1 гол сэдэв

Юу болов?

Ирэх дөрвөн жилд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийг залуурдах эрхэм хэн болох вэ гэдэг асуулт олон улсын анхаарлын төвд байлаа. Сонгуулийн өмнө гол нэр дэвшигчдийг маш бага санал зааглаж, өрсөлдөөн тун ойрхон явагдах таамаг ихээр гарч байсан ч бодит байдал дээр Америкийн ард түмэн Трампыг, Бүгд найрамдах намыг сонгов. Д.Трамп савлах магадлалтай гэгдэж байсан 7 мужид бүгдэд нь ялалт байгуулж, нийт 312 электорал саналыг цуглуулснаар АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Яаж ялав?

Түүний ялалтыг “Бүх цаг үеийн түүхэн дэх улс төрийн хамгийн агуу эргэн ирэлт” хэмээн тодотгосон нь ч санамсаргүй хэрэг биш. 2020 онд сонгуульд ялагдаж, дэмжигчид нь үймээн дэгдээж, өөрийг нь татварын хэргээр ялтан болгоход олон хүн түүнд эргэлзсэн нь гарцаагүй. Урт хугацаанд үргэлжилсэн шүүх хурал, нийгмийн сүлжээний бан, амь насанд нь халдах гэсэн оролдлогуудын аль нь ч түүнийг зогсоож чадсангүй.

Яагаад ялав?

Д.Трампын мөрийн хөтөлбөрийн цом дотоодын асуудалдаа гол анхаарлаа хандуулж, төвлөрөх тухай байв. Тэрээр хууль бус цагаачдыг албадан гаргаж, зарим гадаадын бүтээгдэхүүнд өндөр тариф ноогдуулж, үйлдвэрлэл эрхлэгч, ажлын байр бий болгогчдод татварын хөнгөлөлт үзүүлнэ хэмээн амлаж буй. Мөн криптовалют, төвлөрсөн бус зах зээлийг “санхүүгийн ирээдүй” хэмээн үзэж, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологид Хятадаас түрүүлж алхах ёстой хэмээн үздэг нэгэн. Мөн Орос, Украйны дайныг ч тэр дор нь зогсооно хэмээн ам гарсан. Түүний ажил эдгээрээс л эхлэх учиртай.

Яагаад ялагдав?

Нөгөө талд Ардчилсан намаас нэр дэвшигч, дэд ерөнхийлөгч К.Харрист өөрийгөө харуулах хангалттай цаг байсангүй. Одоогийн ерөнхийлөгч Ж.Байден ердөө 107 хоногийн өмнө нэрээ татахад К.Харрис богино хугацаанд өөрийгөө таниулах, тун хүнд даалгавартай хоцорсон. Тэрээр түүхэнд хамгийн өндөр буюу 1 тэрбум долларыг доноруудаас босгож, дийлэнх нөлөөлөгч, урлаг, спортын оддын дэмжлэгийг хүртсэн ч хангалттай байсангүй. Ардчилсан нам үүгээр ч зогсохгүй Сенатын танхимын давуу талаа алдаж, Төлөөлөгчдийн танхимд ч олонх болж чадсангүй. Тус намд шинэ уур амьсгал, шинэчлэл эхлэх дохио энэ ялагдал боллоо хэмээн шинжээчид үзэж байна.

2 чухал тоо

16 - Австралийн Засгийн газар 16 нас хүрээгүй хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглох хуулийн төслийг санаачилжээ. Тэд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн хөгжлийг дэмжих зорилгоор нас баталгаажуулах үйл явцыг чангатгахаар зэхэж байгаа нь энэ юм. Мөн хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах, цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах тал дээр хатуу зохицуулалт хийгдэх төлөвтэй байна. Энэхүү шийдвэрийг Meta, TikTok зэрэг нийгмийн сүлжээний платформуудаас гадна 140 гаруй академик судлаач эсэргүүцэж, хэрэглээг хорих нь олон төрлийн сөрөг үр дагавартайг сануулж, засгийн газарт нээлттэй захидал хүргүүлсэн байна.

80.000 - Биткойны ханш анх удаа 80 мянгыг давлаа. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахтай зэрэгцэн биткойны ханш түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нь энэ. Энэ бол Д.Трампын криптог дэмжсэн байр суурьтай шууд холбоотой. 100 гаруй сая долларыг зөвхөн криптогоор босгосон түүнийг криптод ээлтэй ерөнхийлөгч болно гэх хүлээлт өндөр байна.

3 онцлох өгүүлбэр

I. Chat.com хамгийн үнэтэй домэйн боллоо.

- OpenAI-ийн CEO С.Алтман энэхүү домэйн хаягийг 20 орчим сая доллароор худалдан авсныг эх сурвалжууд мэдээлж байна. Одоо хэрэглэгчид Chat.com-ийг дуудахад тус компанийн хамгийн алдартай бүтээгдэхүүн ChatGPT-ийн хуудас руу шууд шилжиж байгаа юм.

- Тэд ашгийн төлөө бүтэцтэй болохтой зэрэгцэн компанийн брэндийг шинэчлэх цогц ажиллагаа төлөвлөж байгаагийн нэг хэсэг нь энэ бололтой.

