Эмэгтэй хүн бүрийн найз “Сараа эгч”-ийн тухай дуулаагүй нэгэн гэж үгүй биз ээ. Тэрээр анх хаалга тогшихдоо хайр найргүй балбаж, заримдаа өвтгөх тохиолдол бишгүй бий ч цаг хугацаа өнгөрөх тусам бидний биеийг илүү их сонсон ойлгож, байгалийн мөчлөгтэй хоршин тэтгэдэг, хааяа анхааруулга өгдөг үнэнч нөхөр.
Энэ удаа бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тэдний амьдралын салшгүй чухал хэсэг болох сарын тэмдгийн сэдвийг сөхлөө. Арван жилийн сурагчаас эхлээд ахмад настан хүртэл сарын тэмдэг гээчтэй анх хэрхэн танилцсан хөгтэй түүх, бодууштай өнцгөөр дүүрэн дугаараа дуустал нь саатаарай.
У.Думаа

Бидний үед одоогийнх шиг нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл гэж байдаггүй, хөвөн, марлаар л зохицуулдаг байлаа. Хуучин хувцсаа угааж, хэдэн хэсэг болгон хайчилж индүүдээд ч ашиглана. Миний хүүхэд ахуй цагт сарын тэмдэг байтугай нөхөн үржихүйн сэдэв ч их хаалттай байж. Эмэгтэй хүн бүр л дотно харилцаанд орчихвол жирэмсэлнэ гэх айдастай байсан гэхэд хилсдэхгүй. Аль сайндаа л сарын тэмдэг ирсэн гэдгээсээ ичиж санаа зовоод, ээжээсээ ч нууж хэсэг явснаа санадаг юм. Ангийнхны жиг жуг хийх ярианаас л анхны ойлголтоо авч байлаа. Сарын тэмдгийг бол “улаан морьтой болчихлоо, морь унах нь” гэх мэтээр зүйрлэж ярьдаг байв. Одоо бол шууд л сарын тэмдэг гээд чөлөөтэй ярьдаг цаг шүү дээ.
Анх ирэхэд нь их гайхширсан. Эхэндээ бүтэн долоо хоногийн турш, маш ихээр ирдэг байсан юм. 1970-аад оны эхэн үеэр оюутан, сурагчид 150 төгрөгийн гарын мөнгөтэй, түүнийхээ 100 төгрөгийг хоолондоо тушаачхаад үлдсэнээр нь бусад хэрэглээгээ болгодог байлаа. Марл, хөвөн гэдэг үнэтэй, мөнгө нь байсан ч олдоц муу учир аль болох бага материалыг удаан хугацаанд ашиглахыг хичээнэ. Яаж ийгээд ээж аваасаа нуугаад л марлны мөнгө далд хийдэг байж билээ.
Гар доорх материалаар хэрэглэлээ бэлтгэдэг байсан учир нэвтрэх бол наад захын асуудал. Хичээлийн дундуур тун их тохиолдоно. Хэрэглэлээ солихын тулд сургуулийнхаа гадаах модон жорлонг ашигладаг байлаа. Ингэх хооронд завсарлагааны цаг хүрэлцэхгүй, багш нарынхаа ая талыг харж байгаад “амжуулдаг” байв. Сарын тэмдэг ирэх хугацаанд нэг удаагийн хэрэглэл ашиглаж үзээгүй. Аль сайндаа зээ охины маань сарын тэмдэг анх ирэхэд өдөр тутам авч өгөөд буруудсан удаатай.
Н.Анужин

