Дэлхий дахины байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн тухай хамгийн том хэлэлцүүлэг COP17 манай оронд зохион байгуулагдах өдрүүд ойртсоор. Тэгвэл та бид Монголынхоо цаг уур, байгалийн тогтоц, зэрлэг амьтдын тархалт элбэгшлийн тухай хэр ихийг мэдэх бол? Бид энэ удаа Монгол Экологи төвийн National Park-тай хамтран Хорьдол Сарьдагаас Хустайн нуруу, Хөгнө Тарнаас Улаан тайга хүртэл завгүй ажиллаж яваа байгаль хамгаалагч, судлаач, мэргэжилтнүүдийн төлөөллийг урьж оролцууллаа.
Ээлжит нийтлэлээрээ тэдний мэргэжил, судалгааны онцлог, байгаль хамгааллын чиглэлээр ханцуй шамлан эхлүүлээд буй ажлыг цөм хуваалцсанаас гадна ховордсон амьтдын тухай мэдлэг болохуйц арвин их тоо баримтыг ч багтаасан тул дуустал нь уншаарай.
У.Дахинбаяр, Говийн их ДЦГ “Б” хэсгийн Менежментийн төлөвлөгөө, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн

Манай орны 42 тусгай хамгаалалттай газрыг Дархан цаазат, Байгалийн цогцолбор, Байгалийн нөөц, Байгалийн дурсгалт гэж дөрөв ангилдаг. Манай Говийн Их Дархан Цаазат газар нь дархан газрынхаа хил дээр, задгай хээр байрладаг ганц тусгай хамгаалалттай газар гэдгээрээ онцлог. Мөн 1975 байгуулагдсан, говийн гайхамшигт зургаан амьтантай, улсдаа хамгийн том, дэлхийн топ 3-т ордог ууган дархан газар. Үндсэндээ дэлхийд байхгүй амьд зоо парк гэсэн үг. Энд хулан, тахь хэдэн зуугаараа сүрэглэн орж ирэхийг харж болно. Туурайн чимээг нь сонсвол мянган морьтой цэрэг дайраад орж байна уу гэлтэй, сүр бараа гэж ярилтгүй.
1967 онд манай говийн сүүлийн тахь устаж байсан. Харин 1992 оноос хойш тахийг эх нутагт нь авчирч нутагшуулж буй. Өдгөө Монголд тахийг гурван газарт сэргээн нутагшуулж байна. Манай дархан газрын ч шүхэр зүйл тул долоо хоногт гурван удаа бүртгэж, ажигладаг. Тахийг хамгаалаад бусад амьтны тоо толгой ч хурдацтай нэмэгдсэн. Өдгөө говийн бэл маань 350 гаруй тахитай, тахь бүр нэртэй.
Говь газар чинь уул, толгодгүй тэгш тал учир нэг хүйтэрчихвэл хэчнээн нар гарсан ч жавар нь хөөгдөж өгөхгүй удна. Мөн цөлжилт, бэлчээрийн талхагдлаас гадна уст цэгийн асуудал бишгүй их. Одоогоор манай баг хоёр газар нарны хөргүүртэй худгийг гаргаж, амьтдын амьдрах орчныг сайжруулахаар ажиллаж байна. Услах цэг ховор бол амьтдын бөөгнөрөл үүсэж, заримдаа гэрийн мал зэрэгцэж услахдаа зэрлэг амьтдад шүлхий халдаах тохиолдол бий. Гэрийн малыг барьж аваад вакцинжуулж болох ч зэрлэг амьтдыг болохгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ маш чухал. Мөн чанартай, цөөн малтай байхыг малчдад сурталчилж байна.
Ч.Баярмаа, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, экологич

Монголын Говь-хээрийн экосистем бол дэлхийн хамгийн том хулангийн популяци, хоёр дахь том цоохор ирвэсийн популяци, нийт цагаан зээрийн 99 хувь, монгол бөхөнг тэр чигт нь тэтгэдэг гэдгээрээ эдгээр амьтдын хамгийн сүүлчийн түшиц газар нутаг гэх тодотголтой.
