XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Ажлын арга барил, амьдралын үзэл баримтлалаа хуваалцдаг “Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн шинэхэн дугаартаа бид Польш Улсын иргэн, монголын уламжлалт анагаах ухааны их эмчийг урин оролцуулж байна. Тэрээр Монголд суурьшаад 15 жилийг үдэж байгаа бөгөөд саяхан “Vita Nova” эмнэлгээ үүсгэн байгуулжээ. Эмнэлэг нь тун удахгүй албан ёсоор нээлтээ хийх юм.
Түүний уламжлалт анагаах ухаантай хэрхэн холбогдсон түүхээс эхлээд өдийг хүртэл хэрэгжүүлж буй ажлын арга барилтай уг нийтлэлээс танилцаарай.
Байршил: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу гудамж, 15-р байр, МУИС-ийн номын сангийн хойно
Эрхэлдэг ажил: Уламжлалт анагаах ухааны их эмч
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy A05
Хэрэглэдэг компьютер: HP
Сошиал хуудас: Agata Wolak (Facebook)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би Польш Улсад төрж өссөн. Бага болон ахлах сургуулиа Польшид сурч төгсөж байлаа. Сургуулиа төгссөний дараа 1997 онд Варшавын Их сургуульд зураач мэргэжлээр элсэн нэг жил суралцсан хэдий ч надад тохирохгүй санагдсан тул сургуулиа орхисон юм. Үүний дараа 1999 онд ОХУ-ыг зорьж, Санкт-Петербургийн Улсын Их сургуульд Япон хэл, соёл судлаач мэргэжлээр элсэж байв. ОХУ-д сурч байх хугацаандаа нэгэн монгол залуутай танилцаж, гэр бүл болсон нь миний ирээдүй, ажил амьдралыг тэр чигт нь өөрчлөхөд хүргэсэн дээ. Бид 2007 онд анхны хүүгээ өлгийдөн авч байв. Тухайн үед нөхөр маань магистрын зэргээ хамгаалахаар Японд сурч байсан учир тэндээ хэсэг амьдарсан. Ингээд 2011 оны үед нөхрөө дагаад анх удаа Монголд ирж, суурьшиж байлаа.

Уламжлалт анагаах ухааны эмч болоход надад хоёр зүйл нөлөөлсөн. Одоогоос 15 жилийн өмнө Монголд ирээд удаагүй байх үед миний гэдэс маш их өвдөн, нойр булчирхайн үрэвсэлтэй хэмээн оношлогдсон юм. Найдвартай эмчлэх эмчилгээ байгаагүй тул хатуу хоолны дэглэм барих, эм их уух хэрэгтэй болов. Гэвч ямар ч үр дүн гараагүй. Илүү их сульдаж, 10 кг жин хассан. Бараг л найдваргүй болчихсон үе дээрээ Польшид зүү тавьж анагаадаг эмч байгаа тухай сураг сонсов. Эхэндээ тийм ч их итгээгүй ч, ямартай ч ороод үзье гээд очсон юм. Тэр эмч миний биед 3-5 ширхэг зүү тавьж, 15 минут орчим хэвтүүлсэн. Гурван удаа эмчилгээндээ орсны дараа гадуур явж байтал гэнэт толгой эргэж, нүд харанхуйлаад л миний бие гэнэт сэргэчихсэн. Ямар ч зовуурьгүй. Тэгэхэд л анх удаа зүү тавих эмчилгээний талаар сонирхож эхэлсэн билээ.
Үүнээс хойш хэдэн жилийн дараа миний бие дахин өвдсөн. Барьсан, тавьсан зүйлээ байнга мартаж, их мартамхай болсон. Шинжилгээ өгсөн ч хэвийн байна гээд ямар ч онош тавиагүй. Энэ үед Монголын хамба лам Д.Нацагдоржийн тухай сонссон юм. Тухайн үед Мамба Дацан эмнэлэгт очин, түүнд үзүүлж, тан эмчилгээний талаар зөвлөгөө авч байлаа. Үзүүлээд, эм тангаа уусны дараа миний бие хамаагүй сайжирсан шүү.
