Наадмын амралт дуусаж, намар цаг хаяанд иржээ. Биднийг амрах зуур долоодугаар сард хэд хэдэн шинэ бүтээл хэвлэгдсэн бөгөөд ээлжит нийтлэлээрээ бид түүх, олон улсын харилцаа, бизнес, уран зохиол гээд салбар салбарын онцлох бүтээлээс сонгон авч, сорчлон дээжилснийг хүлээн авна уу.
1. Далай хаан: Хятадыг үндэслэгч Хубилай Сэцэн
Зохиогч: Жак Уэтерфорд
Орчуулагч: Ш.Номиндарь
Хэвлэлийн газар: Монсудар
Нүүрний тоо: 360
Үнэ: 45,000₮
АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жак Уэтерфордын 2024 онд хэвлүүлсэн “Далай хаан: Хятадыг үндэслэгч Хубилай Сэцэн” ном өнгөрсөн сард эх хэлнээ орчуулагдан гарлаа.
Тэр бээр амьдралынхаа даруй 25 жилийг монгол судлалд зориулсан бөгөөд анх 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номоо гаргасан нь энэ чиглэлийн хамгийн өндөр борлуулалттай бүтээлүүдийн нэг болсон юм. Энэ амжилт нь Чингис хааныг “зэрлэг, балмад” нэгэн байсан гэх олон улсад тархсан өрөөсгөл ойлголтыг тодорхой хэмжээнд эерүүлэн өөрчилснөөрөө гавьяатай. Тиймээс ч 2022 онд Ерөнхийлөгчийн зарлигаар түүнийг “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнасан байдаг.
Энэ удаа тэр бээр Чингис хааны ач хүү Хубилай хааны тухай номоо гаргаж буй нь Хятадыг нэгтгэн Юань гүрнийг үүсгэн байгуулсан Далай хааны үйл хэрэг, түүхэн замналыг шинэ өнцгөөс харах боломжийг олгож байна.
2. Ардчилсан тогтолцоонд тагнуулын ажил эрхлэх нь: Үйл явц, өнөөгийн байдал, тогтсон соёл
Зохиогч: Флорина Кристиана Матэй, Каролин Халладэй
Хэвлэлийн газар: Нэпко
Нүүрний тоо: 346
Үнэ: 80,000₮
Зөвхөн ардчилсан гэлтгүй засаглалын ямар ч хэлбэртэй байсан улс орны аюулгүй байдлыг хангахад тагнуулын үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Тэгвэл орчин үед тагнуулын байгууллагууд иргэний эрх чөлөө хийгээд парламентын хяналттай хэрхэн зохицон ажиллаж байгааг тайлбарласан нэгэн бүтээл хэвлэгджээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд сургуулийн профессор Флорина Кристиана Матэй, Каролин Халладэй нарын бичсэн энэхүү ном нь 2019 онд хэвлэгдсэн бөгөөд ардчилсан тогтолцоотой улс орнуудын тагнуулын байгууллага хэрхэн хууль ёсны, хариуцлагатай, үр дүнтэй ажиллах ёстой талаар жишээ баримтад тулгуурлан бичсэн судалгааны эмхэтгэл бүтээл юм.
Профессор Флорина Кристиана Матэйгийн хувьд энэ чиглэлд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дэлхийн 60 гаруй орны албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачдад үндэсний аюулгүй байдлын бодлого, тагнуулын байгууллагын хариуцлагын тогтолцооны талаар хичээл зааж, зөвлөгөө өгч ажилласан туршлагатай. Харин Каролин Халладэй бол АНУ-ын түүхч, судлаач, багш бөгөөд ардчилал, аюулгүй байдал, Балканы бүс нутгийн судалгаа, тагнуулын байгууллага зэрэг сэдвээр мэргэшсэн судлаач юм.
Тэд энэхүү номдоо АНУ, Их Британи, Франц, Герман, Австрали тэргүүтэй ардчилсан орнуудын нууц байгууллагын тогтолцоог харьцуулан судалж, тагнуулын байгууллагын бүтэц, хяналт шинжилгээ, ёс зүй, дотоод соёлын асуудлыг задлан шинжилсэн байна.