Байгаль хамгаалагч, судлаачид 2000 оны эхэн үеэр зэрлэг амьтдыг ойроос ажиглаж, ихэвчлэн гар тооллогоор мониторинг хийдэг байсан бол одоо технологи, хиймэл оюуны тусламжтай тэдний цоо шинэ ертөнцийг нээж, судалж байна. Жишээ нь, өмнө нь нүүдлийн шувууг А цэгээс Б цэгт хүрснийг нь л мэдэж чаддаг байсан бол одоо А цэг дээр юу хийж байсныг хиймэл дагуулын төхөөрөмжтэй холбогддог GPS дамжуулагчаар мөшгөж болно. Ингэхдээ амьтны хөдөлгөөний хурдатгалыг гурван тэнхлэгт хэмжиж, ямар үйлдэл хийж явааг нь мэднэ гэсэн үг. Ердөө нэг шувуунаас нэг өдрийн турш цуглуулсан мэдээлэл Excel-ийн 1 сая 47 мянган мөрөнд багтахгүй их гээч. Энэ бүх өгөгдлийг нэгтгэн төрөл бүрийн өвчний гарал үүслийг тогтоохоос гадна ховор амьтдын амьдрах орчинг илүү оновчтой тодорхойлж, үр дүнтэй хамгаалдаг болж байна.
Монгол орны экосистемд тулгарч буй хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь мал бэлчээрлэлт. Дэлхий дээр 28 мянган монгол бөхөн зөвхөн Монголын баруун бүсэд гурван сая гаруй малтай нэг бэлчээрийг хуваалцаж амьдардаг. Үүнээс болж идэш тэжээлийн, бэлчээрийн болоод малаас бөхөнд дамжих халдварт өвчний асуудлууд үүсдэг. Мөн махчин шувуудын идэш тэжээлийн гол эх үүсвэр болсон үлийн цагаан оготныг олноор хордуулж, устгаж байна. Угтаа энэ амьтан малын идэж чаддаггүй, хөлд нь үрэгдэж доройтсон бэлчээр дээрх хортой ургамлуудыг идэж, хөрсөнд агуулагдаж буй шимт бодисуудыг эргэлтэд оруулдаг экосистемийн инженер зүйл шүү дээ. Бэлчээрийн талхагдлын гол шалтгаан нь заагдсан даацаас хэтэрсэн олон тооны мал тул нэгдсэн зохион байгуулалт тун чухал байна.
Ж.Гантулга, Мануул судлаач, Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч

Төв Азийн ховордож болзошгүй зүйл гэгддэг мануул нь өглөөдөө 04:00-11:00 цагт, үдээс хойш 16:00-гаас шөнийн 02:00 хүртэл ангуучилна. Биеийн овроор муур шиг. Мөнхийн гэтэж, мярааж явдаг энэ амьтны гол онцлог нь ан барих чадвар. Бэлчээр талхлагч мэрэгч, нэмээд могой, туулайг ч иддэг. Адил идэштэй үнэг, хярс зэрэг амьтадтай харьцуулахад ойрхон зайд чадамгай гэгч нь ухасхийж дайрдаг, нэг гаралтаар нэг дахин их ан барих чадвартай. Ер нь богино хугацаанд маш үр дүнтэй ангуучилдаг, бэлчээрийн доройтлоос сэргийлэгч идэвхтэй төрөл зүйл байгаа юм.
Мануул ичдэггүй учраас өвөлдөө бүргэдийн нүдэнд их өртөж бариулна. Харин байгалийн дайснаас бусдаар хүний нөлөөтэйгөөр хордож үхсэн хулганаар хооллож, үрэгдэх нь бий.