Үүний дараа би Оточ Манрамба Их сургуульд уламжлалт анагаах ухааны эмчээр суралцаж 2022 онд төгссөн. Ингээд Мамба Дацан эмнэлгээс ажлын гараагаа эхэлж байлаа. Харин өнгөрсөн оны зунаас эхлэн энэхүү “Vita Nova” эмнэлгээ үүсгэн байгуулаад байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Одоогоор “Vita Nova” эмнэлэг маань хараахан нээгдээгүй, засварын ажил үргэлжилж байгаа тул миний ажлын өдрүүд харилцан адилгүй өнгөрч байна. Зарим өдөр зөвшөөрөл, бичиг баримтын асуудлаа цэгцэлж, зарим өдөр засварын явцыг хянах зэрэг олон ажил амжуулж байгаа.
Эмнэлгээ албан ёсоор нээх зөвшөөрөл авмагц үйл ажиллагаагаа өглөөний 09:00 цагаас оройны 21:00 цаг хүртэл, хоёр ээлжээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Харин би өөрөө өдөрт дунджаар долоон цаг ажиллахаар тооцоолж байна.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ ХАУ?
Би тайван, удаан хэмнэлтэй хүн. Тиймээс аливаа ажлыг хийхдээ яарч, цаг тулгахын оронд тайван, нягт нямбай гүйцэтгэхийг илүүд үздэг. Мөн ямар ч их ажилтай байсан унтах, амрах цагаа гаргана.
Нөгөөтээгүүр, ажил амьдралдаа кайзен аргыг идэвхтэй хэрэглэдэг. Энэ нь Японоос гаралтай, тасралтгүй сайжруулалт гэсэн утгатай философи юм. Том зорилгод хүрэхийн тулд ажлаа жижиг хэсгүүдэд хуваан, өдөр бүр давтан хийснээр аажмаар ахиц гаргах учиртай. Миний хувьд аливаа зүйлийг томоор нь бус, жижиг хэсгүүдэд хуваан тууштай давтах нь илүү амархан, үр дүнтэй санагддаг тул энэ аргыг ашиглаад удаж байна.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Жил ирэх тусам техник технологи хурдацтай хөгжиж, утас, компьютер хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсоор байна. Миний хувьд гар утаснаас аль болох хол байхыг илүүд үздэг ч ажлын шаардлагаар зарим аппыг зайлшгүй ашиглах нь бий. Тухайлбал, бусадтай харилцахын тулд Facebook, WhatsApp, Telegram, Viber зэрэг аппыг хэрэглэдэг.
Харин тэмдэглэл хөтлөхдөө аппаас илүү гараар бичих дуртай. Өөрийн бодол, төлөвлөгөөг гараараа цаасан дээр буулгавал илүү ойлгомжтой, үр дүнтэй санагддаг юм.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Улаанбаатарын нөхцөлд цаг хэмнэх хамгийн шилдэг арга нь алхах. Жишээ нь, би эмнэлгээсээ гэр лүүгээ машинаар явъя гэвэл хамгийн багадаа нэг цаг явна. Мөн стресстэнэ. Харин алхахад хоёр дахин хурдан оччихдог тул өдөр бүр алхаж цагаа хэмнэж байна даа.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Найман жилийн өмнө Польшид байхдаа би нөхөр, хоёр дүүгийнхээ хамт сууж байгаад нэг төрлийн гэрээ байгуулсан юм. Тухайн гэрээн дээр жилийн дотор бид юу хийж бүтээхийг хүсэж буй зорилгоо бичиж, гарын үсгээ зурсан. Гэхдээ үүнд “амжилтад хүрмээр байна”, “мөнгөтэй болмоор байна” гэх зэрэг ерөнхий зүйл бичихгүйгээр “таван удаа фитнест явна”, “хоёр удаа аяллаар явна” гэхчлэн маш тодорхой зүйл бичсэн. Ингээд жилийн дараа бид дахин уулзаж, зорилгуудаа дүгнэхэд ихэнх нь биелчихсэн байсан. Энэ арга нь жилийн төлөвлөгөө гаргахад их тустай санагдсан шүү.
