1 гол сэдэв

Юу болов?

Америкийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Эмми" гардуулах ёслолын ажиллагаа явагдлаа. 75 дахь удаагийн Эммигийн гол дүр нь "Succession", "The Bear", "Beef" байв. Эдгээр цувралууд бүгд өөр өөрсдийн төрөлдөө гол шагналуудыг нь түүсэн. Ялангуяа энэ жил хамгийн сүүлийн улирлаа цацсан "Succession" шилдэг драма цувралыг оролцуулан нийт 6 шагнал хүртсэн юм. Нийт 4 улирлын туршид цуг цуврал Эммид 75 төрөлд өрсөлдөж, 3 жилд нь шилдгээр тодорсон бахдам амжилттай болжээ.

Өөр онцлох юу байв?

Hulu-ийн "The Bear" инээдмийн төрлийн гол шагналуудыг хүртэж, нийт 6 цомтойгоор үдшийг үдэв. Харин "Beef"-ийн хувьд богино цувралын төрөлд илүүрхэж, нийт 5 цом хүртжээ. Бүтээлч продакшны төрлийн шагналуудыг мөн л HBO-ийн "The Last of Us" цуврал хамсан гэж хэлж болно. Хит видео цувралаас сэдэвлэсэн уг цуврал нийт 8 шагналыг өөрийн болгосон юм.

Хэн давамгайлав?

Нэгтгэн дүгнэвэл Warner Bros.Discovery-ийнхэн нийт 36 шагналыг хүртсэн бол Disney өөрийн брэндүүдээ нэгтгэн 37 Эммиг өөрсдийн болгожээ. Харин Netflix энэ жил Beef, Queer Eye зэрэг гол цувралуудаараа 22 шагнал хүртсэн байна. Харин Amazon Prime, Apple+ зэрэг шинэ тоглогчид нийлээд ердөө 1 шагналтай буцлаа.

2 чухал тоо

98 - АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа эхэллээ. Бүгд найрамдах намын сунгаа уламжлал ёсоор Айова мужаас эхэлж экс ерөнхийлөгч Д.Трамп 99 дүүргийн 98-д нь ялалт байгуулж, нийт 51%-ийн сонгогчдын саналаар илт илүүрхэв. Энэ сунгааны дараа Р.ДеСантис тэргүүтэй түүний өрсөлдөгчид кампанит ажлаа дуусгаж байгаагаа зарлажээ.

20.1 - Apple анх удаа ухаалаг утасны борлуулалтаар Samsung-ийг гүйцлээ. Тэд 2023 онд 234.6 сая ширхэг утас борлуулснаар зах зээлийн 20.1%-ийг эзэлсэн байна. Жагсаалтын эхний тавд Samsung, Xiaomi, Oppo, Transsion бичигджээ.

3 онцлох өгүүлбэр

1. Samsung хиймэл оюунд төвлөрнө.

- Жил бүрийн 1-р сард явагддаг Unpacked-ийн энэ жилийн сэдэв AI байв. Samsung Google-ийн Gemini модель дээр тулгуурласан Galaxy AI-ийг танилцуулж, гар утсаар дамжуулан хиймэл оюуныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх амбицаа ил болгов. Шууд яриаг 13 хэл рүү орчуулах Live Translate, текст чатыг хөрвүүлэх Chat Assist зэрэг нэмэлтүүд нь Galaxy S24 загвараас эхлэн хэрэглэгчддэ хүрэх гэнэ.

- S24-ийн хувьд уламжлал ёсоор Ultra, Plus болон энгийн гэсэн гурван хувилбартай. Байгалийн өнгөөс санаа авсан дизайны хувьд титан хүрээг оруулж, Corning-той хамтран илүү бат, эдэлгээ даах шилийг нэвтрүүлсэн S24-ийн хувьд угаас хангалттай шилдэг байсан камерын технологио улам ахиулснаа онцолж байв. Мөн AI нэмэлтүүдийг ачааллах NPU-г суулгаж өгснөөр Qualcomm Gen 8-тай хослон илүү хүчирхэг, хурдтай утсыг бий болгож чаджээ.

- Үүнээс гадна тэд Galaxy-ийн экосистемийн шинэ төхөөрөмж Ring-ийг танилцуулав. Сүүлийн үед ихэд эрэлттэй болоод байгаа ухаалаг бөгжийг Samsung бүтээснээр эрүүл мэндээ хянах, амин үзүүлэлтээ хэмжих хэв маягт үсрэлт авчрах боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээлэл дараагийн Unpacked-ийн үеэр гарах бололтой.


II. Давос 2024 явагдлаа.

- Дэлхийн хамгийн хүчирхэг эрхэмүүдийн цугларалт гэгдэх Дэлхийн Эдийн Засгийн Форум явагдлаа. Швейцарийн Давос хотноо жил бүрийн эхэнд явагддаг уг арга хэмжээний сэдэв нь "Итгэлцлийг сэргээх" байсан юм.

- Энэ жилийн гол зочин Украйны ерөнхийлөгч В.Зеленски байв. Тэрээр холбоотнууддаа хандан дайны санхүүжилтээ зогсоохгүй байхыг уриалав. Мөн шинэхэн сонгогдсон Аргентиний ерөнхийлөгч Х.Милей "социализмын уур амьсгалыг" шүүмжилж, шинэ үеийн капитализмд урив. Ихэнх зочид AI-ийн тухай сэдэвт ихээхэн анхаарч байсан OpenAI-ийн үүсгэн байгуулагч С.Алтман хамгийн эрэлттэй зочин байснаас харагдана.

