Маргааш НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын эхний долоо хоног өндөрлөнө. Нээлтийн өдөр л гэхэд Цэнхэр бүсээр 23 мянга, Ногоон бүсээр 12 мянган хүн нэвтэрсэн энэхүү хурлын хөл хөдөлгөөн ирэх Даваа гарагт бүс нутгуудын хэлэлцээр дуусаж, үндсэн хурлууд эхлэх үеэр бүр ч ихсэнэ. 

Unread энэ удаагийн дугаараараа хурлыг зохион байгуулж буй ажлын алба болон газар газраас ирсэн зочдыг онцолж, сонин сайхныг нь дэлгэлээ. Ингэхдээ Номхон далайн Нгати Кахунгуну овгийн Маори, Балбын өндөрлөг уулс дахь Долпо нутгийн уугуултай ч уулзаж ярилцах завшаан тохиосон тул уншигч та нийтлэлээ дуустал нь саатаарай. 

Б.Мөнхтамир, СОР17-г зохион байгуулах Үндэсний хорооны дэд дарга

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах хүсэлтээ 2021 оны аравдугаар сард хүргүүлж, удаах оны тавдугаар сард зөвшөөрлөө авсан түүхтэй. Үүнээс хойш тус хурлыг зохион байгуулах Үндэсний хороо 12 дэд хороодын хамт байгуулагдаж, дөрвөн жилийн хугацаанд үе шаттай бэлтгэл ханган ажилласан. COP17-г зохион байгуулж байгаа нь манай улс цөлжилт, газрын доройтлын асуудлаар санаа зовниж, хувь нэмрээ оруулахаар идэвхийлж байгааг дэлхий дахинаа тунхаглаж буй үйл явдал.

Өнгөрсөн сарын Байгаль орчны (Environment performance) тайланд МУ-ын 81.9 хувь нь газрын доройтолд өртсөнөөс 23 хувь нь нэн доройтолтойд тооцогдсон. Энэ цаг үед олон улсын хэлэлцээрийн тавцанд өөрсдөд тулгараад буй асуудлаа таниулах, ойролцоо асуудалтай тэмцэж буй орнуудын сайн туршлагыг судлах, шийдэл санаачилгууддаа хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж буй нь том завшаан. Жишээ нь, СОР17-оор МУ-аас танилцуулж буй Тал хээрийн төлөвлөгөө (Steppe Action Agenda)-ны хүрээнд 298 төслийг танилцуулж, хөрөнгө оруулалт татах ажлууд эхэлчихсэн яваа.

Манай улс буурай хөгжилтэй орон байхаа больж хөгжиж буй орны жагсаалтад орсноос хойш буцалтгүй тусламжаас илүүтэй нэн хөнгөлөлттэй зээл авах болсон. Энэ мэтээр хөрөнгө оруулалтууд төрөлжиж, байгаль орчны асуудалтай ч зөвхөн нийгмийн хариуцлагын хүрээнд тэмцдэг үе ард хоцорч буй. Өөрөөр хэлбэл, байгаль орчны санаачилгуудын эдийн засгийн эргэлтэд оруулж, үр дүн, далайцыг нь тэлж байгаа гэсэн үг. Тиймээс ч Парисын хэлэлцээрээр карбон кредит гээчийг танилцуулж, ААН-үүдийн тогтвортой хөгжлийн зорилгоор хийж буй ажлыг үнэлэх нэгж, түүнд ногдох кредитийн систем нэвтэрсэн.

Манайд ч энэ төрлийн жишээ олон буйгаас дурдвал Green Goal гэх төсөл. Төслөөр Архангай аймгийн өрхүүдтэй эзэмшил сарлагийн тоогоо 200-д барих гэрээг байгуулж, түүнээс илүү гарсан сарлагийг төрөл бүрийн үйлдвэрлэлд ашиглангаа гэрээлсэн айлдаа хувь эзэмшүүлэн ашиг хүртээж эхэлсэн. Энэ нь хоёр талд тогтвортой орлого, түүхий эдийн эх үүсвэр болохоос гадна малын тоог барьж, газрын доройтлоос сэргийлэхэд тустай. Энэ мэтээр талуудын хамтын ажиллагааг дэмжиж, бэлчээр, мал аж ахуйн ухаалаг шийдлүүдийг дэмжих чухал байна.

