Хурдхан л сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг оюутан нас ч сайхан шүү. Төгсөөд харин хаанаас эхлэхээ мэдэхгүй, анкетаа яаж бэлдэх үү, ажлын ярилцлагад ороод өөрийгөө хэрхэн зөвөөр илэрхийлэх үү, дахиад үргэлжлүүлээд сурах уу, хаана ажилд орох уу гээд олон асуултууд толгойд эргэлддэг. Энэ бүхэнд сургуулиа төгсөхөөс өмнө бэлдэх боломжийг Рио Тинто-ийн дэмжлэгтэйгээр Баянхошуу дэд төвд байрлах “Өсөлт хөгжлийн төв”-д олгожээ. Тус төвд анкет бөглөх, ажил олгогчидтой ажлын ярилцлагад хэрхэн орох талаар мэдлэг олгох “Skillathon My Career Event” зохион байгуулагдсан юм. Тус арга хэмжээнд Шинэ Иргэншил политехник коллежийн төгсөх ангийн оюутнууд оролцож, ажил олгогчидтой уулзаж ажлын ярилцлага хийж, өөрийгөө зөвөөр илэрхийлэх ямар чухал болохыг олж мэджээ.
Энэ удаагийн “10 ертөнц, 10 өнцөг” нийтлэлийн шинэ дугаартаа удахгүй төгсөх оюутнууд болон ажил олгогчдын төлөөлөлтэй ярилцлаа.
Ж.Юра, Шинэ Иргэншил политехник коллежийн гүйцэтгэх захирал

Рио Тинто бол нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил зохион байгуулдаг дэлхийн топ 10 корпорацын нэг. Өнөөдөр “Өсөлт хөгжлийн төв”-д мэргэжлийн сургуулийн төгсөх ангийн сурагчдад ажлын байрны ярилцлагад хэрхэн өөрийгөө зөв илэрхийлэх талаар сургалт зохион байгуулж байгаад миний хувьд их талархаж байна.
Их сургуулиуд ч бай, мэргэжлийн коллежууд ч бай бүгд л оюутнуудаа аль болох мэргэжлээрээ ажиллаасай гэж хүсдэг. Гэхдээ ажлын байрны хүртээмж харилцан адилгүй байдаг. Намайг анх сургуулиа төгсөөд ажилд орж байх үед бол төгссөн сургууль, диплом, дүнгийн хуудсыг хараад онц дүнтэй бол шууд ажилд авдаг байсан. Харин одоо их өөрчлөгджээ. Ажил олгогчид өсөн дэвжиж, хөгжиж чадах, харилцаа хандлага сайтай ажилчдыг түлхүү авдаг болж. Өнөөдрийн сургалт бол хүүхдүүдэд энэ талаарх ойлголтыг өгч, хувь хүний ур чадварууд дээрээ хэрхэн ажиллах уу, ажлын байрнаас юу хүлээх үү гэдэг талаар баримжаа олгохын зэрэгцээ сургуулиа төгсөөд ажиллаж байгаа сурагчдын туршлагыг хуваалцсан төгсөх хүүхдүүдэд их хэрэгтэй байлаа. Хүүхдүүд ч их идэвхтэй сонирхож байна.
Н.Эрдэнэбаатар, ажил олгогч

Би 2008 онд ХААИС-ийг цахилгаан хангамж мэргэжлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажиллаж байгаад 2011 оноос өөрийн гэсэн компаниа байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани ихэвчлэн шинээр баригдаж байгаа барилгуудын цахилгаан холбоо, дохиоллыг суурилуулдаг юм. Одоогоор үндсэн 28 ажилтантай.
Миний хувьд одоо төгсөж байгаа хүүхдүүд хариуцлагатай, цагаа сайн баримталдаг байгаасай гэж боддог.Шинээр ажиллаж байгаа залуустаа “Ажлаа хийж байгаа хүмүүсийг сайн хараад хажуунаас нь суралцаад ав. Дараа нь чиний ээлж ирэх болохоор чамд л хэрэгтэй” гэж захидаг. Мэдээж хүн л юм чинь хоцорч болно гэхдээ яаралтай үед худлаа хэлж ажлаа битгий таслаарай гэж мөн их хэлдэг юм байна. Итгээд ажил даалгаад хуваарилчихсан байхад ямар нэгэн шалтаг хэлээд ажилдаа ирэхгүй, шалтгийг нь сонсохоор ажлаа тараад зохицуулж болох эсвэл өглөө эрт босоод амжуулж болохоор ажлууд байдаг.
П.Буянзаяа, оюутан