Ирвэс, мануулаа судлахаар Алтайн хэдэн уулсад хөл хүрээгүй газар надад бараг үгүй. Монгол оронд ирвэсийн нутагладаг хамгийн өмнөд цэг нь Өмнөговь бөгөөд энэ амьтан 1500 метрээс дээш уулын өндөрт амьдардаг. Ирвэсийн толбо, ялангуяа духан дээрх нь хэзээ ч давтагддаггүй учир түүгээр ялгаж, тооллого хийх нь түгээмэл. Одоогоор Монгол нутагт 700-1000 орчим бий гэх тооцоо байдаг. Мөн салхины урсгалыг хамгийн сайн тооцож чаддагаараа онцгой. Ангуучлах гэж буй амьтандаа үнэрээ өгөхгүйн тулд салхины эсрэг чигээс мярааж, газраар урсах мэт шаламгайлан дайрдаг гэх үү дээ. Ирвэсийн амьдрах орчны 90 орчим хувь нь тусгай хамгаалалттай газар тул маш том шүхэр зүйл гэж явдаг.
Байгаль хамгаалагчийн хувьд засмал, төмөр замын дундуур амьтдад зориулсан экологийн коридор илүү олон байгаасай гэж хүсдэг. Ингэвэл амьтдын шилжилт хөдөлгөөнийг дэмжиж, цус ойртолтоос сэргийлнэ. Зэрлэг амьтдадаа зориулж туннел гэлтгүй гүүр ч барьдаг олон улсын жишээнүүд бий. Машин хурдтай явдаг газар агаарын урсгал өөрчлөгдөж, салхины хагалбар үүсчихдэг учир шавж хорхойноос эхлээд жижиг хэмжээтэй амьтад ч нэг бүсэд тусгаарлагдах аюултай байдаг.
Г.Ууганбаяр, Хустайн БЦГ-ын зэрлэг амьтны биологич, хамгаалалтын менежер, чоно судлаач

Бага балчир байхаасаа л чоно гэгч амьтныг ардын аман зохиол, эргэн тойрныхны ярианаас сониучирхдаг байсан тул гүнзгийрүүлэн судлахыг хүссэн ч тухайн үед олноороо агнагддаг байсан юм. Тиймдээ ч дорвитой ажиглалт хийх боломжгүй болж таарсан. Учир нь манай хамгаалалтын газрын үнэт зүйл, гол амьтан нь тахь. Тахь устчихвал дэлхийд адууны өвгийн цэвэр, зэрлэг адуу үлдэхгүй. Тиймээс ч унага нь чононд бариуллаа гэх шалтгаанаар байгаль хамгаалагчид өөрсдөө их устгадаг байсан хэрэг. Ийнхүү чоныг судлахын тулд эхлээд тайван таатай орчинг нь бүрдүүлэх ёстой юм байна гэсээр 4-5 жил цэвэр хамгааллын ажилд шамдсан даа.
Чоно бүл, сүрэг нь томрох тусам том амьтдыг барьж иддэг. Харин цөөрч, сүрэг үүсгэж чадахгүйд хүрвэл мал амьтны үр төл, өөрийн овроос жижиг амьтдыг ангуучилдаг. Түүнд нь тахийн унага их өртдөг байж л дээ. Манай энд чоныг идэвхтэй агнадаг байхад жилд 30 гүү унагалснаас 10 орчим нь идүүлдэг байсан бол одоо агнахаа больсны дараа 80-90 гүү унагалахад чонын идэш болсон нь 4-өөс хэтэрдэггүй.
Чонын ертөнц маш нарийн харилцаа, зохион байгуулалттай. Нэг удаа зөвхөн эрэгчин, эмэгчин хоёр чоно бүл үүсгээд амьдарч байгааг ажсан юм. Азарган чоно нь хол гэгч явж тарвага агнаад, өөрөө өлсөж байсан ч өмх мах үмхэлгүй шогшсоор 100 метр тутам олзоо тавьж амарна. Ийнхүү эмэгчиндээ тарвагаа өгчхөөд холхон хэвтэнгээ ойр тойрноо ажиглаж, аюул занал гарч ирвэл хуцаж мэдэгддэг. Эцэг чоноо хүлээж байгаа бэлтрэгүүд ч сэтгэл хөдөлгөм. Яг л жаахан байхад аав цалин нь буухаар 25-ын шуудайтай гурил мөрөн дээрээ тавьчихсан, гартаа чихэр жимстэй хашааны хаалгаар орж ирэхэд яаж баярладаг байснаа санаж билээ. Чонотой газрын зэрлэг амьтад маш сэргэг, сонор сэрэмжтэй байдаг учир нэг газраа хэт тухалж, хэвтэр засаж тарамдуулдаггүй. Тиймээс бэлчээр сэлгэлт сайтай, өвс ургамал ч хурдан төлждөг. Ингээд бодвол чонын оршихуй нь хүртэл бэлчээр хамгаалагч гэлтэй.
