1 гол сэдэв
Юу болов?
Г.Занданшатар Монгол Улсын 34 дэх ерөнхий сайдаар томилогдлоо. Өнгөрсөн долоо хоногийн нийгэм, улс төрийн ертөнцийн хамгийн гол сэдэв ерөнхий сайдын томилгоо байв. Эрх баригч МАН-ын Бага хуралд түүнтэй УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн заалнаас нэр дэвшин өрсөлдсөн юм. Улмаар 67.7%-ийн саналаар өдгөө Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж буй Г.Занданшатар ялалт байгуулж, ерөнхий сайдад нэр дэвших эрхтэй болсон билээ. Улмаар пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 117 гишүүнээс 110 нь буюу 94% нь түүнийг ерөнхий сайдад дэмжлээ. Түүнээс 68 гишүүн асуулт асууж, шинээр байгуулагдах засгийн газарт баримтлах бодлого, байр суурийг нь сонссон билээ.
Шинэ ерөнхий сайдын тухай
Г.Занданшатарын хувьд 2019-2024 онуудад УИХ-ын даргаар ажилласан туршлагатай. Энэ хугацаанд тэрээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амжилттай манлайлсан гэгддэг. Өдгөө 55 настай тэрээр Эрхүү хотноо санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж, ажлын гараагаа Зах зээлийн коллежид багш, судлаачаар эхлүүлжээ. Улмаар Монголбанк, ХААН банкинд ажиллаж байгаад 2003 онд улс төрд орж, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдож байжээ. Тэрээр 2004, 2008, 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт ялалт байгуулж байв. Мөн 2009-2012 онд Гадаад харилцааны сайдаар, 2017-2019 онд ЗГХЭГ-ын даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай улс төрч юм. 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн “Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэн”-д судлаачаар ажиллаж байв.
Өөр?
Сонирхуулахад, түүний эцэг, хөдөлмөрийн баатар Д.Гомбожав Ардын их хурлын депутатаар 4 удаа сонгогдсон, 1992 оны ардчилсан, шинэ үндсэн хуулийг батлалцсан түүхтэй. Г.Занданшатар эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.
2 чухал тоо
3.500.000: “Nintendo Switch 2” борлуулалтын рекорд тогтоожээ. Тус консол худалдаанд гарсан эхний дөрвөн өдрөө нийт 3.5 сая ширхэг зарагдсан гэнэ. Хамгийн эхлээд тэд Nintendo-ийн хамгийн хурдан борлуулалттай төхөөрөмж болж рекорд тогтоосон. Харин дараа нь түүхэн дэх хамгийн хурдан борлуулалттай тоглоомын консол болж чаджээ. Өмнөх рекордыг эзэмшигч Sony-ийн PS5 нэг сард 3.4 сая ширхэг зарагдаж байжээ.
290: Энэтхэгийн онгоц осолдож, 290 хүн амиа алдлаа. Ахмедабад хотоос Лондон чиглэлд нисэж байсан Air India-ийн уг онгоц 230 зорчигч, нисэх багийн 12 гишүүнтэй байжээ. Онгоц бүрэн хөөрч чадалгүй унаж, ойролцоох дотуур байрны барилга дээр осолджээ. Онгоц мөргөх үеэр дотуур байранд 60-80 оюутан байсан бөгөөд ихэнх нь хүнд байдалтай эмнэлэгт эмчлүүлж байна. Онгоцонд зорчигчдоос нэг хүн амьд гарсан нь батлагдсан байна. Тухайн зорчигч ослын гарцны дэргэд сууж байсан нь амьд үлдэх гол шалтгаан болжээ. Зорчигчдын дийлэнх нь буюу 169 нь энэтхэгийн иргэд байсан бөгөөд 11 хүүхэд байжээ. Ослын шалтгаан тодорхой болоогүй байгаа ч аврах багийнхан саяхан онгоцны хар хайрцгийг олжээ. Энэ нь “Boeing 787-8 Dreamliner” загварын хувьд түүхэн дэх анхны осол нь болов.
