1 гол сэдэв

Технологийн салбарын тэргүүлэх компаниуд болох Amazon, Apple, Alphabet, Facebook-ийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгрессийн танхимд дуудагдаж, сонсголд оролцов.

Юу болов?

Энэ нь хууль сахиулагчид эдгээр компаниудыг салбартаа монопол шинжтэй болж байгаа эсэхийг тодорхойлох, хариу арга хэмжээ авах хүрээнд хийгдэж буй томоохон алхам. Ж.Бэйзос, Т.Күүк, С.Пинчай болон М.Зукерберг нар уг хуралд зайнаас оролцож, компанийн бодлогоо хамгаалж, сенаторуудын асуултад хариулт өгсөн юм. Хурлын даргалагч Д.Сисиллин төгсгөлийн илтгэлдээ "эдгээр компаниуд монопол хүчтэй болсон" нь илт байгааг онцолж, "заримыг нь салгаж, заримыг нь тодорхой хэмжээнд хязгаарлах" ёстой хэмээсэн нь анхаарал татав. Тэрээр өрсөлдөөний тухай хууль, түүний цар хүрээ, гол санааг дижитал эдийн засагт тохируулан шинэчлэх шаардлагатайг сануулжээ.

Гол зүйлс юу байв?

Энэхүү хурлын өмнө конгрессоос уг хуралтай холбоотой сая гаруй хуудас материал, имэйлийн хуулбар, бичиг баримт болон хэдэн мянган цагийн гэрчүүдийн мэдүүлэг, яриаг олон нийтэд ил болгоод байсан юм. Сенаторууд ч үүн дээр үндэслэн хэд хэдэн сонирхолтой өнцгөөр асуултаа лавласан нь бидний сонирхлыг татав.

- Facebook-ийг өрсөлдөгчдөө хуулбарладаг, эсвэл худалдаж авч зах зээлээс шахдаг гэдгийг Instagram-ийн хэлцэлтэй холбосон нь,

- Хэрэглэгчдийн мэдээлэл, хайлтын үр дүн дэх илэрцийг борлуулж байршуулдаг Google-ийн бизнес моделийг буруутгасан нь,

- Amazon сайт дахь компаниудын датан дээр тулгуурлан, өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн гаргаж, тэдгээр жижиг бизнесүүдийг хайлтаас системтэйгээр хасдаг тухай


Компаниудад хэрхэн нөлөөлөв?

Яг одоохондоо бол юу ч үгүй. Энэхүү сонсголтой зэрэгцэн зарлагдсан компаниудын улирлын тайлан ч үүнийг батална. Цар тахал ч нөлөөлж чадаагүй эдгээр гигантуудын үйл ажиллагаанд хууль сахиулагчид хэрхэн хандах нь тодорхойгүй хэвээр л байна. Тайлангаас гол зүйлсийг онцолъё.

Amazon: Борлуулалтын орлого 40 хувиар өсөж, 88.9 тэрбумд хүрчээ.

Facebook: Орлого 11 хувиар нэмэгдэж, 18.69 тэрбум болов. Мөн Instagram, Whatsapp-ийг тооцон нийт хэрэглэгчдийн тоо нь 3.14 тэрбум болсон байна.

Apple: Бүтээгдэхүүн, үйлчилгээний бизнес нь бүгд өсөлттэй гарч, 59.7 тэрбум долларын орлоготой ажиллав. Мөн тэд 8-р сарын сүүл гэхэд хувьцаагаа 4 хуваах болсноо зарлажээ.

Alphabet: Хэдий 38.3 тэрбум долларын орлоготой байсан ч 2 хувийн бууралт бүртгэгдсэн нь компанийн түүхэнд "анхных" байв. Youtube-ийн сурталчилгааны орлого 3.81 тэрбум доллар байжээ.


