1 гол зүйл

Коронавирусийн эсрэг вакцины сураг Оросоос дуулдсан ч дэлхий дахин эргэлзсэн хэвээр л байна.

Орос ялав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсын эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцин гарган авсныг хэрэглэхийг зөвшөөрснөө зарлалаа. Дэлхийн анхны хиймэл дагуул Спутник V-ийн нэрээр нэрлэгдсэн уг вакциныг Путины охин хүртэл хийлгээд амжсан гэнэ. "Дэлхийд анхны" хэмээн тодорхойлогдсон уг вакциныг Москвад төвтэй Гамалеягийн нэрэмжит судалгааны институтэд хөгжүүлсэн байна.

Итгэх үү, эс итгэх үү

Уг вакцинд олон хүнийг оролцуулсан гуравдугаар шатны туршилт хийж дуусаагүй, судалгааны дата нээлттэй биш байгаа нь экспертүүдийг эргэлзүүлж буй. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, эрдэмтэд удирдлагуудаасаа туршилт дуустал албан ёсны мэдэгдлээ хойшлуулахыг хүссэн удаатай гэнэ. Гэхдээ Путин вакциндаа итгэлтэй байгаагаа зарлаж, бүр энэ сараас эхлэн эмч, багш нарт эхний тунг хийх төлөвлөгөөгөө танилцуулжээ. Кремлийн мэдэгдсэнээр АНУ тэргүүтэй 20 гаруй улс 1 тэрбум гаруй тунг худалдан авах хүсэлтээ илгээжээ.

Вакцины төлөөх дайн

Аль хэдийн 21 сая хүнд халдварлаж, 769 мянган хүний аминд хүрээд буй коронавирус дэлхий дахиныг айдаст автуулж, нийгмийн дэг хэмжээг эвдсээр буй. Тиймдээ ч вакцины үнэ цэн өдрөөс өдөрт өсөж, өрсөлдөөн улам бүр ширүүссээр байгаа билээ. Одоогоор олон улсад коронавирусийн эсрэг нийт 165 янзын вакцин хөгжүүлж байгаагаас 30 гаруй нь хүн дээр туршигдаж эхлээд байгаа. Хятадын хэд хэдэн компаниас гадна АНУ-д Moderna, Их Британид Оксфордын их сургууль, AstraZeneca-ийн хамтарсан багууд мянгаас их хүн дээр туршилт хийж, тэргүүн эгнээнд яваа билээ.

2 чухал тоо

30 - 78 сая хэрэглэгчтэй Fortnite тоглоомыг бүтээгч Epic Games Apple-ийг App Store дээр монополь бодлого тогтоож, борлуулалтын 30 хувийн татвараараа апп хөгжүүлэгчдийг "боомилж" байна хэмээн шүүхэд өглөө. Үүнийг Facebook, Tinder, Spotify зэрэг хэд хэдэн топ компаниуд дэмжээд буй. Fortnite шинэчилсэн хувилбартаа тоглоомын захаас хүссэн зүйлээ Apple-аар дамжуулахгүй шууд худалдан авах нэмэлтийг шингээсэн нь Apple-ийн журмыг зөрчсөн гэж үзэж, App Store-оос тодорхойгүй хугацаагаар хасаад байсан юм. Google Play Store ч мөн тэр шалтгаанаар ижил шийдвэр гаргасан билээ.

18,000,000,000 - Байр түрээсийн үйлчилгээ үзүүлэгч юникорн стартап Airbnb 8-р сард багтаан IPO хийх хүсэлтээ гаргалаа. Цар тахлын хорио цээрийн улмаас бизнес нь доголдолд орж буйтай зэрэгцэн нээлттэй компани болж байгаа нь олон экспертийг гайхшируулж байна. Өнгөрсөн жил 35 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хөрөнгө босгосон тэд нийт ажилчдынхаа 25 хувийг цомхотголд оруулаад байгаа бөгөөд 18 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа гэнэ.

3 онцлох зүйл

АНУ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, экс дэд ерөнхийлөгч Жозеф Байден Калифорнийн сенатч Камала Харрисыг сунгааны хамтрагчаараа сонгосноо зарлалаа. 11-р сард Д.Трампын эсрэг Ардчилсан намаас өрсөлдөх Ж.Байдены энэ сонголт хэд хэдэн талаараа онцлогтой. К.Харрис ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх анхны өнгөт арьст, анхны Өмнөд Азиас гаралтай эмэгтэй болж байгаа нь энэ. Өмнө нь мужийнхаа ерөнхий прокуророор ажиллаж байсан К.Харрис өнгөрсөн жил намаасаа нэр дэвшихээр өрсөлдөж байсан юм. К.Харрисаас өмнө 1984 онд Ж.Феррара, 2008 онд С.Палин нарын эмэгтэйчүүд л дэд ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байв. Хэрвээ ихэнх шинжээчдийн таамаг ёсоор Ж.Байден Трампыг ялж чадвал 55 настай Харрис анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болох учиртай билээ.