Хурал нийт 12 хоног үргэлжилнэ. Одоогоор улс орнууд бүсэд хуваагдан, өөрсдөд тулгамдаад буй асуудлаа ирэх Даваа гаргаас эхлэх үндсэн хуралд танилцуулахаар хэлэлцэцгээж байна. Тэр үеэр 116 улсын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар хуралдахаар бүр олуулаа цуглана.

А.Жавхлан, СОР17-г зохион байгуулах ажлын албаны Бодлого, түншлэл, хөрөнгө оруулалтын газрын дарга

Улс орнууд нэгдэж орсон конвенцынхоо шийдвэрүүдийг биелүүлэхийн тулд үндэсний стратегиа боловсруулж, ирэх жилүүдийн зорилгуудаа тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, конвенциор гарсан шийдвэрийг заавал дагаж мөрдөх ёстой. Харин тэдгээрийг хэлэлцэн гаргадаг, даян дэлхийн анхаарал хааш хандахыг чиглүүлдэг гол чуулган нь Талуудын бага хурал. Тиймээс ч улсууд энэхүү хурлыг зохион байгуулах, конвенцыг даргалах зөвшөөрлийг авахаар өрсөлддөг хэрэг. Ялангуяа байгаль орчны асуудалд хил хязгаар гэж үгүй учир олон талт хэлэлцээр, хамтын ажиллагаа зайлшгүй.

Жишээ нь, Риогийн гурван конвенцын нэг Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц (UNFCCC)-ын хүрээнд улс орон бүр Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах учиртай. Манай улсын хувьд л гэхэд 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 35 хувиар бууруулах амлалтаа Алсын хараа 2050-д тусган ажиллаж буй.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын анхны үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөр (Аction agenda)-СОР16-аар гарч байв. "Эр-Ръядын" гэх энэхүү төлөвлөгөө нь гангийн тэсвэржилт, даван туулалт руу чиглэсэн бол манайх Тал хээрийн төлөвлөгөө (Steppe Action Agenda). Монгол Улс бол энэ конвенцын 2 дахь төлөвлөгөөг гаргагч орон.

СОР17-ийн гол сэдэв нь бэлчээр. Бэлчээр, тал хээрийн экосистем нь хүлэмжийн хийг шингээх өндөр потенциалтай ч өнөөг хүртэл хамгийн бага анхаарал, хөрөнгө оруулалт татаж ирсэн. Тал хээрийн төлөвлөгөөг боловсруулсан нь ч олон улсын анхаарлыг бэлчээр лүү хандуулах зорилготой. Монгол улсын зүгээс энэ төлөвлөгөөний хүрээнд гурван санаачилгыг гаргаж байна.

1. Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
2. Ус ба газрын нэгдсэн менежмент
3. Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц

2020-2030 оныг дэлхий дахинаа экосистемийн нөхөн сэргээлтийн арван хэмээн тунхагласан. Үүнийг далайцтай хэрэгжүүлэхийн тулд газрын доройтол, усны хомсдол, биологийн олон янз байдлын асуудлуудыг нийтээр нь хэлэлцэж, хатуу ба зөөлөн дэд бүтцийн төлөвлөлтийг хамтатган хийх хэрэгтэй. Тиймээс ч төлөвлөгөөгөө боловсруулахдаа дээрх санаачилгуудын уялдаа холбоог онцгойлон авч үзсэн.