Би хэвлэлийн график дизайн мэргэжлээр суралцдаг. Миний хувьд энэ сургалтад хоёр дахь удаагаа сууж байна. Өмнө жил энэ сургалтаас ерөнхий мэдлэг, чиг баримжааг олж авсан бол энэ удаа илүү ажлын ярилцлагад хэрхэн бэлдэх, өөрийгөө яаж илэрхийлэх вэ гэдгийг сайн ойлголоо.
Анх сургуулиа төгсөөд компьютерын чиглэлээр их сургуульд сурах хүсэлтэй байсан л даа. Гэхдээ ахлах ангид ордог жилээ хичээлүүдээ бие даан суралцаад хүссэн мэргэжлээрээ суралцах боломж байгаа юм чинь гээд сургуулиасаа шилжсэн. Надад мэргэжил маань их таалагддаг. Өөрийн бодсон, төсөөлсөн бүхнээ бодитой болгож бүтээлчээр хийж бусдад харуулдаг нь сайхан.
Ажлын ярилцлагыг анх кинон дээр гардаг шиг л хар хувцастай олон хүмүүс эгнэж суучихсан, тэдний өөдөөс ганцаараа голд нь суугаад асуултуудад нь хариулдаг гэж төсөөлж байсан. Гэтэл тэс өөр зүйл байсан байна лээ. Удахгүй сургуулиа төгсөөд ажлын ярилцлагад орохдоо өөрийгөө сайн илэрхийлж, ажилд ороод багаар сайн хамтарч ажиллаж, хамт олонтойгоо нээлттэй харилцах хэрэгтэйг энэ сургалтаар ойлгож авлаа. Цаашдаа ч гэсэн ийм сургалтууд зохион байгуулагдаасай гэж хүсэж байна. Үнэхээр хэрэг болсон гоё сургалт болж өндөрлөлөө.
Б.Анир, оюутан

Би багаасаа л зураг зурах дуртай байсан, гэрийнхэн маань ч гэсэн намайг их дэмждэг. Нэг өдөр аав ээжийн ажил руу явах замдаа манай коллежийг олоод “надаас График дизайны анги байдаг юм байна, орох уу” гэж асуусан. Дизайн гэсэн байхаар нь зураг зурах байх л гэж бодоод орсон. Тэгээд хичээлүүдээ үзээд явж байхад миний төсөөлснөөс шал өөр мэргэжил байсан л даа. Тэгсэн ч гэсэн надад их сонирхолтой санагдаж, таалагдсан болохоор суралцсан.
Мэргэжлээрээ дадлагад гарах хугацаандаа өгсөн ажлуудыг цагт нь сайн хийж чадсан. Мэдэхгүй зүйл гарч ирвэл англи хэлтэй болохоор шууд л хайгаад олчихдог. Намайг хөгжүүлээд ажиллуулах газар байвал ажлаа сайн хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.
С.Чулуунбаатар, оюутан

