3-р сарын сүүлийн долоо хоногийн мэнд. Өнөөдрийн тойм 973 үгээс бүрдэх бөгөөд та халуун кофегоо оочингоо 2.5 минут уншихад л хангалттай.

1 гол сэдэв

Зуны Олимпийн 31-р наадам нэг жилээр хойшилж, 2021 онд явагдах боллоо.

Юу болов?

Удтал хүлээлгэсний эцэст ОУОХ энх цагт Олимпийн наадмыг анх удаа хойшлуулах шийдвэр гаргалаа. Өмнө нь зөвхөн дайны үед л буюу 1916, 1940, 1944 оны наадмууд л цуцлагдаж байсан түүхтэй. Цар тахлын аюул дэлхийг нөмөрсөн энэ үед үүнээс илүү шийдвэр байсангүй. Уг наадамд 206 улсын 11 мянган тамирчин оролцох төлөвтэй байсан. ОУОХ-оос 2021 оны зунаас хэтрэхгүй шинэ хуваарь товлогдоно хэмээн мэдэгдээд байгаа юм.

Одоо юу болох вэ?

Маш олон оролцогч талтай тун төвөгтэй зөвшилцлийг хийнэ. Токиогийн Олимпийг Зохион Байгуулах Хорооны хувьд тамирчдын тосгоны суурин дээр баригдах орон сууцыг аль хэдийн захиалсан захиалагчидтай тохиролцож, нөхөн төлбөр төлөх зайлшгүй шаардлага тулгарав. Мөн аль хэдийн 1.2 тэрбум долларын сурталчилгааг борлуулчихсан гэх NBC ч спонсоруудтай ахин хэлэлцээрээ эхлүүлэх нь. 2021 оны зун явагдах хуваарьтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг ч мөн хойшлуулах, ахин төлөвлөх шаардлага ОУОХ-нд үүсэж байна. Мөн Олимпийн эрх олгох тэмцээнүүдийн хуваарийг дахин шинэчлэх учиртай билээ. Одоогоор нийт эрхийн 57 хувь л тамирчдад хуваарилагдаад байгаа юм. Манай улсад нийт 14 баталгаажсан эрх байгаа.

Олон нийт хэрхэн хүлээн авав?

Тамирчид, спорт холбоод энэ шийдвэрийг эергээр хүлээн авч байна. Угаас Австрали, Канад улс 2020 онд наадам явагдвал тамирчид илгээхгүйгээ зарлаж, хэд хэдэн холбоод хойшлуулах саналаа хүргүүлээд байсан юм. Хэдий тамирчдын хувьд энэ нь ахин нэг жил асар өндөр хэмнэлээр бэлтгэлээ хийнэ гэсэн үг хэдий ч нийтийн аюулгүй байдал юунаас ч чухал гэдэг санаа хүчтэй байсаар байгаа билээ.

2 чухал тоо

700: Дэлхий даяар энтертэйнмент бизнес сөхөрч байх энэ цаг үед Хятадын кино театрууд эргэн нээгдэж байгаа нь таатай мэдээ болж байна. Тахлыг "дарсан" тус улсад энэ долоо хоногт 700 орчим кино театр нээгдсэн бөгөөд үзэгчдийг татах үүднээс "Avatar", "Avengers", "Interstellar" зэрэг хит бүтээлүүдийг гаргаж эхэлжээ.

25,000,000 - Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч М.Зукерберг эхнэрийн хамтаар Билл Гэйтсийн санаачилсан "COVID-19 Therapeutics Accelerator"-т 25 сая доллар хандивлалаа. Одоогоор уг сан 125 сая долларыг эмчилгээний төслүүдийг санхүүжүүлэхэд зориулаад байгаа гэнэ.

3 онцлох зүйл

Эрчимжив: Цар тахлын аюул улам бүр эрчимжсээр. Дэлхий даяар 200 гаруй улс, бүс нутагт нийт халдварын тоо 700 мянгыг давлаа. Нас баралтын тоо ч тасралтгүй өссөөр, 33 мянгад хүрчээ. АНУ 100 мянган тохиолдолтой анхны улс болж, Итали, Испани нас баралтын тоогоороо Хятадыг гүйцэв. Энэтхэг, ОХУ-ууд хөл хорио тогтоосноор дэлхийн хүн амын гуравны нэг нь тахлын улмаас ажил, хичээлээсээ завсардаж, гэрийн хорионд ороод байна. Их Британийн ерөнхий сайд Б.Жонсон, угсаа залгамжлах хунтайж Чарльз тэргүүтэй лидерүүд халдвар авсан нь илэрсэн нь мөн олныг айдаст автуулав. Дэлхий нийт тэр чигтээ вирусын эсрэг тэмцэж байна.


Дэмжигдэв: Монгол улсын засгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлээр 5 их наяд төгрөгийн дүн бүхий 7 багц ажлын төлөвлөгөөг танилцуулсан нь ялангуяа бизнесийн салбарынхны талархлыг хүлээлээ. Үүнд, ААН-ийн нийгмийн даатгалын шимтгэл, ААН-ийн орлогын албан татварыг 6 сарын хугацаатай тэглэх, үйл ажиллагаа доголдож буй компанийн ажилтан бүрд 200 мянган төгрөг олгох зэрэг заалтууд багтснаас гадна хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, шатахууны үнийг бууруулах, ноолуурын худалдан авалтад зориулж хөнгөлөлттэй зээл олгох зэрэг багтжээ. Мөн эрүүл мэндийн салбарт 200 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байгаа аж. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп түүхэн дээд үзүүлэлт болох 2 триллион долларын эдийн засгийг эрчимжүүлэх багцыг мөн гаргаснаар "чөлөөт уналт" хийж байсан АНУ-ын гол индексүүд 1931 оноос хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүлжээ.