Яап Ван Хиердэн, НҮБ-ын суурин төлөөлөгч

Монголчууд олон зуун жилийн түүхтэй бэлчээрийн мал аж ахуйн, нүүдлийн өв уламжлалтай, байгальтайгаа зохицон амьдрах арвин туршлагатай ард түмэн. Гэвч өнөөгийн байдлаар нийт газар нутгийн 76 гаруй хувь нь доройтож, жил алгасахгүй ган, зуд нүүрлэх болсон нь яах аргагүй санаа зовниож буй. Угтаа малчид хэрхэн малаа сэлгэн бэлчээж, байгалиа энэрэх арга ухаантай. Тулгараад буй гол асуудал нь амьдрал ахуйгаа тэтгэх, эдийн засгийн чадамжаа дээшлүүлэх хязгаарлагдмал боломж. Товчхондоо, малын гаралтай бүтээгдэхүүнээ тогтмол эргэлтэд оруулж ашиг хүртэх, нэмүү өртөгтэй болгоход хүндрэлтэй учир малаа олшруулахаас өөр аргагүйд хүрч байна. Гэтэл энэ нь урт хугацаандаа бэлчээрийн талхагдал үүсгэж, уламжлалт аж ахуйгаа эрхлэхэд нь бүр ч саад, бартаа болох аюултай. Мэдээж ихэнх малчид өөрсдөө ч цөөн малтай байж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг илүүд үзнэ. Тиймээс бид энд цугласнаараа тэднийг дэмжих бодлого, барьцтай санаачилгуудыг хэлэлцэх чухал.

Малын гаралтай үйлдвэрлэлийг тогтолцооны түвшинд хөгжүүлэх хамгийн үр дүнтэй болов уу. Ингэснээр тэдний орлогын эх үүсвэрийг төрөлжүүлээд зогсохгүй малын гарал үүсэл, бэлчээрийн менежментийн тайланд нь үндэслэсэн бүтээгдэхүүний үнийн санал тогтоож, орлогын эх үүсвэрийг хариуцлагатай мал аж ахуйтай уях боломжтой. Зөвхөн “ашигтай наймаа”-гаар хязгаарлагдахгүй олон өгөөжтэй урамшууллын систем бий. Жишээ нь, таатай нөхцөлт зээл. Энэ мэт санаачилгуудыг хэрэгжүүлэхэд малчдын өөрсдийн дуу хоолой, санал сэтгэгдлийг орхигдуулж болохгүй. Төр нь бодлого, банкууд нь тогтвортой санхүүжилтийн боломжууд, олон улсын байгууллагууд нь сайн туршлага, дэвшилтэт шийдлүүдээр дэмжихээс эхлээд тал талаас хүчээ нэгтгэх чухал.

Монголчууд хэзээнээс бэлчээр, мал аж ахуйн асуудлуудаа илэн далангүй хэлэлцсээр ирсэн нь тун сайшаалтай. Өөр олон орон ч ойролцоо асуудалтай тэмцэж буй учир том, жижиг гэлтгүй оролдлого бүхэн үнэтэй сургамж, туршлага болно гэдэгт итгэлтэй байна.

Файа (Шелли Эмиа), Уран бүтээлч, Шинэ Зеланд улсын Нгати Кахунгуну овог

Би Нгати Кахунгуну овгийн Маори хүн. Маоричууд Номхон далайтай залгаа арал дээр эх байгальтайгаа нарийн шүтэлцээтэй амьдардаг ард түмэн. Арлын овгийнхон бид цөлжилттэй тэмцэх конвенцод оролцож буй нь зарим хүний гайхширлыг төрүүлж магад. Гэхдээ дэлхийн дулаарал, цөлжилт, далайн экосистемийн хурлуудад оролцож явахад цэнхэр дэлхийгээрээ л нэгэн ижил асуудлын өөр өөр хэсэгтэй нь нүүр тулж буйг мэдэрдэг. Тиймээс далайгаа хамгаалахын тулд эх газартаа ч анхаарал хандуулах нь нэг ёсны хариуцлага гэж боддог.

