ARIUNAA SURI брэнд 2013 онд Япон улсад Mercedes Benz Fashion Week Tokyo-д өөрийн бүтээлүүдээр оролцон Японд төдийгүй дэлхийн хувцас загварын зах зээлд гарах анхны томоохон алхмаа хийж байсан билээ. Байгальд ээлтэй, олон улсын загварын стандартыг хэрэгжүүлэн, Монголын экологийн цэвэр түүхий эд болох ноос, ноолуур, савхи, хонины нэхийг ашиглан урласан загваруудыг дэлхийн зах зээлд өөрийн өвөрмөц чиг хандлагатайгаар таниулах зорилготой уг брэндийг үүсгэн байгуулагч, ахлах загвар зохион бүтээгч С.Ариунааг бид энэ буландаа урилаа. Биднийг ярилцлага авах үеэр Viva City-д урлан дэлгүүрээ нээсэн нэг жилийнх нь ой, мөн түүний төрсөн өдөр тохиож байсан юм. Өнөөг хүртэл амжилт бүтээл арвинтай, сонордуулах сонин сайхан ч бас ихтэй байгаа тус брэндийн “уураг тархи” болсон Ариунаа дизайнерын ажлын арга барилтай танилцана уу.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: ARIUNAA SURI брэндийн үүсгэн байгуулагч, ахлах загвар зохион бүтээгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 4S, iPhone 5S (Утсаа хаяхгүй л бол тууштай хэрэглэдэг)
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 17, суурин Dell
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Шинийг эрэлхийлэгч, тууштай
Сошиал медиа хаягууд: ariunaasuriofficial (инстаграм), Ariunaa Suri (фэйсбүүк)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Би ажлаа цэгцтэй эхлэхийг хичээдэг. Төлөвлөгөөгөө зөв гаргаад, судалгаа сайн хийдэг. Шинэ санаа олтлоо өөртөө хангалттай цаг өгдөг. Санаа хурдан олдож ч болно, удаж ч болно. Яг хийх ёстой зүйлээ олсон бол харин түүн дээрээ тууштай төвлөрч ажилладаг.

Дизайны санаагаа байгалиас голдуу олж авдаг. Судалгаа хийж байх үед жаахан сэжүүрээс л олон санаа төрж, цаашаа хөгждөг. Тийм ч учраас загваруудаараа дамжуулан байгаль орчны асуудлыг олон нийтэд хүргэх дуу хоолой болохыг хүсдэг юм. Жишээ нь 2013 онд коллекцоо “Ус” гэж нэрлэж, нөөц нь улам бүр хомсдож буй усны өнгө, хэлбэрийг загварууддаа шингээж байсан. Хамгийн сүүлийн коллекц маань “Мазаалай” нэртэй. Монголд ганцхан амьдардаг, ердөө 22 ширхэг үлдсэн энэ амьтныг, ер нь ямар ч ургамал, амьтныг ийм өндөр хөгжилтэй болсон өнөө цагт устаж үгүй болохыг зүгээр хараад сууж байна гэдэг байж болшгүй. Бусад хүмүүс, загварын ертөнцийнхөн “Чи ямар сэдэв дээр ажиллаж байна?” гэж их асуудаг болохоор иймэрхүү сэдвүүдийг хөндөх нь олон нийтэд таниулах, хоногшуулах ач холбогдолтой байдаг. Судалгаагаа хийж байхдаа би мазаалайтай холбоотой олон хүнтэй уулзаж, Мазаалай хамгаалах төслийнхөнтэй нэлээн зузаарсан шүү. Мөн Баянхонгор, Говь-Алтай аймаг явж, мазаалай амьдардаг газрыг очиж үзсэн. Хийж байгаа зүйлийнхээ талаар амьд мэдрэмж авах нь чухал байдаг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

Копик буюу маркер их ашиглана. Програм гэвэл Adobe Photoshop, CorelDraw, Freehandy Max, CAD. Гар утасны апп гэвэл Shazam, Soundcloud, Pinterest, Google map, мөн Facebook, Twitter, Instagram, Viber зэрэг сошиал медиа, чат апп-уудыг ашиглана.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

ARIUNAA SURI брэндийн урлан дэлгүүр Viva City-гийн N4-т байрладаг. Нүүрэн талдаа дэлгүүр нь, цаашаа орохоор гоёмсог 2 давхар урлан нь байрладаг бөгөөд үндсэн 6-7 ажилтан нь энд ажлаа явуулдаг. Биднийг ороход энэ цэлгэр танхимд гоё дуу эгшиглэж, сайхан сэтгэгдэл төрүүлж байв.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Төлөвлөгөө сайн гаргах гэж хэлэхэд болох байх. Хуанлитай дэвтрийг олон жилийн өмнөөс ягштал хөтлөөд сурчихсан. Европчууд бол “төлөвлөгөөний” хүмүүс байдаг болохоор тэнд сурсантай маань холбоотой.