Хойшлогдов: "Токио 2020" Олимпийн наадам хойшлогдсоноос гадна энэ долоо хоногт хэд хэдэн онцлох эвент, арга хэмжээ хуваариа эргэн харах шийдвэр гаргажээ.

4 мэдүүштэй баримт

Залуужсан эс: Стэнфордын Их Сургуулийн эрдэмтэд хүний биеийн "хөгшин" эсийг үүдэл эсийн уураг болон дохионы бусад молекулын тусламжтайгаар залуужуулснаа зарлалаа. Туршилтын үр дүнд тэд хулганын насыг 20 хүртэлх хувиар нэмж байсан гэнэ. Тэд одоо хүний биеийн бусад эсүүдэд туршилт хийж, хоорондын уялдаа холбоосыг судлахаар зэхэж байгаа ажээ.

Ухаалаг хот: 2021 оны эхээр Фүжи уулын энгэрт ухаалаг хот байгуулах төслийнхөө хүрээнд Toyota Японы 5 дахь том компани, дэлхийн 4 дэх том харилцаа холбооны компани NTT-тэй хамтрах болсноо зарлалаа. Тэд технологи солилцох, хамтран хөгжүүлэхээс гадна бие биедээ 1.8 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх гэнэ.

Түргэн оношлуур: АНУ-ын Abbott нэртэй компани 5 минутын дотор коронавирусын халдварыг илрүүлж чадах төхөөрөмжийг бүтээснээ зарлалаа. Уг төхөөрөмжийг үйлдвэрлэх зөвшөөрлийг холбогдох байгууллага аль хэдийн өгсөн бөгөөд өдөрт 50 мянган ширхгийг зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Амьд байшин: Колорадогийн Их Сургуулийн эрдэмтэд бактери үржүүлэн барилгын материал үүсгэж, улмаар байшин барихыг хүсэж байна. Тэд лабораторид гаргаж авсан амьд бактерийн тусламжтайгаар илүү байгальд ээлтэй, зардал багатай материал үүсгэх туршилтыг амжилттай хийсэн нь энэ.

5 сонин хачин

1. Huawei P40 цувралын шинэ загваруудаа танилцууллаа. Өмнөх загвараасаа 39 хувиар илүү хурдтай болсон шинэ цуврал P40, P40+, P40 Pro гэсэн 3 хувилбартай. 799 еврогоос эхлэн борлуулагдах уг цувралдаа тэд камерын шинэ тохиргоо, нэмэлтүүдийг шингээснээ ихэд онцолж буй. Мөн хамгийн онцлох зүйл нь АНУ-ын хоригтой холбоотойгоор тэд Андройдын нээлттэй эхийг ашиглан өөрсдөө гол програм, апп-уудаа бүтээсэн байна. Энэ нь уг утсанд Google Maps, Gmail, Google Play Store зэрэг уламжлалт апп-ууд байхгүй гэсэн үг юм.

2. 2007 оноос эхлэлтэй "Эх Дэлхийн Цаг" анх удаа бүрэн онлайн орчинд явагдлаа. Жил бүрийн 3-р сарын 28-ны 20:30-21:30 цагийн хооронд гэрлээ унтраахыг уриалдаг уг арга хэмжээнд сошиал медиагаар дамжуулан улс орон, албан байгууллага, одод идэвхтэй оролцжээ.

3. Германы стартапын хөгжүүлсэн AI орчин үеийн урлагийн эрдэмд суралцаж, шинэ уран бүтээл туурвижээ. Уг хиймэл оюунд 12 контемпорари артистын Инстаграм хуудсыг уншуулан сургасан нь ийм дүнд хүргэсэн байна. Уг артистууд дунд граффити, 3D, гэрэл зураг, зураач зэрэг багтжээ.

4. Өнгөрсөн онд байгуулагдсан АНУ-ын Сансрын зэвсэгт хүчин албан ёсоор анхны пуужингаа хөөргөлөө. Тэд тойрог замд 1 тэрбум долларын өртөг бүхий ахисан түвшний технологи бүхий хиймэл дагуулыг илгээсэн нь энэ. Сонирхуулахад, уг төслийг хариуцсан ULA одоогоор 134 нислэгийг дараалан амжилттай хийгээд байгаа юм.

5. Дэлхийн хамгийн алдартай гадаад хэл сургалтын апп Duolingo хүүхдүүдэд зориулсан шинэ нэмэлтээ танилцууллаа. Тэд 300 гаруй хичээлээс бүрдэх "ABC" нэртэй апп-аараа 3-6 насны хүүхдүүдийг уншиж, бичиж сургахыг хүсэж байна.

10 унших мэдээ

Хүлээх: Вакцин хэзээ бэлэн болох вэ? /Guardian/
Алмайрах: 5000 жилийн настай илдийг илрүүлсэн оюутны түүх /CNN/
Гайхах: Мерч: К-Pop-ийн хөгжмийн дайтай үнэт эрдэнэ /Billboard/
Дэлгэрүүлэх: Amazon манай тал мөн үү? /Marker/
Ойлгох: Тахал дуусах цагаар /The Atlantic/
Ухах: Намасте мэндчилгээ хит болсон шалтгаан /Ozy/
Сонирхох: Тахал бэлгэвчний хомсдолд хүргэв /Bloomberg/
Турших: Apple тахалд зориулан веб, апп гаргав /Apple/
Айх: Zoom таны датаг FB рүү илгээдэг /Vice/
Үзэх: Э.Жон ба түүний нөхөд хандивын шоу хийлээ /Deadline/

Төгсгөлд нь