1 гол сэдэв
Юу болов?
АНУ-ын экс ерөнхийлөгч Д.Трамп нийт 34 зүйл ангиар гэм буруутай нь тогтоогдлоо. Шүүхээс түүнийг 2016 оны сонгуулийн өмнө порн од С.Даниелстай "хаалтын гэрээ" байгуулсан төлбөрөө нуун далдлах зорилгоор зарим бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, үүгээр дамжуулан сонгуулийн шударга байдалд нөлөөлөхүйц хуйвалдааныг зохион байгуулсан хэмээн буруутгагдаж байгаа нь энэ юм.
Тэгээд?
Энэ бол Америкийн түүхэнд ерөнхийлөгчийн алба хашиж байсан эрхэм эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдсан анхны тохиолдол. Түүнд ямар шийтгэл оногдуулахыг зарлах шүүх хурал долдугаар сарын 11-нд товлогдсон. Хэдий шүүхээс хорих ял хүртэл ногдуулах боломжтой ч ихэнх экспертүүд тэнсэн эсвэл торгуулиар шийтгүүлнэ хэмээн үзэж буй. Гэхдээ энэ нь түүнийг ирэх арваннэгдүгээр сард явагдах ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд саад болохгүй аж.
Одоо яах вэ?
Д.Трамп энэ үйл явдлыг "улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө харлуулж, сонгуулийн үр дүнг хулгайлах гэсэн оролдлого" хэмээн үзэж байна. Олон нийтийн уур амьсгал ч сөрөг байгаа нь шийдвэр гарснаас хойшхи 24 цагийн дотор Трампын дансанд нийт 53 сая долларын хандив цугларснаас харагдана. Эдгээр нь зөвхөн жижиг мөнгөн дүнгээр хандивлагчдаас боссон бөгөөд нэг өдөрт хамгийн их мөнгө цугларсан рекорд амжилт болжээ.
2 чухал тоо
36.000.000.000 - Google Энэтхэгийн онлайн худалдааны платформ Flipkart-д 350 сая долларын хөрөнгө орууллаа. Walmart-ийн эзэмшдэг тус платформын үнэлгээ ингэснээр 36 тэрбум доллартай тэнцэж байгаа юм. Энэтхэгийн онлайн худалдааны зах зээлийн 48%-ийг эзэлж буй тус компанид үүнээс өмнө Microsoft хөрөнгө оруулж байв.
250.000.000 - ChatGPT-г хөгжүүлэгч OpenAI хиймэл оюуныг сургах датаг цуглуулах зорилгоор дэлхийн топ медиа компаниудтай ээлж дараалан гэрээлсээр байна. Тэд WSJ, New York Post-ийг эгнээндээ багтаасан News Corp-той 5 жилийн 250 сая долларын гэрээ үзэглэсэн нь хамгийн өндөр үнэтэй хэлцэл болов. Үүнээс гадна тэд Vox Media, The Atlantic-тай дата хуваалцах гэрээг байгуулжээ.
3 онцлох өгүүлбэр
I. Saudi Aramco 13 тэрбум доллар босгоно.
- Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид тооцогддог Aramco энэ оны хамгийн том арилжааг эхлүүлж байна. Тэд компанийн 0.7%-тай тэнцэх 1.5 тэрбум хувьцааг зарах бөгөөд 13 тэрбум доллар босгох зорилготой байгаа юм.
- Саудын Арабын засгийн газар өөрсдийн эзэмшдэг газрын тосны салбарын лидер компаниар дамжуулан ирээдүй рүү чиглэсэн хэд хэдэн төслүүдээ санхүүжүүлэх зорилготой байгаа. Тиймдээ ч босгосон хөрөнгө оруулалт засгийн газрын хөрөнгө оруулалтын сан болох Public Investment Fund руу шууд шилжих төлөвтэй байна.
