1 гол сэдэв

Netflix, Prime, Apple TV+, Disney+, Quibi, Peacock. Одоо харин HBO Max нэгдлээ. 2018 онд AT&T-ийн Time Warner-ийг 85 тэрбум доллараар худалдан авснаас хойш гол анхаарлаа төвлөрүүлэн ажилласан энэхүү шинэ үйлчилгээ 5-р сарын 27-оос эхлэн АНУ-д нээлттэй болж эхлэв. Таны дэлгэцийн төлөөх стриминг дайн үргэлжилсээр.

Тэдний гол ялгарал юу вэ?

10 мянган цагийн контент. Тэд "Westworld", "Game of Thrones" зэрэг HBO-ийн бүх хит ТВ цуврал, киноноос гадна "South Park", "Big Bang Theory" зэрэг эрхийг нь худалдан авсан бусад цувралуудыг танилцуулна. Үүнээс гадна тэдэнд Холливүүдийн хамгийн том продакшнуудын нэг Warner Bros-ийн бүх кино, цувралууд мөн байгаа нь асар том давуу талыг авчирч буй. Мөн нэг группт харьяалагддаг Cartoon Network, DC Universe, Looney Toones, TNT, TBS-ийн контентуудыг ч мартаж болохгүй. Өө тийм, мэдээж хамгийн чухал нь HBO Max алдарт "Friends" цувралын эрхийг үнэ цохиж өөрийн болгосон билээ.

Оригинал цувралуудын тухайд?

Мэдээж энэ бол тэдний гол найдвар. Тэд Warner Bros, HBO-ийн суурь, дэд бүтцийн давуу талыг ашиглан топ зэрэглэлийн уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэж, шинэ контентууд дээр ажилласаар байгаа. WarnerMedia ирэх гурван жилд 4 тэрбум долларыг контент бүтээхэд зарцуулна гэдгээ мэдэгдсэн нь ч тэдний стриминг дайны хүчтэй өрсөлдөгчид тооцоход хүргэж байна. Тэд эхний ээлжинд 8 бүрэн хэмжээний кино, 31 ТВ цувралыг зарлаад байна. Энэ дотроос З.Снайдерын "Justice League", М.Стрипийн "Let Them All Talk", С.Гомезын шоу, Том Жерригийн шинэ ангиуд, Gossip Girl-ийн үргэлжлэл зэргийг онцолъё. Бас л мартах шахлаа, Friends-ийн ч шинэ-тусгай анги гарах болсон нь ч үнэхээр онцгой мэдээ болсон билээ.

Яг одоо би үзэж болох уу?

Харамсалтай нь Монголд та HBO Max-ийн хэрэглэгч болох боломжгүй. Зөвхөн АНУ-д ашиглагдаж буй энэ үйлчилгээ 2021 оноос Латин Америк, Европт нэвтрэх бөгөөд ирэх жилийн сүүлээс Азид тэлэх ажээ. Үнийн хувьд сарын төлбөр нь 14.99 доллартай тэнцүү байгаа нь бусад өрсөлдөгчдөөсөө харьцангүй өндөрт тооцогдоно шүү.

2 чухал тоо

12,000 - "Онон" нэртэй хөхөө өвлийг өнгөрүүлсэн Замбигаас төрөлх нутаг Монголыг хүртэл 12 мянган км замыг туулан нүүдэллэсэн нь хуурай газрын шувуудын хувьд дээд амжилт болсон байна. "Монгол Хөхөө" төслийн хүрээнд судлаачид нийт 5 хөхөөнд байршил тогтоогч байршуулсан бөгөөд ганцхан "Онон" нийт 16 улсыг дайран, 2 долоо хоногийн дотор эх орондоо ирсэн нь энэ ажээ.

106,300,000 - Швейцарын теннисчин Рожер Федерер 2019 онд нийт 106.3 сая долларын орлого олсноор Forbes-ийн хамгийн чинээлэг тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн анхны теннисчин боллоо. Жагсаалтын 2-4-р байрт К.Роналду, Л.Месси, Нэймар зэрэг хөлбөмбөгчид, 5-7-р байрт Л.Жэймс, С.Көрри, К.Дюрант гэсэн сагсан бөмбөгчид бичигдсэн бөгөөд гольфчин Т.Вүүдс удаалжээ.