Байгаль хамгааллын салбарын хувьд илүү институтийн түвшинд бэхжээсэй гэж хүсдэг. Удирдлага, бодлого боловсруулагч, нутгийн иргэд эрдэмтэн, судлаачдынхаа үгийг төдийлөн сонсохгүй, монгол хүн монгол хүндээ нэр хүндтэй байж чаддаггүйд эмзэглэдэг юм. Угтаа бид л өсөж төрсөн нутгаа хамгийн сайн мэдэж, хамгаалах учиртай хүмүүс шүү дээ.
Р.Даваадалай, Хорьдол Сарьдагийн ДЦГ-ын байгаль хамгаалагч

Манай дархан газар анх 1997 онд тусгай хамгаалалтад орсон. Хорьдол сарьдагийн нуруу нь Дархадын хотгор, Хөвсгөл нуурын усан хагалбар болдог онцлогтой. Өндөр уулын эгц хажуугаас эх аван урсах маш олон булаг, рашаан, гол нь уналт ихтэй, ширүүн урсгалтай байдаг ба олон хүрхрээ үүсгэдэг. Монгол орны хамгийн өндрөөс буудаг Арсайн хүрхрээ ч /70 м/ энд оршино. Ян сарьдагууд 2200 метрээс дээш сүндэрлэх ба хамгийн өндөр цэг нь 3130 м өндөрт бий. Одоогоор 227,413 га газрыг зургаан байгаль хамгаалагч хариуцан ажиллаж байна.
Замын бартаа ихтэй учир машинаар бус мориор, явганаар явж судалгаагаа хийнэ. Сар бүр тогтмол мониторинг хийдэг. Өглөө босоод цайгаа чанаж уучхаад дурангаа өвөртлөөд гарна даа. Голцуу аргаль, янгир буга, баавгай, бор гөрөөс, гахай, хүдэр судалдаг. Автомат камераараа зарим ажиглалтаа хийнэ. Өвөл цасны мөр хөөж ихэнх тоо толгойн судалгаагаа хийгээд авдаг юм. Зун бол дурандахаас өөр аргагүй.
Аргаль гэснээс, Монгол орны хэмжээнд аргалийн тасархайтсан популяци гэж бий. Урагшаа Алтайн нуруунд аргаль арай элбэг байдаг бол Хорьдол нь аргалийн тархац нутгийн хамгийн хойд зах. Манай энд одоогоор 100 орчим бий. Аргалийн тасархайтсан популяцид цус ойртох аюул нүүрлээд байгаа. Суурьшлын бүсэд нь төв суурин газар их баригдаад шилжилт хөдөлгөөн, сэлгэлт буурснаас үүдэж байна гэж хараад байгаа юм.
Мөн Монгол орны хангайд, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг хэсгээр амьдардаг Хүдэр ч энд бий. Ойжуулагч, ойн цагдаа гэж яригддаг амьтан. Зах зээлийн үед хүдрийг заар гэх булчирхайг нь авч ардын уламжлалт эм, үнэртэй ус хийх зорилгоор олноор нь агнасан. 1990-ээд онд 300 орчим үлдсэн гэсэн судалгаа байдаг бол одоо тоо толгой нь нэлээд өсөж яваа. Их нууцлаг амьдралтай тул тэр бүр олж харахад бэрх.
