Сүүлийн жилүүдэд асар хурдацтай өргөжин тэлж буй салбар бол и-спорт. Дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулж буй энэ спорт Монгол Улсад ч хүчээ авч, олон улсын тавцанд өрсөлдөх чадварлаг тоглогчид төрөн гарсаар байна. Тоглогчдын тоо, чансаа нэмэгдэх тусам мэргэжлийн тэмцээнүүдийг тайлбарлан хүргэх кастеруудын тоо ч нэмэгдэв. 

Саяхан монгол хэлээр шууд дамжуулсан и-спортын тоглолтыг нийт 179,000 үзэгч нэгэн зэрэг үзэж дээд амжилт тогтоосон юм. Түүнчлэн  манай улсын CS-ийн баг “Esports World Cup 2025” цомыг атгаад удаагүй байгаа энэ цаг үеийг тохиолдуулан и-спортыг дэмжигч Юнител групптэй хамтран энэхүү салбарт амжилт гаргаж, карьераа өсгөж яваа 10 залуусын түүхийг хуваалцахаар бэлтгэлээ.  

1. Б.Батболд /Ethan/ 

Төрөл: MLBB-ийн тоглогч
Одоогийн баг: REIGN
Өмнөх тоглож байсан баг: Lilgun, IHC Esports, Verso Time
Хэзээнээс тоглож эхэлсэн: 2019 он
Үүрэг: Roamer

Миний хувьд 2019 онд и-спортоор хичээллэж эхэлснээс хоёр жилийн дараа мэргэжлийн тоглогч болж байсан. Намайг анх энэ спортоор хичээллэхэд гэрийнхэн маань нэлээн дурамжхан хүлээж авсныг санадаг. Тэмцээний дундуур утсыг минь хурааж авч байсан ч удаатай. Ер нь хүүхдээ и-спортын замналаар явахыг дэмжих эцэг эх ховор байх. Харин The MongolZ-ийн ачаар эцэг эхчүүдийн хандлага арай өөрчлөгдөж эхэлсэн санагддаг.

Би анх Esports Network /ESN/-ээс зохион байгуулсан Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд орж байсан юм. Азаар ч гэх үү тэр үед ээж маань ажилтай байж таарснаар тэмцээндээ амжилттай оролцож, хоёрдугаар байр эзэлж байлаа. Тэр амжилтын дараа гэрийнхэн маань и-спортод арай нааштай хандаж эхэлсэн хэрэг. Эцэг эхчүүд ч мөн адил хүүхдэдээ өөрийгөө жаахан ч гэсэн сорьж үзэх боломж олгож байгаасай гэж боддог. Тэгж байж л үнэхээр чадах эсэхийг нь нүдээр үзэх боломж бүрдэнэ шүү дээ.

Тоглолтын үеэрх сэтгэл зүй маш чухал. Тоглолтын өмнө “The Script” хамтлагийн “Hall of Fame”, “Rokitbay”-ийн “Нэг өдрийн хаан” зэрэг дуунаас эрч хүч авах дуртай. Мөн сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд сунгалтын дасгал хийж, бохь зажилдаг.

Мэргэжлийн тамирчин болсноос хойш дөрвөн жилийн хугацаанд ур чадвар, хандлага, тоглолтын туршлага гээд бүхий л талаараа тодорхой хэмжээнд өсөж дэвшсэн. Тэр дундаа и-спортыг харах өнцөг минь хамгийн их өөрчлөгдсөн гэх байна. Өмнө нь сонирхогч байхдаа энэ спортыг тун амархан гэж боддог байсан юм. Харин төрөл бүрийн багт тоглож, олон тэмцээний ард гарсны дараа и-спорт гэдэг маш их тэсвэр тэвчээр шаарддаг талбар болохыг ойлгож авсан.