Анх сарын тэмдэг ирэхэд гэртээ ганцаараа байж таарсан юм. Гэнэт ирэхээр нь сандраад хамаг хурдаараа маш их нойлын цаас авч давхарласнаа санадаг. Эхэндээ миний сарын тэмдэг их тогтворгүй, өвдөлттэй байсан учир тэр бүр төлөвлөж чаддаггүй байлаа. Хааяа хичээлийн дундуур ч ирчихнэ. Бас бусад хүмүүс яаж энэ бүхнийг сар бүр мэдэрдэг байна аа, тамирчид яаж тогтмол бэлтгэл хийж, тэмцээндээ оролцдог юм бол гэж гайхаж байсан шүү.
Сүхбаатарт 10 жилийн сурагч байхад охид үргэлж хоёр хоёроороо ариун цэврийн өрөө ордог байсан. Учир нь сургуулийн эрэгтэй, эмэгтэй нойл нэг дор байрладаг, нэмээд хаалганы түгжээ нь байн байн эвдэрдэг учир нэг нь нойлд байхад нөгөө нь хаалгаа дарж зогсох гэсэн хэрэг. Хэдэн жилийн өмнө 21 аймгаар төсөл хэрэгжүүлж явахдаа ариун цэврийн өрөөний эрүүл ахуй, стандарт нь улс орон гэлтгүй аймаг, сум, тэр ч байтугай сургууль хооронд маш өөр байсныг анзаарсан. Сумын сургуульд сурдаг учир цастай өдөр нойл руугаа хэдэн минут алхаж очоод буцаж орж ирэхэд гутал нь шавартсанд цэвэрлэгч уурлаж загнадаг учир нойл орох “дургүй” гэхийг ч сонсож байсан. Ердөө таван минутын завсарлагаанаар амжиж хэрэглэлээ солих, нойл нь бохир бол бүр ашиглахаас татгалздаг, жинхнээсээ “гүрийдэг” тохиолдол олон байдаг. Энэ мэтээр нүдэнд өртөөд байдаггүй олон шалтгаан сарын тэмдгийн асуудлуудын суурь болох нь бий.
Түүнчлэн ариун цэврийн хэрэглэлээс эхлээд сарын тэмдэгтэй холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид энэ зах зээлийг зөвхөн бизнес гэж харалгүй тоо, статистикийн ард бодит хүмүүс, тэдний эрүүл мэнд яригдаж байгаа гэдэгт илүү их ач холбогдол өгөөсэй гэж хүсдэг. Бүтээгдэхүүний сурталчилгаа нь “хөвөн зөөлөн” гэдэг л тодотголоосоо илүү гарч, энэ сэдвээр илүү нээлттэй ярилцах орон зай, мэдээлэл олж авах эх сурвалж болж чадвал гоё. Эмэгтэй хүний зайлшгүй хэрэглээ, ялангуяа өөрсдийнх нь хүсэл сонирхолд бус биологийн шаардлагад нь суурилсан хэрэглээ гэдэг талаас харж, хүртээмж, эрүүл ахуйг сайжруулах санаачилга чухал санагддаг.
Б.Тэргэлсар

Миний хувьд олон эгчтэй өссөн учир анх ирэхэд нь цочирдоогүй, бараг л баярт мэдээ шиг хүлээж авсан. Харин сарын тэмдгийн өвдөлтийг анх мэдрэх хүндрэлтэй байсан. Ялангуяа их ачаалалтай үед ирсэн болохоор ядарч, тамирдах нь ч амархан. Бас хааяа ядарчихсан, нозооролттой үед ангийн хөвгүүд “Юм чинь ирчихсэн юм уу?” гэж шалгаахад дургүй. Эхний жилийн сарын тэмдэг их тасалдсан. 13 настайгаасаа бие махбодынхоо мөчлөг, хэлбэлзлийг илүү ойлгож, өөрөө ч сайн зохицуулж сурсан.
Би таеквондогоор дөрөв дэх жилдээ хичээллэж байна. Яагаад ч юм сарын тэмдэгтэй үед чухал тэмцээнүүд давхацчихдаг. Бэлтгэлийн үеэр өвдөлтөө хэсэг мэдрээд мартчихдаг учир төдийлөн хүндрэлтэй байдаггүй. Бүр тэсэхийн аргагүй өвдвөл 30 минут завсарлаад халуун жинтэй хэвтчихэд зүгээр болдог. Дасгалжуулагч маань эрэгтэй хүн ч энэ тал дээр их нээлттэй, хүлээцтэй ханддаг учир хэсэг завсарлаад, хэсэг бэлтгэлээ хийх байдлаар үргэлжлүүлэхийг зөвшөөрдөг. Нэмээд бид гэмтлээс хамгаалах зорилгоор нэмэлт кальци, төмрийн бэлдмэл уудаг нь сарын тэмдгийн үед дэм болдог болов уу.
Нэг удаа найзын маань сарын тэмдэг тэмцээний үеэр ирж, ээлж нь эхлэхээс ердөө гурван тоглолтын өмнө нэвтэрчихсэн юм. Тэр даруй эмчээс өвчин намдаах эм авч уугаад бэлтгэлийн хүүхдийн өмдийг түр сольж өмсөөд дэвжээнд гарч байсан. Энэ мэт гэнэтийн нөхцөл байдал тулгарахад ойр тойрны дэмжлэг, ойлголцол чухал гэдгийг тэр үед их сайн ойлгож билээ.
О.Оюунгэрэл