- Энэ домэйнийг өнгөрсөн оны эхээр Hubspot-ийн үүсгэн байгуулагч Д.Шах 15.5 сая доллароор өөрийн болгосноо зарлаж байсан билээ. Тэрээр өөрийн сошиал хуудсандаа уг домэйнээ илүү өндөр үнээр зарсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Сонирхуулахад, хэдхэн сарын өмнө Friend.com хэмээх домэйн хаяг 2.5 сая долларын үнэ хүрч зарагдсан билээ.


II. Beyonce Грэммигийн түүхийг бүтээлээ.

- Энтертайнмент ертөнцийн энэ долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал 2025 оны Грэмми шагналд нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсон нь байлаа. Beyonce энэ жил 11 төрөлд өрсөлдөх болсноороо нийт уран бүтээлчдийг тэргүүлэв. Ингэснээр тэрээр уг шагналд карьерынхаа туршид 99 нэр дэвшилтийг цуглуулж, бүх цаг үеийн түүхэн дээд амжилтыг тогтоолоо. Нийт 32 Грэмми хүртснээрээ бүх уран бүтээлчдийг тэргүүлдэг түүний “Cowboy Carter” шилдэг цомогт, “Texas Hold ‘Em” шилдэг дуунд өрсөлдөж байна.

- Энэ жилийн гол шагналын төлөөх өрсөлдөөнд 7 төрөлд өрсөлдөж буй Post Malone, Kendrick Lamar, Billie Eilish, Charli XCX нар гол жин дарах нь тодорхой. Түүхэн аялан тоглолт хийж буй Т.Свифт 7 дахь удаагаа шилдэг цомогт нэр дэвшиж, энэхүү амжилтыг үзүүлсэн анхны артист болжээ. Харин шилдэг, шинэ уран бүтээлчийн төлөөх тэмцэл Shaboozey, С.Карпентер нарын хооронд өрнөх төлөвтэй байна.

- The Beatles-ийн хамгийн сүүлийн уран бүтээл гэх тодотголтой “Now And Then” шилдэг дуу бичлэгийн төрөлд өрсөлдөх болсон. Энэ бол хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтсэн уран бүтээл Грэммид нэр дэвшсэн анхны тохиолдол юм. Мөн АНУ-ын экс ерөнхийлөгч Ж.Картер хамгийн ахмад нэр дэвшигчийн рекордыг эвдлээ. Өдгөө 100 настай тэрээр өөрийн намтар бүтээлээрээ “Шилдэг аудио ном”-ын төрөлд өрсөлдөх эрхтэй болжээ. Монголчуудын чих тавин хүлээж байсан The Hu-ийн Гластонбюригийн тоглолт энэ удаад харин нэр дэвших эрх авч чадсангүй. 67 дахь удаагийн Грэмми ирэх оны хоёрдугаар сард явагдана.


III. Nvidia дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо.

- Мягмар гарагийн арилжааны дараагаар тус компанийн хувьцааны үнэлгээ 3%-аар өсөж, нийт 3.43 их наядад хүрсэн нь Apple-ийг гүйцэхэд хангалттай үзүүлэлт байлаа.

- Зөвхөн энэ он гарснаас хойш үнэлгээ нь бараг гурав дахин нэмэгдээд байгаа тус компани хиймэл оюуны тэсрэлтэд хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа тоглогчдын нэг юм.

- 1991 онд байгуулагдсан тус компанийн орлого сүүлийн 5 улирал дараалан дор хаяж 2 дахин нэмэгдэж байгааг онцлох хэрэгтэй. Ташрамд дурдахад, Nvidia өнгөрсөн сард Dow Jones-ийн индексэд Intel-ийн оронд багтах болсон билээ.

4 мэдүүштэй зүйл

Анхны туршилт: Киотогийн Их сургуулийн эрдэмтэд дэлхийн анхны модоор бүтээсэн хиймэл дагуулыг тойрог замд илгээлээ. LignoSat нэртэй уг бичил дагуулыг тэд ирэх 6 сарын турш задгай сансарт гаргаж, сансрын орчинд турших юм. Дэлхийн агаар мандалд буцаж нэвтрэхдээ бүрэн шатаж дуусах давуу тал нь сансрын хог хаягдлыг багасгахад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн бүтээгчид үзэж буй.

Робот төсөл: Дэлхийн хамгийн үнэ цэнтэй хиймэл оюун ухааны компани биет робот бүтээх нэгж байгуулжээ. Улмаар Meta-ийн AR төслийг удирдаж байсан К.Калиновскиг багтаа нэгтгэснээ зарласан байна. Тэрээр Meta-ийн Oculus, Orion төслүүдийг ахалж байснаараа алдартай. Тэд ChatGPT-ийн чадварыг биет төхөөрөмжүүд, роботод суурилуулах амбицтай байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн OpenAI Сан Францискод төвтэй робот стартап Physical Intelligence-д хөрөнгө оруулснаа ил болгов. 2.4 тэрбум долларын үнэлгээтэй болсон тус стартапад Amazon-ийн Ж.Бэйзос мөн хөрөнгө оруулсан гэнэ.