- Монгол улсаас ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давост оролцож, Go Mongolia арга хэмжээг явууллаа. Уг арга хэмжээний үеэр манай улс хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг үүсгэж, аялал жуулчлалын шинэ стратеги боловсруулж байгаагаа зарлажээ.


III. Япон улс сарны гүрэн боллоо.

- Япон улс саран дээр газардсан түүхэн дэх тав дахь улс боллоо. Үүний өмнө АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг л ийм амжилтыг эзэмшиж байсан юм.

- Гэхдээ JAXA-ийн SLIM хөлөг тодорхойгүй шалтгааны улмаас эрчим хүчээ үүсгэж чадахгүй байгаа нь уг төслийг эрсдэлтэй байдалд хүргээд байгаа гэнэ. Төслийн багийнхан батарей дуусан хөлөгтэй холбогдож, комманд өгөх боломжгүй болохоос өмнө гэмтлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

- Өмнө нь 2 удаа астеройд дээр газардаж байсан JAXA-ийн хувьд SLIM нь товлосон байршлаас 100 метрийн орчимд амжилттай газардсан гэдгийг мэдэгдээд байсан билээ.

4 мэдүүштэй зүйл

Супер онгоц: NASA, Lockheed Martin-ийн хамтран хөгжүүлсэн дуунаас хурдан онгоц эхний туршилтаа хийлээ. 2018 онд 248 сая долларын санхүүжилттэйгээр эхэлсэн энэ төслийн хүрээнд 1488 км/цагийн хурд авах чадалтай, гэхдээ өмнөх суперсоник онгоцноос чимээ багатай X-59 онгоцыг хөгжүүлсэн нь энэ билээ.

Олимпиадын аварга: Google-ийн охин компани DeepMind геометрийн бодлого бодох зориулалттай AI-ийг хөгжүүлснээ зарлалаа. AlphaGeometry нь олон улсын математикийн олимпиадын аваргын түвшинд бодлого бодох чадвартай гэнэ.

Робот ажилтан: Дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчдийн нэг BMW Өмнөд Каролина дахь үйлдвэртээ робот ажилчдыг турших болсноо зарлажээ. Тэд Figure нэртэй стартаптай хамтран бүтээмж нэмэх ерөнхий үйлдэл гүйцэтгэх чадвартай роботуудыг хөгжүүлэх гэнэ.

Академик хамтрагч: OpenAI анхны академик түншээ зарлалаа. Тэд Arizona State University-тэй хамтран их сургуулийн орчинд AI-ийг ашиглах зохистой хэрэглээний тухай судалгааг гүйцэтгэж, хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмжийг гаргах гэнэ.

5 сонин хачин

1. Mean Girls 2 дахь долоо хоногтоо дараалан бокс оффисыг тэргүүлэв. 36 сая долларын төсвөөр бүтсэн уг мюзикл одоогоор 66 сая долларын орлого олоод байна. Энэ долоо хоногт нээлтээ хийсэн I.S.S-ийн хувьд харин дөнгөж 7-р байрт бичигджээ. Жагсаалтын 3-т бичигдсэн Wonka-ийн орлого 500 сая долларыг давсан байна.

2. Apple-ийн удтал хүлээлгэсэн шинэ төхөөрөмж Vision Pro албан ёсоор худалдаанд гарлаа. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компанийн анхны 3D камер гэх тодотголтой уг AR/VR төхөөрөмж нь 3499 долларын эхлэл үнэтэй бөгөөд масс хэрэглээг тэр чигт нь өөрчлөх потенциалтай хэмээн үнэлэгдэж байгаа юм.

3. 800 сая гаруй хэрэглэгчтэй сошиал медиа платформ Reddit удтал хүлээлгэсэн IPO-оо 3-р сард хийх болсон байна. 2021 оны эхээр нээлттэй компани болох төлөвлөгөөгөө танилцуулж байсан тэд хамгийн сүүлд 10 тэрбум долларын үнэлгээтэйгээр хөрөнгө оруулалт татаж байсан юм. Экспертүүд тус IPO-г 2019 оны Pinterest-ээс хойшхи сошиал медиагийн хамгийн чухал момент хэмээн үзэж байна.

4. Хөгжүүлэгчид, технологийн хорхойтнуудын хайртай апп-уудын нэг Notion бие даасан календар апптай болов. Тэд өнгөрсөн жил худалдаж авсан Cron-ийн үндсэн нэмэлтүүд дээр тулгуурлан Notion Calendar нэртэйгээр апп-аа гаргажээ.

5. Uber 3 жилийн өмнө 1.1 тэрбум доллараар худалдаж авч байсан Drizly-ийн үйл ажиллагааг зогсоож байгаагаа зарлалаа. Хэрэглэгчдэд алкохол хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг уг стартап залуучуудын дунд ихэд эрэлттэй болж байсан билээ.

10 унших мэдээ

Турших: Та AI-ийг таньж чадах уу? /NYTimes/

Сонсох: Давост юу яригдав? /Morning Brew/

Тоглох: Рубикийн шооны 50 жилийн ойд /CNBC/

Анхаарах: JetBlue, Spirit-ийн нэгдлийг хориглов /Bloomberg/

Мэдэх: CNET-ийг зарна /Axios/

Анзаарах: Sports Illustrated-д юу тохиолдов? /New York Magazine/

Сонирхох: Улаан тэнгисийн хямрал ба гадаад худалдаа /BBC/

Ойлгох: АНУ Иемен рүү довтлов /ABC/

Хүлээх: М.Цукербергийн AI амбиц /The Verge/

Эмээх: 10 сая хүний аминд хүрэх супер шавжийн эсрэг /CNN/