Харин заримдаа хийх ажлуудаа гурван сараар нь төлөвлөдөг. Хэт хол биш бас хэт богино ч биш учраас төлөвлөгөө гаргаад түүнийгээ даган биелүүлэхэд хамгийн тохиромжтой хугацаа шиг санагддаг юм. Гэхдээ төлөвлөгөөний дагуу үүнийг ч хийх ёстой, түүнийг ч хийх ёстой гэж өөртөө хатуурхдаггүй.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Дасгал хөдөлгөөн бол стрессийг бууруулж, эрч хүч нэмэх хамгийн үр дүнтэй арга. Тиймээс би долоо хоногт хоёр удаа фитнест явахыг хичээдэг. Мөн өдөр бүр тогтмол алхахыг зорьж байна.
Харин сэтгэл санаагаа дээшлүүлэхээр ойр дотнын хэн нэгэнтэйгээ долоо хоногт дор хаяж нэг удаа ярилцдаг. Үүнээс гадна би яагаад амьдарч байгаа, өнөөдрийн хийж буй зүйл минь надад ямар хэрэгтэй зэргээ эргэцүүлж, бясалгахын тулд сар бүр хэд хэдэн удаа сүмд очиж залбирдаг дадалтай.
Эрч хүчээ сэлбэхэд нөлөөлдөг дараагийн хүчин зүйл нь хөдөө явах. Бид гэр бүлийнхэнтэйгээ жил бүр нэг удаа ч болов хөдөө явж, өөрсдийгөө цэнэглэх дуртай. Цөөн хоног ч байсан хамаагүй, хамгийн гол нь хотоос гарах нь тайвшрал, аз жаргал мэдрүүлдэг нь сайхан.
Хааяа гэрээ цэвэрлэмээргүй, орноос босмооргүй санагдах үе бий. Энэ үедээ текно хөгжим сонсож өөрийгөө сэргээх дуртай. Чихэвчээ зүүгээд, дуртай дуугаа чангалж байгаад л ажлаа хийвэл илүү эрч хүчтэй, хурдан дуусгаж байгаа юм шиг санагддаг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Анагаах бол ачаалал ихтэй салбар. Анхлан сурч буй оюутнуудаас эхлээд мэргэшсэн эмч хүртэл энэ салбарт ажиллаж, суралцаж буй хүн бүр ихээхэн сорилттой тулгардаг. Тиймээс илүү чадвартай эмч болохын тулд чөлөөт цагаараа ур чадвараа ахиулж, хөгжүүлэхээр мэргэжлийн номоо уншиж байгаа.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Уламжлалт анагаах ухаан бол хүний биеийг бүтэн системээр авч үздэг арга ухаан. Тийм ч учраас уламжлалт анагаах болон европ анагаах ухааны талаар өргөн мэдлэгтэй байх шаардлагатай. Энэхүү мэдлэгийг олж авахын тулд байнгын хичээл зүтгэл хэрэгтэй байдаг. Үргэлж л өөрийгөө сорьж, насан туршдаа суралцах хэрэгтэй юм шиг санагддаг даа.
Анагаахын салбарт мэдлэг эзэмшихэд олон жил шаардагдана. Үүнийг эзэмшихийн тулд байнгын суралцахаас гадна ачаалал ихтэй байдаг нь хэцүү талтай. Гэсэн хэдий ч эерэг зүйл олон бий. Уламжлалт анагаах ухаан бол уйдах боломжгүй, сонирхолтой салбар. Хүмүүст тус болж, өвчин зовлонг нь багасгаж чадвал сэтгэлд сайхан мэдрэмж төрдөг юм. Хэн нэгэнд эрүүл мэндийн асуудал тулгарлаа гэхэд хаана хандах, ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар мэдлэгтэй болсон нь хамгийн том давуу тал.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Яг одоогийн байдлаар “Vita Nova” эмнэлгээ албан ёсоор нээхэд төвлөрөн ажиллаж байна. Нээтэл хоёр сарын хугацаа орох болов уу. Эмнэлгийн зөвшөөрлөө авсны дараа зүү төөнүүр, үзлэг оношилгоо, бариа засал, эм тан, бумба жин, хануур засал, усан клизм, шар тостой миниклизм зэрэг олон төрлийн эмчилгээг хийхээр төлөвлөөд байна.