Эцэг эхчүүд хүүхдэдээ өөрийгөө жаахан ч гэсэн сорьж үзэх боломж олгож байгаасай

Б.Батболд


2. Ч.Эрдэнэмөнх /Bebex/

Төрөл: MLBB-ийн тоглогч, дасгалжуулагч
Өмнөх тоглож байсан баг: Lilgun, IHC Esports, Positive Gaming
Дасгалжуулсан баг: Waow GG Esports, IHC Esports
Хэзээнээс тоглож эхэлсэн: 2021он
Үүрэг: Coach Analyst, Gold Laner

Миний хамгийн дуртай MLBB-ийн баатар бол Zhask. Энэ баатар 2020 онд ямар ч өрсөлдөгчөө хоёр, гуравхан цохилтоор дарж авах чадвартай байсан юм. Харин сүүлийн жилүүдэд бага зэрэг суларсан санагддаг. Гэхдээ зөв удирдаж чадвал нэгийн эсрэг тавуулаа тоглоход ч асуудалгүй.

Анхны тэмцээн маань ESN-ээс зохион байгуулсан “Jig Jug - Winter Showdown”. Бэлтгэлийн өрөөгүй учир багаараа хэд хоног буудалд байрлан бэлтгэлээ базаагаад тэмцээндээ ялалт байгуулж чадсан. 2024 оны ESN-ийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд IHC Esports багийн дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Финалын шатанд MongolZ багт хожигдож, хоёрдугаар байранд орсон доо. Хэдийгээр ялалт байгуулна гэдэгтээ тун итгэлтэй байсан ч санаснаар бүтээгүй. Манай багт гурван шинэ гишүүн орж ирээд удаагүйн зэрэгцээ сэтгэлзүйн бэлтгэл хангалтгүй байснаас хожигдсон гэж боддог.

Би тэмцээнд орохоос 14 хоногийн өмнө сахарын хэрэглээгээ бүрэн танадаг. Ингэснээр тоглолтын үеэр айх, сандрах зүйлгүй, сэтгэл зүй тогтвортой болдог учир тайван тоглож чаддаг. Ер нь бэлтгэлээ сайн хийж, тоглолтоосоо өөр юм бодохгүй байхад л болно доо. Заавал хожих ёстой, дэмжиж байгаа хүмүүсийнхээ итгэлийг алдаж болохгүй гэхчлэн дарамт үүсгэхгүй тоглох хэрэгтэй. Дэмжиж байгаа хүмүүсийнхээ итгэлийг алдах эрхгүй байдалд өөрийгөө оруулж, заавал хожих ёстой мэт дарамт үүсвэл тоглоход улам л хүндрэлтэй болчихдог.

Ер нь амжилттай тамирчин болоход спонсор байгууллагууд маш чухал байдаг. Зөвхөн багийн спонсоруудаас гадна тэмцээн уралдааныг спонсорлож байгаа байгууллагууддаа баярлалаа гэж хэлмээр санагддаг юм. Дотоодод тэмцээн уралдаанууд тогтмол зохиогдож байж л ур чадвартай тоглогчид төрөн гарч, амжилтаа ахиулж, цаашлаад дэлхийн тавцанд өрсөлдөх боломжтой шүү дээ.

Би тэмцээнд орохоос 14 хоногийн өмнө сахарын хэрэглээгээ бүрэн танадаг

Ч.Эрдэнэмөнх

Энэ ташрамд сонирхуулахад, MLBB төрлийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээн буюу Дэлхийн аваргын эрхийн төлөөх тэмцээний Гранд Финалын тоглолт Дархан хотын Darkhan United Arena-д 10-р сарын 25-нд болох гэж байна. Уг тэмцээнийг ESN зохион байгуулж, Unitel тэргүүтэй байгууллагууд ивээн тэтгэн ажиллаж буй.

И-спорт нь технологийн хэрэглээг хамгийн идэвхтэй, бүтээлч хэлбэрээр ашиглаж буй спортын төрөл. Тиймдээ ч ICT салбарт түүчээлэгч Юнител групп шинэ үеийн залуусын илэрхийлэл болсон и-спортыг дэмжиж, ивээн тэтгэж байна.


