1 гол сэдэв

Юу болов?

Apple Vision Pro хэрэглэгчдийн гарт хүрч эхэллээ. Энэ бол Apple-ийн хувьд 2015 онд Apple Watch ухаалаг цагийг гаргаснаас хойшхи хамгийн эхний шинэ бүтээгдэхүүн нь гэдгээрээ онцлогтой. Өнгөрсөн зуны WWDC-ийн үеэр танилцуулсан цагаасаа хойш өндөр хүлээлт дагуулсан тус төхөөрөмж 3499 долларын үнэтэйгээр зарагдаж байгаа юм. Тэд 2015 онд Volkswagen-аас салсан Metaio хэмээх AR стартапыг худалдаж авснаар AR/VR төхөөрөмжийн хөгжүүлэлтээ эхлүүлсэн гэгддэг билээ.

Ямар байв?

Тус шилийг зүүсэн анхны хэрэглэгчид "ирээдүйг тольдох боломж", "бидний амьдралыг тэр чигт нь өөрчилнө" гэх зэргээр маш өндөр сэтгэгдэлтэй байгааг тодотгох хэрэгтэй. Spatial computing буюу орон зайн тооцоолуур хэмээх технологид суурилсан уг шил нь Apple-ийн хөгжүүлсэн visionOS дээр ажиллах бөгөөд M2 чип, тусгайчлан хөгжүүлсэн мэдрэгчийн процессор R1-ээр тоноглогджээ. Орчноо нэвт харах боломжийг олгосон шил нь 5 мэдрэгч сенсор, 6 микрофон, 12 камертай.

Одоо яах вэ?

Цоо шинэ хэрэглээний категорийг хөгжүүлж буй Apple-ийн хувьд хэдийнээ Adobe, Disney, Microsoft, Zoom зэрэг компаниудтай хамтран тусгайчлан хөгжүүлсэн апп-уудыг хэрэглэгчдэд санал болгоод эхэлжээ. Гэхдээ Netflix, Youtube, Spotify зэрэг топ апп-ууд шинэ үйлдлийн системд хөгжүүлэлт хийх төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдээд байгаа. Сонирхуулахад, 2 долоо хоногийн өмнө эхэлсэн урьдчилсан захиалга ердөө 18 минутын дотор дуусаж, 200 мянган ширхэг төхөөрөмж борлуулагдсан байна. Apple-ийн хувьд 160 мянган ширхэгийг борлуулах зорилготой байсныг шинжээчид онцолж буй.

2 чухал тоо

250.000.000 - Дэлхийн №1 подкастер гэгдэх Ж.Роган Spotify-тай байгуулсан гэрээгээ сунгалаа. Одоогоорх хамгийн том буюу 250 сая долларын өртөгтэй уг гэрээнд түүний подкастууд зөвхөн Spotify бус бусад платформуудаар цацагдаж болох заалт орсон нь анхаарал татав. Энэ нь Spotify-ийн онцгой эрхтэй платформ болох стратеги өөрчлөгдөж байгаагийн нэгэн илэрхийлэл боллоо хэмээн экспертүүд дүгнэж байна.

55.000.000.000 - Делавер мужийн шүүхээс И.Маскийн Tesla-аас хүртэх ёстой 55 тэрбум долларын цалин урамшууллыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. 2018 онд И.Маск Tesla-ийн үнэлгээг 10 дахин өсгөж, 650 тэрбумд хүргэх зэрэг хэд хэдэн шаардлагыг хангавал дээрх урамшууллыг авах гэрээг байгуулж байсан юм. Гэсэн ч шүүхээс түүнийг бусад хувьцаа эзэмшигчдийг төөрөгдүүлсэн, өөрийн талын хүмүүсээс бүрдсэн ТУЗ-д нөлөөлж шийдвэр гаргуулсан зэргээр буруутгажээ. И.Маск энэ шийдвэрийг давж заалдахаас гадна компанийхаа төв оффисыг нүүлгэнэ гэдгээ мэдэгдэв.

