0 зогсоол: Надад нэг санал байна

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль явагдаж буй энэ үед улс төрийн нам, эвсэл, бие даагчдын сурталчилгаа ид үедээ орж, төрөл бүрийн мэдээлэл сонгогчдын нүд, чих, гарт ирэх цаг айсуй. Бид илүү хариуцлагатай, бас идэвхтэй сонгогч байхад тань туслах заавал унших нийтлэлүүдийн жагсаалтыг хүргэж байна.

Яагаад таны санал чухал гэж?

Яагаад гэвэл энэ бол таны, таны гэр бүлийн, танай найзуудын гээд бид бүгдийн ирэх дөрвөн жилд хамтдаа амьдрах нийгмийг цогцлоох "тулаан". Тэдний дэвшүүлж буй санаа, гүйцээх бүтээн байгуулах, санаачлах төсөл хөтөлбөрүүд бид бүгдийн амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлөх л болно. Манай орны дийлэнх хэсгийг бүрдүүлэгч залуус өмнөх сонгуулиудад төдийлэн идэвхтэй бус оролцдог нь тоо баримтаас харагддаг. Тиймээс өөрсдийн мөрөөдлийнхөө төлөө оногдсон нэг саналаараа хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Заавал унших: Залуусын оролцоо ус, агаар мэт хэрэгтэй байгааг батлах ДӨРВӨН ТОО

Сонирхож унших: Залуусын улс төрийн оролцоог тайлбарлах нь

Одоо яах вэ?

Гэрийн даалгавраа сайн хийсэн хүүхэд шалгалтандаа хангалттай дүнгээ авдаг даа? Яг л түүнтэй ижил та өөрийн хувийн бэлтгэлээ сайтар хангаж, илүү мэдээлэлтэй байх тусам таны сонголт утга учиртай байх болно. Сонгуулийн тогтолцооны тухай ойлгох, тойргийн хуваарилалтыг мэдэхээс эхлээд нэр дэвшигчдээ судлах, мөрийн хөтөлбөрүүд унших, уулзалт хуралд оролцох зэрэг олон сонголт бий. Заавал бүгдийг нь нэг бүрчлэн биелүүлэх албагүй, танд олон төрлөөр бэлтгэлээ хангах боломж бий шүү.

Заавал унших: Сонгуулийн тухай таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсгэнд

Сонирхож унших: Санал өгөхдөө бэлдэх 8 алхам

Өөр юу мэдэх хэрэгтэй вэ?

Олон улсын болон дотоодын олон төрийн бус байгууллагууд, медиа агентлагууд хамтран залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, залуу сонгогчдын боловсролыг нэмэх чиглэлээр кампанит ажлууд явуулж байна. Өөрийн дуртай сошиал платформ дээрээ, өөрийн сонирхсон хэлбэрээр мэдээлэл хүлээн авах сонголт танд бий. Чухал өдөр болоход 9 өдөр л үлдлээ дээ.

Илүү ухах: Надад нэг санал байна | Өглөө | Oyuredi | Дуртайгаа сонго

Залуусын улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой "Надад 1 санал байна" медиа аянд бид нэгдэж байна.

1 гол сэдэв

Sony тоглоом сонирхогчдын хүсэн хүлээсэн Playstation 5-ийн эвентээ зохион байгууллаа.

Гол мэдээ нь юу байв?

5-р үеийн шинэ консолийн загвар. Өмнөх хувилбаруудаасаа илүү том хэмжээтэй, өндөр хүчин чадалтай, цагаан өнгө, футуристик дизайнтай уг консол нь дискний оролтгүй, дижитал модельтой гарах нь анхаарал татав. Үүнээс өмнө Xbox мөн 2 сонголттой консол гаргаж магад хэмээн цуурхал тараад байсан юм. Харамсалтай нь Sony төхөөрөмжийнхөө үнийг ил болгосонгүй.

Ингээд л боллоо гэж үү?

Үгүй ээ. Үүнээс гадна тэд төхөөрөмжтэй дагалдаж ирэх нэмэлт хэрэгслүүдийг ил болгосон. PS5 үнэнч хэрэглэгчдэдээ амьд мэт мэдрэмж өгөх DualSense™ контроллер, 3D дугаралт, орчны дуу намсгагчтай Pulse 3D™ чихэвч, stream хийхдээ ашиглаж болох HD камер, удирдлагыг цэнэглэх DualSense™ Charging Station, хялбараар удирдах Media Remote удирдлага бүтээгдэхүүнүүдээрээ бэлэг барих нь.

