1 гол сэдэв

1967 оноос эхлэлтэй дэлхийн хамгийн том технологийн шоу "Consumer Electronics Show" түүхэндээ анх удаа бүрэн дижитал хэлбэрээр явагдлаа. Нийт таван өдрийн турш топ компаниуд цаашдын чиг хандлагыг тодруулсан шинэ, онцлох бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

Онцлох: "Intel"-ийг CEO-оо сольж, шинэ стратегиа тодорхойлох хооронд гол өрсөлдөгчдийн нэг AMD нь цоо шинэ загварын чип Ryzen 5000-аа зарласнаар нэг алхам үсэрч чадлаа. Ердөө 7nm-ийн хэмжээтэй уг чипийн архитектор, бүтэц нь илүү боловсронгуй бөгөөд илүү хүчирхэг болсон нь "Lenovo", "Acer", "Gigabyte" зэрэг өндөр үзүүлэлт бүхий тоглоомын лаптоп бүтээгчид тэднийг сонгосноос харагдана.

Ирээдүйлэг: "Cadillac"-ийн агаарын такси. GM цахилгаан машины зах зээлд хүч түрэн орсноо дахин баталгаажуулж, "Cadillac" брэнд дор цахилгаанаар ажилладаг, нисдэг машины концепцоо ил болгов. Аварга том дронтой төстэй гэж хэлж болохуйц энэ төхөөрөмжийг тэд дараагийн таван жилд зах зээлд гаргах зорилготой. Хэрэв энэ хангалтгүй бол "Mercedes Benz"-ийн 56 инчийн аварга дэлгэцийг сонжиж үзээрэй.

Эрэлттэй: Зохион бүтээгчид цаг үеийн нөхцөл байдлыг соргогоор мэдэрч, тахлын дараах шинэ амьдралын хэв маягт таарсан бүтээгдэхүүнүүд гаргаад эхэлжээ. Халуун хэмжигч, гэрийн фитнес, зайнаас ажилллах хэрэгслүүд бол зөвхөн эхлэл. Тоглоомын төхөөрөмж үйлдвэрлэгч "Razer" LED гэрэлтэй, агаар цэвэршүүлэгч технологи бүхий "күүл" маск бүтээсэн байна. Түүнээс гадна Alarm.com-ийн гар хүрэх шаардлагагүй алсын зайнаас мэдрэх хаалганы хонх ч анхаарал татав.

Сонирхолтой: Жил бүрийн CES хачин жигтэй концепцоор дүүрэн байдаг. Гэхдээ бид энэ удаад бодит үйлдвэрлэлийн түвшинд хүрсэн хоёр бүтээгдэхүүнийг сонголоо. Эхнийх нь ColdSnap нэртэй бичил зайрмагийн машин. Яг кофены машины адилаар төрөл бүрийн амт, орц бүхий капсулын тусламжтай хормын дотор зайрмаг, шэйк гаргах чадалтай гэнэ. Нөгөөх нь "Samsung"-ийн гар хэлбэртэй робот. Үйлчилгээний салбарт зориулсан уг робот дарс хундагалах, хоол таваглах зэрэг үйлдэл хийх чадалтай аж.

Дэлгэрэнгүйг: Engadget | The Verge | Wired

2 чухал тоо

14: "Amazon"-ийг үүсгэн байгуулагч Ж.Бэйзосын эхлүүлсэн сансрын стартап "Blue Origin" 14 дэх туршилтаа амжилттай хийлээ. Зургаан долоо хоногийн дотор ахин нэг нислэг үйлдэх зорилготой тэд дөрөвдүгээр сард багтаан анхны жуулчныг сансарт илгээх амбицтай байгаа гэнэ.

8611: Непалын 10 гишүүнтэй уулчид дэлхийн хоёр дахь өндөр оргил K2-ийг өвлийн цагт эзэлсэн анхны баг боллоо. Цаг уурын ширүүн нөхцөл, уулын бүтэц зэргээс шалтгаалан 8611 метрийн өндөрт орших уг оргилд ялангуяа өвөл хүрэх нь "биелэгдэшгүй" даалгаварт тооцогдож байсан юм. Энэ жил 60 орчим уулчид дөрвөн багт хуваагдан авиралт гүйцэтгэсэн ч Испанийн уулчин замдаа амиа алдсан харамсалтай үйл явдал тохиожээ.

3 онцлох өгүүлбэр

I. "Samsung" шинэ бүтээгдэхүүнүүдээ зарлалаа.

- Хамгийн гол бүтээгдэхүүн нь мэдээж, Galaxy S21 байв. "Apple"-ийн адилаар цэнэглэгчгүйгээр зарагдах уг загварын камерын байрлал, хийц шинэчлэгдсэн нь анхаарал татав. Тэд S21 /799$/, S21 Plus /999$/ болон таван камертай S21 Ultra /1199$/ гэсэн гурван загварыг танилцуулжээ.