3. Я.Ариунжаргал /Ariucle/

Төрөл: Counter Strike (CS2)-ийн тоглогч
Одоогийн баг: Chinggis Warriors
Өмнөх тоглож байсан баг: Aravt, Reneval, IHC Esports
Хэзээнээс тоглож эхэлсэн: 2018 он
Үүрэг: Rifler

Би наймдугаар ангидаа буюу 2018 онд анх Counter Strike гэж тоглоом байдгийг олж мэдсэнээр тоглож эхэлсэн. Ингээд найзуудтайгаа үе үе PC орж тоглодог боллоо. Анх Аравт /Eruption/ багт дуудагдсанаар мэргэжлийн тоглогч болж байсан түүхтэй. Бэлтгэлийн өрөөтэй, Roux, Controlez зэрэг томоохон тоглогчидтой мөр зэрэгцэн ур чадвараа ахиулах боломжтой болсон нь тухайн үед их гоё санагдсан.

Надад Tyloo багийн JamYoung тоглогчийн арга барил таалагддаг. Тоглох ур чадвар сайтайн зэрэгцээ ямагт сандралгүй, тайван сэтгэл зүйтэй тоглодог хүн. Түүнээс их суралцаж, үлгэр жишээ авдаг.

Би одоогоор хичээлээсээ чөлөө авчихсан, мэргэжлийн тамирчны ур чадвараа дээшлүүлэх зорилготой яваа. Цаашдын гурав, дөрвөн жилд и-спортдоо түлхүү анхаарлаа хандуулахаар шийдсэн хэрэг. Мэдээж тодорхой хугацааны дараа дахин суралцана гэсэн төлөвлөгөөтэй.

Цаашдын гурав, дөрвөн жилд и-спортдоо түлхүү анхаарлаа хандуулахаар шийдсэн

Я.Ариунжаргал

4. Э.Тэмүүлэн /Lexor2k/

Төрөл: Counter Strike (CS2)-ийн тайлбарлагч
Хэзээнээс тоглож эхэлсэн: 2016 он

Яг одоо Монголын и-спортын хөгжил суурь нь тавигдах шатандаа явж байгаа гэж хардаг. Манай улс хүн ам цөөтэй учир нэг тоглоом руу нийтээрээ шуурах, тэр зүг рүү хэт хэлбийх хандлагатай. Жишээ нь, одоо Dota-гийн томоохон тэмцээн зохион байгуулагдвал төдийлөн олон хүн үзэхгүй л болов уу. Харин CS2-ийн тэмцээн болбол The MongolZ баг ирэх эсэхээс тухайн тэмцээнийг хэр олон хүн сонирхох нь шалтгаалдаг.

Цаашдаа Азийн түвшинд Монголын CS2 улам л нэр хүндтэй болох байх. CS2 бол багийн тоглоом. Багаараа амжилттай тоглохын тулд нэгнээ сайн ойлгодог байх хэрэгтэй. Зөвхөн тоглолтын үеэр ойлголцох биш, хувь хүнийх нь хувьд бие биеэ илүү сайн таньж мэдэж, нэг хүн шиг болох хэрэгтэй. Тиймээс нэг баг болохын тулд хоорондоо нөхөрлөх нь чухал.

Би 2016 оноос и-спортын тайлбарлагч хийж эхэлсэн. Тухайн үед Монголд тун цөөн тайлбарлагч байдаг байлаа. Иймд өөрөө тоглохын зэрэгцээ тайлбарлагчаар ажилладаг байсан. Тайлбарлагч хүн тоглогчоосоо илүү нүдний хурдтай, гүйлгээ ухаан сайтай, и-спортын талаар анхан шатны мэдлэггүй хүнд ч ойлгогдох хэмжээнд тайлбарлаж чаддаг байх шаардлагатай.

