Бидний хотод баяр далимдуулах амралтууд бишгүй их тохиодог билээ. Гэхдээ жилийн яг энэ л үед бид хамгийн олон хоногоор амарч, аяллын богцоо үүрч хөдөөгийн сайхныг шагшин бишрэх боломж гардаг. Нөгөө талд олны хөлд дарагдаж сая нэг амс хийх нийслэлдээ үлдэж өөртэйгөө бас хоттойгоо илүү дотносох өдрүүд ч тохиолддог. Харин энэ 10 хоногийн амралтаар манай уншигч залуус маань хийж амрахаар төлөвлөж байгааг болон тэдний үндэсний их баяр наадамтай холбоотой нандин дурсамжуудыг хуваалцлаа. Харин уншигч та бүхэн маань эл өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэхээр зэхэж буйгаа коммент хэсэгт бичиж бусадтайгаа хуваалцаарай. Өргөн дэлгэр сайхан наадаарай.

О.Анхзаяа (Сэтгүүлч, зохиолч)

Наадмын өмнөхөн өвөөгийн маань төрсөн өдөр болдог байсан болохоор би дандаа шинэ хувцас бэлэглэдэг байв. Өвөө бэлгийг минь нандигнан эвхэж хадгалаад яг наадмын өглөө л гаргаж өмсдөг сөн. Тэгээд л ээж, өвөө бид гурав наадмын өдрүүдэд цэнгэлдэх хүрээлэнгээ дахин дахин тойрон алхдаг байлаа. Ээж, өвөө хоёрыг модны сүүдэрт суулгачхаад, би хуушуурт гүйнэ. Айраг авах бүрдээ гэрээсээ тусгайлан сав авчирч, надаар заавал амсуулж байж хамгийн амттайг нь олж авдаг байлаа. Гэртээ хариад бөхөө үзнэ. Өөр содон зүйл хийдэггүй байсан ч тэр л өдрүүд миний амьдралын хамгийн сайхан наадмууд байж.

Өвөөгөөсөө хойш би хамгийн дуртай, хамгийн их хүлээдэг байсан энэ баяраа тэмдэглэхээ больчихсон юм. 2018 оноос хойш наадмаар огт догдолсонгүй. Харин энэ жил хүүдээ шинэ хувцас авч өгөөд, наадмын талбайгаар дагуулан алхаж, хуушуур авч өгөн, анхны наадмыг нь үзүүлнэ гэж бодож байгаа. Яг л өвөө намайг хөтлөөд наадмын талбайгаар алхдаг байсан шиг, тэрхүү догдлом нандин мэдрэмжийг одоо хүүдээ өвлүүлэн өгөхийг хүсэж байна.

Б.Намуундарь (Сэтгэл зүйч, streamer)

Бага байхдаа морь унадаг байсан болоод ч тэр үү, Хүй долоон худагт очиж, унаач хүүхдүүдийн гийнгоолох дууг сонсох наадмын хамгийн гоё хэсэг байсан. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй наадмыг санагдуулдаг нэгэн нандин зураг бий. Долоохон настай байхдаа үеэлтэйгээ цуг хацар дээрээ улсынхаа далбааг зуруулчихсан, өвөө эмээгийнхээ гарнаас чангаас чанга зүүгдээд авахуулсан тэр л гэрэл зураг наадмын тухай бодоход хамгийн түрүүнд нүдэнд харагддаг. Жил бүрийн наадмаар зуслангийн байшиндаа очиж, хуушуур, шорлог гээд л амттай болгоныг хамтдаа хийж идэнгээ, гэр бүлээрээ тойрч суудаг сан. Даанч сүүлийн жилүүдэд ингэж бөөндөө цуглаж, халуун ам бүлээрээ ширээ тойрч чадсангүй.

Тиймээс энэ жилийн наадмаар би өвөөгийнхөө цамцыг өмсөөд, эмээгээ дагуулан Сүхбаатарын талбай орно гэж төлөвлөсөн. Тэгээд талбайн зурагчнаар яг л бага насных шигээ зургаа татуулчихаад, гэртээ харьж дугуй хуушуур хийж идэнгээ бөхөө үзэж сайхан амармаар байна. Одоогийн байдлаар өдөр хоногууд нэгэн хэвийн, амралтын байдалтай өнгөрч байгаа ч наадмын амралт илүү онцгой амралт шиг болох мэт санагдаж байна.