Б.Даваацэрэн, Улаан тайгын УТХГ-д менежментийн төлөвлөгөө, судалгаа шинжилгээ, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн

Хөвсгөлийн хойт тайга бол Монгол орны хоймор нутаг. Их соёны нурууны үргэлжлэл бөгөөд Сибирийн өмнөд зах болдог, өвөрмөц экосистемтэй энэ бүсэд 1.6 сая га газар хамаарна. Дархадын хотгор гэх 1500-1600 метрийн хотгор газрыг тойрсон өндөр үргэлжилсэн нурууд ч бий. Мөн цэвэр усны их ай сав болдог ба үүнийгээ дагаад шивэр гүлмэр, алтайн чачуулин гээд зэрлэг ургамал амьтны зүйлийн бүрдлээр баялаг. 750 гаруй зүйлийн ургамал, 50 гаруй зүйлийн хөхтөн, 200-300-аад зүйлийн шувуу байдаг. Аймгийн хойд хязгаарт нэн ховор зэрлэг цаа буга 100 гаран тоо толгой байна гэж үздэг.
Байгаль хамгааллын мэргэжилтний хувьд байгаль хамгаалагчдынхаа ажиглалт, судалгааны үр дүнг нэгтгэж, ажил үүргийг чиглүүлдэг. Мөн хээрийн судалгаанд ч гарна. Ингэхдээ өглөө 06:00 цагт нар мандахтай уралдан морь явах боломжтой тайгын хэсгийг зорьж, түүнээс дээш бартаат хэсгүүдээр буюу 2500-гаас дээш метрийн өндөр лүү явгалан очиж камераа байршуулна. Манай яамны хувьд зэрлэг амьтны бүртгэл, тооллогод Био сан, Смарт зэрэг програмаар өгөгдлөө боловсруулдаг. 2013 онд улаан тайгад хийсэн ажиглалтаар 13 янгир бүртгэгдсэн байдаг бол өнгөрсөн онд 200-аад янгир тоологдсон сайхан мэдээтэй. Энэ мэт үр дүнгээс их урамшдаг даа.
Хөдөө орон нутгийн хамгаалалтын газруудад ажиллах залуу боловсон хүчний хомсдол их тулгамдсан асуудал. Жишээ нь, манай захиргааны 60-аас дээш хувь нь 50-аас дээш настай, ойрхондоо тэтгэвэрт гарах мэргэжилтнүүд бий. Мөн 33 хүний 5 нь эмэгтэй бөгөөд байгууллагын түүхэнд ч энэ тооноос илүү гарч байгаагүй.
Э.Молор-Эрдэнэ, “Чулуут тул” загас үржүүлэг болон байгаль хамгааллын төслийн ахлах биологич

Би 2015 онд ХААИС-д загас үржүүлгийн технологи мэргэжлээр өөрөөсөө гадна нэг сурагчийн хамт хоёулаа элссэн ч хожим нь мэргэжлийнхээ ангид ганцаараа үлдэж, дөрвөн жил суралцан төгссөн. Нэгдүгээр курсдээ дан ерөнхий эрдмээ үзээд асуудалгүй суралцчихсан юм. Харин дараа жилээс нь мэргэжлийн хичээлүүд ороход сургуулиас анзаарч, өөр мэргэжил сонгоод ангиа суллахыг шаардаж билээ. Гэвч би багаас загас тэжээж өссөн, энэ мэргэжилдээ хайртай учраас тууштай өргөдөл бичиж байж ангидаа үлдсэн дээ. Одоо голцуу ховордсон загасыг лабораторийн аргаар өсгөн үржүүлж, голд нь тавих ажлыг хийж байна.
Хавар голын мөс хайлахаар гол дундуур явж, цахилгаан гүйдэл дамжуулдаг багажаар загаснуудаа гүйдэлд цохиулан барьж авдаг. Ингээд хүчилтөрөгчөөр баяжуулсан усны саванд хийгээд лаборатори руу зөөнө. Дараа нь үржлийн загасны шилэн сонголт хийж, эр эмээр нь ялган эр бэлгийн эс, түрсийг хувин дотор хийж, зохиомол аргаар үр тогтоодог юм. Эцэст нь түрсийг жараахай хүртэл нь бойжуулдаг инкубатор гэх хоргонд багадаа 45 хоног байлгах шаардлагатай. Энэ хоргонд усны урсгал тасралтгүй гүйж, нэмэлт хүчилтөрөгчтэй байх ёстой. Харин 5 минут л тог тасарч, энэ бүхэн тасалдвал үржүүлэх гэж байгаа 500-600 мянган түрс бүгд үхэх аюултай.