Тайлбарлагч хүн тоглогчоосоо илүү нүдний хурдтай, гүйлгээ ухаан сайтай, и-спортын талаар анхан шатны мэдлэггүй хүнд ч ойлгогдох хэмжээнд тайлбарлаж чаддаг байх шаардлагатай

Э.Тэмүүлэн

5. Л.Алтанзул /Zulaana/ 

Төрөл: MLBB-ийн тоглогч
Одоогийн баг: Ladybugs
Хэзээнээс тоглож эхэлсэн: 2023 он
Үүрэг: Багийн ахлагч, Mid Laner

Эмэгтэй тоглогчдыг ур чадварын хувьд дутмаг гэж шүүмжилдэг хүмүүс их. Гэсэн ч шүүмжлэхээс илүү дэмждэг хүмүүс давамгайлдаг учир сөрөг сэтгэгдэлд тэгтлээ эмзэглээд байдаггүй. Угаас эмэгтэй тоглогчид тоогоор харьцангуй цөөн байдаг. Угтаа олон тоглогчид байх тусам тэр дундаас ялгарах авьяас чадвартай тоглогчдын тоо дагаад нэмэгдэнэ шүү дээ.

Анхны тэмцээндээ ялалт байгуулчхаад өөрөөрөө маш их бахархаж байснаа санадаг. Би өөрийгөө тэр хүртэл явна гэж төсөөлж байгаагүй хэрэг. Тухайн үед туршлага, ур чадвараар ч дутмаг байлаа. Харин анх спонсортой болж, мэргэжлийн тоглогчдын түвшинд тоглолтын бэлтгэлээ базааж эхлэх их хэцүү байсан. Өдөрт олон цагаар сууж, нэг үйлдлээ байн байн давтаад байгаа нь залхмаар санагдсан ч эцсээ хүртэл хичээхээр шийдсэн дээ. Ийнхүү тэмцээндээ амжилттай оролцсон ч олон цаг дэлгэц ширтсэнээс үүдэн хараа муудах, сэтгэл санаа хэлбэлзэх гэх мэт хүндрэлүүд гардаг юм билээ. Харин одоо бол энэ бүхнийг хэрхэн шийдэх, сэргийлэх арга учраа өөрийн болгоод авчихсан.

Олон тоглогчид байх тусам тэр дундаас ялгарах авьяас чадвартай тоглогчдын тоо дагаад нэмэгдэнэ

Л.Алтанзул

6. Б.Тэмүүлэн /Zilkenberg/

Төрөл: Counter Strike (CS2)-ийн тайлбарлагч
Өмнөх тоглож байсан баг: Virtual Impact, The MongolZ, KhaRUM, AUGUST, Mazaalai, Chinggis Warriors
Хэзээнээс тоглож эхэлсэн: 2014 он

Би Counter Strike тоглоод 20 жилийн нүүрийг үзэж байна. Намайг тоглож эхэлж байх үеийн и-спорт, өнөөгийн и-спортын хөгжилд маш их зөрүү бий. Тухайн үедээ Counter Strike тоглоом дөнгөж шинээр гарч ирж байсан болоод ч тэр үү, хүмүүс сайн мэддэггүй л байсан юм. Харин одоо хүн болгоны тодорхой хэмжээнд мэддэг, сонирхдог спорт болжээ. Үүнд The MongolZ багийн ач гавьяа их. Тэдний нөлөөллөөр тоглох сонирхолтой хүмүүс нэмэгдсэн. Найз нөхдийн хүүхдүүд хүртэл тоглож байх жишээтэй. The MongolZ багийн амжилтаас үүдэн гаднын орнууд Монгол Улсыг үнэлж байгаа нь манай бусад тоглогч, багуудын хувьд том боломж гарч байгаа юм шиг санагдсан.

Миний Zilkenberg нэрийн “berg” гэдэг нь Германаар юмны ноён оргил, уул гэсэн утгатай үг юм билээ. Тухайн үедээ зүгээр л бусад тоглогчдын харж байгаад зохиогоод өгчихсөн нэр. Хүмүүс ямар нэгэн утгатай гэж бодоод байдаг. Гэхдээ тийм зүйл байхгүй ээ.

Тоглогчид ур чадвараас илүүтэй хувийн сахилга бат, харилцааны асуудал дээрээ анхаарах хэрэгтэй. Ямар ч тоглолтод би биш багаараа оролцож байгаа гэдгээ үргэлж санах ёстой. Багийн гишүүд ур чадвараар сайн хэдий ч хоорондоо ойлголцож чадаагүйгээс хожигдох үе их гардаг. Тэгэхээр бие биетэйгээ сайн ойлголцож чадвал баг илүү их амжилт үзүүлнэ шүү дээ.

