Шинэ сарын мэнд. 5-р сарын эхний тойм 1387 үгтэй. Танд уншиж дуусгахад 5 минут л хангалттай.

Үүнээс өмнө өнгөрсөн сарыг эргэн дурсаж, өдөр бүрийн онцлох үйл явдлуудыг тоймлосон богино бичлэгийг үзээрэй.

1 гол сэдэв

Цар тахал дэлхийг нөмөрч, хамаг бизнесийг царцааж буй энэ үед технологийн компаниуд "харьцангуй амжилттай" улирлын тайлангаа танилцууллаа. Уламжлалт компаниуд хэцүүдэж, сул зогсолт хийж байхад тэдний үзүүлэлт бүгд эерэг гарч, хувьцааны үнэлгээ нэмэгдсэн нь технологийн эрин үед бид амьдарч байгааг бидэнд дахин нэг санууллаа.

Facebook: Идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.6 тэрбумд хүрсэн нь түүхэн үзүүлэлт болсныг Зукерберг онцлов. Сурталчилгааны орлого буурсан ч нийт орлого нь 18 хувиар нэмэгдэж, 17.7 тэрбумд хүрчээ. Мөн Portals, Oculus зэрэг төхөөрөмжүүдийн борлуулалт нэмэгдэж, сурталчилгааны бус орлого нь 80 хувиар өссөн гэнэ.

Google: Толгой компани Alphabet-ийн борлуулалтын орлого 41.2 тэрбумд хүрсний 82 хувь нь зар сурталчилгаанаас бүрдсэн байна. Youtube-ийн орлого 33 хувиар өссөн нь тахлын үеийн хэрэглээтэй шууд холбоотой.

Microsoft: "2 жил шаардагдах дижитал шилжилтийг 2 сар болгож хурдасгасан" хэмээн онцолсон коронавирусын нөлөө Microsoft-д ч төдийлөн ажиглагдсангүй. Цэвэр ашиг нь 22 хувиар нэмэгдсэний дотор клоуд үйлчилгээний өсөлт 27 хувь байсан нь анхаарал татав. Teams-ийг хэрэглэгчдийн тоо 75 саяд хүрч, Linkedin, Office, Dynamics-ийг багтаасан "Бүтээмж, Бизнесийн Үйл Ажиллагааны Нэгж"-ийн орлого 14.7 хувиар нэмэгджээ.

Twitter: Өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 166 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 хувиар өссөн үзүүлэлт болов. Орлого нь 808 сая болсон нь ч шинжээчдийн таамгийг давжээ.

Amazon: Уламжлалт бизнесүүд цомхотгол, зардал хэмнэлт рүү төвлөрч байхад 175 мянган шинэ ажилтан авсан тэдний борлуулалтын орлого 26 хувиар өсөж 75.5 тэрбумд хүрчээ. Зөвхөн AWS л дангаараа 10 тэрбум долларыг Amazon-д авчирсан байна. Гэхдээ коронавирустай холбоотой зардал 4 тэрбум байсныг онцолжээ.

Apple: Төхөөрөмжүүдээс хамгийн их хамааралтай тул Apple-ийн тайланд олон хүн "санаа зовж" байсан. Гэхдээ тэдний борлуулалт 58.3 тэрбум байсан нь өнгөрсөн жилийнхтэй бараг л адил гэсэн үг. Хэдий iPhone-ий борлуулалт 7 хувиар буурсан ч үйлчилгээний бизнес нь 16 хувиар өсжээ. Т.Күүк мөн Apple-д 192 тэрбум доллар бэлнээр байгааг дурдсан байна.

Гэхдээ тайвшрах болоогүй. Хөл хорио, тахлын бүрэн нөлөө дараагийн улиралд том зургаараа харагдах учиртай. Үүнийг ч ихэнх компаниуд онцолж, шинжээчдийн таамаг ч дагаж буурч байгааг мартаж болохгүй.

Үүнтэй зэрэгцэн домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет эзэмшиж байсан Америкийн топ авиа компаниудын хувьцаагаа зарснаа мэдэгдлээ. Тэрээр дор хаяж 4 тэрбум доллараар хэмжигдэх хувьцаагаа "тахлын улмаас дэлхий ертөнц өөрчлөгдөж байгаа тул" зарж байгаагаа цахимаар хийсэн хурлынхаа үеэр ил болгожээ.