У.Бат-эрдэнэ (Зураглаач)

Намайг 13 нас хүрдэг жилийн наадам миний амьдралд хэзээ ч мартагдашгүй, хамгийн онцгой дурсамжийг үлдээсэн. Тэр жил наадмын амралтаар манай ургийн баяр тохиож, хамаатан саднаараа олуулаа хөлхөлдсөөр Хөвсгөл далайг зориж байв. Бага байсан болоод ч тэр үү, холын замд тоос манарган, бартаат замыг туулан аялах нь яг л адал явдалт кино шиг хамгийн сонирхолтой, сэтгэл догдлуулам байж билээ. Цэнхэртэх далайн эрэгт цугласан тэрхүү дулаахан уур амьсгал, элгэн саднаараа хуваалцсан баяр хөөрөөс хойш манай гэрийнхэн наадмын өдрүүдээр хамгийн олуулаа цугладаг сайхан уламжлалтай болсон юм. Үндэсний баяраараа хайртай хүмүүстэйгээ бүгд цуглаж, инээд хөөрөөр бялхаж суух нь наадмын хамгийн гоё мэдрэмж байдаг.

Энэ жилийн наадмаар би аяллын шинэ хуудсаа нээж, Увс аймгийг зорихоор төлөвлөж байна. Эгэл боргил хэрнээ монгол ахуйг нэвт шингээсэн сумын наадмуудыг хэсэж, жинхэнэ хөдөөгийн наадмын амт, догдлолыг дэргэдээс нь мэдэрч, үзэж сонирхмоор байна.

Г.Тэмүүжин (Оюутан)

Хоёр, гурван жилийн өмнөх наадмаар төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Баян-Адарга сумандаа найзуудаараа морин аялал хийсэн минь миний амьдралын хамгийн дурсамжтай наадам байлаа. Сумын наадмын морьдын уралдаантай зэрэгцэн, найзуудаараа морь уралдуулан давхих тэр агшинд л жинхэнэ утгаараа монгол наадмын баяр хөөрийг мэдэрсэн байх.

Би одоогоор “Green zone”-д зөөгчөөр ажиллаж байгаа ч наадам дөхүүлээд ажлаасаа гарч, нутгаа зорихоор шийдсэн. Учир нь ирэх намар би гадагшаа явж сурахаар зорьж байгаа юм. Хүний нутаг руу мордохоосоо өмнө төрсөн нутгийнхаа ногоон дэнжид зодог шуудгаа өмсөн, нэг сайн хүч үзэж барилдахыг хүссэн хэрэг л дээ. Надад бол гурвын даваа хангалттай, төвөггүй давчихаар санагдаж байгаа.

Павло (Банкир) , Павин (Архитектор) 

С.Павло (Банкир)

Миний хувьд наадмаар хөдөө суманд сур харваж үзсэн минь хамгийн тод, мартагдашгүй дурсамж болон үлдэж дээ. Аз болоход хэнийг ч оноогүй ээ. Монгол бол үнэхээр олон сайхан дурсамж бэлэглэдэг улс. Наадмын үеэр хөдөөгийнх, хотынх, хөгшин залуу гэлтгүй бүгд нийлж баярлахад нийгмийн ялгаа бараг мэдрэгддэггүй нь гайхалтай санагддаг. Сүүлийн үед хүмүүс суурин амьдралд шилжиж байгаа ч наадам бол үндэс угсаа, уламжлалтайгаа дахин холбогдох, хүн бүр нэгэн ижил үнэт зүйлийг хуваалцах хамгийн том боломж юм шиг санагддаг юм. Бас хүмүүс хүүхэд хөгшидгүй өнгө өнгийн дээлээр гоёж, хээ угалзаар гангарсан байхыг харах үнэхээр үзэсгэлэнтэй.

Би Францаас ирсэн бөгөөд энэ удаад хамгийн сайн найзтайгаа уулзахаар дахин ирээд байна. Энэ жилийн наадмаар бид хоёр АРА фестиваль үзэхээр хөдөө явахаар ярилцаж байгаа. Наадмын өдрүүдэд хүмүүсийн ихэнх нь Улаанбаатараас гарчихдаг болохоор хот их тайван, намуухан болдог ч энэ удаад бид хоёр байгальтайгаа холбогдож, Монголд л мэдэрч болох тэрхүү эрх чөлөөг олж авахаар хөдөөг зорихоор шийдсэн. Энэ жил магадгүй би бүтэн дээл биш, зөвхөн монгол цамц өмсөж магадгүй юм.