- Тус улсын хунтайж Мохаммед бин Салманы эрчим хүчний салбарын орлогыг солонгоруулж, эдийн засгаа эрчимжүүлэх "Алсын хараа 2030" хөтөлбөр санхүүжилтийн асуудалтай тулгараад байгааг зарим эх сурвалжууд мэдээлсээр байгаа. Тухайлбал, ирээдүйн жишиг хот гэгдэх NEOM хөрөнгө оруулалтын дутмаг байдлаас болон зарим төслөө зогсоож, хугацаагаа сунгах болсноо мэдэгдээд удаагүй байгаа юм.
II. И.Маскийн AI компани шинэ хөрөнгө оруулалт татлаа.
- Өнгөрсөн зун байгуулагдсан xAI нийт 6 тэрбум долларын санхүүжилт татсан байна. Ингэснээр тус компанийн үнэлгээ 20 тэрбум орчимтой тэнцэх боллоо хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.
- Уг хөрөнгөө тэд одоогоор зөвхөн X-ийн төлбөрт хэрэглэгчдэд ашиглагдаж байгаа Grok чатботыг олон нийтэд нээлттэй болгох, дата төв байгуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэхэд зориулна гэнэ.
- И.Маск 2025 оны эцэс гэхэд бие даасан дата төвийн дэд бүтцийг байгуулах амбицтай байгаа. Үүний тулд 100 мянган ширхэг Nvidia-ийн чипийг худалдаж авах хэрэгтэй. OpenAI-ийг анх үүсгэн байгуулалцаж байсан ч алсын хараа зөрсний улмаас компанийг орхисон тэрээр xAI-д ихээхэн анхаарал хандуулж байгаа билээ.
III. Gemini хэрэглэгчдийн хохирлыг барагдуулна.
- Криптовалютын зах зээлийн гол тоглогчдын нэг Gemini нийт 2.18 тэрбум долларыг хэрэглэгчдэдээ эргүүлэн төлнө. Тэд сүүлийн 18 сарын хугацаанд нийт хэрэглэгчдийн дансыг царцааж, арилжаа хийхийг зогсоогоод байсан юм.
- Энэ бол нийт хэрэглэгчдийн анхны хөрөнгийг 232%-аар нэмэгдүүлэн эргэн төлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид царцалттай үеийн ханшийн өсөлтийг өгөөжийг хүртэх боломжтой гэсэн үг юм. Gemini-ийн энэхүү үйлдэл нь салбарт эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
- Уг биржийг Facebook-ийн анхдагчдын нэг, Винклевоссын ихрүүд үүсгэн байгуулсан. Gemini 2023 оны эхээр татан буугдаж байгаагаа зарлаж, улмаар хууль сахиулагчидтай тохиролцсоны дагуу хэрэглэгчдийг хохиролгүй болгох төлөвлөгөөгөө ийн хэрэгжүүлж байгаа юм.
4 мэдүүштэй зүйл
Хиймэл арьс: Францын гоо сайхны салбарын гигант L'Oreal хүний биеийн арьстай ижил хариу үйлдэл үзүүлэх чадвартай хиймэл арьсны технологи хөгжүүлж байгаа гэнэ. 3D принтер ашиглан гаргаж авч буй энэ арьс нь био-хэвлэлийн технологит хамаарах бөгөөд шинэ төрлийн бүтээгдэхүүний туршилтыг явуулахад тохиромжтой гэж үзэж байна.
Модон сателайт: Киотогийн их сургуулийн эрдэмтэд дэлхийн анхны модон хиймэл дагуулыг бүтээснээ зарлалаа. Дэлхийн агаар мандалд буцаж нэвтрэхдээ бүрэн шатаж дуусах давуу тал нь сансрын хог хаягдлыг багасгахад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн бүтээгчид үзэж буй. Уг куб төхөөрөмжийг тэд ирэх намар хөөргөх бөгөөд 6 сарын хугацаанд задгай сансарт байршуулна гэв.
