Уншиж эхлэхээс өмнө нийтлэлийн гарчгийг асуулт болгон хөрвүүлээд хариултыг нь цээжээр хэлэх гээд оролдоод үзээрэй. Та бүхний ихэнх нь “Тунгалаг тамир”... гээд л гацчихаж байгаа биз. Хүний оюунаас ундран оргилсоор буй зохион туурвих үйлийг тоогоор тэгшигтгэн тодорхойлж болохгүй тул ерөнхийдөө XX зууны туршид арван мянга орчим роман хэвлэгдэн гарсан гэж үзье. Мэдээж тэдгээрийг бүгдийг нь шимтэн уншина гэдэг ярвигтай учраас манай редакцын зүгээс зан заншил, үүх түүхээ эргэн нэг санадаг Үндэсний их баяр наадамтай холбогдуулан монгол ахуйг сэргээн сануулах XX зууны бүтээлүүдээс дараах арван номыг сорчлон танилцуулж байна.  


Хэвлэлийн газар: Альфа паблишинг 
Төрөл: Уран зохиол 
Хэвлэгдсэн: 2023 он 
Нүүрний тоо: 344 

Сүүлийн үед залуус харилцан яриандаа ихээр хэрэглэх болсон “Үнээн” гэх үг Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба агсны 1971 онд нэгтгэн хэвлүүлсэн “Тунгалаг тамир” романаас үүдэлтэй. Уг бүтээлд нийгмийн янз бүрийн давхаргад өөр өөрсдийн хувь тавиланг гэтлэн аж төрөх ард олон, тэдний нэгдэл, зөрчлөөр дамжуулан Богд хаант Монгол орны нийгэм, цаг үеийн аж байдал, эгэл ардын сэтгэлгээ, монгол хүний холч, уужуу сэтгэл, баян хоосны ялгаа, хүний сэтгэлийн нандин утсыг нэгтгэн өгүүлдэг билээ.

XX зууны манлай бүтээлээр өргөмжлөгдсөн эл бүтээлд Эрдэнэ, Дулмаа, Төмөр, Итгэлт тэргүүтэй дүр хоорондын уялдаа холбоон дунд улирах хорь орчим жилийн үйл явдлыг дүрсэлдэг.



Хэвлэлийн газар: Болор судар паблишинг 
Төрөл: Уран зохиол 
Хэвлэгдсэн: 2019 он  
Нүүрний тоо: 346  

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, СГЗ, төрийн шагналт, доктор Л.Түдэв агсны 1983 онд олны хүртээл болгож, улмаар XX зууны шилдэг романаар тодорсон уг бүтээл нь Монгол, Түвдийн шашин төрийн харилцаа, зан заншил, хэл соёл болоод сэтгэлгээний ялгааг тод томруунаар дүрсэлнэ.

Зохиолын гол дүр болох Санж 15 насандаа хийдэд шавилахаар Чоймчиг гэлэнг даган Түвдийг зорино. Чоймчиг гэлэн насан өөд болохоосоо өмнө бүхий л эрдэм чадлаа хүүд өвлүүлэн, буддын шашинд төвөггүй нэвтрэх үүд хаалгыг нь нээж өгчээ. Гэвч тэрээр Түвдийн хийдэд лам болсноор бурхны шашин болон бодит амьдрал хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй болохыг ойлгож, улмаар хийдээсээ оргодог. Товчхондоо итгэл бишрэлийн хүч нөлөө, түүнийг гажуудуулбаас үүсэж болох уршиг, бурханд хэт найдахын балаг зэрэг нь эл зохиолын илэрхийлэх гэсэн санаа.



Хэвлэлийн газар: Болор судар паблишинг 
Төрөл: Түүхэн, уран зохиол 
Хэвлэгдсэн: 2015 он 
Нүүрний тоо: 650 

XV зууны сүүл үе буюу 1691 онд Монгол Улс Манж Чин гүрний эрхшээлд орсон тэмцлийн он жилүүдийг харуулсан уг роман нь Төрийн шагналт, СГЗ, зохиолч Ж.Пүрэв гуайн түүхэн сод бүтээлүүдийн нэг билээ. Энэхүү бүтээлд түүхэн харамсалтай цаг үеийг илэрхийлэхээс гадна тухайн үеийн нүүдэлчин ард олны амьдралын онцлог, отрын аж байдал, нөгөөтээгүүр төрийн үйл хэрэгт ихээхэн оролцоотой байсан элч, зараалын системийг аж байдалжуулан дүрсэлжээ.