3 онцлох зүйл

Түүхэн нислэг: Элон Маск, SpaceX-ийн сансрын аварга амбиц нэг шат ахисан үйл явдал энэ долоо хоногт тохиолоо. Тэд "Crew Dragon" хөлгөөрөө Олон Улсын Сансрын Станц руу сансрын нисгэгчид тээвэрлэн хөөрснөөр ийм амжилт үзүүлсэн анхны хувийн компани болов. Д.Херил, Б.Бенкен нар Кеннедигийн нэрэмжит сансар судлалын төвөөс хөөрснөөр NASA сүүлийн 9 жилд анх удаа эх орноосоо нисгэгч илгээсэн нь энэ. 2011 онд "Space Shuttle" хөлгийг зогсоосноос хойш тэд ОХУ-ын "Союз" хөлгийг ашиглан, нэг суудалд 80-90 сая доллар төлөн сансрын нисгэгчдээ илгээдэг байжээ. Дахин ашиглагддаг Falcon хөлгийг ашиглан, зардал багатай, илүү үр ашигтай нислэгийг үйлдсэн SpaceX-ийн 15 жилийн хөдөлмөр ийнхүү түүхэн амжилтад хүрсэн нь сансрын технологийн салбарт онцгой тэмдэглэлт үйл явдал боллоо. Сонирхуулахад, тус компанийг үүсгэн байгуулагч Э.Маск өөр нэг компани болох Tesla-ийн үнэлгээг 100 тэрбумд хүргэж, орлогыг 20 тэрбум доллараас давуулсан учир 800 сая долларын бонус хүртэх эрхтэй болж байгаа гэнэ.


Тэсэрсэн тэмцэл: Цагдаагийн ажилтнууд өнгөт арьст Жорж Флойд хэмээх эрийг эсэргүүцэл үзүүлээгүй байхад нь хүч хэрэглэн өвдөглөн дарж, улмаар амь насанд нь хүрсэн бичлэг сошиал сүлжээгээр тарж, олон нийтийн бухимдуулан жигшин зэвүүцүүлэв. Урьд өмнөх үүнтэй төстэй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой асуудлуудад хуримтлагдаад байсан уур хилэн энэ үйл явдлын үеэр тэсэрч Миннесотагаас эхлэлтэй шударга ёсны төлөөх эсэргүүцлийн жагсаал Америк даяар тархаж, одоогоор 30 гаруй хотод зохион байгуулагдаад байна. Миннеаполис хотод жагсаал хяналтаас гарч, оролцогчид орон нутгийн цагдаагийн газрыг галдан шатааж, Target дэлгүүрийг тоносноор муж даяар онц байдал тогтоохоос өөр аргагүйд хүргэв. Сошиал сүлжээ сайтууд руу чиглэсэн, хяналт зохицуулалтын тусгай захирамж гаргаад буй Ерөнхийлөгч Д.Трамп сошиал сүлжээгээр хүч хэрэглэх тухай удаа дараалан дурдсан нь бүр ч их эсэргүүцэлтэй тулгараад байгааг онцлох хэрэгтэй.


Тахлын төлөв: Коронавирусын халдвар дэлхий дахиныг айдаст автуулсан хэвээр л байна. Латин Америк тахлын голомт болсон нь тус тивд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо Европыг давснаас харагдана. Бразил, Перу, Чили улсуудад тархалт хамгийн өндөр байна. Одоогийн байдлаар дэлхий даяар бүртгэгдсэн тохиолдлын тоо 6 саяыг давсан бөгөөд нийт нас баралт 373 мянга болжээ. Монгол улсад 179 хүн халдвар аваад байгаа билээ.

4 мэдүүштэй баримт

AI сэтгүүлч: Microsoft мэдээ сонгох, контент бэлтгэх ажлыг хиймэл оюунд даатгах болсноор зарим сэтгүүлч, редакторуудаа ажлаас чөлөөлж эхэлсэн байна. MSN.com, Microsoft News-ийн контентийн багт ажиллаж байсан нийт ажилчдын 10 орчим хувь нь цомхотголд өртжээ.

Алдаа засагч: Google, Microsoft-ийн инженерүүд хамтран өөрсдийн хөгжүүлдэг веб хөтчүүд болох Chrome, Edge-ийн үг, үсгийн алдаа засагч технологийн шинэчиллээ. Windows Spellchecker-ийг нэвтрүүлснээр түгээмэл илэрдэг түлхүүр үг, хаштаг болон веб холбоостой холбоотой алдаа арилж, илүү таатай хэрэглээ үүснэ хэмээн тэд үзэж байна.