Сонирхуулахад, бид гол мөрнийг "эрх зүйн этгээд" болгож, шүүхээр хамгаалж эхэлсэн анхны хүмүүс. Түүнийг маань Вангануй мөрөн гэдэг юм. Үргэлжлүүлэн Таранаки нэрт уулаа ч хамгаалсан. Байгалийн тогтцуудаа ингэж хамгаалснаар тэдгээрийг эвдэж, доройтуулах зөрчил гарвал хуулийн хариуцлага тооцуулах боломж бүрддэг юм. Гол мөрнийг хүртэл эрх зүйн этгээд болгох шаардлага үүсэж буй нь харамсалтай ч ингээд ч болов авч үлдэх чухал байна. Зөвхөн уул ус гэлтгүй далайн экосистемийн нэн чухал зүйл болох халимыг мөн аргаар хамгаалахаар зорьж байна. Ер нь халимаар дамжуулж далайгаа хамгаалж байгаа хэрэг. Учир нь далайн гүнд газрын тосны өрөмдлөгийн байгууламж их. Нэмээд ашигт малтмалын орд хайх зорилгоор сейсмийн тэсэлгээ хийдэг. Одоо бол гүний олборлолт ч эрчимжиж буй. Энэ нь далайн амьдралд, биологийн төрөл зүйлийн элбэгшилд асар хөнөөлтэй. Эх газрыг сэндийчиж, доройтуулж байгааг ядаж л илрүүлэх боломжтой. Харин усан мандал доор бүх зүйл нүднээс далдуур өрнөдөг. Нутгийн иргэд нэгдэж тэр бүхний эсрэг зогссон ч төдөлгүй хүчгүйдэх үе бишгүй. Тиймээс бусад орны сайн туршлагыг судалж, санаа бодлоо солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр СОР17-д ирээд байна.

Энэ хурлаар мөн Уугуул иргэдийн кокусаа байгуулж, албан ёсны суудалтай болох зорилготой. Саудын Арабт болсон COP16-ийн үеэр бид Саудын Арабын Хаант Улс болон UNCCD-ийн Нарийн бичгийн даргын газрын Уугуул иргэдийн кокусыг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн гарын үсэгтэй баримт бичгийг боловсруулж чадсан. COP17-ийн үеэр энэ ажлынхаа үр дүнг харах найдвар тээж буй.

Н.Бэхи, Сурагч, Говь-Алтай аймгийн Цогт сум

Дээхэн үед мотоциклтой явахад тоос босож шальдаггүй байсан суманд маань одоо бол явган хүн хэд харайхад л элс шороо бужигнах болсон. Хэт халалтаас болоод ихэнх газар хуурайшиж, гандсан байдалтай. Ингэхээр мал амьтан ч хэсэгхэн өвс, ургамалтай газар олноороо бэлчиж, талхлах нь ихэснэ. Өвөө эмээ, аав ээжийн яриаг сонсоход сүүлийн жилүүдэд бараг хавар шиг өвөлжөөд байгаа гэдэг юм. Хүйтний эрч суларчихаар байгалиараа биеийн дулаанаа хадгалах учиртай өнөөх хонь, ямааны маань ноос, ноолуур эрс багасаад, бие нь жижигсээд ирдэг. Нэмээд малчин хүмүүс ховордож байгаагаас үүдээд малын гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа болов уу.

Тиймээс одоо бол бог малуудаа зарчхаад тэмээ, үхэр, адуугаа маллаж байна. Бод мал хол бэлчээрлэдэг учир хэдэн өдөр, шөнөөр хайж, хариулах тохиолдол их. Ялангуяа манай нутагт боохой олон. Үхэр, адуугаа ч бог мал шигээ харж хандахгүй бол горьгүй. Говийн хатуу ширүүн өвлөөр ингэж явахад даарч, хөрдөг л юм. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай гэгчээр бод малын ашиг шим бол сайн шүү.

Манайх намайг бага байхаас л тарвас, төмс, лууван тарьж байгаа. Өмнө нь бороо орохгүй байсан ч ус тасардаггүй байсан бол одоо гол горхины гарц муудаад бороо дагаад ус татардаг болсон учир ногоогоо услахад харьцангуй бэрхшээлтэй. Үе үе айхтар шуурна. Хавар эрт тариад ургаж амжаагүй ногоонууд шуурганд хумигдчихна. Уг нь говь нутаг хэдийгээр хуурай, чийг багатай ч ургамлууд нь газрын гүнээс чийг татдаг зохилдлогоотой. Гэсэн ч тариалангийн талбай гэлтгүй тал хээр газар ч ган гамшгийн уршгаар эзгүйрч доройтож буй нь санаа зовоодог юм. СОР17 хурлаар энэ мэт асуудлыг нутгийн иргэдийн оролцоотой сайтар хэлэлцэж, дорвитой арга хэмжээ авч эхлээсэй гэж хүсэж байгаа.