Мөн ийш тийшээ явахдаа аль болох түгжрэлээс өмнө юм уу хойно гарахыг хичээдэг. Түгжрэлд яваа үедээ утсаар ярих ажлуудаа амжуулна. Найз нөхөд рүүгээ ярина. Найз нөхдийн төрсөн өдрийг мартахгүй, баяр дээр нь хамгийн түрүүнд л оччихсон байдаг юм. Ер нь зав зай бага ч гэсэн завгүй гэж хэлэх дургүй.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр хөтөлдөг вэ?

Сая хэлсэнчлэн хуанлитай дэвтэр. Зарим өдөр хийх юм ихтэй бол бичгийн цаасан дээр, бас самбар дээр жагсааж бичдэг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Мэдээж зурах, дизайн гаргах, оёж шидэх гэх мэт мэргэжлийн ажлууддаа сайн.

Хоол унд хийх, гэрийн ажил, цэвэрлэгээ зэрэгтээ ч муугүй. Гэхдээ ажлаас гадна хамгийн сайн хийж чаддаг зүйл бол аялал зугаалгаар явах. Аялал зугаалгаар явахдаа бүх тоног хэрэгслүүдээ сайн гэгч нь базааж, бэлтгэлтэй, зохион байгуулалттай байж чаддаг. Ер нь өөрөөсөө илүү бэлтгэлтэй хүн одоогоор таараагүй шүү.

Хийж байгаа ажлынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд нь юу вэ?

Хувцас загвар бол миний хүсэж байсан зүйлс, миний мөрөөдлийн ажил болохоор бүх талаараа эерэг сайхан байдаг. Энэ салбар гоо зүй, урлаг, бизнесийн гээд бүх талын өндөр мэдрэмжийг шаарддаг.

Хэцүү бэрхшээлтэй зүйл гэвэл голдуу санхүү мөнгөтэй уялдаж гарч ирдэг. Манай салбарынхан гадаад зах зээл рүү жинхэнэ утгаараа арай гарч амжаагүй болохоор бүх зүйлийг ном ёсоор нь хийн өөрсдийгөө гадаадад таниулахад амаргүй л байна. Энэ салбарын мэдлэг туршлагатай маркетингийн хүмүүс алга. Гадаадад үзэсгэлэнгийн танхим олоход хүндрэлтэй, зуучлах хүмүүс ч олдоход хэцүү байх жишээтэй.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?

Саяхан бид ирэх намар өвлийн коллекцоо загварын шоун дээр танилцуулсан. Мөн Парисд фэйшн экспо хэлбэрээр оролцоод ирлээ. Удахгүй энэ коллекцоо интернэтэд байршуулна.

Яг одоо бол 2017 оны хаврын коллекц дээрээ ажиллаж байна. Бид энэ ажлаараа Милан хотын загварын 7 хоногт оролцох төлөвлөгөөтэй. Саяхан тэнд очиж холбогдох хүмүүстэй нь уулзаж, төлөвлөгөөгөө гаргаад ирлээ. Италид том агенттай болсон болохоор жилдээ 2 удаа загварын шоунуудад орох байх. Урьд манайх Азид, Японд ийм арга хэмжээнүүдэд ордог байсан. Хэдийгээр загварын шоу хаана болсноосоо үл хамааран бүх загварын салбарынхны анхаарал тэр газар луу хандаж байдаг ч гэсэн хувцас загварын ертөнцийн цөмд нь очно гэхээр сэтгэл догдолж байна.

Хувцас загварын салбарт сурч буй, ажиллаж буй залуучуудад та юу гэж зөвлөх вэ?

Дан ганц гоё зурдаг байгаад дизайнер болчихдоггүй. Надаас энэ талаар асуудаг 10 жилийн хүүхдүүдэд би эхлээд тоо, физиктээ сайн бай, сайн анхаар гэдэг юм. Эдгээр хичээлүүд хүний толгойг задалж өгдөг. Сийрэг сэтгэхэд сургадаг. Аав маань матемикийн хүн, би ч тоондоо муугүй байлаа. Хичээлдээ сайн байж байж л сайн дизайнер болно. Бас юм сайн унших хэрэгтэй. Өөрийгөө олон талаас нь хөгжүүлбэл мэдээж сайн. Бас фотошоп зэрэг мэргэжлийн програмыг багаасаа л сурах хэрэгтэй. Гадаадад бол манайх шиг их сургуульдаа фотошоп заагаад сууж байдаггүй. Youtube-ээс үзээд сурсан ч болно шүү дээ. Хувцас дизайн бол том шинжлэх ухаан. Онол, практикийн аль алинаас нь сурч судлах хэрэгтэй.

Гэхдээ бас нэг чухал зүйл бол чи өөрийгөө зөв нээсэн үү, үнэхээр дур сонирхолтой зүйлээ олсон уу гэх асуудал. Үнэхээр загвар гэдэг чиний хийх зүйл мөн юм бол арга замаа төв тодорхойлж, замаа өргөн, дардан болгох дээр тууштай ажиллах хэрэгтэй. Зөв зүйлээ олоод тууштай явж чадвал амжилтанд хүрч л таараа.

