1 гол сэдэв

Юу болов?

Нэгэн цагт "криптогийн хаан" хэмээн цоллуулж явсан Сэм Бэнкман-Фрид 25 жилийн ялаар шийтгүүллээ. АНУ-ын түүхэн дэх хамгийн том санхүүгийн луйврын хэрэгтэй холбоотой шүүх хурал 5 сарын турш олон нийтийн анхаарлын төвд үргэлжилж өндөрлөлөө. Прокурорууд түүнд хамгийн багадаа 40-50 жилийн ял төлөвлөж байсан гэдгийг санах хэрэгтэй. Харин СБФ-ийн өмгөөлөгчид 5 жилийн ял хангалттай гэж үзэж байсан бол хуулийн хүрээнд хамгийн ихдээ 110 жилийн ял оноох боломжтой байжээ.

Яагаад?

Шүүхээс түүнд хөрөнгө оруулагчдын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, санхүүгийн төвөгтэй схемээр дамжуулан мөнгө угаасан, хэрэглэгчдийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлсэн зэрэг нийт 7 хэрэгт буруутгасан. Сэм Бэнкман-Фрид өөрийн үүсгэн байгуулсан FTX крипто бирж болон Alameda Research хеж сангаараа дамжуулан нийт 8 тэрбум долларыг залилсан нь батлагджээ.

Өөр юу мэдэх хэрэгтэй вэ?

Стэнфордын их сургуулийн профессоруудын гэр бүлд төрсөн тэрээр MIT-г физикийн чиглэлээр төгсөж, улмаар 26 насандаа FTX-г байгуулж, 30 нас хүрээгүй байхдаа тэрбумтан болж байжээ. С.Бэнкман-Фридийн хөрөнгө оргил үедээ 26 тэрбум доллараар хэмжигдэж байв. Түүний эзэмшиж байсан криптовалютын ханш сүүлийн үед ихэд өсөж, мөн эхэн үед нь хөрөнгө оруулсан AI стартап Antrophic-ийн үнэлгээ эрс нэмэгдсэн нь хохирогчдын хохирлыг барагдуулах боломжийг нэмэгдүүлж байгааг онцлох хэрэгтэй. Сонирхуулахад, тэрээр 2022 оны АНУ-ын завсрын сонгуулийн үеэр Ардчилсан намын нэр дэвшигчдэд 70 гаруй сая долларыг хандивлаж байжээ.

2 чухал тоо

90 - Орчин цагийн хамгийн нөлөө бүхий эдийн засагчдын нэг Даниел Каннеман 90 насандаа таалал төгслөө. Зан төлвийн эдийн засгийг үндэслэгчдийн нэг гэгддэг тэрээр 2002 онд Нобелийн шагнал хүртэж байсан юм. Түүний 2011 онд гаргасан "Thinking, Fast and Slow" нь сая сая хувь борлуулагдсан бестселлер ном болж, 40 гаруй хэл рүү орчуулагдаж байжээ.

25.000.000.000 - АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден түүхэн дэх хамгийн том улс төрийн хандив цуглуулах эвентийг зохион байгуулж, 25 сая долларыг босгосон байна. 5000 хүн оролцсон уг арга хэмжээнд Ардчилсан намын өмнөх ерөнхийлөгчид болох Б.Клинтон, Б.Обама нар мөн оролцжээ. Харин ирэх сонгуульд түүнтэй өрсөлдөх Д.Трампын хувьд өнгөрсөн долоо хоногт 399 долларын үнэтэй өөрийн нэрийн пүүз, 60 долларын библийг гаргаж мөнгө босгож байгаа юм.

3 онцлох өгүүлбэр

I. Amazon түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтаа хийлээ.

- Тэд AI-ийн чиглэлд тэргүүлэгчдийн нэг Antrophic-т 2.75 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, нийт санхүүжилтээ 4 тэрбумд хүргэлээ. Өнгөрсөн 9-р сард Amazon тус компанид 1.25 тэрбум долларын хөрөнгө оруулж, цаашдаа нэмэгдүүлэх амлалт өгч байсан юм. Үүнээс өмнө Amazon цахилгаан машины технологи хөгжүүлэгч Rivian-д 1.3 тэрбум долларын хөрөнгө оруулж байсан нь хамгийн том дүнтэйд тооцогдож байв.