К.Павин (Архитектор)

Монголд амьдраад дөрвөн жил болж байна. Миний сэтгэлд хамгийн гүн үлдсэн наадмын дурсамж бол хөдөө аймагт очиж наадам үзэхэд тэндхийн хүмүүс намайг өөрсдийн нэг мэт халуун дотноор хүлээн авч, гэр бүлийн хүн шиг минь харьцсан явдал юм. Надад дээл өмсгөөд, тэр хавийнхаа бүх хүмүүстэй танилцуулсан. Тэндхийн хүмүүс үнэхээр гайхалтай зочломтгой. Би өмнө нь гадны хүнийг ийм сайхан хүлээж авдаг хүмүүсийг хаана ч харж байгаагүй. Тэр уур амьсгал, орчин үеийн өнгө төрх болон уламжлалт соёлын төгс хослол надад маш их таалагддаг. Өмнө нь хотод үлдэж, эл хуль болсон гудамжаар дугуйтай давхиж, бас Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт үзэж байсан. Яг л Олимп шиг сүрлэг санагдсан шүү.

Би жил бүрийн наадмыг өөр өөрөөр өнгөрөөхийг хичээдэг. Тийм болохоор энэ жилийн наадмын амралтаар найзтайгаа цуг хөдөө фестиваль үзэхээр төлөвлөж байна. Мэдээж хөдөөгийн наадам хамгийн гоё учраас тэнд очиж шинэ дурсамж бүтээхийг маш их хүлээж байна.

Н.Анужин (Playtime зохион байгуулах багийн гишүүн) 

Манай гэр бүлийнхэн наадмыг нэг их нүсэр, өргөн дэлгэр тэмдэглэдэггүй болохоор наадмын амралтыг ихэвчлэн хотдоо намуухан өнгөрүүлдэг. Наадмын яг өмнөхөн Playtime фестиваль болдог учраас миний хувьд хамгийн завгүй, ачаалалтай өдрүүд үргэлжилдэг юм. Тэр ч утгаараа их ажлын ард гарсны дараа наадмын өдрүүд яг л жинхэнэ утгаараа амсхийн амрах, эрч хүчээ сэлбэх нандин цаг хугацаа болж үлддэг.

Гэхдээ энэ жил найзуудаараа нийлж баруун аймгийн алслагдмал, жижиг сумдаар аялахыг маш их хүсэж байна. Алс алтайг зорин Завхан нутаг, Алтай Таван Богдын сүрлэг уулсыг өөрийн нүдээр үзэх сэтгэл бий. Хэрвээ ямар нэгэн байдлаар аялалд гарч чадахааргүй болж таарвал камераа бариад өмнө нь хийж үзэхийг хүсдэг байсан бүтээлч зүйлсээ туршиж, зураг дарангаа, Төв цэнгэлдэх орж үзэж, хот дотроо цагийг сонирхолтой өнгөрүүлэх байх даа.

А.Баттулга (Зурагчин, чөлөөт уран бүтээлч)

Би наадмын өдрүүдээр ихэвчлэн хотод үлддэг юм. Тийм болохоор ч тэр үү, 2014 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын наадамд очсон минь миний сэтгэлд хамгийн тод, онцгой дурсамж болон үлджээ. Тэнд л би сумын наадмын жинхэнэ гоё сайхныг мэдэрсэн дээ. Баатрын хувцастай хүмүүс морьтой үзүүлбэр үзүүлж дууссаны дараа би тэрхүү хувцсыг нь гуйж өмсөөд, морьтой давхиж үзсэн. Хэдийгээр хотод өсөж торнисон ч гэлээ яг тэр агшинд дотор минь “монгол баатар” сэрэх шиг болж, цээж огшин, уудам тал, сүрлэг уулсаа ширтэх хамгийн мартагдашгүй мөч байлаа. Тухайн үед би дөнгөж л зураг дарж эхэлж байсан юм. Наадмын талбайд камер шагайх нь өөрсдийн соёл уламжлалтайгаа илүү гүнзгий танилцахад минь тусалсан болоод ч тэр үү, би наадмаар морь унасан хүмүүсийн болон дээлээрээ гоёсон наадамчдын хөрөг зургийг буулгах дуртай болсон.