- Үүнээс гадна тэд 199 долларын үнэтэй утасгүй чихэвч Galaxy Buds Pro-г ил болгов. Дуугаралт сайтай, дуу тусгаарлах технологи нь илт сайжирсан хэмээн онцолж буй. Мөн илүү том дэлгэцтэй, 5G технологи дэмжих S21 Ultra нь S Pen балтай зохицон ажиллах аж.

- "Samsung" цоо шинэ нэгэн бүтээгдэхүүн зарласан нь Smarttag байв. Энэ бол хэрэглэгчдэд үнэ цэнтэй, чухал төхөөрөмжүүдээ зүүж, улмаар байршлыг нь хянах боломж олгох бичил төхөөрөмж. Батарей бага идэх, блютүүтээр ажиллах уг төхөөрөмжийн үнэ нь 29 доллар байна.


II. "Apple" компьютерын загвараа бүрэн шинэчилнэ.

- Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр "Apple" энэ жилдээ багтаан MacBook, iMac-ийн үндсэн дизайнд өөрчлөлт хийхээр зэхэж байгаа гэнэ. Тэд 2021 оны MacBook Pro нь TouchBar-гүй үйлдвэрлэгдэхээс гадна шинэ чипийн тусламжтайгаар илүү хүчирхэг, хурдтай, дэлгэцийн хувьд тод, өнгөлөг байх төлөвтэй байгааг мэдээлсэн байна.

- Үүнээс гадна "Apple" 2012 оноос хойш анх удаа iMac-ийн дизайныг өөрчлөх бололтой.

- Сонирхуулахад, "Apple" сүүлийн үед трэнд болоод буй нумардаг дэлгэцийн технологийг iPhone-доо нэвтрүүлэх талаар туршиж байгаа гэнэ. Тэд хэрэглэгчдэд ямар нэгэн бэрхшээлгүйгээр дэлгэцээ томруулж, хэрэглээгээ тохируулах сонголт олгох технологи хөгжүүлэлт дээр ажиллаж байгааг "Bloomberg" онцолжээ.


III. Д.Трамп хоёр удаа гэм буруугаа шүүлгэсэн анхны ерөнхийлөгч боллоо.

- Өнгөрсөн долоо хоногт Капитолын ордон луу халдсан эмх замбараагүй үйл явдалд жагсагчдыг өдөөн турхирсан хэмээн Конгрессийн доод танхимд санал хураан, улмаар түүнийг гэм буруутай хэмээн үзлээ. Ардчилсан нам олонх болсон уг танхимд тэрээр өөрийн намын 10 гишүүний саналыг алдаж, улмаар 232:197-ийн саналаар ялагджээ.

- Одоо түүнийг огцруулах эсэхийг Сенатын танхимаас шийднэ. Хүчний харьцаа тэнцүү шахам байгаа Сенатын танхим гэхдээ эцсийн шийдвэрээ Трампыг ажлаа өгснөөс хойш гаргах төлөвтэй байна. Гэхдээ түүнийг гэм буруутайд тооцож, хуулийн хариуцлага хүлээлгэх болбол 2024 онд ахин нэр дэвших амбицтай буй Трампын төлөвлөгөөнд том саад учирна хэмээн шинжээчид үзэж буй.

- Twitter, Facebook, Snapchat зэрэг сошиал платформ хэрэглэх эрхээ хасуулаад байгаа Д.Трамп Цагаан ордны хуудсаар дамжуулан ард иргэддээ хандан хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж, тайван замаар эрх мэдлээ шилжүүлэхээ амласан юм. Гэвч эх сурвалжууд түүнийг нэгдүгээр сарын 20-нд болох Ж.Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгийг мэдээлсээр байгаа билээ.

4 мэдүүштэй зүйл

Ичдэг эс: Эрдэмтэд зарим төрлийн хавдрын эс тодорхой нөхцөлд идэвхгүй төлөвт шилжих чадвартай байгааг тогтоосон байна. Амьтад өвлийн улиралд ичдэгтэй ижил нөхцөл ялангуяа химийн эмчилгээний үеэр үүсэж байгаа тухай уг судалгаанд онцолжээ. Энэ нь эрдэмтдэд хавдрын эсийг илүү нарийвчлалтайгаар ойлгож, эмчилгээг үр дүнтэй болгох цоо шинэ боломжийг нээж байгаа гэсэн үг юм.

Ухаалаг зам: "Huawei" жолоочгүй машинд зориулсан ухаалаг замыг Вуши хотод туршиж байна. Дөрвөн км-ийн урттай уг замын камер, гэрлэн дохио, мэдрэгчид нь бүгд мэдээлэл дамжуулдаг бөгөөд түүний тусламжтайгаар жолоочгүй автобус, машин нь шийдвэр гаргаж, хурдаа тохируулдаг байх гэнэ.

