1 гол сэдэв

Юу болов?

Apple-ийн жил бүр зохиодог WWDC-ийн гол хүлээлт хиймэд оюун байсан. Тиймдээ ч тэдний OpenAI-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ChatGPT-г Apple-ийн төхөөрөмжүүдэд суулгах болсон нь хамгийн том мэдээ байлаа.

Одоо яах вэ?

Ингэснээр Siri-ийн чадавх улам нэмэгдэж, ChatGPT-ээс мэдээлэл татаж, олон үйлдлийг зэрэг хийх чадвартай болж байна. Хэрэглэгчид ChatGPT-г ямар нэг нэмэлт төлбөргүйгээр үнэгүй ашиглах гэнэ. Нөгөө талаас тэд Apple Intelligence гэсэн нэгдсэн системийн дор iPhone, iPad, Mac-ийн үндсэн апп-уудыг AI-тай холбож байгаагаа зарлав. Мөн Mail-ийн шинэ апп имэйлийг тоймлож, ач холбогдлоор нь эрэмбэлж чаддаг болсноос гадна Writing Tools-ийн тусламжтай текстийг шинээр бичиж, засаж янзлах үйлдлийг автоматчилжээ

Өөр онцлох юу байв?

iPad-ийн шинэ Calculator апп-ын тусламжтайгаар энгийн математикийн бодлогыг шууд бичиж, хариуг нь авах боломжтой болсон байна. Тэрчлэн Passwords нэртэй шинэ апп нь хэрэглэгчдийн бүх нэвтрэх эрх, нууц үгийг нэг дор нэгтгэж, илүү хялбараар удирдах боломжийг олгоно.

2 чухал тоо

80 - Дэлхийн 90 гаруй улсын төлөөлөл Швейцарьт цуглаж, Украин-ОХУ-ын дайныг зогсоох, энх тайванд хөтлөх уулзалтыг хийлээ. Гэвч энэ арга хэмжээнд ОХУ, Хятад зэрэг орон оролцолгүй өнжсөнөөс гадна энх тайвны тунхагт BRICS-ийн орнууд гарын үсэг зураагүй гэнэ. Уг тунхагт нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэж, Украинд шударга, бат бөх энх тайвныг тогтоох тийш чиглэнэ хэмээн заажээ.

14 - Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамгийн том цугларалт "Монголын Эдийн Засгийн Чуулган 2024" 7-р сарын 8-9-ний өдрүүдэд зарлагдлаа. 14 дэх удаагийн арга хэмжээнд 1000 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд "Go Mongolia" сэдвийн дор чуулах ажээ.

3 онцлох өгүүлбэр

I. Илон Маск 56 тэрбум долларын урамшуулал хүртэнэ.

- Tesla-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын дийлэнх олонх нь буюу 77% нь И.Маскийн талд санал өгсөн байна. Энэ шийдвэрийн дараагаар компанийн хувьцааны үнэлгээ 2.9%-аар нэмэгджээ. 2018 онд И.Маск компанийн үнэлгээг 10 дахин өсгөж, 650 тэрбум долларт хүргэвэл уг урамшууллыг авах тохиролцоог хийж шуугиан тарьж байсан юм.

- Өнгөрсөн 1-р сард Делавер мужийн шүүхээс ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг "буцааж", үүсгэн байгуулагчид хэт давуу байдал олгосон, хараат бусаар ажиллаж чадаагүй, хувьцаа эзэмшигчдэд бүрэн зургаар мэдээлэл өгөөгүй хэмээн буруутгасан билээ. Үүний дараагаар И.Маск компанийн төв оффисыг Техас руу нүүлгэсэн юм.

- Гэсэн ч Tesla-ийн хувьцаа эзэмшигчид И.Маскад амласан урамшууллыг олгохыг зөвшөөрөв. Ингэснээр тэд И.Маскийг компанидаа илүү анхаарал хандуулна хэмээн найдаж байна. Он гарснаас хойш Tesla-ийн хувьцааны үнэлгээ 20 орчим хувиар унаад байгаа билээ.


II. Inside Out-2 бокс оффисыг эзэгнэв.

- Pixar-ийн шинэ бүтээл "Inside Out-2" нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 295 сая долларын орлого цуглууллаа. Энэ бол 2024 он гарснаас хойшхи хамгийн өндөр амжилт юм. Үүнээс өмнөх рекордыг Dune: Part Two , Godzilla vs Kong эзэмшиж байсан юм.

- Хойд Америкийн зах зээлээс л гэхэд 155 сая долларын орлого олсон нь анимэйшний төрөлдөө бүх цаг үеийн жагсаалтын 2-рт бичигдэх амжилт. Үүнээс өмнө Incredibles 2 л 182 сая долларын орлого олж, илүү амжилт үзүүлж байв.

- 2015 онд гарсан эхний анги нь 858 сая долларын орлого олж байсан. Шинжээчид 2-р ангийг тэрбум долларын босгыг төвөггүй давна хэмээн тооцож байна. Цар тахлаас хойш бокс оффист томоохон амжилт олж чадахгүй байсан Disney, Pixar-ийн хувьд маш чухал амжилт болж байгаа нь гарцаагүй юм.


III. Euro 2024 эхэллээ.

- Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Германд зохиогдож байна. Уг тэмцээнд 3 удаа түрүүлж байсан Герман улс нээлтийн тоглолтыг Шотландын шигшээтэй хийж, 5:1-ийн харьцаатайгаар ялалт байгуулжээ.