Алдагдсан баримт: Google-ийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг хайлтын технологитой холбоотой 2500 орчим бичиг баримт алдагдаж, интернетэд нээлттэй тавигджээ. Хэдий үүнд хайлтын алгоритмын эх код агуулагдаагүй ч бизнес модель, эрэмбэлэх зарчим, цаашдын хөгжүүлэлттэй холбоотой чухал мэдээллүүд багтсан байгааг шинжээчид онцолж байна.
Дээж цуглуулагч: Хятадын Chang'e 6 сансрын хөлөг сарны цаад гадаргууд газардаж, түүхэн төслөө эхлүүллээ. Тэд ирэх хоёр хоногийн хугацаанд сарны хөрснөөс 2 кг орчим дээж цуглуулах даалгавартай юм. Уг төсөл амжилттай болбол хүн төрөлхтөн анх удаа сарны цаад хэсэгтэй нарийвчлан танилцаж, сарны үүсэл, бүтцийн талаар гүнзгийрүүлэн судлах боломжийг нээх билээ.
5 сонин хачин
1. Шинээр хит бүтээл нээлтээ хийгээгүй бокс оффисын долоо хоногийг The Garfield Movie тэргүүллээ. Дэлхий даяар 107 сая долларын орлого олоод буй тус анимэйшн өмнөх долоо хоногийн лидер Mad Max: Furiosa-г гүйцсэн нь энэ. Сонирхуулахад, тус киноны үйл явдлаар өрнөх шинэ видео тоглоом энэ оны сүүлээр худалдаанд гарах болжээ.
2. Францын AI стартап Mistral хөгжүүлэгчдэд тусгайлан зориулсан анхны AI моделийг танилцууллаа. 22 тэрбум параметртэй Codestral нэртэй уг модель нь хамгийн өргөн хэрэглэгддэг 80 гаруй хэлийг эзэмшсэн гэнэ.
3. Archer Aviation БНСУ-ын зах зээлд 2026 он гэхэд нисдэг таксины үйлчилгээг эхлүүлэх болсноо зарлалаа. Энэ төслийн хүрээнд тэд Kakao Mobility-тэй хамтрана гэнэ. Archer үүнээс өмнө Дубай, Делид нислэг үйлдэх зөвшөөрлөө аваад байсан юм.
4. Jeep анхны цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа танилцууллаа. 72 мянган долларын үнэтэй Wagoneer нь нэг цэнэглэлтээр 480 км замыг туулах чадвартай бөгөөд дотроо 45 инчийн дэлгэцээр тоноглогджээ.
5. Netflix видео тоглоомын ертөнцийн гол нүүр царай болсон Minecraft-ийн шинэ анимэйшнийг бүтээх болсноо зарлалаа. Уг анимэйшнийг Ninjago, Sonic-ийг төсөл дээр ажиллаж байсан Wildbrain Studios ажиллах гэнэ. Ташрамд дурдахад, 15 жилийн өмнө анх гарсан даруйдаа хит болсон Minecraft-ийн кино энэ оны сүүлээр гарах хуваарьтай байгаа билээ.
10 унших зүйл
Мэдэх: Энэтхэгийн сонгуулийн эргэн тойронд /Al Jazeera/
Сонирхох: Шумбагч хөлгийн зах зээл эрэлтээ алдаагүй /WSJ/
Харьцуулах: Surface үнэхээр Macbook-ийг давсан уу? /The Verge/
Тоглох: Sony-ийн State of Play-ийн онцлох зарлалууд /Polygon/
Зочлох: Temu хэрхэн Alibaba-г гүйцсэн бэ? /CNBC/
Анзаарах: Ж.Лопезийн уналт /Variety/
Эмээх: Хуурамч мэдээлэл улам түгэх цагаар /Techcrunch/
Хэрэглэх: Toyota шинэ төрлийн хөдөлгүүр танилцууллаа /AP/
Тайлбарлах: Б.Айлиш vs Т.Свифт /Vox/