Дэлгэрэнгүйг: The Atlantic | The Verge | The New York Times

2 чухал тоо

17 - Америкийн хамгийн том кино театрын сүлжээ AMC Universal-ийн шинэ кинонуудыг 17 хоногийн турш онцгой эрхтэйгээр цацах гэрээ байгууллаа. Өмнөх гэрээний дагуу кино театрууд 90 хоногийн онцгой эрхтэйгээр кино цацаж, үүний дараа л студиуд дижитал, стриминг платформуудаар бүтээлээ түгээдэг байв. Цар тахлын улмаас энтертэйнмент ертөнцийн тоглоомын дүрэм өөрчлөгдөж байгаагийн нэг илрэл энэ боллоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

1,840,000,000,000 - Баасан гарагийн арилжааны дараагаар Apple-ийн нэгж хувьцааны үнэ 10 хувиар өсөж, 425.04 доллартай тэнцлээ. Ингэснээр Apple-ийн зах зээлийн үнэлгээ 1.84 триллион болж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болж байна. Тэд 1.76 триллион долларын үнэлгээтэй Саудын Арабын газрын тос үйлдвэрлэгч Aramco-г гүйцсэн нь энэ юм.

3 онцлох зүйл

ТикТок: 800 сая хэрэглэгчтэй, дэлхийн хамгийн өндөр өсөлттэй сошиал платформын нэг TikTok-ийн ирээдүй бүрхэг байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хэрэглэгчдийн хувийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар тэднийг үндэсний аюулгүй байдалд халтай хэмээн үзэж, нутаг дэвсгэр дээрээ үйл ажиллагаа явуулах эрхийг хориглох тухайгаа мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн TikTok-ийг эзэмшигч ByteDance апп-аа аврахын тулд Америк дахь бизнесээ зарах хэлэлцээр хийхээс өөр аргагүй болсон юм. Богино хэмжээний видео контентуудаараа өсвөр үеийнхний дунд супер хит болж буй уг апп-ийг Microsoft худалдаж авч, хэрэглэгчдийн датаг хамгаалах талаар ахисан түвшинд ярилцаж байгаа нь тодорхой болоод байна. Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартап ByteDance АНУ дахь бизнестээ багахан хувьцаатай үлдэх сонирхолтой байсныг Цагаан Ордон зөвшөөрөхгүй байгаа бололтой. Тэд ирэх жилүүдэд 10 мянган шинэ ажлын байр үүсгэж, 1 тэрбум долларыг контент бүтээгчдэд зориулан, хууль сахиулагчдад алгоритмаа нээлттэй хуваалцах төслөө танилцуулсан нь амжилт олсонгүй. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар TikTok-ийн зах зээлийн үнэлгээ 50 тэрбум доллартай тэнцэж байгаа гэнэ.

Дэлгэрэнгүйг: The Verge | Reuters | Bloomberg


Эмми: Америкийн телевизийн шилдэг бүтээлүүдийг тодруулдаг "Emmy Awards"-д нэр дэвшигчдийг зарлалаа. Netflix давхардсан тоогоор 160 номинацид нэр дэвшиж буй нь түүхэн дээд амжилтад тооцогдов. Тэдний бүтээл "Ozark", "The Crown", "Stranger Things" шилдэг драма төрөлд өрсөлдөнө. Өнгөрсөн жил 137 номинацид нэр дэвшин, рекорд тогтоож байсан HBO "дөнгөж" 107 номинацид нэр дэвшив. Гэхдээ Creative Emmy-г оролцуулан хамгийн олон төрөлд өрсөлдөх "Watchmen" (26), "Succession" (18) кинонууд тэдэнд харьяалагдаж буй. Энэ жил Эммид анх удаа өрсөлдөх Disney+-аас "Mandalorian" шилдэг драма төрөлд хүч үзэх болсон нь олон хүний сонирхол татав. Мөн анх удаа Эммид өрсөлдөх Apple TV+-д"The Morning Show" тэргүүтэй шоунууд нь нийт 20 номинацид нэр дэвшсэн нь Диснейгээс нэгээр илүү байв. Өндөр хүлээлттэй нээлтээ хийсэн ч базаахгүй амжилттай яваа Quibi нийт 10 төрөлд өрсөлдөх болжээ. Amazon Prime-ийн гол найдвар "Marvelous Mrs.Maisel" дангаараа 20 төрөлд өрсөлдөх бөгөөд инээдмийн төрөлд ихэнх шагналыг түүх магадлалтай байгаа юм. 72 дахь удаагийн Эмми 9-р сарын 20-нд товлогдсон ч хэрхэн зохион байгуулагдах нь тодорхойгүй байна. Шоуны ажиллагааг алдарт Жимми Киммель хөтлөн явуулах бөгөөд виртуал хэлбэрээр явагдах боломжтойд тооцогдож байгаа ажээ.