- Claude нэртэй модель хөгжүүлж буй Antrophic-ийг AI-ийн зах зээлд OpenAI-ийн гол өрсөлдөгчид тооцож буй. Зарим тооцоолол, үйлдлүүд дээр ChatGPT-ээс илүү гарсан тус технологийн үр шимийг Amazon өөрсдийн экосистем дээр ашиглахыг зорьж буй нь гайхах зүйл биш. OpenAI-ийн экс инженерүүдийн байгуулсан Antrophic-ийн үнэлгээ бараг 20 тэрбумд дөхөөд байгаа юм.

- Amazon, Microsoft, Apple, Nvidia, Alphabet, Meta, Tesla гэсэн технологийн салбарын 7 гигантын AI болон машин сургалтын стартапуудад хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ зөвхөн өнгөрсөн жил 24.6 тэрбум доллар болсон байна. Amazon үүнээс гадна өөрсдийн цуглуулсан 2 их наяд орчим параметр дээр суурилсан AI моделийг "Olympus" гэсэн нэрийн дор хөгжүүлж байгаа билээ.


II. Robinhood кредит карт гаргалаа.

- Шимтгэлгүйгээр олон улсын хувьцааны арилжаа хийх боломжийг олгодог Robinhood кредит карт гаргалаа. Саяхан гадаадын анхны салбараа Их Британид нээж, үйлчилгээгээ хүргэж эхэлсэн тэд санхүүгийн олон талт үйлчилгээ эрхлэгч болгох амбицтай байгаагийн илрэл нь энэ болж байна. Тэд технологи суурьтай үйлчилгээгээр уламжлалт санхүүгийн салбарыг түйвээх зорилготой юм.

- Тус карт нь бүх худалдан авалтад 3%-ийн буцаан олголт олгодог онцлогтой. Robinhood-ийн кредит картыг эзэмшихийн тулд сарын 5 доллар, эсвэл жилийн 50 долларын хураамжтай Gold Program-ийн гишүүн байх ёстой гэнэ. Тэрчлэн тэд 10 найзаа урьсан эхний 5000 хэрэглэгчид 10 каратын алтны хольцтой картаа олгох урамшуулал зарлажээ.

- Robinhood өнгөрсөн жил АНУ-ын зах зээлд тэтгэврийн хуримтлалын үйлчилгээ нэвтрүүлсэн нь хит болж, хэдийнээ 500 мянган хэрэглэгч, 3 тэрбум орчим депозиттой болсон гэгддэг. Ташрамд дурдахад, үүний өмнө Apple мөн хураамжгүй кредит картын үйлчилгээ нэвтрүүлж, Apple Pay-ээр хийсэн худалдан авалтад 2%-ийн буцаан олголт зарласан нь өдгөө 12 сая хэрэглэгчтэй болоод байгаа билээ.


III. "Godzilla x Kong"-ийн шинэ анги бокс оффисыг доргиов.

- Тус кино нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 194 сая долларын орлого цуглуулж, бокс оффисын жагсаалтыг итгэл төгс тэргүүллээ. Нийт 135 сая долларын өртөгтэй бүтээгдсэн уг киноны хүлээлт таамагласнаас өндөр байсан нь ийм амжилтад хөтөлжээ.

- WarnerBros-ийн хөгжүүлж буй MonsterVerse-ийн хүрээнд авч үзвэл тус киноны амжилт 2014 оны "Godzilla"-ийн ард л бичигдэнэ. 2024 оноор тооцвол нээлтийн үзүүлэлт нь зөвхөн "Dune 2"-ийг л давсангүй. Ердөө гуравхан хоногийн орлогоороо тус кино энэ жилийн 3 дахь өндөр орлоготой бүтээл болж байгаа нь энэ.

- 2021 онд гарсан өмнөх анги болох "Godzilla vs Kong" нийт 474 сая долларыг цуглуулж, цар тахлын үеийн топ хит бүтээлүүдийн нэг болж байсан. Шинэ анги нь IMAX-ийн өргөн форматаар кино театрын дэлгэцийг эзэлж байгаа нь борлуулалтыг давах хүлээлтийг үүсгээд байна.

4 мэдүүштэй зүйл

Ээлжит оршуулга: Google 500 сая гаруй удаа татагдсан Google Podcasts апп-ын хөгжүүлэлтээ зогсоож байгаагаа зарлалаа. Тэд Youtube-ийг аудио контентын төвлөрсөн платформ болгох стратегийн хүрээнд бүх хэрэглэгчдээ Youtube Music рүү нүүхийг зөвлөжээ.