Ер нь загас байгаагүй ч гол урсдагаараа урсана гэх ойлголт түгээмэл. Гэтэл загас үржүүлнэ гэдэг усаа л хамгаалах арга. Цэвэр усны экосистемийн төлөв байдлыг илтгэдэг индикатор зүйлүүд устаж, популяци нь эрс буурах нь тухайн голын экологийн тэнцвэр алдагдаж буйн чухал дохио. Үүний зэрэгцээ усны чанар доройтох, шим тэжээлийн бодисын хуримтлал нэмэгдэх, замагжилт эрчимжих, усны температур болон урсцын горим өөрчлөгдөх зэрэг үйл явц давхацвал голын экосистемийн бүтэц, үйл ажиллагаа урт хугацаанд ноцтой доройтох эрсдэлтэй. Усан орчны экосистем алдагдчихвал ой мод ч тэтгэгдэхгүй.
Мөн малчид маань голын булаг шандын эхэнд малынхаа хашааг барьж, өтөг бууцаа үерийн аман дээр асгах тохиолдол их бий. Тэр нь гэнэтийн үерийн үед гол руугаа түрэгдэж орвол органик бодис, азот, фосфорын ачаалал нэмэгдэж, усны химийн горим өөрчлөгддөг. Үүний улмаас хүчилтөрөгч буурах, шим тэжээлийн бодисын хэт хуримтлал үүсэх зэрэг нь хүчилтөрөгчийн өндөр шаардлагатай загасны амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Сонирхуулахад, миний бие 8-р сарын 25-нд буюу СОР17-ийн “Усны өдөр”-өөр усан орчны экосистемийн эрүүл, аюулгүй байдлын талаар хэлэлцүүлэгт оролцохоор зэхэж байгаа.
Р.Энхчимэг, Говийн Бага ДЦГ-ын "А" хэсгийн байгаль хамгаалагч

Байгаль хамгаалагч хүнд мэдэхгүй, чадахгүй, хийхгүй зүйл гэж бараг байхгүй. Өглөөгөө байгаль цаг уурын тандалт, судалгаа хийж эхлүүлдэг. Говь маань зундаа 45-50 цельс хүрэх ч халууцаад буцна гэх ойлголт үгүй. Давтамжит хяналт шалгалтын ажлыг машинаар биш мотоциклоор хийдэг бөгөөд нэг удаадаа 200 орчим км явдаг. Сардаа 400 км зам туулна гэсэн үг. Ажиглалтын үед утсан дээрээ Смарт програмаа нээж аваад маршрутынхаа дагуу камераа байршуулна, тааралдсан зэрлэг амьтдын зургийг нь дарна, усны чанарыг ч судална. Ер нь уст цэгтэй газрын энгэрийг их барааддаг даа. Хүн таарвал байгаль хамгааллын зөвлөгөө, тараах материал, гарын авлагаа өгнө. Энэ бүхнийг эмэгтэй хүн ганцаараа тал нутагт хийхэд бишгүй сорилттой.
Ингэж явахад хулан, туулай, хар сүүлттэй түлхүү тааралдана. Хулан бол хуурай сайрыг малтаж ус гаргах чадвартай, өөрөөсөө гадна өрөөл бусад амьтныг ч ундаалдаг шидтэй амьтан. 2000 оны дундуур айхтар зуд нүүрлэснээс хойш хэсэгтээ л үзэгдээгүй, одоо бол харьцангуй элбэгшчихсэн. 40-50-уулаа сүрэглэж байхтай нь ч тааралддаг юм. Гэвч хүүхэд байхдаа 100 гаруй сүрэг хуланг харах энүүхэнд байлаа. Туулай бол хамгийн сор, шимтэй ургамлыг түүж иддэгээрээ онцлог. Тиймээс идээшлийнх нь мөрөөр эмийн ургамлуудыг хөөж олох боломжтой. Туулай мэрсэн гоёоноос хоёр гурван удаа мэрэхэд ходоод гэдэс хямарсан үед нэмэр болдог шүү.