Дэлгэрэнгүйг: Politico | The Economist | CNN


Беларусь: 1994 оноос хойш төрийн эрхийг гартаа атгаж буй Александр Лукашенко ерөнхийлөгчийн сонгуульд 6 дахиа дараалан ялсан нь нийгмийг талцуулж, эмх замбараагүй байдал үүсгэв. Тус улсын Сонгуулийн төв хорооны мэдэгдснээр Европт хамгийн удаан төр барьж буй лидер болох Лукашенко нийт иргэдийн 80.08 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан аж. Түүний гол өрсөлдөгчид тооцогдож байсан С.Тихановскаяа ердөө 10 хувийн санал авсан нь олон нийтийг эргэлзээнд оруулсан. Улмаар сонгуулийн дүнг эсэргүүцэж, шаардсан жагсаал цуглаан нийслэл хот Минскийг хамарч, бүтэн шөнийн турш үргэлжилсэн бөгөөд хүчний байгууллагууд жагсагчдын эсрэг усан буу, резинен сум зэргийг ашиглаж, 6 мянга гаруй хүнийг баривчилжээ. Жагсаалын үеэр нэг хүн амиа алдсан байна. Мөн Беларусь орон даяар интернет тасалдаж, зарим үед бүрэн холбоогүй болох тохиолдол гарсан нь санамсаргүй хэрэг биш хэмээн шинжээчид үзэж буй. С.Тихановскаяа нөхцөл байдалтай холбоотойгоор хөрш Литва улс руу дүрвээд байгаа гэнэ.

Дэлгэрэнгүйг: Vox | CNN | BBC


Хонконг: Тус улсын медиа салбарын хамгийн том төлөөлөгчдийн нэг Жимми Лай "гадаадын этгээдүүдтэй үгсэн хуйвалдсан" гэсэн шалтгаанаар баривчлагдлаа. Өнгөрсөн сараас хэрэгжиж эхэлсэн аюулгүй байдлын тухай шинэ хуулийн хүрээнд БНХАУ-ын эрх баригчид иргэний нийгэм, боловсролын салбарын сэхээтнүүдийг онилох болсны илрэл энэ. Өдгөө 72 настай, 1.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Ж.Лай ардчиллыг дэмжигч Apple Daily-г үүсгэн байгуулагч бөгөөд Бээжингийн бодлогыг гол эсэргүүцэгчдийн нэг юм. Нийт 200 гаруй цагдаа нар түүний оффист дайрч нэвтрэн, 25 гаруй хайрцаг материалыг битүүмжилжээ. Үүнтэй зэрэгцэн Ардчиллын хөдөлгөөний лидер Агнес Чоу тэргүүтэй дөрвөн ч хүнийг шинэ хуулийн хүрээнд баривчилсан нь анхаарал татав. Хэдийгээр тэд батлан даалтаар суллагдаж, ард иргэд баатрын ёсоор угтан авсан ч тайвшрах болоогүйг экспертүүд сануулж буй. Шинэ хуулийн хүрээнд Эх газар үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аливаа жагсаал, цуглаан үйлдлийг чөлөөтэй таслан зогсоож, холбоотой этгээдүүдийг баривчлан шийтгэл оноох боломжтой болсон билээ.

Дэлгэрэнгүйг: NYTimes | WSJ | Quartz

4 мэдүүштэй баримт

Орчуулдаг маск: Японы Donut Robotics хэмээх стартап 8 хэл ойлгож, орчуулах чадвартай нүүрний маск хөгжүүлсэн байна. Bluetooth технологи ашиглан гар утастай холбогдох уг маскийг хөгжүүлэх үеэрээ тэд олон нийтээс хөрөнгө босгосон бөгөөд ердөө 37 минутад 28 сая иен цуглуулж чаджээ. 40-50 ам.долларын үнэтэй эл маск 12-р сараас Японд борлуулагдах гэнэ.

Дуунаас хурдан: АНУ-ын Засгийн Газар Hermeus нэртэй стартаптай хамтран ерөнхийлөгчийн хөлөглөх онгоцны шинэ хувилбарыг бүтээх болсноо зарлалаа. Уг онгоц нь дууны хурдаас 5 дахин илүү хурдтай нисэх чадалтай байна гэдгээрээ онцлогтой. Hermeus өнгөрсөн жилээс эхлэн дэлхийн хамгийн хурдан онгоцны хөдөлгүүрийн туршилтыг амжилттай хийсээр байгаа билээ.