Буу илрүүлэгч: Нью Йорк хотын захиргаа метроны буудлын нэвтрэх цэгүүд дээр AI суурьтай буу илрүүлэгч төхөөрөмж байршуулах болсноо зарлалаа. Тэд Evolv нэртэй компанитай хамтран зорчигчдын бие, цүнх, хэрэглэлийг шүүх чадвартай технологийг нэвтрүүлж байгаа нь энэ юм. Сүүлийн үед олон нийтийн газарт зэвсэгт халдлага гарах явдал буурахгүй байгаа нь алтернатив шийдэл эрэлхийлэх шалтгаан болоод байгаа билээ.

Түүхэн наймаа: Америкийн хамгийн том гэр ахуй, барилгын засварын худалдааны сүлжээ Home Depot түүхэн дэх хамгийн том наймаагаа хийж, SRS Distribution-ийг 18.25 тэрбумаар худалдан авлаа. Тэд мэргэжлийн засварчид, барилгын гэрээт ажилчдыг өөрсдийн экосистемдээ нэгтгэж байгаа нь энэ юм.

Шинэ сонголт: Нидерландын Гронинген хотод Европын анхны хайперлүүпийн туршилтын замыг байгуулжээ. 420 метрийн урттай уг замыг ашиглан төслийн баг илүү хямд бөгөөд илүү хурдтай тээврийн шинэ хэлбэрийг бий болгохыг зорьж байна. Уг санааг арваад жилийн өмнө И.Маск анх гаргаж хөгжүүлж байсан ч амжилттай болоогүй юм.

5 сонин хачин

1. Дижитал дизайны платформ Canva түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийж, Affnity-г эгнээндээ нэгтгэлээ. 3 сая хэрэглэгчтэй Affinity-г авснаар тэд Adobe-тэй шууд өрсөлдөх бүтээгдэхүүнтэй болж байгаа гэсэн үг юм. Уг наймааны үнэ одоогоор тодорхойгүй байгаа ч "хэдэн зуун сая" фунтээр хэмжигдэхийг эх сурвалжууд мэдээлж байна.

2. Spotify онлайн хичээлтэй боллоо. Тэд эхний ээлжинд Их Британийн хэрэглэгчдэд зориулсан шинэ цэсийг үүсгэж, BBC, Skillshare тэргүүтэй хамтрагчдын контентыг байршуулж эхэлсэн байна. Spotify подкастаар дамжуулан боловсролын агуулга эрэлхийлсэн хэрэглэгчид ихээр апп руу орж байгаа нь энэ төрлийн контентийг турших сэдэл болсон гэжээ.

3. Дэлхийн хамгийн том конвениенс дэлгүүрийн сүлжээ 7-Eleven хотдогийн амттай газтай ус гаргаж байгаагаа зарлалаа. Тэд Miracle Seltzer-тэй хамтран хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй амтыг шингээсэн шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа нь энэ гэнэ.

4. Linkedin-ийн апп видеонд зориулсан тусгай цэстэй болж, богино хэмжээний видеог нийтлэх туршилт эхлүүлжээ. TikTok-той төстэй видео нь хэрэглэгчдэд ажил мэргэжилтэй холбоотой зөвлөгөө, зөвлөмжүүдийг хүргэх хамгийн тохиромжтой формат хэмээн тэд үзэж байгаа гэнэ.

5. Instagram контент бүтээгчдэд тодорхой сэдвээр дагагчдынхаа дунд тэмцээн зарлаж, шагналын төлөө өрсөлдүүлэх боломж олгохоор зэхэж байна. Челленж нэртэй уг нэмэлт нь контент бүтээгчдэд дагагчдаа нэмэгдүүлж, комьюнити үүсгэх шинэ орон зайг олгох учиртай юм.

10 унших мэдээ

Харамсах: Балтиморын гүүрний ослоос мэдэх зүйлс /NYTimes/

Сонсох: Boao Forum-ын үр дүн /CGTN/

Мэдэх: TikTok-оос өөр ямар апп-уудыг хорих вэ? /Washington Post/

Үзэх: Audible, MGM хамтран подкастыг кино болгоно /The Verge/

Ойлгох: BYD-ийн сэргэн мандалт /CNBC/

Хүлээх: Украины сонгуулийн өдөр /CNN/

Анзаарах: Таны дуулаагүй бизнесийн эзэнт гүрнүүд /Morning Brew/

Хэрэглэх: Instagram-ийн үүсгэн байгуулагчдын шинэ апп хаагдахгүй /Techcrunch/

Танилцах: Дэлхийн хамгийн хурдан камер /New Atlas/

Тэмдэглэх: Улаан өндөгний баярын зургууд /BBC/