Хэвлэлийн газар: Болор судар паблишинг 
Төрөл: Түүхэн, уран зохиол 
Хэвлэгдсэн: 2015 он 
Нүүрний тоо: 1240 

Үйл явдал өрнөх цаг хугацааны хувьд “Манан будан” романы үргэлжлэл гэлтэй. Манжийн эрхшээлд орсон монголчуудын амьдрал, хоорондын харилцаа, хятад шаахайтнуудын ов заль, Халх, Хотгойдын вангуудын бослого, түүнд нэгдэн хүч нэмэх эгэл бор эрс зэрэг ерөөс Манжийн дарлалыг үл тэвчсэн монголчуудын тэмцэл ба түүний харамсалт үр дагаварыг тус бүтээлд тод томруунаар илэрхийлнэ. Үүний зэрэгцээ монголчуудыг шашнаар номхотгох гэсэн Манжийн башир арга, шан харамж, цол хэргэмээр түрийдэн өөрсдөдөө нэгтгэн уусгаж, цус холилдуулах гэсэн бохир залинд автаж, нэгнээ хэмлэн, хойчийн хувь заяаг төөрүүлэх тухайн үеийн хэсэг бүлэг монголчуудын ойворгон байдлыг ч нэхэн сануулах роман аж.



Хэвлэлийн газар: Болор судар паблишинг 
Төрөл: Түүхэн, уран зохиол 
Хэвлэгдсэн: 2015 он 
Нүүрний тоо: 628 

Төрийн хошой шагналт, УГЗ Д.Намдаг гуайн 1960 онд олны хүртээл болгосон уг бүтээл нь мөн л өмнөх “Зүрхний хилэн” романы үргэлжлэл мэт. Манжийн эрхшээлээс ангижрах үеийн Богд хаант Монгол Улс, ард түмний амьдрал, үзэл санаа, хамгийн гол нь 220 гаруй жилийн дарлалаас үүдсэн үү гэлтэй сулбагар, дорой, дэндүү номхон ардын амьдрал, хүсэл зорилгыг илэрхийлснээрээ онцлог. Энэ бүтээлд хоёр зууны дараа өөрсдийн эрх чөлөөг олж авсан монголчууд төрөө засахын тулд нийгэм, улс төр, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж, зөрчил, төрийн эргэлт, тэмцэл, нэгдлийн дундуур үймж яваа үйл явдлыг харуулна.



Хэвлэлийн газар: Болор судар паблишинг 
Төрөл: Уран зохиол 
Хэвлэгдсэн: 2018 он 
Нүүрний тоо: 384 

Хатанбаатар Магсаржав буюу Баатар вангийн амьдралын түүхэн дундуур туучих эл бүтээлээр төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, зохиолч С.Удвал төрийн шагнал хүртэж байжээ.

Магсаржавын түүх бол 1921 оны их тэмцлийн үеийн Монголын түүх билээ. Тиймдээ ч түүнийг түүхэнд тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч хэмээн тодорхойлсон байдаг. Магсаржавын бага наснаас эхлээд ардын хувьсгалт цэргийн нэрт жанжин, төрийн зүтгэлтэн болох хүртэлх амьдралын түүхээр дамжуулан тухайн үеийн Монголын цаг төрийн байдлыг тольдож болох юм.