Тоймын түнш: KELME MONGOLIA

БНСУ-ын Канвон хотноо 4 дэх удаагийн Залуучуудын Өвлийн Олимпын наадам явагдлаа. Уг наадамд уулын цана, гүйлтийн цана, биатлоны төрөлд 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон Монголын багийн албан ёсны түншээр Испанийн алдарт спорт хувцасны брэнд Kelme ажиллалаа.

Kelme-ийн хувьд яг одоо цагаан сарын хямдралтай худалдаагаа эхлүүлээд байгаа бөгөөд 2024.02.20 хүртэл 1ш бараа 20%, 2ш болон түүнээс дээш бараа 30%, өвлийн бараа 50%-аар хямдран тус тус худалдаалагдах гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

3 онцлох өгүүлбэр

I. TikTok, Universal Music Group-ийн хэлэлцээр бүтэлгүйтлээ.

- Ингэснээр TikTok-ийн 1.4 тэрбум хэрэглэгчид дэлхийн хамгийн том одод болох Б.Айлиш, Т.Свифт, Дрэйк нарын уран бүтээлийг ашиглах боломжгүй болж байгаа юм. Өмнө хэрэглэгдсэн дуунуудын бичлэг устахгүй ч дуу нь автоматаар "чимээгүй" горимд шилжих гэнэ.

- Universal Music Group-ийн хувьд TikTok-ийг "хөгжимд суурилсан платформ" хэмээн үзэж, артистуудад илүү өндөр хэмжээний рояалти төлбөр төлөх ёстой хэмээн үзсэн. Тэд TikTok-ийн 20 тэрбум долларын зар сурталчилгааны орлогоос илүү ихийг авахаар шинэ хэлцлийг эхлүүлээд байсан юм.

- Энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Гэхдээ TikTok-ийн хувьд саяхан AI ашиглан дуу зохиож, түүнийгээ бичлэгтээ шууд ашиглах боломж олгох хэрэгслийг туршиж эхлээд байгаа. Тэрчлэн тэд Ирланд, Австрали, Мексик зэрэг 21 оронд TikTok Music нэртэй стриминг апп-ийг нэвтрүүлж, Spotify, Apple Music-тэй өрсөлдөж эхлээд байгаа юм.


II. АНУ-ын сенат цахим орчин дахь хүүхдийн эрхийн асуудлаар сонсгол хийлээ.

- Уг сонсголд сошиал медиа платформуудын төлөөлөл болон Facebook/Instagram-ийн М.Цукерберг, TikTok-ийн Ш.Зи Чю, X-ийн CEO Л.Яккарино, Snap-ийн үүсгэн байгуулагч Э.Шпигел, Discord-ийн CEO Ж.Ситрон нар оролцов. Сенатын зүгээс онлайн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хувийн аюулгүй байдлыг хангах, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах чиглэлээр хууль батлахаар зэхэж байгаа юм.

- Сонсголын хамгийн онцлох мөч нь Meta-ийн үүсгэн байгуулагч М.Цукерберг онлайн орчинд хүүхдийн эрх нь зөрчигдсөн эцэг эхчүүдээс уучлал хүссэн нь байлаа. Тэрээр өөрийн харьяа платформууд дээрх контент модераторын ажилд нийт 40 мянга гаруй албан хаагч ажиллуулдгаа онцолж, хүүхдэд зориулсан Instagram-ийг нээх төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ.

- Нөгөө талд TikTok-ийн CEO Шоу Зи Чю апп-ын Хятадтай холбоотой эсэх асуудалд тууштай няцаалт өгсөн хэвээр байв. Мөн тэрээр TikTok-ийн хэрэглэгчдийн дундаж нас 30 болсон гэдгийг онцлоод аюулгүй байдал, итгэлцлийг нэмэх чиглэлд 2 тэрбум долларын хөрөнгө оруулах болсноо зарлав.