Тоглоомууд нь тэгээд яана гэж?

Мэдээж тэд анхаарал татахуйц бөөн бөөн тоглоомын мэдээгээр бөмбөгдсөн. Дэлхийн хамгийн өндөр борлуулалттай цувралуудын нэг Grand Theft Auto V PS5-д зориулан нээлтээ хийх нь. Мөн Sony-ийн онцгой эрхтэйгээр зөвхөн PS дээр л тоглож болдог Spider-Man-ий шинэ тоглоом ч трэйлэрээ танилцуулав. Эдгээрээс гадна Gran Turismo 7, Hitman III, Resident Evil 8 зэрэг хит тоглоомууд нээлтээ шинэ консол дээр хийх аж.

2 чухал тоо

191,000 - Швейцарийн Люцерн хотын цагдаагийн газраас өнгөрсөн 10-р сард орон нутгийн галт тэргэнд 3 кг алтаа үлдээн буусан хүнийг хайж байгаагаа зарлалаа. 191 мянган доллартай тэнцэх уг алтны эзэн 5 жилийн дотор өөрийн хөрөнгөө эргүүлэн авах боломжтой аж.

103,7 - Цахилгаан хөдөлгүүрт ачааны машины технологи хөгжүүлэгч Nikola нээлттэй компани болсны дараа нэгж хувьцааны үнэ нь 103,7 хувиар нэмэгдэж, 26 тэрбум долларын үнэлгээтэй болов. Т.Милтон хэмээх эрийн И.Маск, Теслад хариу болгож, 2014 онд анх байгуулсан уг стартап VectorlQ-тэй нэгдснээр нээлттэй зах зээл дээр арилжаалагдах болсон нь энэ юм.

3 онцлох зүйл

Ялагч Ядам: Монгол ТВ-ээс зохион байгуулсан "Voice Mongolia" шоу нэвтрүүлгийн 2-р улирлын ялагч тодорлоо. Дасгалжуулагч Д.Болдын багийн оролцогч Х.Ядам үзэгчдээс хамгийн өндөр саналыг авснаар ялалт байгуулсан нь энэ. Тэрээр финалд Д.Отгонбаярын багийг төлөөлсөн Б.Оюутай өрсөлдсөн юм. Шигшээд шалгарсан оролцогчид өөрийн сонгосон гадаад дуунаас гадна дасгалжуулагчидтайгаа хамтран монгол дууг хүргэснээс гадна эцсийн хоёр оролцогч нь шүүгчдийнхээ зориулан бүтээсэн цоо шинэ уран бүтээлийг толилуулсан нь сонирхолтой байв. Энэ жилийн финалд зочин артистаар анхны улирлын аварга Ц.Энгүүн хүрэлцэн ирсэн нь мөн оргил мөч байлаа.

Сэргэсэн Снап: 229 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон Snapchat шинэ нэмэлтүүд, түншлэлүүдээ зарладаг Partners Summit-аа явууллаа. Энэ жилийн гол онцлох мэдээ нь тэд хөгжүүлэгчдэд платформоо нээлттэй болгож, AR филтерүүд болон мини апп-ууд хөгжүүлэх боломжтой болгосон нь байв. Мөн камераа дуу хоолойгоор удирдах боломжтой болсон нь анхаарал татав. Gen Z дунд ихэд эрэлттэйд тооцогддог оригинал контентуудаа өргөжүүлж, NBA, NFL, NBCUniversal-тай хамтран шинэ контент бүтээх болжээ. Ингэснээр Snap зөвхөн чат апп бус, мэдээ, тоглоом, контент, хайлт, зураг авах зэрэг олон төрлийн үйлчилгээг нэгтгэсэн платформ апп болон өргөжиж байна хэмээн экспертүүд дүгнэж байна.