Дэлгэрэнгүйг: Vulture | Variety | Harper's Bazaar


Марс: NASA Ангараг гарагийг зорих "Perseverance" хөлгөө амжилттай хөөргөлөө. 2021 оны 2-р сарын 18-нд Улаан нүдэн гараг дээр газардах уг хөлөг хэд хэдэн талаараа сансар судлалын салбарт түүхэн ач холбогдол дагуулж байна. Эхнийх нь, өөрөө явагч машин. Нийт 23 камер, 2 микрофон, 7 шинжлэх ухааны төхөөрөмж бүхий уг машины гол зорилго бол Ангараг гараг дээр амьдрал оршин байсан эсэхийг тодорхойлох юм. Үүнээс гадна "Ingenuity" нэртэй бичил нисдэг тэрэг энэ хөлөгт бий. 1.8 кг жинтэй, нэг хөөрөлтөөр 10 минутанд 600 метр орчим туулах учиртай уг нисдэг тэрэг дэлхийгээс өөр газарт ниссэн анхны биет болох учиртай. Үүнээс гадна "Perseverance" хөрснөөс цуглуулсан дээжээ дэлхий рүү буцааж тээвэрлэх бөгөөд 2031 он гэхэд Ангаргийн үлдэгдлээс авчрах зорилго тээж буй. Энэ нь хүн төрөлхтөн анх удаа тус гарагийн дээжтэй танилцах боломж гэсэн үг. 2.1 тэрбум долларын төсөвтэй энэхүү төсөл 7-р сард дэлхийгээс Ангарагийг зорьсон гурав дахь хөлөг болсон юм. Үүнээс өмнө Арабын Нэгдсэн Эмират, БНХАУ тус тус хөлгөө илгээгээд байсан билээ.

Дэлгэрэнгүйг: Space | Vox | Wired

4 мэдүүштэй баримт

Аварга туршилт: Коронавирусын эсрэг вакцин гарган авахтай холбоотой дэлхийн хамгийн том туршилт эхэллээ. Moderna компанийн хөгжүүлж буй вакцины туршилтад 30 мянган сайн дурынхан хамрагдаж байгаа ажээ. Үүнээс өмнө Оксфордын их сургуулийн вакцины төсөл Бразилд бага хүрээнд эцсийн туршилтаа явуулж эхлээд байсан билээ.

Сансрын карго: Европын Сансрын Агентлаг Ангараг гарагаас хөрсний дээж, судалгааны материал тээвэрлэх зориулалттай хөлөг бүтээх төслөө зарлалаа. 2026 онд эх дэлхийгээс хөөрч, 2031 онд буцаж ирэх уг хөлгийг Airbus компани зохион бүтээх ажээ. NASA-ийн энэ долоо хоногт хөөргөсөн "Perseverance"-тай уялдан хэрэгжих энэ төсөл 1.5 тэрбум еврогийн төсөвтэй гэнэ.

Интернет дайн: Amazon өндөр хурдны интернетийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий 3236 ширхэг хиймэл дагуул хөөргөх зөвшөөрлөө авлаа. Нийт 5 үе шаттайгаар хэрэгжих уг төсөлдөө тэд 10 тэрбум доллар зарцуулна гэнэ. Ингэснээр тэд аль хэдийн 540 төхөөрөмж хөөргөөд буй Э.Маскийн Starlink төсөлтэй шууд өрсөлдөх болж байгаа юм.