Анх сэтгэл зүйч болох хүслээр нийгэм, англи хэлний хичээлээ бэлдэж байсан л даа. Гэхдээ 9-р ангиа төгсөөд тогооч болохоор шийдсэн. Эхний жил хутгаа ч зөв барьж чадахгүй гар цэврүүтээд, надаас бусад нь сайн хийгээд байхаар их шантарсан. Манай ээж тогооч, дээр нь эмэгтэй дүүтэй болохоор гал тогоонд орж хоол хийдэггүй зүгээр л хараад суудаг байсан болоод ч тэр үү эхний жилийн хичээлүүд хүнд байсан. Бүр сургуулиа солиод үздэг ч юм уу гэж бодож байсан ч “Яагаад ингэж хурдан шантрах ёстой гэж” бодоод өөрийгөө хүчлээд мэрийж эхэлсэн. Одоо бол хичээлийнхээ хажуугаар мэргэжлээрээ цагийн ажил хийдэг.
Нэгдүгээр курсээ төгсөөд зун нь Tous Le Jours-д сэндвич хийж эхэлсэн. Тэгээд хоёрдугаар курст үйлдвэрлэлийн дадлагад гарахдаа зун ажиллаж үзсэн болохоор шууд л Tous Le Jours-д дадлагаа хийхээр шийдсэн. Гэхдээ энэ удаа нэг шат ахиад үзье гэж бодоод торт хийж эхэлсэн. Эхэндээ нарийн, чимхлүүр ажил ихтэй хийж чадах болов уу гэж санаа зовж байсан ч дасаад, суралцаад явахад тийм ч хэцүү санагдаагүй. Одоо торт хийгээд хоёр гурван жил болж байна. Сая сургуулиа төлөөлөөд бүр тэмцээнд оролцоод ирсэн.
Миний хувьд одоо мэргэжилдээ хайртай болчихсон болохоор ажлын байранд гарвал хамт олон маань л сайхан харилцаатай байхад болно доо гэж бодож байна.
Б.Намуунаа, оюутан

Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрж өссөн. Хотод ирээд гурван жил болж байна. Одоо оффис болон бичиг хэргийн ажилтнаар суралцдаг.
Миний бодлоор хүн ер нь ажлын байран дээр илүү ихийг сурдаг юм шиг санагдсан. Мэргэжлийн дадлагаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хийж байсан юм. Дадлагын үеэр бичиг хэргийн ажилтан н.Бурмаа эгч надад ихийг зааж ойлгуулсан болохоор их талархдаг. Багш нарын ойлгуулж чадаагүй зүйлийг ойлгомжтой, гоё тайлбарлаж өгдөг байсан. Яаманд дадлага хийхэд бүх зүйл дүрмийн дагуу байдаг болохоор заасан ажлуудыг яг л хэлснээр нь хийж гүйцэтгэх хэрэгтэй. Ажлын дүрмээ мөрдөхгүй бол зэмлүүлэх талтай, их хариуцлагатай ажил байсан.
Миний хувьд цаашдаа ажлын ярилцлагад орохдоо өөрийгөө сайн илэрхийлж, хүний нүд рүү эгцэлж харж сурах хэрэгтэй санагдсан. Одоо сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалтдаа бэлдээд МУБИС-т багшаар суралцахыг хүсэж байгаа. Багш хүн хэчнээн ачаалалтай, хэцүү байсан ч шавь нараа харахаар жаргалтай болдог шиг санагддаг.
Ө.Өсөх-ирээдүй, оюутан

Би барилгын цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтаар суралцдаг. Анх өөр сургуульд орох гэж байсан ч бэртэл аваад эрүүл мэндийн шалтгаанаар хоёр жил өнжсөн. Биеэ тэнхрүүлээд сургуульд бүртгүүлэх гэсэн ч ихэнх сургуулиудын элсэлт хаагдчихсан байсан ч азаар энэ сургуульдаа амжиж бүртгүүлсэн. Гэрийнхэнтэйгээ ярилцаад цахилгаанчин болохоор шийдсэн ч эхэндээ хичээлдээ дургүй, худлаа үнэн сураад төгсчихвөл болно гэж бодоод хичээдэггүй байсан. Хоёрдугаар курст дадлагад гараад миний бодол үнэхээр өөрчлөгдсөн л дөө. Ангийнхантай их нийлдэггүй байсан ч дадлагын үеэр найзуудтай болж, улмаар мэргэжилдээ дуртай болж эхэлсэн.
Анх дээд курсийнхээ ах нараас дадлага хийх ямар байдаг талаар сонсоход цалингүй ажиллуулдаг, амрах ч зав өгөхгүй гэж сонсоод их айж байсан. Тэгээд нээрээ л тийм аймар газар байдаг юм байхдаа гэсэн чинь тийм байгаагүй. Биднээр хөнгөн ажлууд хийлгэдэг, ажлуудаа хийгээд дуусгачихвал эрт амраадаг. Хийх зүйлээ хийж л байвал цагийн хувьд уян хатан гоё газар байсан.
Сургуулиа төгсөөд ангийн найзуудтайгаа хамт барилгын компани нээгээд, хамтдаа ажиллахыг хүсдэг.
Г.Отгонтөгс, оюутан