Коронавирус: Дэлхий даяар халдварын тохиолдол 7,9 саяд хүрч, нас барагсдын тоо 430 мянга болов. Бээжинд 50 хоногийн дараа шинэ тохиолдол бүртгэгдэж, худалдааны төвөөс 45 хүн халдвар авсан нь аюулын харанга дэгдэв. Хөл хориогоо цуцалсан ОХУ-д нэг өдөрт 8000 илүү тохиолдол бүртгэгдэж санаа амрах болоогүй байгааг санууллаа. Харин Бразил нийт өвчлөл, нас баралтын тоогоор зөвхөн АНУ-ын ард бичигдэх боллоо. Энэ сард 9 удаагийн тусгай нислэгээр 2300 иргэнээ татан авах болсноо зарласан Монгол улсад одоогоор 197 халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

4 мэдүүштэй баримт

Хиймэл үзэгчид: Тахлын улмаас завсарласан спортын уралдаан тэмцээнүүд эргэн эхэлж байгаагийн нэг нь Испанийн хөлбөмбөгийн лиг. Ла Лига үзэгчгүй цэнгэлдэхэд EA-тэй хамтран видео тоглоомын үзэгчдийн дууг ашиглаж, телевизийн шууд дамжуулалтад зориулсан компьютерийн үүсгэсэн үзэгчдийн хэсгийг нэвтрүүлж байгаа гэнэ.

Алсын сельфи: Apple хэрэглэгчид хоорондоо зайтай, тусдаа байсан ч нэг зурганд дүрээ нэгтгэх боломж олгох зургийн филтер-техникийг патентжуулсан байна. Уг патентын хэрэглээ нь цар тахлын үед ихээхэн нэмэгдэх нь дамжиггүй ч тэд энэ санаагаа анх 2 жилийн өмнө гаргаж, материалаа илгээсэн байсан нь сонирхолтой.

Анхны амьдрал: Дуйсбург-Эссений их сургуулийн эрдэмтэд 3,8 тэрбум жилийн өмнөх эх дэлхийн уур амьсгалыг лабораторийн орчинд үүсгэж, улмаар анхны амьд организмыг гарган авах туршилтыг хийсэн байна. Эсийн мембрантай төстэй, савангийн хөөс мэт хэлбэртэй организм үүсгэсэн тухайгаа судлаачид ном болгон хэвлүүлэх аж.

Нисдэг такси: Израйлын Urban Aeronautics өөрсдийн хөгжүүлж буй агаарын таксины загвараа ус төрөгчийн түлшээр ажилладаг, алсын зайг туулах чадвартай болгон хөгжүүлэх болсноо зарлалаа. Тэд АНУ-ын өөр нэг стартап HyPoint-той хамтран 2022 он гэхэд уг төслөө хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

5 сонин хачин

1. Далай Лам өөрийн сургааль, залбирлыг хөгжмийн хэмнэлтэй хослуулсан "Дотоод ертөнц" нэртэй анхны цомгоо гаргах гэж байна. 11 бүтээлээс бүрдэх уг цомог Далай Ламын 85 насны төрсөн өдрөөр буюу 7-р сарын 6-нд худалдаанд гарах ажээ.

2. Бразил, Италид стори форматыг туршиж байсан Twitter энэ нэмэлтээ Энэтхэгт нэвтрүүллээ. Fleets нэртэй, 24 цагийн дараа устдаг сторитой төстэй уг нэмэлтийг жиргээнд төдийлэн идэвхтэй бус хэрэглэгчид их хэрэглэж, платформд өнгөрүүлэх цаг нь нэмэгдэж байсан гэнэ. Үүнээс гадна тэд өнгөрсөн жил бичсэн жиргээнд эможигоор хариу өгөх сонголтыг туршиж байсан нь ил болжээ.

3. Нидерландын хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч апп Just Eat Takeaway Америкийн зах зээлийн гол өрсөлдөгчдийн нэг Grubhub-ийг 7,3 тэрбум доллараар худалдан авлаа. Just Eat Takeaway Европын 11 оронд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд АНУ-ын зах зээлийн 23 хувийг хянах болсноор Хятадыг эс тооцвол дэлхийн хамгийн том хоол хүргэлтийн компани болж байгаа нь энэ юм.

4. Youtube-ээс энэ жил сургуулиа дүүргэж буй төгсөгчдөд зориулан цацсан "Dear Class of 2020" онлайн эвент үзэлтийн тоогоороо рекорд тогтоолоо. Б.Обама, BTS, Beyonce, Lady Gaga, Billie Eilish зэрэг оддын мэндчилгээ дэвшүүлж оролцсон уг видеог нэгэн зэрэг 665 мянган хүн үзэж, эхний өдөр 17 сая үзэлттэй болсон нь Youtube-ийн хамгийн амжилттай оригинал бүтээлд тооцогдоход хангалттай байв.