- 17 дахь удаагийн тэмцээнд нийт 24 баг өрсөлдөж байгаа юм. Эдгээр дундаас Гүржийн шигшээ анх удаа Еврод шалгарч өрсөлдөж байна. 2020 оны аварга Италиас гадна Франц, Английн багууд гол фаворитаар нэрлэгдэж буй.

- Эхний тойрогт 2 ч рекорд шинэчлэгдсэн. Албанийн Н.Бажрами ердөө 22 дахь секундэд гоолдсон нь тэмцээний түүхэн дэх хамгийн хурдан гоол болов. Мөн Испанийн залуу од Ламине Яамал 16 нас 338 өдөртэйдөө талбайд гарч, тэмцээний түүхэн дэх хамгийн залуу тоглогч болсон байна.

4 мэдүүштэй зүйл

Шинэ санхүүжилт: Европын хамгийн том AI компани Mistral 650 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татжээ. Францад төвтэй тус компани ингэснээр 6 тэрбум долларын үнэлгээтэй болж байгаа юм. Тэд өмнө нь Microsoft, Nvidia, Samsung, IBM-ээс хөрөнгө босгоод байсан юм.

Зүрх даралт: X хэрэглэгчдийн хувийн аюулгүй, тухтай орчин үүсгэх зорилгоор "зүрх дарах" үйлдлийг нууцалж байгаагаа зарлалаа. Өмнө нь тухайн хэрэглэгчийн ямар постыг лайк дарж байгаа нь дагагчдад нь мэдэгддэг байсан юм.

Супер дуудлага: Nokia компани дэлхийн хамгийн чанартай, 3D дуудлагыг анхлан хийлээ хэмээн мэдэгдлээ. Ирээдүйн дуудлага хэмээн тодорхойлсон уг дуудлагыг тэд 5G технологи ашиглан гүйцэтгэсэн бөгөөд орчны дуу чимээг салгаж, хэрэглэгчдэд хамгийн чанартай аудиог хүргэх зорилготой ажээ.

Аварга торгууль: Крипто ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг Terraform Labs АНУ-ын зохицуулах байгууллагад 4.5 тэрбум долларын торгууль төлөх тохиролцоонд хүрчээ. Тус компанийн үүсгэн байгуулагч До Квон Монтенегро улсаас баривчлагдаж, улмаар 40 орчим тэрбум доллартай тэнцэхүйц санхүүгийн луйвар хийсэн хэмээн буруутгагдаж байгаа юм.

5 сонин хачин

1. Disney хэрэглэгчдэд интерактив сурталчилгааг санал болгож эхэллээ. Видео контент, эфирийн дундуур гарах реклам нь хэрэглэгчдээс тодорхой асуулт асууж, тоглоом тоглохыг санал болгох нь тухайн брэндийг илүү хоногшуулна хэмээн тэд үзэж буй. Эхний туршилтаа тэд ESPN, Hulu-ийн платформ дээр хийж байгаа гэнэ.

2. Хятадын топ технологийн компаниудын нэг Honor анхны нугардаг утсаа зарлалаа. Magic V Flip нэртэй уг утас эхний ээлжинд зөвхөн Хятадын зах зээлд борлуулагдана. 4 инчийн нүүрний дэлгэцтэй, Snapdragon 8+ Gen 1-ээр тоноглогдсон уг утас 690 долларын үнэтэй гарчээ.

3. Yahoo шинэ мэдээний апп-аа танилцууллаа. Саяхан Instagram-ийн үүсгэн байгуулагчдын эхлүүлсэн Artifact апп-ыг худалдан авсан тэд уг апп-ын AI технологи дээр суурилан хэрэглэгчдийн сонирхолд нийцсэн мэдээг тоймлон хүргэх чадвартай шинэ бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

4. Нүүр таних технологи хөгжүүлэгч Clearview AI хэрэглэгчдийн зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг зарсан хэмээн буруутгагдаж, дампуурлын ирмэг дээр ирээд байгаа. Тэгвэл тус компани шүүхэд хандан нийт хувьцааныхаа 23%-ийг зураг нь орсон хэрэглэгч бүрд хуваан өгөх тохиролцоо хийхийг санал болгосон байна. Тэдний үнэлгээ 225 сая доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд дата сандаа 30 тэрбум орчим зурагтай хэмээн мэдүүлсэн билээ.

5. Оргил үедээ 15 сая хэрэглэгчтэй болсон сошиал апп BeReal шинэ эзэнтэй боллоо. Францын апп хөгжүүлэгч компани Voodoo тус апп-ыг 550 сая доллараар худалдан авсан байна. Төхөөрөмжийн урд, арын 2 камерыг нэгэн зэрэг ашиглан зургаа авч, илүү бодитой сошиал хүрээллийг үүсгэхийг санал болгодог тус апп өдгөө 6 орчим сая хэрэглэгчтэй юм.

10 унших мэдээ

Турших: Монтенегрогийн хамтын байрны туршилт /Morning Brew/

Гайхах: SpaceX-ийн секс соёл /WSJ/

Мэдэх: Pentagon SpaceX, Blue Origin-д 5.6 тэрбум долларын гэрээ өглөө /CNBC/

Үзэх: Tony Awards-ийн ялагчид /Variety/

Тоглох: Ролан Гарросын ялагчид тодорлоо /ESPN/

Тайлбарлах: Кэйт Миддлтоны онош /Vox/

Сонирхох: Бид саран дээр юу идэх вэ? /BBC/

Харьцуулах: TenGer TV-ийн мэтгэлцээний тойм /Unread/

Анхаарах: Meta Европт AI хөгжүүлэлтээ зогсооно /FB/

Анзаарах: Газын зурвасын эргэн тойронд /NYTimes/