Ер нь байгаль хамгаалагчийн онцлог нь нинжин сэтгэл болов уу. Энэ нь аливааг эзний сэтгэлээр хайрлаж, хамгаалахын нэр. Байгаль ч шидтэй юм болохоороо задгай талд гараад амьтадтайгаа ойртчихвол бүх зүйлээ мартаад сэтгэл тавирчихдаг. Нөгөөдүүлтэйгээ хөөцөлдөөд л, аргадаад л ганцаараа ярьж өгнө дөө. Маргааш тооллогодоо явна гэхээс шөнө нь нойр хүрэхгүй үеүд бий. Одоо бол ээлжийн амралтаа дуусгаад амьтдаа нүдээр үзэхийн түүс болж сууна.
О.Адъяа, Шувуу судлаач

2015 оноос шувуу ажиглаж, судалж эхэлсэн. Монголд энэ чиглэлээр 20 орчим идэвхтэй судлаач бий. Зэрлэг амьтан судлан хамгаалах төвийн харьяа Ховдын шувуу бөгжлөх сууриндаа өглөө 04:00-өөс тороо нээгээд, 30 минутын зайтай эргэж тойрсоор шувуудаа бөгжлөн 11:00 цаг хүргэдэг. Нар халах үеэр торонд орсон шувууд стресстдэг учир тороо хаачихдаг юм. Түүнээс хойш шувуугаа ажиглана, гэрэл зураг дарна. Оройдоо шөнийн шувуугаа барьж бөгжилнө.
Бөгжлөх үйл явц их энгийн. Бидний зассан тусгай зориулалтын, босоо ханан торыг шувуу мөргөөд торонд орооцолдоод унана. Шувуу харанхуй газар стрессдэхээ болиод тайвширдаг учир тус тусад нь даавуун уутанд хийгээд шувуу бөгжлөх сууриндаа аваачдаг. Эхлээд далавч, сүүл, шилбэний урт, өөх, булчин массыг нь үнэлж жинлэнэ. Ингээд шилбэнд нь регистерийн дугаар шиг, дэлхийн хаана ч дахин давтагдашгүй кодтой бөгж зүүдэг ба энэ нь шувууны насан туршид хадгалагддаг. Хэрэв аль хэдийн бөгжлөгдсөн шувуу дэлхийн хаа нэгтэйгээс нүүдэллэж яваад манай сууринд баригдвал бид тэр шувууны мэдээллийг илгээнэ. Манай шувуу ч өөр бүс нутагт баригдвал тэндээс нь мэдээ ирнэ. Тодорхой зүйлээс цус, өдний дээж авна. Нас хүйс, төрөл, салбар зүйлийг нь тогтооно. Ер нь намартаа 5000, хавар 1000 орчим шувуу бөгжилдөг. Шувуу бөгжилснөөр нүүдлийн зам, идэвхийг нь мэдэж авдаг ба түүндээ суурилан амьдрах орчныг нь оновчтой тодорхойлж, хамгаалдаг.
Сонирхолтой шувуудтай их таардаг шүү. Жишээ нь, ураацай гээд амьдралынхаа 90 хувийг нисэж өнгөрөөдөг шувуу бий. Газарт буучихвал маш богино хөлтэй учир буцаад нисэж чаддаггүй учраас тэр. Тиймээс өндөр хадны ан цавд үүрлэдэг. Үүрээ барихын тулд агаар дээр ургамал ногоо цуглуулсаар 2-4 жил зарцуулдаг. Агаар дээр хооллоно, унтана. Зүүн баруун тархи нь ээлжилж ажилладаг бөгөөд зүүн тархи нь унтлаа гэхэд баруун тархи нь хөдөлгөөнөө зохицуулдаг.