5. Швед улс 1986 онд тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж байсан О.Палмегийн аминд хүрсэн этгээдийн нэрийг 34 жилийн турш 10 мянга орчим ярилцлага, мэдүүлгийн эцэст тодруулан зарлалаа. Стокхольмийн гудамжинд ерөнхий сайдыг буудан зугтаасан С.Энгстром гэгч нь 2000 онд амиа хорлон нас барсан гэдгийг ч энэ үеэр мэдэгдэв. Тэрээр өдийг хүртэл хэргийн гэрчид тооцогдож байсан аж.

10 унших мэдээ

Шинжих: Андройд 11-ийн анхны хувилбарыг тоймлох нь /The Verge/

Андройд 11-ийн бета хувилбартай танилц. Шинэ хувилбар ухаалаг төхөөрөмжүүд, хосломол дэлгэц болон 5G дэлгэцтэй төгс хослоно.

Гайхах: Peloton-ий ажилчдын айдас хүйдэс /Buzzfeed/

Цар тахлын үеэр хамгийн үсрэнгүй өсөлт үзүүлсэн бизнес бол онлайн фитнес, төхөөрөмжийн нийлүүлэгч Peloton. Гэвч тэд энэ үеэрээ ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг уландаа гишгэсэн бодит үнэн энд бий.

Хүлээх: WWDC-ийн талаар бидний мэдэх бүх зүйлс /MacRumors/

Apple-ийн хөгжүүлэгчдэд зориулсан эвент 6-р сарын 22-26-нд товлогдов. Түүхэн дэх хамгийн том "онлайн эвент"-ийн үеэр тэд шинэ чип, шинэ iMac, шинэ нэмэлтүүдээ танилцуулна.

Гайхах: Онлайн эвентүүдийг "засах нь" /BE/

Коронавирус эвентийн зах зээлийг тэр чигт нь самрав. Дижитал медиа гуру Б.Эванс өөрийн блогоороо дамжуулан яагаад онлайн эвентүүд бүтэлгүйтээд байгаа шалтгаануудыг дурдаж, хэрхэн засч залруулах талаар санаа шидэж байна.

Догдлох: Тамагочи эргэн ирэх нь /CNN/

90-ээд оныхны хит тоглоом "Тамагочи" эргэн ирлээ. Та одоо өөрийн амьтнаа хүссэнээрээ тэжээж, өсгөж, бүр үржүүлж болно. Шинэ тоглоом зөвхөн өөрийн төхөөрөмжөөс гадна гар утасны апп-тай болсон учир саатаж сатаарах шаардлагагүй болжээ.

Сонирхох: Салхиар туугдагсдын скандал /BBC/

Black Lives Matter-ийн тэмцэгчид бүх цаг үеийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг "Салхиар Туугдагсад"-ыг дэлгэцнээс буулгахыг шаардав. HBO ч хүсэлтийг хүлээж авчээ. Гэхдээ яагаад?

Мэдэх: Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшжээ /Ikon/

Олимпийн аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж, спортын их гэр бүлээс дэмжлэг хүлээж байгаа гэнэ. Цар тахлаас улбаалан хойшилсоор буй Олимпийн чуулган онлайнаар явагдах бололтой.

Харамсах: АНУ тахалд бууж өгөв үү? /The Atlantic/

Бизнесүүд эргэн нээгдэв. Тэмцэл жагсаал улс орон даяар үргэлжилсээр. Гэхдээ вирусын аюул заналхийлсэн хэвээр л.

Унших: 2020 оны шилдэг номууд /Vulture/

Коронавирусын нөлөө эергээр туссан цөөхөн салбаруудын нэг бол ном. 2020 он талдаа орж буй энэ үед Vulture одоогоор гарсан хамгийн шилдэг бүтээлүүдийг онцолж байна.

Сатаарах: Хамгийн өвөрмөц төрхтэй 20 муур /Defused/

Хааяа зүгээр л гиюүрч, цаг нөхцөөх хэрэг гардаг л биз дээ :)