ. Энэ бол Монголын багийн хувьд түүхэн дэх 2 дахь алтан медаль нь болов.

Хүн робот: Xiaomi анхны хүний хэлбэртэй роботоо танилцууллаа. CyberOne нэртэй уг робот нь хүний 45 төрлийн сэтгэл хөдлөл, 85 төрлийн орчны дуу чимээг таних чадвартай бөгөөд эргэн тойрноо мэдэрч хөдөлгөөнөө удирддаг гэнэ. Тэд уг роботыг үйлдвэр болон оффисын туслах ажил хийх боломжтой гэж үзэж буй.

5 сонин хачин

1. Брэд Питтийн гол дүрийг нь бүтээсэн "Bullet Train" 2 дахь долоо хоногтоо бокс оффисыг тэргүүллээ. Бокс оффисын идэвхгүй үе таарч байгаа ч тэд одоогоор дэлхий даяар 77 сая долларын орлогыг цуглуулаад байгаа. 2-р байрт Т.Крузийн хит "Top Gun: Maverick" эргэн бичигдсэн нь мөн онцлох амжилт байлаа. 170 сая долларын өртөгтэй бүтсэн уг кино хэдийнээ 1.3 тэрбум долларын орлого олоод байна. Үүнээс гадна саяхан нэмэлт хэсгээ багтаасан уртасгасан хувилбараа театруудаар цацсан "Everything Everywhere All At Once" 100 сая долларын босгыг давсан A24-ийн анхны бүтээл болжээ.

2. Disney+ нийт 152.1 сая хэрэглэгчтэй болсноо зарлалаа. Disney-ийн хувьд үүнээс гадна Hulu (46.2 сая), ESPN+ (22.8 сая)-ийг нийлүүлбэл нийт 221 сая хэрэглэгчийг стриминг үйлчилгээндээ хамруулсан гэсэн үг. Уг зах зээлд тэргүүлэгч Netflix-ийн хувьд нийт 220 сая хэрэглэгчтэй юм.

3. Сүүлийн үед нэр хүнд нь эрс нэмэгдэж буй дижитал медиа стартап Axios шинэ эзэнтэй боллоо. 1898 онд орон нутгийн сонин эрхлэн гаргаж бизнесээ эхлүүлж байсан Cox Enteprise тус компанийг 525 сая доллараар худалдан авч байгаа нь энэ юм. Сонирхуулахад, Axios-ийг үүсгэн байгуулагчдын нэг Ж.ВандеХейгийн эхлүүлсэн өөр нэг медиа Politico өнгөрсөн жил Axel Springer-т нэг тэрбум доллараар зарагдсан билээ.

4. Microsoft энэ оны эхээр нэвтрүүлсэн 3D эможиг нээлттэй эх байдлаар хөгжүүлэх болсноо зарлалаа. Тэд нийт 1500 төрлийн эможигийн эх кодыг ил болгож, дэлхий даяарх хөгжүүлэгчдийг илүү бүтээлч, оролцоог хангасан байдлаар өөрсдийн хүссэн эможиг бүтээхийг уриалж байна.

5. Samsung шинэ загвараа танилцуулахтай зэрэгцэн Motorola шинэ үеийн нугардаг утсаа худалдаанд гаргалаа. Домогт Razr загварын уг нугардаг хувилбар нь 6.7 инчийн үндсэн дэлгэц, Flip-ээс арай том буюу 2.7 инчийн толин дэлгэцтэй. Одоогоор зөвхөн Хятадын зах зээлд борлуулагдах Razr 2022 50 мп-ийн камертай байх бөгөөд 900 долларын эхлэлийн үнэтэй байх гэнэ.

10 унших мэдээ

Гайхах: Яагаад бид үхдэг вэ? /BBC/

Турших: Google-тэй хамт уншиж сурцгаая /ReadAlong/

Унших: NYTimes төлбөртэй үйлчилгээнд анхаарна /Bloomberg/

Тоглох: Хөлбөмбөгийн ДАШТ нэг өдрийн өмнө эхэлнэ /Sky/

Анхаарах: Warner Bros. Discovery-ийн шинэ стратеги /Washington Post/

Анзаарах: НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Монголд /Montsame/

Аялах: Европын хамгийн үзэсгэлэнтэй тосгод /CNN/

Мэдэх: Samsung-ийн залгамжлагчийг өршөөжээ /FT/

Сонирхох: Видео тоглоом бүтээгчид хүнд улирлыг өнгөрүүллээ /Morning Brew/

Зочлох: Нүүдэлчдийн дэлхийн фестиваль явагдаж байна /Ikon/