3 онцлох өгүүлбэр
I. Meta хиймэл оюуны хамгийн том наймаагаа хийлээ
- Meta 2016 онд байгуулагдсан дата бүртгэл, дата боловсруулалтын чиглэлээр мэргэшсэн Scale.AI хэмээх стартапад 15 тэрбум долларын хөрөнгө орууллаа. Ингэснээр тэд тус компанийн 49%-ийг эзэмших болж байгаагаас гадна үүсгэн байгуулагч Александр Вангийг Meta-д шинээр байгуулагдах AI-ийн судалгааны лабораторийн эрхлэгчээр томилжээ.
- М.Цукербергийн хувьд OpenAI, Google зэрэг өрсөлдөгчид нь модель хөгжүүлэлт тал дээр ч, масс бүтээгдэхүүн хөгжүүлэлт тал дээр ч урд алхсаар байгаад ихэд цухалдах болсон талаар эх сурвалжууд мэдээлсээр байсан. Тиймдээ ч AI-ийн зах зээлийн шинэ од А.Вангийг “ямар ч хамаагүй үнээр” эгнээндээ нэгтгэхийг зорьсон нь энэ. Өдгөө 28 настай А.Ванг 2021 онд дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж байсан удаатай. Тэрээр Дэлхийн эдийн засгийн форумд уригдаж, Н.Моди, Э.Макрон зэрэг алдартай улс төрчдөд AI-ийн асуудлаар зөвлөж, хиймэл оюуны салбарын гол нүүр царай болоод байгаа билээ.
- Нөгөө талаас Meta Scale.AI-ийг шууд худалдаж аваагүйг анзаарах хэрэгтэй. Энэ бол Microsoft-ийн OpenAI, Infection AI-д, Google-ийн Character.AI-д ашигласан тактик. Тухайн стартапуудыг өөрсдөө өсөж хөгжих боломжийг нь үлдээхээс гадна гол талентуудыг нь багтаа нэгтгэх нь урт хугацаанд үр өгөөжөө өгнө гэж Meta тооцсон нь тодорхой юм.
II. Израйл, Ираны нөхцөл байдал хурцадлаа
- Баасан гарагийн шөнө Израйлийн арми Ираны цэргийн болон цөмийн байгууламжууд руу довтолсноор бүс нутгийн хэмжээнд шинэ дайны харангийг дэлдлээ. Удтал бэлтгэсэн, нарийн тооцоолсон довтолгооноор тэд 78 хүний аминд хүрсний дотор Ираны зэвсэгт хүчний жанжин штабын дарга М.Багери, Исламын хувьсгалт гвардын командлагч Х.Салами нар байжээ. Ираны батлан хамгаалах салбарын гол лидерүүдээс гадна цөмийн хөтөлбөрийн удирдагч, гол физикчид амиа алдсан байна. Үүний дараагаар Ираны шашины дээд удирдагч А.Али Хамени үүнийг “дайн эхлүүлсэнд” тооцож, хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байсан.
- Улмаар бямба гарагийн үдэш Ираны талаас гурван ээлжийн олон зуун пуужинг Тель Авив, Иерусалем зэрэг хотууд руу харважээ. Эх сурвалжууд Израйлийн алдарт агаарын хамгааллын “Төмөр дээвэр” систем дийлэнх пуужинг амдаж устгасан ч дор хаяж нэг пуужин Тель Авивын төвд унасныг мэдээлж байна. Израйлын ерөнхийлөгч Б.Нетаньяху уг ажиллагааг “Исламын дэглэмийн цөмийн болон баллистик пуужингийн аюул заналыг устгах зорилготой” хэмээн мэдэгдэж, “Ираны ард иргэдийг дэглэмийнхээ эсрэг босож, дуу хоолойгоо хүргэх боломж” хэмээн уриалжээ.