Үүнээс гадна онцлох нэг үйлчилгээ нь үйлчлүүлэгч бүрд 1 цаг 30 минутын хугацаа бий. Цаг авсан үйлчлүүлэгч маань бага зэрэг хоцроод ирвэл үлдсэн хугацаанд яаруу, сандруу үйлчилгээгээ авах биш тухтай, тайван ирээд үйлчилгээндээ орж, эмчээс зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж өгсөн гэсэн үг.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Би Оточ Манрамба Их сургуульд оюутан болоод анхны хичээлдээ суухдаа монгол хэл мэдэхгүй байсан учир юу ч ойлгоогүй. Тухайн үедээ “шашин”, “бурхан” зэрэг цөөн хэдэн үг мэддэг байсан болохоор “уламжлалт анагаах ухаан” гэдэг үгийг сонсоод ямар хэцүү үг вэ гэж бодож байлаа. Монгол хэлийг би орчноосоо сурсан. Хэл зүй, дүрмийн талаар сайн мэдэхгүй ч цаашдаа илүү гүнзгий сурахыг хүсдэг. Алхаж байхдаа янз бүрийн ярилцлага, подкаст сонсож, мэргэжилтэйгээ холбоотой ном уншсанаар мэдлэгээ тэлж, үгийн баялгаа нэмж байна.
Миний ээж орос хүн учраас би орос хэлтэй. Мөн би польш, монгол, англи, япон, хятад, латин хэлийг сурч байснаас гадна төвд хэлээр уншиж чаддаг. Эдгээр хэлээр бүгдээр нь ярьж чадахгүй ч тодорхой хэмжээний мэдлэг бий. Энэ олон хэлээс хамгийн хэцүү нь монгол хэл гэж бодож байна. Бусад хэлний дуудлага, бичиглэл нь харьцангуй төстэй байдаг бол монгол хэлний дуудлага миний мэдэх ямар ч хэлээс их өөр. Тиймээс монгол хэлийг сурахад бүхнийг тэгээс эхлэх шаардлагатай болсон. Анх сурч эхлэхдээ “энэ чинь одоо юу вэ” гэж бодож байснаа нуух юун.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Миний уншиж байсан номнуудаас сэтгэлд тод үлдсэн ном бол “Kaizen”. Жижигхэн хэмжээтэй авсаархан ном ч бизнесээ сайжруулах арга, эрүүл мэнд, хэрхэн амжилтад хүрэх тухай тун энгийн, сонирхолтой өнцгөөс бичсэн бүтээл.
Киноны тухайд хуучны орос кино үзэх дуртай. Заримдаа “The Lord of the Rings”, “Harry Potter”, “The Matrix”-ийг үздэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд YouTube илүү үзэх сонирхолтой болчихсон байна.
Оюутан болсноос хойш хөгжим сонсохоо больсон. Хэт удаан хөгжим сонсох нь тархинд ачаалал өгдөг. Өдөржингөө хүмүүсийн яриа, гадаад орчны чимээ сонсоод гэртээ ирээд дахиад хөгжим сонсохоор жаахан ядраад байдаг талтай. Гэхдээ хүн л юм чинь хааяа нэг сонсоно. Энэ үедээ “Losing It”, “Woops”-ийг сонсдог. Red Hot Chilli Peppers хамтлагийн дуунуудыг сонсох дуртай, цаанаасаа л эрч хүч нэмдэг юм шиг санагддаг.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Оточ Манрамба Их Сургуулиа төгссөний дараа Мамба Дацан эмнэлэгт хэсэг ажилласан юм. Туршлага, мэдлэг дутмаг байсан учраас юу ч чадахгүй байгаа юм шиг санагдаж, сэтгэлээр их унасан. Гэтэл хамт ажиллаж байсан нэгэн эмчийн надад хэлсэн зөвлөгөө өдийг хүртэл санаанаас огт гардаггүй.