Ибрахим Туре, K4GGWA хөтөлбөрийн хамтран удирдагч, Кени

Миний бие Африкийн Их ногоон хэрэм санаачилгын хүрээнд хэрэгжиж буй K4GGWA (Knowledge for Great Green Wall Action) төслийг хамтран ахлагч. Их ногоон хэрэм бол Баруун Африк дахь Сенегалаас Зүүн Африкийн Жибути хүртэлх 11 орныг хамарсан Сахелийн бүсийг нөхөн сэргээх төсөл.

Энэ ажил 2007 онд 11 мянга орчим километр үргэлжлэх “модон зурвас” байгуулах зорилготой эхэлсэн ч явцдаа зөвхөн мод тариад зогсолгүй нутгийн иргэдийг газар тариалан эрхэлж орлого олох, орон нутагтаа тогтвортой суурьшихад нь дэмжих цогц бүс байгуулах ажил руу чиглэсэн. Үндсэндээ, төслийн гол анхаарал мод бус нутгийн иргэд рүү шилжсэн хэрэг.

Доройтсон газрыг нөхөн сэргээх нэг хэрэг. Харин тухайн газар суугаа иргэдийг нөхөн сэргээлтийн нэг хэсэг гэдгийг нь ойлгуулж, эзний сэтгэлээр газар орноо арчилж хамгаалах сэдлийг төрүүлнэ гэдэг өөр хэрэг. Би өнөөг хүртэл маш өндөр төсөвтэй техник, биологийн нөхөн сэргээлтийн ажлуудыг харж байсан ч эцсийн дүндээ тухайн газрыг “Минийх” гээд харж, хамгаалах хүнгүй бол тэр их ажил урт хугацаанд үр шимээ өгөхгүй дуусах нь бий. Тиймээс нөхөн сэргээлтэд орон нутгийнхныг оролцуулахыг, болж өгвөл бидний туслалцаагүйгээр бие даан газар орноо энэрч, хамгаалах арга механизмыг өвлүүлэхийг хичээж байна. Үүний тулд төрөл бүрийн урамшууллын системийг ч туршиж яваа. Цааш цаашдаа ЕБС-иудын хөтөлбөрт байгаль орчны боловсролын агуулгыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж хардаг.

Монголын говьд ч энэ төрлийн ажил идэвхтэй өрнөдөг учир хуваалцах санаа, сургамж мундахгүй биз ээ. Бидний амархан сүрддэг, засаж болшгүй гэж хардаг асуудлуудад гарц гаргалгаа бий гэх итгэлийг улам олон хүнд өгөх сөн гэж хүсдэг юм. Үүний тулд улс орнууд сайн туршлагаа хуваалцаж, бие биедээ найдвар бэлэглэх чухал. COP17-оос ч хамгийн олзуурхаж байгаа зүйл энэ.

