Ковидоос үүдсэн шинэ эгэлд дасан зохицох талаар бид хэдийнээc ярьж эхэлсэн ч өдгөө дэлхий даяар 320 сая хүнийг өвчлүүлж, таван сая хүнийг үхэл рүү түлхсэн цар тахлын аюул одоог хүртэл үргэлжилсээр. Шинэ төрлийн мутацжсан хувилбарууд шил шилээ даран бидний төлөвлөгөөг нурааж, эдийн засгийг шинэ сорилтод оруулсаар буй. 

Дэлхийн хүн амын 61 хувь нь дор хаяж вакцины эхний тундаа хамрагдсан байгаа ч бүх зүйл эргэн хэвэндээ ороход энэ тоо огтхон ч хангалттай бус. Энэ удаагийн нийтлэлдээ бид оны эхнээс л хүчтэй яригдаж буй вакцины нэмэлт тунгийн талаар таны мэдэх ёстой зүйлс хийгээд омикрон хувилбараас хамгаалж чадах эсэх асуултад хариулахыг хичээлээ.


1. Вирусийн шинэ давалгаа айсуй


ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос.А.Гебрейюс лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр дэлхий даяар халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул улс орнуудыг “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд тайван хандахгүй байхыг уриалсан юм. Хамгийн анх ӨАБНУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн мутац хувилбар болох “омикрон” цар тахлын шинэ давлагааг үүсгэж буй. Өнгөрөгч долоо хоногт вирусийн 50 сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, АНУ-д л гэхэд халдварын тоо хоёр дахин нэмэгдэн өдөрт дунджаар 760 мянган хүн өвчилжээ.

Хэдий мэргэжилтнүүд тус шинэ хувилбар нь хагас жил гаруйн өмнө Энэтхэгт анхлан бүртгэгдсэн “дельта” хувилбартай харьцуулахад нас барах эрсдэл харьцангуй бага хэмээж байгаа ч халдварлах шинэ чанар нь онцгой өндөр гэдгийг та дээрх тоо баримтаас хангалттай ойлгож байгаа биз ээ. Нөгөөтээгүүр вакцинд хамрагдаж амжаагүй иргэдийн хувьд ковидийн шинэ хувилбар үхлийн аюул таригч вирус хэвээр буйг онцлууштай.

Сонирхуулахад, омикрон хувилбар анх илэрсэн Африк тивийн нийт ард иргэдийн ердөө 15 хүрэхгүй хувь нь вакцины эхний тундаа хамрагдаж амжсан бөгөөд тэдний хувьд вакцины нийлүүлэлт, хүртээмж толгой өвтгөсөн асуудал хэвээр байсаар.

Тус хэвлэлийн бага хурлын үеэр ноён Тедрос “ Ганцхан долоо хоногийн дотор ковидийн улмаас 50 мянган хүн нас барж байгаа нь хэтэрхий их тоо юм. Вирустэй дасан зохицоно гэдэг нь бид энэ аймшигт тоог хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш. Одоог хүртэл дэлхий даяар маш олон хүн бүрэн вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа энэ үед ‘сүргийн дархлаа’ тогтоох нэрийдлээр цагаан туг өргөж болохгүй” гэж мэдэгдэн вакцинжуулалтын ажлыг улам эрчимтэй өрнүүлэхийг улс орны удирдагчдад хандан уриаллаа. Харин Монгол улсын тухайд омикрон хувилбарын анхны тохиолдол өнгөрөгч долоо хоногт албан ёсоор бүртгэгдсэн. Нэмэлт тунд нийт иргэдийн 29 хувь хамрагдсан бөгөөд вакцины IV тунгийн ажил ч хэдийнээ эхэлсэн.


Эх сурвалж: Жонс Хопкинсийн их сургуулийн Системийн шинжлэх ухаан, инженерчлэлийн төв (CSSE), 2021.01.13-ний байдлаарх дүн

2. Омикрон хэр аюултай гэж?