Энэ жилийн наадмаар ч гэсэн би хотдоо байна. Тэгэхдээ энэ удаад Улаанбаатарыгаа илүү гүнзгий мэдэрч, өөр өнцгөөс харъя гэж бодож байгаа. Хөл хөдөлгөөн татарсан хотод үлдсэн хүмүүс наадмаа хэрхэн тэмдэглэж буйг, бас дээлээрээ гоёсон залуус маань Улаанбаатарын барилга, гудамж талбайтай хэрхэн сүлэлдэн зохицож байгааг өөрийн дурандаа ажиглан, түүх болгон буулгахыг хүсэж байна.

Г.Билгүүн (Дуучин, хөгжмийн зохиолч, хөгжимчин)

Бага байхдаа морь унадаг, жижиг сумын наадмын сунгаанд хурд сорьдог байсан болоод ч тэр үү, наадмын тухай бодоход надад хамгийн түрүүнд морьд л нүдэнд харагддаг юм. Лос-Анжелес хотод 10 гаруй жил амьдрах хугацаандаа тэндхийн монголчуудтайгаа цуглаж, дугуй хуушуур хийн идэж, өөрсдөө айргаа исгэж уун, харийн нутагт байгаагаа марттал өргөн дэлгэр нааддаг байлаа. Ер нь хүний нутагт таваас дээш жил амьдраад ирэхээр өв уламжлалаасаа алсарч, байгаа газрынхаа соёлд илүү дасаж, уусчихдаг юм шиг санагдсан. Наадам, Цагаан сар зэрэг үндэсний баярууд л харь оронд суугаа бидэнд өөрсдийгөө хэн гэдгийг сануулж, Монгол хүн гэдэг мэдрэмжийг минь бадрааж өгдөг байсан даа.

Эх орондоо эргэж ирснээсээ хойш жил бүрийн наадмаар гэр бүлээрээ ээж дээрээ очиж баярладаг болсон. Энэ жилийн наадмын амралтаар хийх хөгжмийн ажлууд их байгаа ч хамгийн түрүүнд ээж дээрээ л гэр бүлээ дагуулан очиж, өнөр бүлээрээ цуглах болно. Ээжийнхээ гар гарган хийсэн хуушуурыг идэнгээ, зурагтаар морьдын уралдаан үзэж, хөөрөлдөн суухыг хүсэж байна. Магадгүй миний хувьд энэ л хамгийн сайхан наадам байх.

Б.Болдбаатар (Бага Тойрог Лейблийн үүсгэн байгуулагч, найруулагч) 

Сүүлийн үед эргэцүүлээд байхад жилийн хамгийн гоё баяр яалт ч үгүй наадам юм байна гэж бодогдох болсон. Бага байхад хамаатнуудаараа ойрхон амьдардаг байлаа. Наадам болохоор л нэгнийдээ цуглаж, өнөр олуулаа дөчийн бидондоо хорхог хийж иддэг сэн. Сайхан ааштай томчууд нь бидэнд мөнгө өгөөд л. Өсвөр насны хүүхдийн нүдээр тэр бүхэн үнэхээр сонирхолтой, дулаахан дурсамж болон үлдэж. Магадгүй хамгийн олон хоногоор амардаг баяр болохоор ч тэр үү, одоо ч өөрийн эрхгүй догдлон хүлээдэг болчихсон юм шиг байна. Байнга түгжирч, олны хөлд дарагддаг хот маань ч наадмаар нэг амсхийж, гэртээ цаг гаргах хамгийн сайхан боломж олддог.

Энэ жилийн наадмаар гэрийнхэн маань хөдөө явахаар болсон. Тэр хооронд би хотдоо ганцаараа үлдэж, эцэст нь нэг юм бүтэн амарч, өөртэйгөө цагийг өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Ёстой жинхэнэ “me time” гаргаж, хүссэнээрээ тухтай унтаад, ирж буй хагас жилийнхээ ажлын төлөвлөгөөг чимээгүй бодож сууна даа. Тэгээд хэрвээ гадуур гарвал хотынхоо хамгийн их түгжирдэг уулзваруудаар эл хуль болсон үеэр нь машинтайгаа дураараа давхина.