1 гол сэдэв 

Энэ долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн гол үйл явдлуудыг онцоллоо.

АНУ: Ерөнхийлөгч Ж.Байден жилийн орлого нь 125 мянган доллараас бага иргэдийн сургалтын төлбөрийн зээлээс 10 мянган долларыг чөлөөлөх шийдвэр гаргалаа. NYTimes-ийн мэдээлснээр уг шийдвэрт 43 сая хүн хамрагдаж, 20 сая орчим нь зээлээ бүрэн төлж барагдуулах боломжтой болох аж.

Пакистан: Нутгийн зүүн өмнөд хэсгээр ширүүн үргэлжилсэн аадар борооны улмаас үер бууж, 1000 гаруй хүн амиа алдсан харамсалтай үйл явдал тохиолоо. Албаны тооцоогоор 30 сая гаруй хүн уг үерт өртсөн бөгөөд 700 мянган айлын гэр усанд автжээ. Энэ жил борооны улирлын үеэр буусан хур тунадасны хэмжээ жилийн дунджаас 700 хувиар давсан гэсэн тооцоо гарчээ.

Сингапур: Ерөнхий сайд Ли Сиен Лүн бэлгийн цөөнхийн харилцааг хууль бус гэж үзэхгүй болж байгаа талаараа мэдэгдлээ. Тэд Британийн колончлолын үеэс хадгалагдаж үлдсэн 377А нэртэй хуулийг хүчингүй болгож байгаа нь энэ ч гэрлэлтийг зөвшөөрөх талаар албан ёсоор зарлаагүй байгаа гэдгийг шинжээчид анхааруулж байна.

Украин: Европын хамгийн том атомын цахилгаан станцад тооцогддог "Запорожье"-ын ойролцоо тулаан өрнөж байна. Дөрвөн сая гаруй өрхийг эрчим хүчээр хангадаг тус станцын реакторууд нь 10 метр зузаан цементээр хучигдсан учир галт зэвсгийн аюулаас хол гэж экспертүүд үзэж байгаа ч олон нийт болгоомжилсон хэвээр байна.

2 чухал тоо

2026 - Авто салбарын гигант Audi 2026 оноос эхлэн F1-д хүч сорих болсноо зарлалаа. Тэд одоогийн байдлаар өөрсдийн нэрийн хөдөлгүүрийг хөгжүүлж, Sauber багтай хамтран ажиллах төлөвтэй байна.

1 - 52.6 тэрбум долларын хөрөнгөтэй Техасын их сургууль "Америкийн хамгийн баян сургууль"-ийн жагсаалтыг тэргүүллээ. Тэдний газрын тосны бизнест хийсэн хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдсэнээр Харвардын их сургуулийг гүйцсэн нь энэ аж.

3 онцлох өгүүлбэр

I. "House of Dragon"-ийн нээлт рекорд тогтоов.

- Өнгөрсөн арваны хамгийн шилдэг телевизийн цуврал бүтээлүүдийн нэг "Game of Thrones"-ийн түүхээс сэдэвлэсэн "House of Dragon" нээлтээ хийлээ. Эхний ангийг эхний өдрөө тв болон стримингээр нийт 10 сая гаруй хэрэглэгч үзсэн нь HBO-ийн түүхэн дээд амжилт болжээ.

- Үүнтэй зэрэгцэн HBO-ийн зүгээс уг цувралын хоёрдугаар бүлгийг бүтээх болсноо албан ёсоор зарлалаа. Эхний бүлэг нийт 10 ангиас бүрдэх бөгөөд анги бүрийн төсөв нь дунджаар 20 сая доллартай тэнцүү байгаа гэнэ. Сонирхуулахад, "Game of Thrones"-ийн нэг улирлын төсөв ойролцоогоор 100 сая доллар байсан бөгөөд хамгийн ихдээ 15 сая долларыг нэг ангид зарцуулж байжээ.

- Тус цувралын үйл явдал үндсэн киноныхоос 200 орчим жилийн өмнө өрнөнө. Киноны зураг авалт Португал, Испани, АНУ-д хийгджээ.


II. Twitter-ийн экс захирал шүгэл үлээв.

- Twitter-ийн мэдээллийн аюулгүй байдлыг хариуцсан захирлаар ажиллаж байсан Пэйтер Затко хэмээх эрхэм 84 хуудас бүхий материалыг ил болгож шуугиан тарилаа. Энэ бол И.Масктай компанийг худалдах асуудлаар шүүхийн маргаан үүсгээд байгаа Twitter-ийн хувьд "муу" мэдээ. Улмаар конгресс болон холбогдох байгууллагаас сонсгол хийхээр товоо гаргажээ.