Сайн мэдээ гэвэл дунджаар арав гаруй хоног шинж тэмдэг нь үргэлжилж байсан дельта хувилбартай харьцуулахад омикрон харьцангуй хөнгөн буюу гурваас тав хоногийн дотор зовууриуд нь илэрч байгаа аж. Омикроноор өвчилсөн иргэдийн дунд хоолой өвдөх, халуурах, хуурай ханиах, ядрах шинж тэмдэг түлхүү илэрч байгаа бөгөөд хэрэв танд амьсгалахад төвөгтэй болох, цээжээр хөндүүрлэн өвдөх, өндөр хэмээр халуурах, ухаан алдах шинж тэмдэг илэрвэл халдвар хүндэрсэн хэмээн үзэж яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

Калифорни мужид ковидоор өвчилсөн 70 мянган өвчтөнд хийсэн судалгаагаар омикрон нь бусад коронавирусийн хувилбаруудтай харьцуулахад эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн, хоруу чанар багатай гэдгийг тогтоожээ.

Омикрон халдвар авсан 52 мянган хүнээс одоогийн байдлаар амьсгалын аппаратад орох хүртлээ хүндэрсэн өвчтөн нэг ч байхгүй ба дельтатай харьцуулахад эмнэлэгт хүргэгдэн ирэх өвчтөний тоо хоёр дахин бага байгаа юм.

Хэдий хоруу чанар бага ч хүн амын дунд түймэр адил хурдацтай тархах чадвар нь омикроны гол аюул. АНУ-д өдөрт дунджаар 730 мянган хүн эерэг хариу авч буй нь өнгөрсөн өвлийн оргил үетэй харьцуулахад бараг гурав дахин их тоо.

“Халдварлах чадвар ийм өндөр шинэ хувилбар нийт хүн амын дунд тархсан нөхцөлд эмнэлгийн ор дүүрч, ачааллаа дийлэхээ болих нь цаг хугацааны л асуудал” гэж Калифорнийн Их Сургуулийн тархвар судлаач доктор Леунард анхааруулсныг ч бодууштай. Омикроны давлагаа оргилдоо хүрэх яагаа ч байгаа энэ үед АНУ-ын эмнэлгүүдийн дөрөвний нэг орчим нь хэдийнээ боловсон хүчний хомсдолд орсон байна. Ореган зэрэг эмнэлгийн ажилтан хүрэлцээгүй болсон мужуудад Үндэсний Гвардын цэргүүдийг хүртэл нэмэлтээр дайчилж эхэлжээ. Зайлшгүй тохиолдолд шинж тэмдэггүй эсвэл хөнгөн өвчилсөн ковидын халдвартай эмч, сувилагчид өөрсдийгөө тусгаарлалгүйгээр эмнэлэгт ажилласаар байгаа нь өвчтөнүүдийг эрсдэлд оруулж байгаа юм.

Халдварын тохиолдол хамгийн өндөр бүртгэгдэж буй АНУ-ын хувьд нөхцөл байдал ийм байгаа бол манай улсад өдөрт илрэх халдварын тоо 20 мянга давбал эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхээ болих юм. Дахин сануулахад манай улсад дельта хувилбарын оргил үед өдөрт 8,000 гаруй тохиолдол илэрч, улсын хэмжээнд 23 мянган ор дэлгэж байсан. Харин одоо омикроны давлагаа оргилдоо хүрэх цагт хамгийн багадаа өдөрт илрэх тохиолдлын тоо 18-20 мянга, ихдээ 40-45 мянга болно гэж тооцож буй.


Эх сурвалж: Жонс Хопкинсийн их сургуулийн Системийн шинжлэх ухаан, инженерчлэлийн төв(CSSE), 2021.01.13-ний байдлаарх дүн


3. Хайртай хүмүүсээ хэрхэн хамгаалах вэ?


Омикрон нэгэнтээ дотоодод тархсан энэ нөхцөлд хүмүүсийн хамгийн их сонирхож буй асуулт бол “Нэмэлт тун намайг болон гэр бүлийг маань халдвараас хамгаалж чадах уу?”.