Хөгжмийн хувьцаа: Хөгжмийн ертөнцийн хамгийн том тоглогч Warner Media Group 13.3 тэрбум долларын үнэлгээтэй нээлттэй компани боллоо. Эгнээндээ Э.Шийран, Coldplay, Led Zeppelin зэрэг топ артистуудыг нэгтгэсэн тэд 1.8 тэрбум доллар босгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Цахилгаан онгоц: Сиатлд төвтэй Magnix хэмээх стартап дэлхийн хамгийн том цахилгаан онгоцны анхны туршилтыг амжилттай хийлээ. 11.2 метрийн урттай, 1500 морины хүчин чадалтай уг онгоц 9 зорчигчтой 30 минут ниссэн байна. Тэд илүү урт хугацааны нислэг хийх чадалтай батарейны технологи хөгжүүлж байгаа бөгөөд уламжлалт нислэгийн зардлыг 80 хувиар бууруулна гэсэн тооцоо хийжээ.

5 сонин хачин

1. Өнгөрсөн 1-р сард нээлтээ хийж, дэлхий даяар 306 сая долларын орлого олсон "Sonic The Hedgehog"-ийн 2-р анги хийгдэж эхэлсэн байна. Sega-ийн хит тоглоомоос сэдэвлэсэн тус кино тахлаас өмнө амжиж нээгдэж, улмаар 2020 оны хамгийн өндөр орлоготой кино жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа билээ.

2. Instagram видео контентийн талбар IGTV-д сурталчилгаа нээлттэй байршуулах болсноо зарлалаа. Ингэснээр контент бүтээгчид сурталчилгааны орлогоос хувь хүртэх боломжтой болж байгаагаараа онцлог. Реклам нь 15 секундээс ихгүй, мөн зөвхөн видеон дээр дарж тоглуулж байгаа тохиолдолд л ачаалагдах аж.

3. Үүсгэн байгуулагдаад ердөө 2 жилийн нүүрийг үзэж байгаа Хятад, Энэтхэгийн зах зээлд үлэмж амжилт олоод буй Realme брэнд Европын зах зээлд зориулсан анхны премиум утсаа танилцууллаа. X3 Superzoom нь 6.6 инчийн дэлгэцтэй, супер татах чадалтай нийт таван камераар тоноглогдсон бөгөөд 499 еврогоор борлуулагдана. Үүнээс гадна тэд брэндийн анхны ухаалах цаг, ухаалаг ТВ-ээ танилцуулжээ.

4. Харри Поттерын зохиолч Ж.К.Роулинг өөрийн бичсэн шинэ хүүхдийн зохиолыг онлайнаар үнэгүй түгээх болсон байна. Анх хүүхдүүддээ ярьж өгөх үлгэр хэлбэрээр төсөөлөн бичсэн "The Ickabog" нэртэй уг зохиолын бүлэг бүрээ тэр долоо хоног бүр вебсайт дээр байршуулна гэнэ.

5. Facebook өөрсдийн хөгжүүлж буй дижитал хэтэвчийн төслийнхөө нэрийг шинэчлэн, Novi болгосноо зарлалаа. Тэд хууль сахиулагчдын эсэргүүцэлтэй тулгараад буй Libra цахим мөнгөнөөс гадна доллар, евро зэрэг уламжлалт мөнгөн тэмдэгтүүдийг мөн хэтэвчиндээ оруулна гэнэ. Facebook хэрэглэгчид мөнгө илгээх явцыг мессеж явуулах шиг амархан болгох зорилготой хэмээн онцолжээ.

10 уншууртай мэдээ

Унших: Тахлын хөрөг /WSJ/

Тооцох: Кайли Женнер тэрбумтан биш /Forbes/

Үзэх: 2020 оны шилдэг тв цувралууд /Variety/

Сонсох: Монгол артист Voice Australia-г шуугиулав /Twitter/

Мэдэх: С.Пинчай ба Google-ийн ирээдүй /Wired/

Тэмдэглэх: Коста Рика ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөв /Time/

Гайхах: Нэг долларын үнэтэй медиа групп /AP/

Бахархах: SpaceX сансрын хөлөг амжилттай хөөрлөө. Дараач нь юу вэ? /Vox/

Ухах: Нетфликсийн контент тооцоонд анализ хийх нь /BBS/

Хүлээх: PS5-ийн арга хэмжээ 6 сарын 4-нд болно /Verge/