- АНУ-ын тал Ираныг цөмийн яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэхийг сануулсан ч Оманд болох учиртай байсан уулзалт цуцлагджээ. Израйл улс хоёр дахь довтолгоогоороо Ираны эрчим хүчний байгууламжууд руу чиглэсэн. Энэ нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлөх эрсдлийг нэмэгдүүлж, улмаар газрын тосны үнэ 9-13%-аар нэмэгдэхэд хүргэжээ.
III. Warner Bros. Discovery хоёр хуваагдана
- Дэлхийн медиа, энтертэйнмент бизнесийн хамгийн том тоглогчдын нэг Warner Bros.Discovery бизнесээ хоёр салгаж байгаагаа зарлалаа.
- Global Networks нэртэй шинэ компанид CNN, TNT, TBS зэрэг телевиз, кабелийн сувгууд нь харьяалагдана. Мөн Bleacher Report, Discovery+ зэрэг дижитал платформууд багтжээ. Нөгөө талд кино студи, стримингийн бизнесээ гаргасан байна. Үүндээ HBO Max-ийг мөн нэгтгэжээ.
- Уг компанийг толгой группын CEO Д.Заслав өөрөө удирдана. Уг шийдэл нь компанийг тус тусын чиглэлд илүү төвлөрч, хөрөнгө оруулалтын уян хатан нөхцлийг үүсгэхэд туслана хэмээн удирдлагууд үзэж байна. Зарим шинжээчид компанийг 2022 онд Warner Bros болон Discovery нэгдэхээс өмнөх үедээ эргэн ирлээ хэмээсэн нь ч бий. Сонирхуулахад, саяхан NBCUniversal кабелийн сувгийн бизнесээ (CNBC, MSNBC зэрэг) тусад нь салгаж байгаагаа зарласан билээ.
4 мэдүүштэй зүйл
Саатуулагдсан завь: Уур амьсгалын активист Грета Тюнберг тэргүүтэй 12 хүн Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр дарвуулт завь хөлөглөн энэ сарын эхээр Сицилийн боомтоос хөдөлсөн. Гэвч Израйлийн зэвсэгт хүчин тус завийг замд нь саатуулж, зорчигчдыг эх нутагт нь буцаах болсноо зарлажээ. Израйл улс Газын зурвасыг бүслэн, гаднаас ямар ч зүйл нэвтрүүлэхгүй байх журмыг батлаад буй. Үүнийг олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд эрс эсэргүүцэж, дэлхий нийтийг анхаарлаа хандуулахыг уриалсаар байгаа юм.
Ухаантай тоглоом: Barbie, Hot Wheels, UNO зэрэг топ брэндүүдийг бүтээгч, дэлхийн хамгийн том тоглоом үйлдвэрлэгч Mattel OpenAI-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тэд 2025 оны шинэ жилийн баярын үеэр худалдаанд гарах зарим тоглоомондоо AI чип суулгах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ нь тоглоом тоглогчдод илүү амьд, интерактив мэдрэмж төрүүлнэ гэж тэд үзжээ.
Хүлэг баатар: Өдгөө 50 настай Д.Бекхэм спорт болон буяны үйлсэд гаргасан гарамгай хичээл чармайлтынхаа төлөө Их Британийн хаант улсын хамгийн нэр хүндтэй цолыг хүртжээ. Ингэснээр тэрээр “Сир” хэмээх цолыг зүүх эрхтэй болж байна. Английн хөлбөмбөгийн шигшээ багийг ахалж, Манчестер Юнайтед, Реал Мадрид клубт хүчин зүтгэж байсан тэрээр зодог тайлснаас хойш UNICEF-ийн элчээр томилогдон олон улсад ажиллах болсон билээ. Түүнтэй цуг нэрт жүжигчин Г.Олдмэн, Who хамтлагийн дуучин Р.Далтри нар хүлэг баатрын хэргэм хүртжээ.