MIT болон Harvard- ын эрдэмтдийн хамтарсан баг дээрх асуултад хариулт олох зорилгоор Пфайзер, Модерна болон Жонсон&Жонсон вакцинд бүрэн хамрагдсан 239 хүний цуснаас дээж авчээ. (Эдгээр хүмүүсийн 70 нь бүүстер тундаа хамрагдсан байсныг дурдъя). Вакцины бүрэн тунд хамрагдсан буюу II тун хийлгэсэн хүмүүсийн цусны дээж омикрон хувилбартай төстэй лабораторийн орчинд гарган авсан псевдовирусийг маш бага хэмжээгээр саармагжуулж байсан бол бүүстер тун хийлгэсэн хүмүүсээс авсан дээж вирусын эсрэг маш хүчтэй нөлөө үзүүлжээ. Одоогийн байдлаар эрдэмтэд нэмэлт тун хэрхэн омикроны эсрэг дархлааг нэмэгдүүлж буйг тогтоож чадаагүй байгаа ч нэмэлт тун нь вирусийн баяжуулалтын уурагтай илүү нягт холбогдсоны үр дүнд эсрэг биет үүсгэн вакцины нөлөөг нэмэгдүүлж байгаа хэмээн таамаглажээ.

Мөн түүнчлэн Лондоны Эзэн хааны коллежийн судлаачид “COVID-19”-өөр өвдөөд эдгэх нь омикроны халдвар авахаас тун бага хувиар хамгаалж байгааг тогтоожээ. Судлаачдын тооцоолсноор, халдвар аваад эдгэсэн хүмүүсийн эсрэг биет нь вакцины хоёр тунг тариулсантай (ойролцоогоор 20 хувь) тэнцүү байгаа бол харин нэмэлт тунг тарихад шинэ хувилбараар халдварлан шинж тэмдэг илрэхээс 55-80 хувиар хамгаалж байгаа аж. Өөрөөр хэлбэл ковидийн өөр бусад хувилбар тусаад эдгэсэн хүмүүс вакцины нэмэлт тун хийлгээгүй бол омикроны халдвар авах бүрэн боломжтой гэсэн үг. Тиймдээ ч 12-оос доош насны хүүхэд, нярай, суурь өвчтэй өндөр настангууд гээд дархлаажуулалтанд хамрагдах боломжгүй хайртай хүмүүсээ хамгаалахын тулд вакцины нэмэлт тунгаа хийлгэхийг уншигчдадаа уриалж байна.



3. IV тун шаардлагатай юу?


Вакцины IV тунг хийлгэх нь хүний бие дэх эсрэг биетийн хэмжээг тав дахин нэмэгдүүлнэ гэх эрдэмтдийнхээ хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн израильчууд иргэддээ дөрөвдүгээр тун хийж эхлээд буй.

Одоогийн байдлаар тус улс 60-аас дээш насны иргэд, эрүүл мэндийн ажилтнууд болон дархлаа сул хүмүүст IV тунг хийхээр төлөвлөжээ. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын судалгааны агентлагаас мэдээлснээр бүрэн тунд хийлгэсэн хүмүүсийн хамгаалалт ердөө 10 долоо хоногийн дараа 65 хувь хүртэл буурсан байгааг тогтоосон бол Харвардын их сургуулийн хийсэн өөр нэг судалгаагаар II тунгаас хойш гурван сарын дотор бүүстер тун хийлгэвэл вирусээс хамгаалах чадвар 19-27 дахин нэмэгдэж буйг тогтоожээ.

Манай улсын хувьд өнгөрөгч долоо хоногт ЭМ-ийн сайд сайн дураар IV тун хийлгэх тогтоолын төсөл баталсан бөгөөд вакцин хийсэн хугацаа хойшлох тусам хамгаалах чадвар буурч байгаа тул III тун хийлгээд гурван сар болсон аль эсхүл өвдсөнөөс хойш 21 хоногийн дараа иргэд IV тунд хамрагдаж болно гэж зөвлөсөн юм.