Иймд мэргэшсэн тагнуулын байгууллага хэрхэн ажилладаг талаар мэдэхийг хүсвэл дээрх ном танд чухал үнэтэй эх сурвалж болох нь гарцаагүй.
3. Дэлхийн дэг журам
Зохиогч: Хэнри Киссинжэр
Хэвлэлийн газар: Нэпко
Нүүрний тоо: 352
Үнэ: 80,000₮
Дэлхий дахинаа дайн дажин, зөрчил мөргөлдөөн газар авч, олон улсын харилцааны хувьд өнөө тун эгзэгтэй үе тохиож буй. Их гүрнүүдийн эрсдэлтэй тоглолт дунд манайх шиг “жижиг” орон ямар гадаад бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг хэзээ хэзээнээс илүү ярвигтай, том сорилт болж байна. Тэгвэл энэ бүхэнд бага ч болов хариулт өгч, дэлхийд дэг журам тогтооход юу чухал болохыг өгүүлсэн нэгэн ном саяхан орчуулагдан гарчээ.
Энэ бол 2014 онд хэвлэгдсэн, АНУ-ын дипломатч, улс төр судлаач, Нобелийн шагналт Хенри Альфред Киссинжер (1923-2023)-ийн бичсэн “Дэлхийн дэг журам” бүтээл юм. Тэр бээр 1973-1977 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар, 1969-1975 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатайн дээр цөмийн зэвсэг болон гадаад бодлогын чиглэлээр олон улсын хэмжээнд нэр хүндтэй шинжээч байсан билээ.
Тэр энэхүү номдоо барууны либерал үнэт зүйлс дээр тулгуурласан өнөөгийн ойлголт бусад иргэншлийн дотоод тогтолцоог үл тоомсорлож байгааг анхааруулж, хамтын ойлголцол, харилцан хүндлэл, соёл иргэншлийн онцлогийг хүлээн зөвшөөрсөн ухаалаг дипломат бодлогоор л дэлхийн дэг журмыг тогтоож болно хэмээн дүгнэсэн байна.
4. Мэдээллийн түүх
Зохиогч: Крис Хаутон
Эрхлэн гаргагч: Жангар
Нүүрний тоо: 144
Үнэ: 55,000₮
Дизайнер, хүүхдийн номын зохиогч Крис Хаутоны бүтээл “Мэдээллийн түүх”-ийг Жангар редакцаас орчуулан гаргажээ.
47 настай, ирланд зохиолч Крис Хаутон өмнө нь хэд хэдэн хүүхдийн ном гаргаж байсан бөгөөд тэдгээр нь хэдий минимал дүрслэлтэй ч зоримог шийдэлтэй, философи агуулгатай гэдгээрээ онцлогтой бөгөөд дэлхийн 30 гаруй хэл рүү орчуулагджээ. Мөн зохиолч хүүхдийн номоос гадна дизайнерын ажлаараа үнэлэгдэж, Time сэтгүүлээс 2007 онд гаргасан оны онцлох дизайнерууд (Designers of the Year)-ын жагсаалтад багтаж байжээ.
Түүний энэхүү номд мэдээллийг хэрхэн бүтээж, хадгалж, түгээж ирсэн түүхэн уламжлалыг товч, сонирхолтойгоор тайлбарласан тул 10 гаруй насныхан уншихад хамгийн тохиромжтой гэнэ.
5. Бизнесийн сонгодог 50 бүтээл I,II
Зохиогч: Том Батлэр-Боудон
Хэвлэлийн газар: Нэпко
Нүүрний тоо: 366
Үнэ: 47,000₮ (тус бүр)
Нэпко хэвлэлийн газраас гаргасан ээлжит энэ ном нь түүхэн сонгодгуудаас эхлээд орчин цагийн хамгийн сайн гэсэн 50 бүтээлийг шүүж, бизнестээ ашиглаж болохуйц амьдралд ойр санаануудаас бүрджээ. Номын зохиогч Том Батлэр-Боудон өмнө нь хувь хүний хөгжил, амжилт, сэтгэл зүй, эдийн засаг, улс төрийн 50 сонгодог бүтээлийн товчлолыг цувралаар гаргаж байсныг мөн дурдах нь зүйтэй.