Бас монголчууд маань нэг нэгийгээ дэмждэг, хайрладаг байгаасай гэж их хүсдэг шүү. Хүнийг доош нь хийх, доромжлох, жаахан юмнаас болж үзэн ядах явдал хязгаараасаа хальчихсан юм шиг санагддаг. Уг нь хайр гэдэг бол бүх юм шүү дээ.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Ажиллаж байхдаа сонсдог. Унтаж байхдаа ч бараг сонсох гээд байдаг шүү. Ер нь шинээр гарч ирсэн бүх төрлийн хөгжмийг сонсдог. Гэхдээ илүү футурист, амьд хөгжим тал руугаа сонирхолтой байх. Massive Attack, Hans Zimmer, Moby, Daft Punk, Radiohead, The Trentemoller, Mono, Linkin Park зэрэг хамтлаг, дуучдад дуртай. Шинэ гарсан монгол дуунуудаа сонсоно. Bro's Records-ийн Ертөнц, Байгаль цомгуудад дуртай.

Таны ямар ном/нийтлэл унших дуртай вэ?

Bazaar, Vogue, Art news зэрэг загварын сэтгүүлүүдээ байнга л уншиж байдаг. Хамгийн сүүлд Жак Вэдэрфордын “Монгол хатдын түүх” номыг уншсан юм байна.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Ер нь илүү нээлттэй тал руугаа. Ажил дээрээ юу хийх гэж байгаагаа найз нөхдөдөө ярих дуртай. Өөрийгөө хүнтэй хурдан найзалдаг, нөхөрсөг хүн гэж боддог. Саяхан танилцсан хүмүүс л чамайг их олон жил мэддэг юм шиг санагдах юм гэдэг. Харин хувийн амьдралаа бол хувийн байлгах дуртай.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Зун бол их эрт 6 цаг гээд босчихдог. Босоод гүйнэ. Гүйж дуусаад хэдэн минут дасгал хийнэ. Орой 11-12 цагийн хооронд унтана. Өвөл 7.30–8 цаг гэж сэрээд орой 10-11 цаг гээд унтдаг. Би ер нь нарны хүн юм шиг байна лээ. Нар гараад л байвал өөдрөг, баяр баясгалантай байдаг. Өглөө 9-9.30 цаг гэж ажил дээрээ ирээд өнөөдөр юу хийх ёстойгоо ярилцаад ажилдаа ордог. Бас сайхан кофе чанаж ууна. Ажлаа тарах цаг бол өдөр бүр өөр өөр. Ажил ихтэй үед шөнө болтол ажиллаж, 3-4–хөн цаг унтах нь ч бий.

Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?

Аль болох л хөдөө гадаа явж, очиж үзээгүй өвөрмөц сонин газруудыг үзэхийг хүсдэг. Тийм газруудад зураг авч, бас давхар ажилдаа ашиглахыг бодно. Бас уул руу алхах дуртай. Ер нь их спортлог хүн. Бага байхын л усанд сэлдэг, цанаар гулгадаг хүүхэд байсан. Германд байхдаа ч гэсэн. Спорт хүнд аз жаргал өгч, толгой сийрэг ажиллахад сайнаар нөлөөлдөг. Спортоор хичээллэсний дараа яагаад ч юм бүх юмыг хийх чадалтай болчих шиг санагддаг.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Өөрийн салбарын амжилтанд хүрсэн хүмүүс миний бүтээлүүдийг сайшаан үнэлэхэд их урам авдаг. Дипломын ажлаа хамгаалаад их сургуулиа төгсөх үед багш маань ямар төлөвлөгөөтэй байгааг асуусан. Би “Берлин явж ажил хайна ” хэмээн даруухан хариулахад “Үгүй ээ, яг юу хүсэж байгаагаа хэл” гэсэн юм. “Яг үнэндээ бол Yohji Yamamoto, Hussein chalayan, Rick owens зэрэг дизайнеруудтай ажиллаж үзмээр байна” гэж хариултал “Тэгвэл тэрийгээ л хий, чи чадна” гэсэн нь тухайн үед үнэхээр их урам зориг өгч байж билээ.

Сүүлд итали зөвлөгч маань “Чамайг сайн зүлгэж гялалзуулах хэрэгтэй байна. Чи бол түүхий алмааз” гэхэд нь ихэд урамшиж, нөгөө талаас их хариуцлага ирж байгааг мэдрэн одоо юу хийх ёстой билээ гэж олон зүйлийг бодсон шүү.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Ээжийн минь хэлдэг байсан үгс надад хамгийн их нөлөөлдөг байсан байх. Багад маань “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Чи чадахгүй бол өөр хэн чадах юм бэ” гэж их хэлдэг байсан.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна?

Болдог сон бол гадаадын алдартай загвар зохион бүтээгчдийн арга барилыг мэдэж авмаар байна. Монголоос Цоло Мөнх дизайнерын ажлын арга барилтай танилцахыг хүсэж байна.


Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.