- Тэрээр Twitter-ийн удирдлагыг хэрэглэгчийн хувийн мэдээлэлтэй холбоотой олон асуудлыг санаатайгаар нуун дарагдуулж байсан хэмээн буруутгасан. Мөн олон улсын байгууллага, засгийн газартай нягт ажиллаж, дата солилцдог байсан хэмээжээ. Түүнээс гадна ажилчдын нэвтэрч авч буй мэдээллийг дотооддоо хянах боломжгүй, ашигладаг дата сервер, зарим програм хангамжийн лицензийн асуудал үүсдэг хэмээн дурдсан байна.

- Шүгэл үлээгчийн материалд И.Маскийн шалтаглаж буй бот, спам аккоунттай холбоотой асуудал багтсан. Тэрээр удирдлагын 10 сая доллар хүртэлх бонус нь идэвхтэй хэрэглэгчдий тоотой уягдсан байдаг нь тэдэнд тайландаа ташаа мэдээлэл өгөх гол шалтгаан болдог хэмээн бичсэн байна. Гэхдээ энэ нь шүүхийн маргаанд хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна.


III. Youtube подкаст руу анхаарлаа хандуулна.

- Youtube подкаст, аудио контентод зориулсан бие даасан тусдаа хэсэг хөгжүүлж байгаагаа зарлалаа. Зөвхөн Америкийн зах зээлд туршигдаж буй уг нэмэлтийн хүрээнд Youtube нүүр хуудсандаа подкастын цэсийг нэмж, хамгийн их хүн сонсож буй, эрэлттэй, тренд болж буй подкастуудыг хэрэглэгчдэд санал болгох болжээ.

- Podcast 360-ийн тайланд дурдсанаар Америкт подкаст сонсогчдын 78 хувь нь Youtube-ээс үнэгүй хувилбараар нь аудио контентоо сонсдог гэнэ. Luminate ч энэ тоог баталж, хамгийн их сонсогчтой платформын жагсаалтдаа Youtube-ийг Spotify-ийн өмнө бичиж байсан удаатай. Гэхдээ Youtube-ийн хувьд үргэлжид видео контентийг нэгт тавьж, албан ёсоор подкастын хэрэглээг дэмжих төлөвлөгөөгөө ил болгож байгаагүй юм.

- Энэ бол аудио зах зээлд гол анхаарлаа хандуулан ажиллаж буй Apple Music, Spotify-ийн хувьд маш хүчтэй өрсөлдөгчтэй болж байна гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт Twitter ч Space цэсэндээ подкастын хэсгийг нэмж байгаагаа зарласан нь анхаарал татлаа. Ташрамд дурдахад, Youtube-ийн өнгөрсөн жилийн орлого 28.8 тэрбум долларт хүрч дээд амжилтаа шинэчилсэн. Харин подкастын зах зээлийн нийт орлого нь ердөө 1 тэрбум доллараар хэмжигдэж байгаа билээ.

4 мэдүүштэй зүйл

Вакцины зарга: Moderna коронавирусний эсрэг вакцин нийлүүлж буй гол өрсөлдөгчид болох Pfizer/BioNTech-ийн эсрэг шүүхийн зарга үүсгэлээ. Тэд өөрсдийн хөгжүүлж, 2016 онд баталгаажуулан патентыг нь эзэмших болсон mRNA технологийн зарим элементийг зөвшөөрөлгүй ашигласных нь төлөө нөхөн төлбөр авах ёстой гэж үзэж байна. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг харгалзан тэд уг патентын асуудлыг дөнгөж одоо л хөндөж байгаа нь энэ бөгөөд цаашид дэлхий даяарх вакцины түгээлтэд ямар нэгэн сөрөг асуудал үүсгэхгүй гэдгийг баталж байгаагаа мэдүүлэгтээ дурджээ.

Ногоон шийдвэр: Калифорни муж 2035 оноос эхлэн зөвхөн шатахуунаар ажилладаг автомашины борлуулалтыг бүрэн хориглох шийдвэр гаргалаа. Тэд 2026 он гэхэд нийт борлуулалтын дор хаяж 35 хувь нь цахилгаан, эсвэл хосломол хөдөлгүүртэй машин байлгах зорилго тавиад байгаа юм.

Супер туслах: Google өөрсдийн хөгжүүлж буй хамгийн хүчирхэг хиймэл оюун LaMDA 2-ийг нээлттэйгээр туршиж эхэллээ. Хэрэглэгчид уг AI-тэй чөлөөтэй сэдвээрээ үргэлжилсэн харилцан яриа өрнүүлэх боломжтой байна гэдгээрээ онцлог. Үүнээс өмнө Meta мөн ижил төслөө нээлттэй болгож байгаагаа зарлаад байсан билээ.