Юнгдрунг Жама, Долпо аймгийн уугуул, Балба

Би Балбын өндөрлөг уулсад оршдог Долпо аймгийн уугуул. Өнөөдөр өв соёл, аж ахуйгаа бусад уугуул иргэдтэй хуваалцаж, сонирхолтой яриа өрнүүлээд амжсандаа сэтгэгдэл өндөр байна. Долпочууд бид жилийн дөрвөн улиралд их хадан цохио, булаг шанд, өвс ургамалтайгаа ойр амьдардаг. Зундаа уул нуруудаа даган нүүдэллэж, нутгийнхаа алдарт ярсагүмба гэх ургамлыг түүнэ, мал юугаа маллаж бяслаг, цөцгийн тос хийнэ. Ийнхүү Төвөд, Хятадад түүгээрээ өвлийн идшээ арилжаална. Идэш гэснээс, манай шашинд сарлаг, хонь, ямааны мах идэхийг л зөвшөөрдөг. Нэмээд уур амьсгалын онцлогоос шалтгаалан элдэв чихэр, гоймон зэрэг бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Тэр өндөрлөг, алслагдсан оргилд элдэв хүнсний олдоц ч муу. Ойролцоох тосгон руу гэхэд л хоёр цаг явж байж хүрдэг. Мэдээж сургууль руу явах зам нэлээд бартаатай. Ах нар маань лав өдөрт дөрвөн цагийг сургууль руугаа ирж очиход зарцуулдаг байсан юм. Харин миний хувьд ар гэр, тариалангийн ажилдаа туслаад сургуульд явах завдал гаралгүй явсаар ахлах ангийнхаа сүүлийн хоёр жилд л суралцаж, энэ онд төгссөн. Тэр хүртэл ах нарынхаа сурах бичгийг уншиж, даалгаврыг нь дуурайж хийдэг байлаа. Манай нутагт “хөвгүүд ажил төрлөө, охид ахуй гэрээ авч явна” гэх хэлц байдаг юм.

Анх Катмандуд ирэхэд бүх хүн Непалаар ярьдагт нь дасах хэцүү байсан шүү. Учир нь бид нутагтаа Долпо хэлээрээ л харилцдаг. Одоо бол аймгийнхаа 20-30 тосгонд л ашиглагддаг хэл. Дээд, доод Долпо аймаг гэж бий. Доод Долпогийнхон арай өөр хэлтэй. Зөвхөн хэл ч гэлтгүй хотын амьдрал гэдэг өсөж төрсөн орчноос минь тэс ондоо. Нутагтаа бол нарны эртэд түлээгээ хагалж, сүүгээ сааж өдрийг эхлүүлээд тариан талбайгаа эргэж тойрсоор үдэш хүргэдэг. Өвлийн дөрвөн сар өдөр алгасахгүй шахам цас орох ч тохиолдол бий. Харин сүүлийн жилүүдэд бороо хур тасалдаж, булаг шанд олноор ширгэж байгаа. Үүнээс үүдээд ургамлын ногоошил багассан. Манай тосгон хэдий 5-6 мянган метрийн өндөрлөгт оршдог, хахир хүйтэн уур амьсгалтай, сэрүүн бүсэд тооцогддог ч зундаа хэт халснаас үүдэж ургац тасрах үе бишгүй. Ийнхүү тулгамдаад буй асуудлаа бусад улсынхантай хэлэлцэж, нутгийнхаа дуу хоолой нь болох гэж ирсэн. Мөн хурлын үеэр бэлчээрийн мал аж ахуй, газар ашиглалтын талаар мэдлэгээ тэлсэндээ баяртай байгаа. Ирэх өдрүүдийг тэсэн ядан хүлээж байна.

Б.Гантуяа, СОР17-г зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурал нь НҮБ-ын хамгийн том салбар хурлуудын нэг. Хурлын талбайг сонгож, дэд бүтцийг шийдэхээс авхуулаад сүүлийн хоёр жилийн хугацаанд 3000-4000 хүний оролцоотойгоор нэгэн бичил хотыг байгуулсантай дүйцэхүйц бүтээн байгуулалтыг хийсэн. Ингэхдээ Бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын, Зам тээврийн, Аюулгүй байдлын гэхчлэн 12 дэд хороодын ажлыг уялдаа холбоотойгоор төлөвлөж, чиглүүлэх хамгийн том даалгавар байлаа. Барилга байгууламж агуулгатай нийцэх ёстой шүү дээ. Мөн үндэсний өв соёл, ахуйгаа таниулах чимхлүүр хэсгүүдийг өрөө, танхим алгасалгүй шигтгэж өгөхийг хичээлээ.