Инновац, манлайлал, энтрепренершип, маркетинг, стратеги, бизнесийн ёс зүй зэрэг олон сэдвийг хамарсан тус бүтээл хэдий бизнес судлалын цогц сургалтыг орлож хараахан чадахгүй ч богино хугацаанд үнэ цэнтэй санааг хүргэн таны цаг хугацаа хэмнэх болов уу.
6. Гэрийн үйлчлэгчийн нууц
Зохиогч: Фрида Макфаден
Хэвлэлийн газар: Болор судар
Нүүрний тоо: 338
Үнэ: 25,000₮
Мили нэртэй гэрийн үйлчлэгч эмэгтэй шинэ ажилд орно. Тэрээр Нью-Йоркийн төв хэсэгт орших өндөр зэрэглэлийн пентхаус байртай баян хосын гэрийг цэвэрлэх үүрэг хүлээх бөгөөд ажиллах тусам яагаад ч юм жихүүцэм, нууцлаг хачин мэдрэмж төрж эхэлнэ. Хэдий нөхөр нь эхнэрийгээ өвчтэй гэх боловч түүний яриа, хандлага сэжиг төрүүлнэ. Мили эхэндээ зөвхөн ажил үүргээ биелүүлж явах гэж хичээх ч, удалгүй өөрийгөө маш аюултай, үй их худал хуурмаг дунд хутгалдчихсанаа ойлгоно...
Зохиолч Фрида Макфадены “Гэрийн үйлчлэгч” цувралын хоёр дахь ном болох тус сэтгэл зүйн триллер бүтээлийг уншигчид “нэг л барьж авсан бол уншиж дуусгатлаа тавихын аргагүй” хэмээн тодорхойлсныг мөн онцлууштай.
7. Шидэт модон байшин график түүх: 1-6
Зохиолч: Мэри Пөүп Озборны
Хэвлэлийн газар: Болор судар
Нүүрний тоо: 166
Үнэ: 20,000₮ (тус бүр)
Жак, Энни гэх ах дүү хоёрын амьдардаг хашаанд нэгэн модон байшин бий. Гэвч энэ нь зүгээр нэг байшин бус, цаг хугацаа, орон зайг хөндлөн аялах боломж олгодог шидэт байшин билээ. Ингээд тэд уншсан номынхоо ертөнцөөр аялж, динозавруудын эрин, дундад зууны цайз, египетийн пирамид, сансар огторгуй гээд төрөл бүрийн газар орноор яван асуудал шийдэж, шинэ зүйл сурч, гэртээ буцдаг.
Түүх, шинжлэх ухаан, газар зүйн талаар энгийн, сонирхолтой аргаар тайлбарласан энэхүү цуврал 35 гаруй хэл рүү орчуулагдан, 100 сая гаруй хувь борлуулагдсан амжилттай бүтээл билээ.
Болор судар хэвлэлийн газраас энэхүү номын график хувилбарын 1-6 дугаар цувралыг хэвлэсэн нь уншигчдын хүртээл болсон байна.
8. Хэн Диногийн номыг хазсан бэ?
Хэвлэлийн газар: Болор судар
Нүүрний тоо: 13
Үнэ: 20,000₮ (тус бүр)
2-6 насны хүүхдүүдэд тохиромжтой, зураг ихтэй, энгийн өгүүлэмжтэй, “Хэн Пандагийн номыг хазсан бэ?”, “Хэн Диногийн номыг хазсан бэ?” гэх хоёр бүтээлийг Болор судар хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. Тус номыг хүүхэд багачууд, дүү нартаа уншиж өгснөөр өнгө, дүрс, амьтдын нэр таньж сурахаас гадна бусдын эд зүйлсийг зөв ашиглах, хариуцлагатай байх талаар ойлгоход туслах юм.