Үргэлж л шуугиан дэгдээж байдаг Элон Маск коронавирусын үеэр ч зүгээр суусангүй. Хөл хорио нь хүний эрх зөрчиж байгаа, фашист шинжтэй хэмээн мэдэгдсэн тэрээр Теслагийн хувьцааны үнийг хэт өндөрт байгаа гэж боддог тухай жиргээгээрээ л хамаг амжилтаа баллав. 3 улирал дараалан эерэг өсөлттэй гарсан Теслагийн хувьцаа үүний дараа 10 хувиар унаж, Маск "санаатайгаар" үнэд нөлөөлсөн хэмээн хууль сахиулагчдаас банга хүртэж магадгүй болжээ.

Төгсгөлд нь мэдээж коронавирустай холбоотой таны мэдэх ёстой гол баримтууд:

- Дэлхий даяар халдварын тоо 3.5 саяд хүрэв
- Нас барагсдын тоо 246 мянга давлаа
- Монгол улсад 39 тохиолдол бүртгэгдэв
- ОХУ 2 өдөр дараалан 10 мянгаас дээш тохиолдол нэмэгдлээ
- Эквадор Латин Америкийн голомтод тооцогдож байна
- Тажикстан, Коморост анхны тохиолдол илэрлээ

2 чухал тоо

501 - "Game of Thrones"-ийн "Уул"-ын дүрээр олонд танигдсан Хафтор Бёрнссон 501 кг жинтэй туйван өргөж дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Өмнөх дээд амжилтыг 1 кг-аар ахиулсан Исланд эрийн оролдлогыг ESPN шууд дамжуулжээ.

2,000,000,000 - TikTok апп-ийн нийт таталтын тоо 2 тэрбумд хүрчээ. Хятадын ByteDance-ийн эзэмшдэг уг сошиал апп-д зөвхөн өнгөрсөн улиралд 300 сая гаруй хүн шинээр бүртгүүлсэн гэнэ.

3 онцлох сэдэв

Сар төлөвлөгөө: NASA 2024 он гэхэд саран дээр хүн буулгах зорилготой "Artemis" хөтөлбөрийн хүрээнд гурван компанитай хамтран ажиллах эхний шалгаруулалт хийснээ зарлалаа. Тэд 967 сая долларын төсвийг SpaceX, Blue Origin, Dynetics компаниудад олгож, 10 сарын хугацаанд саран дээр газардах хөлгийн эхний загвараа танилцуулах даалгавар өгсөн байна. Үүний дараагаар өөр өөрийн онцлогтой, ялгаатай технологи ашиглах гурван өрсөлдөгчөөс нэгийг нь л сонгох аж. Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Ж.Бэйзосын Blue Origin-ий хувьд өөр нэг гигант Lockheed Martin-тай хамтран загвараа хөгжүүлэх бол Алабамад төвтэй Dynetics ULA-ийн хөгжүүлж буй Vulcan пуужинд нийцэх хөлөг бүтээж байгаа гэнэ. Эдгээрээс хамгийн өндөр боломжтой гэгдэж буй Э.Маскийн SpaceX-ийн төсөл харин хэд хэдэн удаагийн туршилт хийгээд буй Starship пуужинд суурилах аж. Өмнө нь NASA сарны тойрог замд байрлах Gateway нэртэй сансрын станцыг байгуулж, түүний тусламжтайгаар тогтмол судалгаа шинжилгээний хөлгийг сар луу газардуулах төлөвлөгөөтэй байсан ч тодорхойгүй хугацаагаар төлөвлөгөөгөө хойшлуулж, зөвхөн нисгэгч илгээхэд төвлөрч байгаагаа мөн онцолжээ.