Рекорд үнэ: Д.Трампын ялалтын дараагаар АНУ-ын гол индексийн ханш түүхэн үзүүлэлтдээ хүрсэн нь хөрөнгийн зах зээл эергээр хүлээн авч байгаагийн илрэл болов. S&P 500-ын ханш 2.53%-аар өсөж, 5,973 долларт хүрсэн нь дээд амжилт. Мөн Dow Jones, Nasdaq-ийн үнэлгээ ч санал хураалтын үеэр түүхэн рекорд тогтоожээ.

Агаарын бохирдол: Пакистанд агаарын бохирдол түүхэн дээд үзүүлэлтдээ хүрчээ. Бүр тодруулбал тус улсын хоёр дахь том хот Лахоред агаарын чанарын индекс 1000-ыг давж, холимог манан бүрхэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж эхэлжээ. Энэ бол “аюултай”-д тооцогддог 300-аас хэд дахин давсан үзүүлэлт юм. Иймд хотын захиргаанаас бүх сургуулиудыг 7 хоног амрааж, албан байгууллагуудыг гэрээс ажиллахыг зөвлөж эхэлсэн байна.

5 сонин хачин

1. Netflix-ийн хамгийн алдартай цувралуудын нэг Stranger Things-ийн сүүлчийн буюу тавдугаар бүлэг 2025 онд цацагдах нь тодорхой боллоо. Хэдийгээр нарийн тов гараагүй ч Netflix-ийн зүгээс шинэ бүлгийн 8 ангийн нэрийг ил болгожээ. Шинэ түүхийн зураг авалт энэ оны эхээр эхэлсэн бөгөөд Terminator-ийн од Л.Хэмилтон дүр бүтээж байгаа нь ил болсон. Хэдий үндсэн түүх ирэх онд дуусах ч тэд Stranger Things-ийн ертөнцийг улам өргөжүүлж, шинэ анимэйшн, театрын жүжиг гаргах болсноо зарлаад байгаа юм.

2. Хиймэл оюун ухааны бурхан хэмээн үнэлэгддэг Британийн математикч Алан Тюрингийн хөрөг зураг дуудлага худалдаагаар 1.1 сая доллараар зарагдлаа. Хамгийн сонирхолтой нь уг зургийг Ai-da нэртэй робот бүтээсэн юм. Энэхүү төсөлд нийт 30 гаруй хүн ажилласан бөгөөд зөвхөн уран бүтээлчийн арга барил, өнцөг, техникийг сургахаас гадна хүн төрхтэй бие, хөдөлгөөний эвслийг бий болгоход төвлөрчээ. Энэ нь хиймэл оюун ухааны бүтээсэн зургийн хувьд түүхэн дээд рекорд болж байгааг мөн онцлох хэрэгтэй. 2018 онд Christie’s-ийн дуудлага худалдаагаар Францын эрдэмтдийн бүтээсэн хиймэл оюун ухааны цуврал зураг 430 мянган доллароор борлуулагдаж байжээ.

3. Германы алдарт автомашин үйлдвэрлэгч Хятадын зах зээлд зориулсан шинэ өнгө төрхөө танилцууллаа. Тэд өөрсдийн бэлгэ тэмдэг болсон дөрвөн цагиргын оронд зөвхөн AUDI гэсэн дөрвөн үсгээ машины урд хэсэгт байрлуулах болсон байна. Энэ нь залуу хэрэглэгчдэд илүү орчин үеийн, технологижсон мэдрэмжийг төрүүлнэ хэмээн найдаж буй. Audi Хятадын төрийн өмчит SAIC-тай хамтран 2025 оны дундуур цахилгаан хөдөлгүүрт Sportback машиныг гаргахаар зэхэж байгаа юм.

4. Google видео танилцуулгын платформоо нээлээ. Google Vids нэртэй уг үйлчилгээг тэд өнгөрөгч дөрөвдүгээр сард анх зарлаж байсан юм. Gemini AI-ийн тусламжтайгаар түлхүүр үгээр видео танилцуулга бэлтгэх боломжийг олгох уг платформ нь сургалтын бичлэг бүтээх, уулзалтын тойм бэлдэх, харилцагчийн түгээмэл асуултад хариулах зэрэгт илүү тохиромжтой. Gemini-ийн хувьд видеоны үндсэн зохиолыг гаргаж, үнэ төлбөргүй зураг, дүрс ашиглан хиймэл оюун ухаанаар дуу оруулах хүртэл чадвартай гэнэ.

5. Хятадын Tencent компани гарын алгаар төлбөр тооцоогоо баталгаажуулах нь хамгийн найдвартай бөгөөд аюулгүй арга хэмээн үзэж байна. Тэд Сингапурын зарим байршилд урьдчилан бүртгүүлсэн хэрэглэгчдэд зөвхөн гарын алгаа уншуулж, төлбөр тооцоо хийх туршилтыг хийж эхэлжээ. Уг төслийг тэд Visa-тай хамтран хэрэгжүүлж байна.