III. Meta анх удаа ноогдол ашиг тараана.

- Facebook, Whatsapp, Instagram-ийг эгнээндээ нэгтгэсэн Meta-ийн нэгж хувьцааны үнэлгээ 20%-аар өсөж, үнэлгээ нь 197 тэрбумаар нэмэгдэн 1.22 их наядад хүрлээ. Энэ бол Америкийн компаниудын хувьд нэг өдөрт үзүүлсэн хамгийн том өсөлт гэдгийг Bloomberg мэдээлэв. Үүний шалтгаан нь тэдний улирлын тайлан маш эерэг гарсан нь байлаа.

- Цар тахлын дараах онлайн сурталчилгааны зах зээл сэргэж, их цомхотгол-дэд бүтцийн шинэчлэлтэй холбоотой зардал буурч, Llama зэрэг AI-д суурилсан хөгжүүлэлт нь зах зээлээс эерэг үнэлгээ авсан нь тайланд нөлөөлөв. Тэдний борлуулалтын орлого 40.1 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 25%-аар нэмэгдсэн үзүүлэлт байв. Харин ашиг нь бараг 3 дахин өсөж, 14 тэрбумтай тэнцжээ. Meta-ийн апп-уудыг өдөр бүр 3.19 тэрбум хүн хэрэглэж байгаа нь жилийн өмнөхтэй харьцаалахад 8%-аар өссөн гэсэн үг. Хамгийн сүүлд гаргасан Threads-ийн хэрэглэгчид 130 саяд хүрсэн нь нээлтийн үеэс хойшхи хамгийн оргил үзүүлэлт нь болжээ.

- Энэ долоо хоногт Facebook-ийн 20 жилийн ой тохиож буй. Үүнтэй зэрэгцэн тэд анх удаа ноогдол ашиг тараах шийдвэр гаргаж, нэгж хувьцаанд 0.5 долларыг олгох болсноо зарлалаа. Энэ нь үүсгэн байгуулагч М.Цукербергийн хувьд жил бүр 700 сая долларын ноогдол ашиг хүртэх болж байна гэсэн үг. Тэрчлэн тэд 50 тэрбум долларын хувьцааг эргүүлэн худалдаж авах болжээ.


Бусад топ компаниудын тайлангийн мэдээллийг үзэх:

Microsoft: Видео тоглоомын орлого Windows-ийг гүйцэв

Google: Зөвхөн цомхотголд 2.1 тэрбум доллар зарцуулжээ

Amazon: Орлого 14%-аар нэмэгджээ


4 мэдүүштэй зүйл

Анхны туршилт: И.Маскийн үүсгэн байгуулсан Neuralink хүний тархинд чип суулгах анхны туршилтаа амжилттай хийжээ. Тэд бодлоороо утас, компьютерээ удирдах боломж олгох анхны бүтээгдэхүүнээ Telepathy хэмээн нэрлэсэн бөгөөд өвчтөний биеийн байдал хэвийн байгааг онцолжээ.

AI хууль: Европын Холбооны 27 гишүүн орон 100%-ийн саналаар хиймэл оюунтай холбоотой зохицуулалт бүхий "AI Act"-ийг баталлаа. Дэлхийд анхны гэх тодотголтой уг хууль нь өргөн хэрэглээнд ашиглагдаж буй AI моделтой холбоотой эрсдлийг бууруулах, ёс зүйн заалтуудыг журамлах, нээлттэй-ил тод байдлыг хангах зорилготой юм.

Сураггүй онгоц: Домогт нисгэгч Амелия Эрхартын 1937 онд осолдсон онгоцны үлдэгдлийг Номхон далайн Хоуланд арлаас 160 км-ийн зайд илрүүлсэн гэх мэдээ гарлаа. Sonar буюу дуу авиагаар байршил тогтоогч технологи хөгжүүлэгч Deep Sea Vision компанийн үүсгэн байгуулагч Т.Ромео өнгөрсөн жил 11 сая долларын өртөгтэй төслийг эхлүүлсэн юм. Шинжээчид одоогоор уг мэдээллийг нягталж, батлах ажлыг өрнүүлж байна.