Кино дайн: Universal-ийн шинэ анимэйшн "Trolls World Tour" цахимаар нээлтээ хийсэн эхний гурван долоо хоногтоо 100 сая долларын орлого олсон нь энтертайнмент ертөнцийг талцууллаа. Энэ нь тус кино өмнөх ангийнхаа кино театруудаас 5 сарын турш олсон орлоготой бараг тэнцэж байгаа аж. 19.99 доллараар 5 сая удаа түрээслэгдсэн тохиолдол бүрийн 80 хувийг Universal өөрт авч буй. Хэрэв кино театрт нээлтээ хийсэн бол 50 орчим хувь нь л тэдэнд оногдох байсан юм. Үүнийг "бизнесийн шинэ боломж" хэмээн үзэж, тахлын дараа ч ижил стратеги баримталж магадгүй талаараа NBCUniversal-ийн CEO Ж.Шелл мэдэгдсэн нь сүлжээ театруудын эгдүүцлийг хүргэсэн юм. Америкийн хамгийн том сүлжээ AMC энэ мэдэгдлийг хариуцлагагүй хэмээн буруутгаж, Universal-ийн бүтээлийг театрууддаа гаргахгүй гэдгээ мэдэгджээ. Тахлын улмаас кино театрууд хаалгаа барьж, түр зогсолт хийж байгаа энэ үед зөвхөн Universal гэлтгүй Disney тэргүүтэй бусад студиуд ч онлайн стриминг ашиглан киногоо цацах сонголтыг хийсээр байгаа билээ. Өнгөрсөн жил дэлхийн даяар бокс оффисын орлого 42 тэрбумд хүрч рекорд тогтоосон юм. Гэсэн ч Netflix тэргүүтэй видео платформуудын тэсрэлт Холливүүдийн бизнес моделийг өөрчлөх хандлагатай байгаа нь тахлын үеэр улам илэрхий боллоо хэмээн шинжээчид үзэж байна.


Нууц бичлэг: Пентагон 2004-2015 оны хооронд хийгдсэн үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоотой гурван бичлэгийг олон нийтэд нээлттэй болголоо. Энэхүү бичлэгүүдийн хоёрыг нь анх 2017 онд The New York Times-ийн эрэн сурвалжлах баг "нууцлаг UFO-ийн хөтөлбөр" хэмээн анх зарлаж байсан юм. Харин нөгөөг нь Blink 182 хамтлагийн дуучин T.Делонжийн үүсгэн байгуулсан "To The Stars" байгууллага цацаж байжээ. Бичлэгт нисгэгчид урдаа илрүүлсэн нисдэг биетийг юу гэдгийг тогтоож чадалгүй ангайсаар хоцорч байгаа нь харагддаг. Гэхдээ энэ бол АНУ албан ёсоор харийн хөлгийг олчихлоо, харийнхан байдаг юм байна гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн үг огтхон ч биш. Ердөө л "юу гэдгийг нь тогтоож чадаагүй, ямар технологи ашиглаж байгааг нь мэдэхгүй нисдэг биетийн бичлэг байна" гэсэн утгаар ил болгосон нь энэ. Эдгээр нь хараахан ил болоогүй гадаадын цэргийн технологи, эсвэл ямар нэг байгалийн үзэгдэл ч байж болохыг тэд үгүйсгээгүй юм.

4 мэдүүштэй баримт

Ухаалаг дуулга: Дубайн цагдаа нар 5 метрийн зайнаас хүний халууныг мэдэрч дохио илгээх чадалтай ухаалаг дуулгаар тоноглогджээ. Хятадын KC Wearable-ийн уг бүтээл минутанд 200 хүнийг шалгах боломжтой бөгөөд автоматаар төв рүү мэдээлэл илгээдэг гэнэ. АНЭУ-д одоогоор коронавирусын 8000 гаруй тохиолдол илрээд байгаа юм.

Патент эзэмшигч: АНУ-ын Оюуны Өмчийн газар хиймэл оюуныг зохион бүтээгчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргалаа. Тэд зөвхөн хүн л патент эзэмших эрхтэй хэмээн үзсэн байна. Өнгөрсөн жил DABUS нэртэй AI 2 ч төрлийн төхөөрөмж бүтээн, патент эзэмших хүсэлтээ гаргаад байсан юм.

Гэрийн тест: Коронавирусын шинжилгээг гэртээ хийх энгийн тестийг хэрэглээнд нэвтэрлээ. АНУ-д LabCorp-ийн тест 119 долларын үнэтэй борлуулагдах бол Их Британид хэрэглэгдэх Кэмбрижийн стартапын тест хариугаа 10 минутанд л гаргана гэнэ.