Монгол оронд албан ёсоор 519 зүйл шувуу бүртгэгдсэн ч хамгийн том шувуудын нэг борцгор хотон хурдацтай ховордож, одоо 100 гаруйхан л үлджээ. Учир нь малчид хошуугаар нь хурдан морины хусуур хийхээр агнадаг юм. Мөн цэн тогорууны өндөг, үржлийн зэгс нь малын хөлд их үрэгддэг тул бэлчээрийн зохицуулалтыг сайжруулах хэрэгтэй гэж боддог.
У.Ичинхорлоо, Хөгнө Тарнын БЦГ-ын хамгаалалтын бүсийн газар ашиглалт, газрын бүртгэл мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн

Манай цогцолбор газар Монгол орны хангай, хээр, говийн байгалийн хэв шинжийг нэг дор агуулсан газарзүйн онцлогтой бөгөөд хоёр аймгийн гурван сумыг хамарсан 84,390 га газрыг нийт зургаан байгаль хамгаалагчийн хамт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамгаалж байна. Манай хариуцан хамгаалдаг газрын голоор баруун таван аймгийг холбосон автозам байдаг тул зуны ид ачааллын үед 80-90 мянган хүн дамжин өнгөрдөг гэх судалгаа байдаг. Мөн Элсэн тасархай тэргүүтэй аялал жуулчлалын идэвхтэй бүсүүдэд зундаа голчлон анхаарч ажилладаг даа.
Бидэнд тулгарч буй хамгийн том асуудал нь жуулчдын хог хаягдал. Хэчнээн ажил үүргийнх нь хэсэг биш ч нэгэнт хаяад явчихсан хогийг байгаль хамгаалагчид л түүж таардаг. Зуны цагт манай хамгаалагчдын нийт ажлын талаас илүү хувийг хог түүх ажил эзэлдэг юм. Гялгар уут үмхэж боомилогдож үхсэн амьтадтай олон таарна. Мөн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл маш их байдаг. Тэр бүрийг булах, түүж цэвэрлэх хэцүү шүү дээ. Үүний хажуугаар хувь хүмүүс хуванцар, шилээ тушаах газар байхгүй, заавал сумандаа нийтээр цуглуулж, олноор нь шахан, 20кг хүргэж байж дахин боловсруулах төвд хүлээн авдаг нь нэгээхэн сорилт. Ялангуяа шил бол зуны халуунд наранд ил байхаараа түймэр үүсгэх аюултай.
Өөр нэг сорилт нь ариун цэврийн байгууламж. Амралт, баазууд нүхэн нойлыг хэтэрхий гүнзгий ухаж байна. Тиймээс ч хөрсөнд шууд орж хуримтлагдсан бохирыг дүүрэхээр нь булаад орхичихвол бордоо бус эсрэгээрээ бохирдол л үүсдэг. Мэдээж бордоожуулах нүхэн нойл гэж байдаг ч тэр нь 50-60 см өндөртэй буюу гүехэн, нарны гэрэл шууд тусахуйц байх ёстой. Ингэж байж буцаад өвс, халгай гэх мэт байгалийн ургамлыг хадаж, бактержуулахад хар хорхой, шавжууд микробыг задалж идсэнээр илүү хурдан хар шороо буюу ялзмаг хөрс үүсэх боломж бүрддэг юм. Аялал жуулчлалын газрууд нүхэн жорлон хийвэл тусгаарлагч кольцотой, бохироо соруулдаг, агааржуулалтын хоолойг 1.5 метр гүнд суурилуулсан байх гэх мэт үндсэн шаардлагуудыг мөрдлөг болгон ажиллаж байна.
Энэхүү нийтлэлийг бүтэхэд гүн туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Монгол Экологи Төвийн National Park-ийн хамт олонд баярлалаа.
Сэтгэгдэл бичих (1)


Б Батсүх 66.181.177.33
Гайхалтай сайхан нийтлэл оржээ. 10 биш 100 100 өнцгөөс олон судлаачид минь нийлж энэ байгаль эх орноо бөөөр илүү сайхан сэргээж жинкэн жуулчдын очиж үзэхийг хүсдэг жагсаалтын 1 дугаарт болговол ч … Амжилт залуусаа.