Вакцин пасспорт: "Microsoft", "Salesforce", "Oracle" тэргүүтэй технологи болон эрүүл мэндийн компаниуд нэгдэн коронавирусийн вакцины дижитал бүртгэлийн системийг бүтээх болсон байна. Тэд тухайн хүн вакцин хийлгэсэн эсэх, хэзээ, ямар тунгаар, аль вакциныг хийлгэснийг хамгийн хялбар байдлаар тодорхойлох тусгай платформ бүтээх гэнэ.

Ухаалаг хүзүүвч: БНСУ-ын "Petplus" нэртэй стартап нохойн сэтгэл хөдлөлийг "орчуулах" ухаалаг хүзүүвч бүтээжээ. Гурван жилийн турш 50 төрлийн нохойны 10 мянга гаруй дуу авианд шинжилгээ хийсний үндсэн дээр хөгжүүлсэн хиймэл оюуны тусламжтай ажиллах уг хүзүүвч 99 долларын үнэтэй борлуулагдах аж.

5 сонин хачин

1.Саудын Араб улс бүх хэрэгцээт зүйлсдээ таван минутын дотор хүрэх, ямар ч машин, зам, гудамжгүй буюу хүлэмжийн хий үл ялгаруулах, байгаль дунд орших шинэ хотын концепцоо зарлалаа. 500 тэрбум долларын төсөв бүхий ирээдүйн хот NEOM-ийн хүрээнд хийгдэх уг төслийн нэр нь "The Line" бөгөөд 170 км-ийн урттай шугамд AI технологиор зохицуулагдсан, бүрэн сэргээгдэх эрчим хүчээр ажиллах сая оршин суугчтай хотыг бүтээх ажээ.

2. Алдарт дуучин Шакира өөрийн уран бүтээлийг эзэмших эрхээ заржээ. Түүний 1991 оноос өдийг хүртэл туурвисан 145 дуу бүхий каталогийг "Hipgnosis" нэртэй хөрөнгө оруулалтын сан худалдан авсан байна. "Hipgnosis" бол 2018 онд байгуулагдсан цагаасаа хойш 1.2 тэрбум долларыг босгож, хөгжмийн эрх худалдан авах чиглэлээр дагнаж буй сан юм. Ийм төрлийн хэлцэл сүүлийн үед эрчимжиж, Б.Дилан, Т.Свифт, "Imagine Dragons" зэрэг артистуудын каталог ихэд үнэд хүрч зарагдаад байгаа билээ.

3. Археологичид амьтан дүрслэгдсэн дэлхийн хамгийн эртний хадны сүг зургийг илрүүлжээ. Индонезийн Сулавеси хэмээх арлаас олдсон уг зурагт зэрлэг гахай дүрслэгдсэн байх бөгөөд 45,500 жилийн өмнө зурагдсан гэж тогтоосон байна.

4. "App Annie"-ийн тайланд дурдсанаар 2020 онд гар утасны апп таталтын тоо долоон хувиар өсөж, 218 тэрбумд хүрсэн гэнэ. Хэрэглэгчдийн худалдан авалт 143 тэрбум доллартой тэнцсэн нь 20 хувиар өссөн үзүүлэлт. Зөвхөн Андройд хэрэглэгчид нийт 3.5 их наяд минутыг утсан дээрээ өнгөрүүлсэн нь хөл хорио тогтоогдож, TikTok, Zoom зэрэг апп-ий хэрэглээ эрс өссөнтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.

5. "Fiat Chrysler" цахилгаан хөдөлгүүрт нисдэг машины технологи хөгжүүлэгч стартап "Archer"-тай стратегийн түншлэл үүсгэснээ зарлалаа. Гэрээний хүрээнд хоёр тал 2024 он гэхэд анхны загвараа худалдаанд гаргах бөгөөд "Fiat Chrysler"-ийн логистикийн сүлжээ, үйлдвэрлэлийн боломж, технологийн нөөцийг ашиглан зардлыг бууруулж, инновацыг нэмэгдүүлэх зорилготой байгаа гэнэ. "Morgan Stanley" 2040 он гэхэд нисдэг машины зах зээл 1.5 их наяд долларт хүрнэ хэмээн тооцоод байгаа билээ.

10 уншууртай мэдээ

Ойлгох: Трампын бодлого хэрхэн Америкийг хуваав? /CNN/

Турших: Тайвшруулах ундааны тэсрэлт /The Verge/

Гайхах: 220 сая доллароо хаясан нь /NYTimes/

Хүлээх: Германы ирээдүйн канцлер сонгогдов уу? /Vox/

Унших: Мөрөөдлийн ажлын эрэлд /New Republic/

Танилц: Оросын хамгийн баян эмэгтэй /Rest of World/

Сонирхох: Камала Харрис "Vogue"-ийн нүүрэнд /Vogue/

Төсөөлөх: Твиттерийн ирээдүй /Techcrunch/

Үзэх: К.Харт "Netflix"-тэй онцгой гэрээ байгуулжээ /Deadline/

Угтах: Навальный Москвад эргэн ирлээ /BBC/