Робот такси: Ford 2021 онд гаргахаар зэхэж байсан жолоочгүй буюу робот таксины үйлчилгээгээ нэг жилээр хойшлуулж байгаагаа зарлалаа. Коронавирусын улмаас эдийн засаг тооцоолоогүй эрсдэлүүдтэй нүүр тулгарсан нь ийм шийдвэр гаргах гол үндэс болжээ. Тэд эхний улиралд 2 тэрбум долларын алдагдалтай ажиллажээ.

5 сонин хачин

1. Disney 1997 онд анх гарч байсан Геркулесийн анимэйшнийг дахин бүтээх гэж байгаагаа баталлаа. Avengers цувралаараа алдаршсан ах дүү Руссо шинэ киноны продюсерээр ажиллана гэнэ. Дисней үүнээс өмнө Робин Хүүд, Лило-Стичийн киног дахин хийхээ зарлаад байсан билээ.

2. Гурван долоо хоногийн турш сураггүй байсан БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эргэн ирлээ. Тэрээр бордооны үйлдвэрийн нээлтэд оролцож, тууз хайчилж буй дүрсийг төв телевиз цацсан нь түүнийг зүрхний хагалгааны хүндрэлийн улмаас амиа алдсан байж магад гэсэн цуурхлыг няцаах баримт болжээ.

3. Raspberry Pi сангаас компьютерын хорхойтнууд, сонирхогчдод зориулан 50 долларын үнэтэй 12.3 мегапикселийн камерын багцыг гаргалаа. Sony-ийн линзээр тоноглогдсон уг камер нь төхөөрөмж угсрагчдын гарт хамгийн чанартай камерыг атгуулж байгаа гэсэн үг юм. Тэд үнэгүй заавар, зөвлөмжийг мөн нээлттэй болгожээ.

4. Google видео дуудлагын үйлчилгээ Google Meet-ийг хүн бүрд нээлттэй-үнэгүй болголоо. 100 хүртэлх хүнтэй групп дуудлагыг ямар нэг хугацааны хязгаарлалтгүй хийх боломжтой болгосон нь цар тахлын үед видео үйлчилгээний эрэлт эрс ихэссэнтэй холбоотой. Уг мэдээ цацагдсанаас хойш уг үйлчилгээнд өдөрт 3 сая хүн бүртгүүлж байгаа гэнэ.

5. Цар тахлын улмаас хойшлогдож, цуцлагдсан дэлхийн хамгийн том кино фестивалиуд Youtube-тэй нэгдэн 10 өдрийн онлайн наадмыг явуулах болжээ. "We Are One" нэртэй уг фестивальд Cannes, Sundance, Venice, Berlin зэрэг 20 гаруй наадам нэгдэж байгаа бөгөөд 5-р сарын 29-нд нээлтээ хийж, үзэгчдэд үнэ төлбөргүйгээр шинэ-шилдэг бүтээлүүдээ хүргэнэ гэнэ. Сонирхуулахад, 2021 оны Оскарын наадам онлайнаар нээлтээ хийсэн кинонуудыг хүлээн зөвшөөрч, шагналуудад нэр дэвшүүлэхээ мэдэгджээ.

10 уншууртай мэдээ

Бахархах: NASA-ийн инженерүүд амьсгалын аппарат бүтээсэн нь /The Verge/
Харьцуулах: Вакцин бүтээх өрсөлдөөнийг зургаар үзэх /Nature/
Мөрөөдөх: Нохойтой хоёр эрийн мөрөөдлийн аялал /BBC/
Үзэх: Оны шилдэг гэрэл зургийн бүтээлүүд /World Press Photo/
Аялах: Хятадын жуулчдын №1 сонголт - Ухань /CNN/
Гайхах: Инстаграм арлын тэсрэлт /GQ/
Ойлгох: Ikea Швед бөөрөнхий махыг хит болгосон нь /The Economist/
Дурсах: И.Ханы гэгээн дурсгалд /The Atlantic/
Сонирхох: Токиогийн эрэг дээр өнгөрүүлсэн 27 хоног /Wired/
Тайлбарлах: Хүүхэд коронавирус тарааж чадах уу? /Vox/