AI зөвлөмж: Google хамгийн алдартай апп-уудын нэг Google Map-д AI-ийг нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Хэрэглэгчид одоо AI-ийн тусламжтайгаар 250 сая байршлаас өөрт хамгийн тохирохыг сонгож, 300 сая гаруй бусад хэрэглэгчийн үнэлэмж, сэтгэгдлийг шүүх боломжтой болж байна. Эхний ээлжинд тус нэмэлт АНУ-ын зах зээлд нэвтрэх гэнэ.

5 сонин хачин

1. Apple, Universal-ийн хамтын бүтээл "Argylle" дэлхий даяар 35.3 сая долларын орлого олж, бокс оффисыг тэргүүллээ. Гэхдээ энэ бол Х.Кавилл, Дуа Липа, Б.Кранстон, С.Жэксон зэрэг супер оддыг нэгтгэж, 200 сая долларын өртөгтэй боссон киноны хувьд даруухан амжилт. Apple уг киног гурван ангит трилоги болгох амбицтай байгаа юм.

2. F1-ийн хамгийн шилдэг нисгэгчдийн нэг Льюис Хэмилтон 11 жилийн турш хүчин зүтгэсэн Mercedes-ийг орхиж, гол өрсөлдөгч Ferrari-тай гэрээ байгуулснаа зарлан авто ертөнцийг шоконд орууллаа. Домогт М.Шумахерийн 7 удаа түрүүлсэн амжилттай зэрэгцээд байгаа тэрээр жилд 100 сая долларын цалин авах гэнэ.

3. 19 га газрыг хамран байгуулагдаж буй Universal Epic Universe-ийн төлөвлөгөө анх удаа нийтэд ил боллоо. 2025 онд Орландод нээлтээ хийх уг парк нийт 5 бие даасан хэсгээс бүрдэнэ. Эдгээрт нь Super Mario World, Harry Potter World, How To Train Your Dragon World, Dark Universe World-оос гадна энэ бүгдийг холбох төв гудамжийн үүрэг гүйцэтгэх Celestial Park тус тус багтаж байна.

4. Өнгөрсөн сарын сүүлээр нээлтээ хийсэн OnePlus 12-ийн үйлдлийн систем шинэчлэгдэж, AI нэмэлтүүдтэй болсон байна. ColorOS-ийн шинэчлэл эхний ээлжинд Хятадын хэрэглэгчдэд хүрэх бөгөөд AI-аар зураг янзлах, дуудлага болон текстийн тоймыг AI-аар бичүүлэх зэрэг боломжийг эдлэх гэнэ.

5. Орчин цагийн зомбигийн хамгийн классик бүтээлүүдийн нэгт тооцогдох "28 Days Later"-ийн түүх үргэлжлэх болжээ. 2002 онд уг киног анх бүтээсэн алдарт найруулагч Д.Бойл болон А.Гарланд нар дахин нэгдэж, шинэ ангийг нь "28 Years Later" нэртэйгээр бүтээхээр ажиллаж байгаа гэнэ. Oppenheimer-ийн од С.Мюрфигийн анхны амжилттай бүтээлд тооцогдох уг түүхийн 2-р анги 2007 онд "28 Weeks Later" нэртэйгээр гарч байсан юм

10 унших мэдээ

Мэдэх: Европын Холбоо Украинд 54 тэрбумын тусламж үзүүлнэ /Al Jazeera/

Сонирхох: Малайзын 17 дахь хаан тангаргаа өргөлөө /Reuters/

Зүүх: LVMH цагны брэндүүдээ нэгтгэлээ /CNBC/

Гайхах: Nintendo-д 14 сая долларын өртэй эрийн сургамжтай түүх /The Guardian/

Турших: Код нэр: Q6A - Samsung-ийн нугардаг утасны шинэ загварууд /Winfuture/

Анхаарах: Хүүхдийн аюулгүй байдал ба технологийн сонсгол /The Verge/

Хүлээх: AI чип бүтээх өрсөлдөөн /NYTimes/

Үзэх: Netflix-ийн 2024 оны төлөвлөгөө /Netflix/

Унах: Apple жолоочгүй машины туршилтаа эрчимжүүлэв /Wired/

Анзаарах: Шоронгоос Пакистаны ерөнхийлөгч болох амбиц /BBC/