Тэрээр “Битгий санаа зов. Ажлын байран дээр гарч буй бүхий л хүн эхэндээ ийм мэдрэмж авдаг. Чи дахиад 365 хоногийн 365-д нь шинэ зүйл сурах болно. Энэ бол чиний ажил. Юу ч мэдэхгүй, чадахгүй байна гэж өөрийгөө буруутгахын оронд өнөөдөр яаж тусламж үзүүлэх вэ, өнөөдөр би юу шинээр сурч авах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Анагаах ухаанд 100 хувь бүгдийг нь мэддэг болно гэдэг боломжгүй зүйл. Энэ чинь далай шиг том салбар шүү дээ” хэмээн зөвлөж байлаа. Тухайн үед ингэж зөвлөсөн нь өөртөө итгэлгүй болчихсон байсан надад маш том урам өгч, мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллах зоригтой болсон.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Эмчийн хувиар бусдад хандаж хэлэхэд, нэгдүгээрт, эмч зөвхөн тусалж, чиглүүлж, дэмжиж чадна гэдгийг санах хэрэгтэй. Зарим хүмүүс эмчид л үзүүлж байвал амархан эдгэнэ, юу ч болсон эмч л эдгээчих юм шиг эндүүрдэг. Гэвч бодит байдал дээр бүрэн эдгэрэхэд тухайн өвчтөний өөрийн хүчин чармайлт хамгийн чухал нөлөөтэй.
Хоёрдугаарт, 45-аас дээш насны хүмүүст ясны сийрэгжилт хурдан явагддаг тул булчингийн массаа алдаж, хамаг бие нь өвдөж эхлэх нь бий. Үүнээс сэргийлэх хамгийн энгийн арга бол дасгал хөдөлгөөн. Залуу ч бай, ахимаг настай ч бай хэн бүхэн өөрийн биеийн онцлогт таарсан дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Дасгал хийх боломж нь гарахгүй байгаа бол алхаарай.
Гуравдугаарт, өвчний шинж тэмдэг анзаарагдаж л байвал заавал хүндэртэл нь явах хэрэггүй. Эрт эмчлэх тусмаа анагаахад илүү амархан байх болно. Заримдаа бие зовуурьтай болж, өвчний шинж тэмдэг илэрч байгаа ч шинжилгээгээр онош тогтоох боломжгүй тохиолдол гардаг. Ийм үед уламжлалтын эмчид хандаад үзэхийг зөвлөе. Эцэст нь хэлэхэд цагаан сарын баярын үеэр хүүхдүүдийн хооллолтод ихээхэн анхаараарай. Хүүхдийн ходоод эмзэг байдаг тул аль болох чихэр, чипс, газтай ундаа гэх мэтийн бүтээгдэхүүний хэрэглээг танах хэрэгтэй.
Ингээд монгол түмэндээ 17-р жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Сэтгэгдэл бичих (2)


M Mongol 2026.02.22 31.145.38.230
Odoo bur utgaa aldlaa, naad emch chini ooroo ovdhooroo antibiotic uuj hagalgaand orno, odoo joohon uhaarii
Э Ээж 2026.02.22 202.55.188.124
Сайн байна уу, гал морин жилийн ажил амьдралын сайн сайхан амжилт бүтээлийн дээдийг хүсье, шинэ эмнэлэг нээгдэхээр нь очиж үйлчлүүлнээ, баяр хүргэе салбартаа мэргэшсэн улам сайн эмч болоорой.