Мөнхийн амьтан: Японы эрдэмтэд 101.5 сая жилийн турш далайн ёроолд "ичсэн" бактерийг амь оруулжээ. Номхон далайн ёроолоос 70 метрийн гүн ухаж гаргасан шавраас олдсон уг бактери эргэн сэргэж, үржиж эхэлсэн нь ийм төрлийн организм хүнс тэжээлгүй хүнд нөхцөлд ч амьд үлдэх чадвартайг нотолж байгаа юм.

5 сонин хачин

1. Moonbug Entertainment Youtube-ийн хамгийн алдартай хүүхдийн сувгууд болох Cocomelon, Blippi-г худалдан авлаа. Ингэснээр Moonbug-ийн сувгууд нийт 235 сая дагагчтай, сарын 7 тэрбум үзэлттэй хүүхдийн контентийн хамгийн том сүлжээг үүсгэж байгаа нь энэ. Лондонд төвтэй Moonbug үүнтэй зэрэгцэн 120 сая доллар шинээр босгож байгаагаа зарлажээ.

2. Coca Cola шингэн хүнсний зах зээлд хамгийн хурдацтай өсөлт үзүүлж буй алкохолтой хийжүүлсэн усны зах зээлд нэвтэрлээ Тэд 2017 онд 220 сая доллараар худалдан авч байсан Topo Chico брэндийн дор энэ бүтээгдэхүүнээ гаргана. Уг бүтээгдэхүүн Латин Америкт эхэлж борлуулагдах бөгөөд 2021 оноос эхлэн АНУ-д нэвтрэх ажээ. 5 тэрбум долларын багтаамжтай уг зах зээл дараагийн 4 жилд 3 дахин тэлэхүйц хамгийн өндөр өсөлттэйд тооцогдож байгаа юм.

4. Японы видео тоглоом бүтээгч Konami суурин компьютерийн зах зээлд нэвтэрлээ. Тэд Arespear нэртэй, өндөр хүчин чадал шаарддаг тоглоом сонирхогчдод зориулсан РС-ээ 9-р сард гаргана гэнэ. Уг компьютерийн үнэ 1760 доллараас эхлэх аж.

4. Facebook Youtube-тэй өрсөлдөх зорилго бүхий хөгжмийн видеод зориулсан нэмэлт үйлчилгээгээ танилцууллаа. Тэд зарим артистуудтай видеогоо онцгой эрхтэйгээр цацах гэрээ байгуулж, дэлхийн топ студиудтэй гэрээ байгуулсан гэнэ. Шинэ клипүүд Facebook Watch-аар дамжуулан хэрэглэгчдэд хүрэх ажээ.

5. Huawei ухаалаг утасны борлуулалтаараа Samsung-ийг гүйцлээ. 2020 оны 2-р улиралд 55.8 сая гар утас борлуулсан тэд сүүлийн 9 жилд энэ жагсаалтын эхэнд бичигдсэн Samsung, Apple-аас өөр анхны компани болсон байна. Хэдий АНУ-ын засгийн газрын хязгаарлалттай нүүр тулаад буй ч Хятад дахь борлуулалт нь эрс өсөн ийм амжилт үзүүлжээ.

10 унших мэдээ

Унших: Ж.Льюсийн эцсийн тэмдэглэл /NYT/

Анхаарах: Хятадын технологиор дэлхийг эзлэх төлөвлөгөө /The Atlantic/

Сонирхох: Ларри Кингийг "луйвардсан" нь /ProPublica/

Тооцох: Хөрөнгийн зах зээл дэх хямралын үеийн ялагчид /CNBC/

Таах: Ж.Байдентай хамт хэн нэр дэвших вэ? /CNN/

Судлах: Фэйсбүүк-Инстаграмын хэлцлийн архив /SCRIBD/

Тайлбарлах: Америкийн ардчилал бүтэлгүйтэх цагаар /Vox/

Гайхах: Стоунхенжийн чулууны гарал /Wired/

Төсөөлөх: Нийгмийн шинэ хямрал - Зай барих /Vice/

Үзэх: You Can't Stop Us /Nike/