Нээлтийн өдөр л гэхэд Цэнхэр бүсээр 23 мянга, Ногоон бүсээр 12 мянган хүн нэвтэрчээ. Конвенцын гол зорилго нь хэлэлцээр. Яг одоо 80 мянга орчим мкв талбай дахь 12 байгууламжийн 280 орчим заал, танхимд өглөө 08:00-аас эхлэн хурал, зөвлөгөөнүүд ээлжилж байна.

СОР 16, COP17-ийн онцлог нь Ногоон бүс. Угтаа энэхүү хурлыг зохион байгуулах жишигт олон нийтэд зориулсан Ногоон бүсийг заавал оруулах шаардлага байхгүй ч энэ том хурлыг эх орондоо зохион байгуулж, байгаль орчны томоохон асуудлуудыг олон улсын тавцанд хэлэлцэх завшааныг ашиглан өөрсдийн дуу хоолой, санаачилгуудыг танилцуулж хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагаа эхлүүлэх боломжийг аль болох далайцтай байлгахыг хүссэн. Энд зөвхөн хурал, хэлэлцээрээр хязгаарлалгүй үндэсний соёл урлагийн арга хэмжээнүүдийг ч толилуулж байна. Мөн манай зохион байгуулж буй COP-д түүхэнд байгаагүй олон буюу 740 орчим зэрэгцсэн арга хэмжээний хүсэлт, 280 гаруй төслийн санал ирсэн нь хурлын цар хүрээг илтгэх болов уу.

Хурлыг 2022 оноос төлөвлөж эхэлсэн ч бэлтгэл ажил энэ он гараад идэвхэжсэн. Дөрөвдүгээр сард дөнгөж засмал замаа тавьж байлаа. Манай уур амьсгалын онцлогоос үүдэж хөрс гэстэл газар шорооны ажлаа эхлүүлж чадахгүй явсаар зургаадугаар сараас маш хурдацтай урагшилсан. Улс орнуудын павилоныг бол наймдугаар сараас зассан. Дотоод тохижилтыг хийхэд зөвхөн засвар, угсралтын чанар гэлтгүй улсуудын геополитикийн нөхцөл байдлыг ч харгалзах чухал юм билээ. Гэнэтийн өөрчлөлтөд маш чадмаг хөрвөж ажилласан Монгол дотоод заслынхнаараа бахархсан шүү. СОР17 монголчууд нэгдвэл чаддаг гэдгийг маш тодоор харуулсан жишээ боллоо.

Жефф Херрик, Хөрс судлаач, АНУ

Бид ургамлаа бэлчээрийн талхагдал, түрэмгий харь зүйлсээс хамгаалж чадвал бат бэх үндэс боловсорно. Эрүүл үндэс хөрсний бүтцийг сайжруулж, органик бодисыг нэмэгдүүлнэ. Үр дүнд нь бороо орсон ч хөрсний гадарга дээгүүр урсаж, үер үүсгэлгүй, харин хөвөнд нэвчиж буй мэт хөрсөндөө шингэх боломж бүрдэнэ. Тэгж хадгалагдсан чийг буцаад ургамлаа тэтгэж, энэ тойрог цааш үргэлжилдэг. Ингээд харвал байгаль дахь бүх зүйл уялдаатай учир байгаль орчны асуудлуудыг бэлчээрийн, хөрсний, усны гэж нэгнээс нь тусгаарлаж, зааглахын оронд холбоо хамаарлыг нь сайтар судалж, нийтэд нь хамгаалах чухал.

СОР17 Монголд зохион байгуулагдсанаар олон улс бэлчээрийн экосистемд анхаарлаа хандуулж байгааг олзуурхаж байна. Ялангуяа түрэмгий харь зүйлийн аюулыг намжаахад малаа бэлчээх менежмент тун чухал. Мал өөрөө ургамлын бүлгэмдлийг удирдах нэг арга хэрэгсэл болдог гэх үү дээ. Ташрамд дурдахад, миний бие 20 орчим жилийн өмнө Швейцарын санхүүжилттэй “Ногоон алт” төслөөр Монголын бэлчээрийн мониторингийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор Монгол орны баруун, өмнө, хойд нутгаар аялж, ажиллаж явсан удаатай.