Наран ус: Австрали, Хятадын эрдэмтэд нарны гэрлийг ашиглан ус цэвэршүүлж, унданд хэрэглэх технологи илрүүлснээ зарлалаа. Тэд ердөө талстлаг шинжтэй металл ионоос ганцхан килограмыг ашиглан 120 литр ус цэвэршүүлсэн гэнэ. Эрдэмтэд зардал багатай, байгальд ээлтэй уг технологийг хэрэглээнд нэвтрүүлэх нь дэлхий даяарх цэвэр усны хомсдолтой тэмцэхэд онцгой нөлөө үзүүлэх боломжтой хэмээн үзжээ.

Хос дэлгэц: Microsoft ихээхэн найдлага тавьж буй хос дэлгэцтэй ухаалаг төхөөрөмж Surface Duo-гоо 9-р сарын 10-нд гаргах болсноо зарлалаа. Бүрэн дэлгэгдсэн үедээ 8.1 инчийн хэмжээтэй уг утас 1399 ам.доллараар борлуулагдах нь.

5 сонин хачин 

1. Google хайлтын илэрц дээр хэрэглэгчдийн хувийн мэдээлэл болон танилцуулгыг ил болгох зорилготой "People Cards" нэмэлтээ танилцууллаа. Бизнес болон алдартнуудын нэрийг хайхад гарч ирдэгтэй ижил танилцуулгыг хэрэглэгчид өөрсдөө үүсгэх учиртай бөгөөд энэ нэмэлтийг Энэтхэгт туршиж байгаа гэнэ.

2. Твиттер өнгөрсөн 5-р сараас эхлэн туршсан хариу бичих тохиргооны горимыг албан ёсоор нэвтрүүллээ. Ингэснээр хэрэглэгчид өөрсдийн бичсэн жиргээнд хэн хариу бичиж болохыг сонгох боломжтой болж байгаа юм. Энэ нэмэлтийн тусламжтайгаар нэрээ нуусан хэрэглэгчдээс ирэх дайралт, шахалтаас зайлсхийж, илүү эрүүл харилцааг үүсгэх боломжтой болно хэмээн тэд найдаж байна.

3. Солонгосын топ автомашин үйлдвэрлэгчдийн нэг Hyundai Ирландад төвтэй Aptiv-тай хамтарсан жолоочгүй машины технологи хөгжүүлэх компани байгуулаад байна. 2022 онд анхны жолоочгүй машинаа дуудлагын таксины зориулалтаар гаргах уг нэгдэл Motional гэдэг нэртэй байх бөгөөд энэ жилдээ багтааж 1000 ажилтантай болох гэнэ.

4. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй анимэйшн цуврал "SpongeBob Squarepants"-ийн ертөнцийн шинэ түүхийг бүтээх болсноо Nickelodeon баталлаа. Тэдний шинэ шоу Спонж Бобын найз Патрик Стар дээр төвлөрөх аж. 1999 онд анх цацагдсан уг цуврал 55 хэл дээр орчуулагдаж, улиралд 100-аас илүү сая үзэлт авдаг Viacom-ийн гол контентуудын нэг болоод байгаа билээ.

5. Apple дижитал бизнесүүдээ нэгтгэсэн шинэ үйлчилгээг танилцуулахаар зэхэж байна. Apple One нэртэй уг үйлчилгээнд Apple Music (хөгжим), Apple TV+ (видео), Apple News+ (сэтгүүл) , Apple Arcade (тоглоом) багтана. Ингэснээр тус тусад нь авахаас хямдаар ашиглаж болох агаад үнэнч хэрэглээг урамшуулах бодлоготой байх гэнэ. Тэд уг үйлчилгээгээ 10-р сард iPhone-ий шинэ загваруудтай хамт олон нийтэд зарлах бололтой.

10 унших мэдээ

Ярилцах: HBOMax-ийн CEO стрийминг дайны тухай /Bloomberg/

Сонсох: Cancel Culture-ийн тухай ярилцацгаая /NYTimes/

Ухах: Lego-ийн UX-ийг тайлбарлах нь /Designed By Cave/

Мэдэх: Шинэ экологийн хямралын эргэн тойронд /NBC/

Анзаарах: Шинэ Зеланд вирусийг ахин зогсоож чадах уу? /Time/

Танилцах: Гольфын шинэ Тайгер Вүүдс /CNN/

Харьцуулах: АНУ Ромын эзэнт гүрнээс юу сурч болох вэ? /Vox/

Айх: Коронавирусийн халдвар шинэ рекорд тогтоов /BBC/

Ойлгох: АНЭУ-Израил эвлэрсэн нь /Al Jazeera/

Гайхах: Хятад стартап 1.5 тэрбум доллар босгов /Reuters/