Багийн гишүүд ур чадвараар сайн хэдий ч хоорондоо ойлголцож чадаагүйгээс хожигдох үе их гардаг

Б.Тэмүүлэн

7. О.Лхагвасүрэн /Mayki/ 

Төрөл: MLBB-ийн тоглогч
Одоогийн баг: The MongolZ
Өмнөх тоглож байсан баг: Astronaut, Ozzy, Venomx, Kumiho, Aravt, Raya of Throne, Xeno Squad 2, 7eventi, Your Cute
Хэзээнээс тоглож эхэлсэн: 2017 он
Үүрэг: Mid Laner

Анх 2017 онд Mobile Legends: Bang Bang гэх тоглоомыг ангийн найзуудын хамт сонирхон тоглож байлаа. И-спорт баяр хөөр, уйтгар гуниг, сандрал гээд төрөл бүрийн сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг. Энэ нь ч миний энэ спортод дурлах болсон гол шалтгаан. Ингээд өнгөрсөн оноос эхлэн The MongolZ MLBB багт нэгдэж, мэргэжлийн тоглогч болохоор шийдсэн. Өөрийн хобби, хүсэл мөрөөдлийнхөө дагуу явж байгаа нь сайхан ч байнгын дэлгэц ширтээд суух нь хэцүү санагддаг.

Одоо МУИС-ийн Бизнесийн сургуульд маркетингийн чиглэлээр суралцдаг. Хоббигоо хөгжүүлэхийн сацуу боловсролдоо ч цаг гаргах хэрэгтэй гэж боддог. Тиймээс аль алийг нь орхигдуулахгүйгээр цагаа зөв хуваарилахад суралцаж байна.

Манай баг анхны аваргын цомоо авсан үе санаанаас ер гардаггүй юм. Бид дуртай спортынхоо төрөлд аварга болсноор зогсохгүй анх удаа гадаадад очиж, өөр улсын олон багуудтай бэлтгэл хийж үзсэн үе гэдгээрээ их онцгой. Мөн тухайн үед багийн гишүүд маань хоорондоо харилцааны жаахан асуудалтай байсан юм л даа. Тэр бүхнийг даван туулж, нэгнийгээ ойлгоод эцэст нь түрүүлж чадсан багаараа маш их бахархдаг.

Хоббигоо хөгжүүлэхийн сацуу боловсролдоо ч цаг гаргах хэрэгтэй

О.Лхагвасүрэн

8. Г.Билэгт /Wise/ 

Төрөл: PUBG Mobile-ийн тайлбарлагч
Хэзээнээс тоглож эхэлсэн: 2022 он

Тайлбарлагч хийх нь миний хобби бас ажил. Угтаа би газар доорх байгууламжийн инженер мэргэжилтэй ба хувийн компаниа удирдан ажилладаг. Тэгэхээр PUBG Mobile-ийн тайлбарлагч хийх нь миний орлогын эх үүсвэр биш. Багаасаа л PUBG тоглох дуртай байсан учир тайлбарлагч болохоор шийдсэн. Тайлбарлагч болохоос өмнө бусад сонирхол нэг залуустай нэг баг болж, хэд хэдэн жижиг тэмцээнд оролцож байсан ч ямар нэг амжилт үзүүлж байгаагүй.

Саяхан болж өнгөрсөн PUBG Mobile-ийн “Esports World Cup 2025” тэмцээний тоглолтыг нэг дор 15,000 хүн үзсэн байсан. Энэ нь үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэх амжилт. Гэхдээ 60-70 мянган хүн үзэгчид нэг дор цугларах нь юу л бол. Учир нь PUBG Mobile хөл хорионы үеэр л тэсрэлт хийсэн тоглоом шүү дээ. Харин одоо бол хүмүүс хөл хорионоос өмнөх өдөр тутмын амьдралын хэв маяг руугаа шилжчихсэн учир утасны тоглоом тоглох нь эрс багассан санагддаг. Гэхдээ багассан гээд PUBG Mobile уналтад орсон гэсэн үг огт биш. Дэлхийн хэмжээнд үзэлт хэвийн л байна.