Ихэнх газрын доройтол гангийн үеэр болон дараахан тохиолддог. Шалтгаан нь энгийн. Гантай үед өвс ургамал өмнөх шигээ ургаж чадахгүй. Харин тэр цөөн ургамлыг идэх мал амьтдын хурд, нягтшил яг хэвэндээ байвал бэлчээр сэргэх завдал гарахгүй шүү дээ. Ингээд өрсөлдөх ургамалгүй учир түрэмгий зүйлүүд олширч, газраа улам доройтуулах аюултай. Тэгэхээр гангийн дараа бэлчээрээ “амрааж” байж ургамал ургах, үндсээрээ хөрсийг тэтгэх боломж бүрдэх юм. Мөн түрэмгий зүйлсийн тархалтаас урьдчилан сэргийлнэ.

Бид нөхөн сэргээлтийн ач холбогдлын тухай их ярьдаг ч аливаа асуудлаас урьдчилан сэргийлэх нь ардаас нь арга хэмжээ авахаас бага төсөв, хүн хүч зарцуулдгийг санах чухал. Ер нь хүмүүс бид үр дүн нь шууд харагддаг зүйлд хөрөнгө оруулах дуртай шүү дээ. Өмнө нь байгаагүй зүйл нүдний өмнө дурайгаад ирэхийг харах мэдээж сайхан. Үүний хамгийн түгээмэл жишээ нь ойн санг тэлэх, мод тарих ажлууд. Гэхдээ үүний хажуугаар малчдыг чадавхжуулах, бэлчээрийн аж ахуйгаа институтчилэх гээд үр дүн нь нүдэнд ил биш ч чухал ажлуудыг битгий орхигдуулаасай гэж хүсдэг юм.

Биргит Хаберманн, мал аж ахуй, байгаль орчны Судлаач, Австри

Сүүлийн дөрвөн долоо хоног Австрид асар хүчтэй ган нүүрлэлээ. Ялангуяа манайх газар тариалан эрхэлдэг учир хор уршгийг нь их ойроос мэдэрсэн. Манай улсын 150-180 жилийн цаг уурын байдлын түүхэнд ч ийм гамшиг бүртгэгдсэн удаагүй. Өдгөө 50 гарч яваа би анх удаа л энэ бүхнийг мэдэрч буй. Хэдийгээр нөхцөл байдал иймд хүрсэн нь харамсалтай ч Европын орнуудад цөлжилт, газрын доройтлын эсрэг илүү дорвитой арга хэмжээ авч эхлэх нэг сайн дуудлага болсон гэж найдаж байна.

Эх газар, тэр дундаа бэлчээрийн экосистемд мал чухал үүрэгтэй. Зөвхөн экосистемийн тэнцвэрт байдал гэлтгүй амьжиргаа, хүнсний аюулгүй байдлын ч томоохон хүчин зүйл. Тиймээс малын менежмент, эрүүл мэндийг дээшлүүлэх судалгаа, санаачилга улам өргөжөөсэй гэж хүсдэг. Мэдээж гаднын томоохон хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч тэргүүтэй дэвшилтэт шийдлүүд хэрэгтэй. Хамгийн чухал нь тэрхүү бүтээн байгуулалтуудаар малчдын газар ашиглалтыг хязгаарлахгүй байх явдал. Ялангуяа гол мөрний ай сав дагуух газар нь улирлын чанартай ашиглагддаг чухал бэлчээрийн бүс тул “хөрөнгө оруулалт” нэр доор тусгаарлаж, аливаа суулгац, байгууламжаар бүчих тохиромжгүй.

Сайн анзаарвал малчид өөрсдөө бэлчээр нутагтаа анхлан хөрөнгө оруулагчид байдаг. Тиймээс тэдний асуудлыг гаднаас нь л ажиглаж, өөрсдийнх нь оролцоогүй шийдэх гэхийн оронд мэдлэг туршлага, санаа санаачилгыг нь дэд бүтцээр дэмжиж, салбарын чадавхыг нэмэгдүүлэх боломжуудыг олж харах чухал.