Шинэ зарга: Disney, Universal AI зураг бүтээгчийг шүүхэд өглөө. Тэд интернет хэрэглэгчдийн хамгийн идэвхтэй ашигладаг зураг үүсгэгч платформ Midjourney-г зохиогчийн эрхийг хууль бусаар ашигласан хэмээн буруутгажээ. Холливүүдийн хамгийн том өрсөлдөгчид энэ удаад шүүхийн заргад нэгдэхдээ Midjourney-г албан ёсны хэлэлцээрт орохоос татгалзсан, оюуны өмчтэй бүтээлүүдийг машин сургалтандаа ашигласаар байгаа хэмээн онцлов.
5 сонин хачин
1. “How to Train Your Dragon” бокс оффисыг тэргүүллээ. 2010 онд анх гарч байсан тус анимэйшний шинэ анги дотоодын зах зээлээс л гэхэд 82 сая долларын орлого цуглуулжээ. Энэ бол 2019 оны өмнөх ангиасаа хоёр дахин давсан үзүүлэлт. Мөн энэ оны хувьд зөвхөн “Lilo & Stitch”, “Minecraft Movie”, “Captain America”-ийн дараа л бичигдэх амжилт болов. Сүүлийн гурван долоо хоног бокс оффист давамгайлсан “Lilo & Stitch”-ийн нийт орлого 815 сая долларт хүрээд байна.
2. Үндэстнүүдийн лигт Португал түрүүллээ. Европын шигшээ багуудын дунд явагддаг “Үндэстнүүдийн лиг” тэмцээнд Португал түрүүллээ. Тэд шигшээд Испанийн багийг торгуулийн цохилтоор буулган авчээ. Алдарт К.Роналдугийн хувьд энэ тэмцээнд 2 дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ юм. Тэд 2019 онд анхны тэмцээнд мөн аваргалж байсан билээ. Хүрэл медалийг Германыг 2:0-ээр хожсон Францын баг хүртсэн байна.
3.Xbox анхны консолоо танилцууллаа. Энэ оны сүүлээр худалдаанд гарах уг консолийн нэр Xbox Ally байх гэнэ. Ингэснээр тэд саяхан шинэ хувилбараа гаргасан Nintendo Switch-тэй шууд өрсөлдөнө гэсэн үг. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Xbox Ally нь 7 инчийн дэлгэц, Switch-ээс 2 дахин их багтаамж, энгийн Xbox-тэй ижил хүчтэй процессороор тоноглогдох ажээ. Xbox-ийг эзэмшигч Microsoft уг консолийг Asus-тай хамтран хөгжүүлэх юм.
4. Хиймэл салмон худалдаанд гарна. 2016 онд байгуулагдсан Wildtype нэртэй стартап АНУ-ын зохицуулах байгууллагаас лабораторийн орчинд ургуулсан салмоныг худалдаанд гаргах анхны зөвшөөрлийг авчээ. Тэд эхний ээлжинд эрүүл хоолны рестораны сүлжээ, зарим супермаркетуудад хиймэл салмоны махаа байршуулна гэв. Тус компани жилд 22 мянган кг хиймэл мах үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ.
5. Apple-ийн хөгжүүлэгчийн эвент явагдлаа. Шинэ төхөөрөмж, шинэ апп, шинэ програмын шинэчлэлээ танилцуулдаг WWDC энэ удаад ч хүлээх, турших зүйл ихтэй болж өнгөрлөө. Apple бүх төхөөрөмжийн үйлдлийн системийн нэршлийг оноор нь нэрлэн нэгтгэх болсноо зарлаж, “Шингэн шил” хэмээгдсэн дизайны шинэ системээ ил болгов. Мөн iPad олон үйлдэл, апп зэрэг ачааллаж ажиллах боломжтой болсон нь Apple-ийн фенүүдийн хамгийн удаан хүлээсэн шинэчлэл байлаа. Тэрчлэн iPhone, Mac-ийн үндсэн апп, камерын цэс тэр чигтээ өөрчлөгджээ.