PUBG Mobile уналтад ороогүй, дэлхийн хэмжээнд хэвийн л үзэлттэй байна

Г.Билэгт

9. Т.Багабанди /Zxaura/ 

Төрөл: MLBB-ийн тоглогч
Одоогийн баг: IHC Esports
Өмнөх тоглож байсан баг: Bosuul, Lilgun
Хэзээнээс тоглож эхэлсэн: 2020 он
Үүрэг: Jungler

Анх Mobile Legends: Bang Bang тоглоомыг тоглож эхлэхэд “Zxone” гэдэг тоглогч байсан юм. Тэр хүний нэрийн эхний үе “Zx” гэдэг нь содон санагдаж, нүдэнд тэр даруй тусаж билээ. Тийнхүү “Zx” гэх эхлэлтэй “aura” гэсэн үгийг холбосноор тоглогчийн нэрээ бүтээж байлаа.

Тэмцээндээ амжилттай оролцохын тулд сайн унтаж амрах хэрэгтэй. Би өдөрт найман цагийн нойр авдаг. Яг бэлтгэлийн үеэр өдөрт наймаас арван цаг тоглоно. Үлдсэн цагт нь скрим хийж, бусад орны тоглогчидтой туршлага солилцдог. Гадаадын орноос Филиппин гаралтай, Индонезийн лигт тоглодог Kairi нэртэй тоглогчоос үлгэр дуурайлал авдаг.

Анх нэг жижиг тэмцээнд орж байсан юм. Манай баг түрүүлж, нэг хүн 60,000 төгрөг авч байсан. Гэрээсээ тоглосон болохоор сэтгэлд тийм ч сайн хүрээгүй. Харин 2022 оны Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд “Босуул” гэдэг багийн гишүүнээр орж байлаа. Тэмцээндээ 3:2 харьцаагаар ялалт байгуулж, бөөн баяр болсон доо.

Тэмцээний бэлтгэлийн үеэр өдөрт наймаас арван цаг тоглодог

Т.Багабанди

10. Н.Цогтсайхан /Rynx K/

Төрөл: MLBB-ийн тоглогч
Одоогийн баг: The MongolZ
Өмнөх тоглож байсан баг: Final Episode
Хэзээнээс тоглож эхэлсэн: 2019 он
Үүрэг: Gold Laner

Би 2023 онд мэргэжлийн тоглогч болсон. Өдөрт таваас дээш цагийг тэмцээндээ бэлдэхэд зарцуулдаг. Тэмцээний бэлтгэлийн үеэр аливаа зүйлд уурлаж бухимдахгүй, хэт ургуулан бодохгүй байх зэргээр сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээдэг.

И-спортын тамирчин болоход маш их золиос шаарддаг. Тоглолтуудад тогтмол ялалт байгуулахын тулд хичээл сурлага, гэр бүлдээ зарцуулах цаг зав хомсдох нь олонтоо. Би гэр бүлээсээ хол байгаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа. Уг нь хичээлдээ шамдана гэсэн бодолтой байдаг. Гэвч тэмцээнд оролцох үеийн ачааллаас шалтгаалж сурлагын үзүүлэлт хэлбэлзэх үе бий. И-спортоор хичээллэхийн давуу тал нь гэвэл өөрийн хоббигоо орлогын эх үүсвэр болгохоос эхлээд томоохон мөрөөдлүүдээ биелүүлэх зэргийг дурдаж болно.

Амжилттай тамирчин болохын тулд өөрт байгаа бяцхан авьяасыг тууштай хөгжүүлж, ур чадвар болгох хэрэгтэй. Ур чадвар, авьяас хоёрыг тусад нь авч үзэх боломжгүй санагддаг.

Ур чадвар, авьяас хоёрыг тусад нь авч үзэх боломжгүй

Н.Цогтсайхан