Хэвлэлийн газар: Болор судар паблишинг 
Төрөл: Уран зохиол 
Хэвлэгдсэн: 2015 он 
Нүүрний тоо: 284 

СГЗ, Д.Нацагдоржийн шагналт зохиолч С.Пүрэв 1990 онд эл бүтээлийг олны хүртээл болгож, Монголын түүхэнд хараар дурсагддаг их хэлмэгдүүлэлтийн үеийн тухай зохиолуудыг нэгээр нэмсэн билээ. Уг романы үйл явдал Чойбалсангийн засгийн үед өрнөх ба тухайн үед хэдэн зуун гэмгүй монголчууд хилс хэрэгт гүтгэгдэж, олон арван айл өрх амьдын хагацал үзсэн хүнд хэцүү цаг үе байлаа. Гагцхүү тэр бодит цаг үеийн төлөөлөл болсон залуу хосын хайр сэтгэлийг хагацаасан хэлмэгдүүлэлт, эх нутаг, элгэн саднаа санан бэтгэрэхийн зовлон, уулзахын хүслэн, горьдлого, хүлээлтийг харуулсан өр өвдөм түүхийг эл зохиолоос уншиж болно.



Хэвлэлийн газар: Болор судар паблишинг 
Төрөл: Түүхэн, уран зохиол 
Хэвлэгдсэн: 2016 он 
Нүүрний тоо: 458 

Зохиолч О.Цэндсүрэн энэхүү гурван боть романаа 1986, 1991, 1993 онуудад туурвижээ. Өнгөрсөн зууны эхэн үеийг тодорхойлох 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, түүний дараах Богд хаант Монгол Улс, 1921 оны ардын хувьсгал, бүрэн эрхт БНМАУ-ын эхэн үе зэрэг түүхэн эгзэгтэй он жилүүдийн талаар энд өгүүлнэ. Энэ бол тухайн үед харийнхны халаасанд орсон улс төрчдийн тарьсан балаг, үүнээс үүдсэн хэрмэгдүүлэлтийн лай ланчгийг уран сайхны аргаар харуулсан түүхэн сэдэвт уран сайхны роман юм.



Хэвлэлийн газар: Ножо паблишинг 
Төрөл: Уран зохиол 
Хэвлэгдсэн: 2024 он 
Нүүрний тоо: 68 

Төрийн шагналт, СГЗ, зохиолч, яруу найрагч П.Пүрэвсүрэн XX зууны сүүл үеийн монголчуудын аж амьдрал, хөдөө ахуй, ард олны сэтгэл зүтгэлийг илэрхийлэх уг туужийг 1980 онд олны хүртээл болгожээ. Энэхүү зохиол нь өрөвч зөөлөн сэтгэлт Тулга, малчин Цэдэн, түүний гэргий Бадам, аймгийн сонины сурвалжлагч нарын дунд өрнөх эгэл жирийн мэт боловч хүний амьдралын утга учрын талаар өгүүлэх бүтээл юм.

Малчин айлын талаар сурвалжлага бэлдэхээр Цэдэнгийнд ирж буй сурвалжлагч мал хуйг нь хариулж, хүүхдүүдийг нь харж хандаж асан Тулга гэх хүнд бэртсэн залуугийн түүхийг сонсоод сурвалжлагын гол дүр Цэдэнгийн талаар бус Тулгын талаар өгүүлэл бичихээр шийднэ. Тэрээр буцахдаа Их тээлийн даваагаар дахин нэг саатаж, хүний амьдралыг энэ л даваатай зүйрлэн бодох бөгөөд амьдралын утга учир, үнэн мөн чанарын тухай эргэцүүлснээр эл зохиол төгсдөг.



Хэвлэлийн газар: Болор судар паблишинг 
Төрөл: Түүхэн 
Хэвлэгдсэн: 2019 он 
Хуудасны тоо: 704

XX зууны манлай монголч эрдэмтэн, зохиолч Б.Ринчен эл гурамсан романыг “Манжийн талхинд”, “Гал усны гашуун зовлон”, “Байлдаж олсон эх орон” хэмээх нэрсээр 1951-1955 оны хооронд бичиж, олны хүртээл болгожээ. Дэвтэр тус бүр 21-27 бүлэгтэй ба Манжийн эрхшээл дэх монголчуудын аж амьдралыг тод томруунаар дүрслэн харуулдгаараа уншигчдаас өндөр үнэлгээ авдаг билээ. Гэсэн хэдий ч социализмын үед бичигдсэн зохиол тул хэт нэг талыг барьсан, үзэл сурталд автсан бичиглэлтэй зохиол хэмээн шүүмжлэгдэх нь ч бий.