Би оффис болон бичиг хэргийн ажилтнаар суралцдаг. Анх ээж надад санал болгоод энэ сургуульдаа орсон.
Надад оффисын хувцас өмсдөг эгч нар таалагддаг л даа. Цаанаасаа л нэг тийм цэмцгэр, цэвэрхэн харагддаг. Тэгээд дадлагад гараад тэр хөөрхөн хүмүүстэй хамт ажиллана гэхээр үнэхээр догдолж байсан. Олуулаа дадлага хийсэн болохоор хүнд санагдах зүйл байгаагүй нэгнээсээ асуугаад, нэгэндээ туслаад л эрт тардаг. Мэдээж өлсөж, цангах ядрах үеүд байсан л даа. Ганцаараа биш ангийнхаа найзуудтайгаа байсан болохоор их хөгжилтэй дурсамж цагийг өнгөрүүлсэн.
Сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгөөд бага ангийн багшаар сурдаг юм билүү гэж бодож байгаа. Эсвэл дахиад 1.5 жилээр өөр мэргэжлээр сурдаг юм уу гэж бодож байна. Шууд ажил хийхгүй өөрийгөө ахиад хөгжүүлж суралцахыг хүсэж байна.
Б.Нандин-эрдэнэ, оюутан

Би тогоочоор суралцдаг. Анх энэ коллежид ахыг маань бүртгүүлчихсэн байсан ч би оронд суралцахаар болсон юм л даа. Надад хоол хийх таалагддаг болохоор хичээлүүдэдээ ч их сонирхолтой. Нэг хэцүү зүйл нь гал тогоонд хоол хийхээр халууцаад их хөлөрдөг байсан. Гэхдээ хоол хийсээр байгаад одоо бол бүр хөлрөхөө больчихсон.
Дадлагын үеэр хоол хийхээс гадна цаг баримтлах, цэвэрч нямбай байх, хүмүүстэй зөв боловсон харилцах гээд олон зүйлийг сурсан. Ялангуяа гал тогоо, ажлын байраа цэвэр байлгах хамгийн чухал. Бохирдсон зүйл байвал дор дор нь ялгаад тавьчих хэрэгтэй. Мэдэхгүй, чадахгүй зүйл байвал санаа зоволтгүй хамт ажиллаж байгаа нэгнээсээ асуугаад шийдэх хэрэгтэйг их ойлгож авсан.
Цаашдаа мэргэжлээрээ илүү нарийн суралцаад рестораны тогооч болох хүсэлтэй байгаа. Ажлын байр, цаашдын карьерт англи хэлний мэдлэг чухал гэж боддог болохоор англи хэлээ сайн бэлдэж байгаа.
А.Баяржавхлан, оюутан

Би барилгын цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтаар сурдаг. Анхандаа хичээл их сонирхолгүй байсан ч дадлагад гараад ажиллаад үзсэн чинь их амархан санагдсан. Нэг хэцүү асуудал нь манай гэр хол болохоор хааяа хоцрох асуудал гардаг байсан. Өөр ч асуудал байгаагүй дээ. Ажлаа хурдан хийж дуусгачихвал найзуудтайгаа хамтдаа ярилцаад суух хамгийн гоё байсан.
Цаашдаа сургуулиа төгсөөд Батлан хамгаалах их сургууль эсвэл Дотоод хэргийн их сургуульд элсэн орж, төрийн албан хаагч болохыг хүсэж байна. Коллежид суралцсанаар амьдралд хэрэг болох, хэн ч надаас булааж авч чадахгүй мэдлэг, чадварыг эзэмшиж чадсан. Ирээдүйд төрийн хувцас өмссөн мундаг албан хаагч болохыг хүсэж байна.