Шинэ интернет: И.Маскийн эзэмшдэг SpaceX-ийн хөгжүүлж буй хиймэл дагуулаар интернет түгээх зорилготой Starlink 2 ч том мэдээ гаргалаа. Эхнийх нь АНУ-ын хамгийн том харилцаа холбооны компаниудын нэг T-Mobile Starlink-ийн сүлжээг ашиглах гэрээ байгуулсан нь байв. Нөгөөх нь тэд Tesla машиныг Starlink-тэй холбоно гэдгээ баталсан нь байлаа.

5 сонин хачин

1. Sony-ийн шинэ бүтээл "The Invitation" Хойд Америкийн бокс оффисыг 7 сая долларын орлогоор тэргүүллээ. Энэ бол цар тахлын үед буюу 2021 оны тавдугаар сард "Spiral" ердөө 4.5 сая долларын борлуулалтаар жагсаалтыг тэргүүлснээс хойшхи хамгийн муу үзүүлэлт болж байна. Бокс оффисын "унтаа" байдал есдүгээр сарыг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа юм.

2. Instagram сүүлийн үед хурдацтайгаар хэрэглэгчдийн тоо нь өсөж буй BeReal-ийн гол нэмэлтийг "хуулбарлах" туршилтыг хийж байна. Candid Challenge буюу 2 минутын дотор камераа ашиглан зураг авч найзууддаа хуваалцах уг нэмэлт нь BeReal-ийг илүү амьд харилцаа үүсгэх гол хөшүүрэг болж, хит болгож байсан юм. Snapchat, TikTok-оос гол үйлдлийг нь хуулсан шиг явдал давтагдаж байна хэмээн олон нийт шуугих болжээ.

3. Дэлхийн төлбөр тооцооны зах зээлийн хамгийн том тоглогчдын нэг Mastercard Binance-тай хамтын ажиллагааг эхлүүлж, өдөр тутмын төлбөр тооцоонд криптог нэвтрүүлэх ажлыг туршиж байна. Туршилт одоогоор Аргентин улсад төвлөрөн явагдаж байгаа гэнэ. Хэрвээ амжилттай болбол Mastercard-ийг зөвшөөрдөг 90 сая гаруй байгууллагад крипто валютыг төлбөр тооцоо зөвшөөрдөг болох учиртай. Уг төслийн хүрээнд хэрэглэгчид тодорхой вендоруудаар крипто валют ашиглан төлбөр тооцоо хийсэн тохиолдолд 8 хүртэлх хувийн буцаан олголт авах боломжтой болно гэнэ. Мөн АТМ-ийн шимтгэлийг тэг байлгахыг зорьж байгаа аж.

4. Өдөр бүр 10 сая хэрэглэгчид гадаад хэл сурах нөхцлийг нь бүрдүүлсэн Duolingo математик, шинжлэх ухааны боловсролд анхаарлаа хандуулж байна. Энэ зорилгын хүрээнд тэд математикийн хичээлийг хөгжилтэй бөгөөд хялбар аргаар сурах боломжийг олгох Duolingo Math апп-ыг шинээр гаргажээ. Одоогоор туршилтын горимд байгаа уг апп-ын үндсэн хувилбар энэ онд багтан гарах гэнэ.

5. Meta-ийн үүсгэн байгуулагч М.Цукерберг алдарт Ж.Роганы 3 цаг үргэлжлэх подкастад оролцлоо. Тэрээр энэ үеэр шинэ загварын VR төхөөрөмж нь аравдугаар сард нээлтээ хийнэ гэдгийг батлав. Мөн зөвхөн хуурамч мэдээтэй тэмцэхэд 5 тэрбум долларыг өнгөрсөн жил зарцуулсан гэдгийг ил болгожээ.

10 унших мэдээ

Тохирох: Ок, 6.1 инч бол хамгийн төгс дэлгэцийн хэмжээ /The Verge/

Хүлээх: IFA 2022-ын талаар мэдэх ёстой бүх зүйлс /Techradar/

Турших: Брэйк бүжиг Олимпыг чимнэ /Morning Brew/

Төсөөлөх: Artemis-ийг тоогоор /CNN/

Сонирхох: Н.Кидман 55 настайдаа ковер чимэв /Cosmopolitan/

Мэдэх: Шинэ iPhone ирэх долоо хоногт гарах уу? /Bloomberg/

Хэрэглэх: BeReal - Орчин цагийн Фэйсбүүк /The Guardian/

Гайхах: ҮХНӨ-ийг 2 цагийн дотор батлав /Eguur/

Бишрэх: Бархасбадийн шинэ зураг ирлээ /Live Science/