Миний сарын тэмдэг анх дөрөвдүгээр ангид айхтар ихээр ирчхээд наймдугаар анги хүртэл ирээгүй. Тухайн үедээ биед зовуурьгүй, байн байн юм ирж, нэвтрэх айдасгүй болчхоор нь баярлаад л өнгөрсөн. Том хүнд хандъя гэж ч бодоогүй. Одоо бол яагаад тийм удаан тасалдсаныг нь гайхдаг л юм.
Анхны сарын тэмдэг маань ирдэг жил 1970-аад оны сүүл хавьцаа байсан. Тэр үед сарын тэмдгийн тухай яриа төдийлөн өрнөдөггүй, мэдээлэл хомс байлаа. Эцэг эх ч энэ сэдвийг яаран хөндөхгүй. Ер нь сарын тэмдэг анх ирэхэд л нэг удаа тайлбарлуулж аваад түүнээс цааш өөрөө “учраа ол” гэх дүрэмтэй. Ихэвчлэн хуучин хувцас, муу даавуунуудаа угаагаад жимбийтэл нь давхарлаж индүүдээд ашиглана. Бүр тансаг юм хэрэглэе гэвэл хөвөн, марлаар бэлтгэнэ. Гэвч аль ч материал нь зориулалтынх биш учир их нэвтэрдэг байсан. Жаахан хүүхэд юм болохоор түүнээсээ санаа зовно, айна. “Завааруулсан юмаа хүний нүдэнд өртөхөөс нь өмнө цэвэрлэ,” “Юманд боогоод далд хая,” гэж л заалгадаг байв. Хамгийн гол нь энэ бүхнээ хүнд харуулахгүй, ердийнхөөрөө л байх их чухал байлаа. Биений юм ирчихсэн учир хүнд юм өргөж болохгүй, хөдөлж гүйж болохгүй гэх яриа өрнөхтэй таарч байгаагүй. Анхнаасаа ч эмэгтэй хүн ийм л байх ёстой, үүнийгээ ингэж л даван туулах ёстой гэдэг ойлголттой өсчихсөн учир дасал болчихсон. 1990-ээд оны сүүл үеэс хил хязгаар чөлөөлөгдөж, нэг удаагийн ариун цэврийн хэрэглэлтэй танилцаж байлаа.
Цэвэршилтийн үеэ төдийлөн анзаарч, мэдрэлгүй өнгөрөөсөн санагддаг. Одоо бодох нь ээ сарын тэмдэг аажмаар татрахтай зэрэгцэн хөлний ул халуу дүүгэх, ааш араншин, бие махбодын байдал хэлбэлзэх зэргээр өөрчлөлт өрнөж л байсан юм билээ.
П.Болортуяа

Ээж маань намайг 6,7-той байхад “Kotex” нэртэй ариун цэврийн хэрэглэл захиж гаргасныг нь андуурч ойлгоод контик авчирч өгсөн хөгжилтэй түүх бий. Тэр үед л “Аан, ээж сар бүр ямар нэг тусгай зүйл хэрэглэдэг юм байна” гэдэг ойлголттой болсон.
Миний сарын тэмдэг 6-р ангид ирсэн юм. Үүнээс өмнө үеэл эгч маань тайлбарлаад өгчихсөн болохоор сандарч, цочирдоогүй. Гэхдээ сар бүр ариун цэврийн хэрэглэл худалдаж авах мөнгөө тооцоолж, өвдөлтийг нь мэдэрч үзээд “Энэ бүхэн сар бүр давтагдах юм байх даа” гээд гайхаж байснаа санадаг. Ялангуяа эхний саруудад мөчлөг нь тогтворжоогүй, нэг ирэхдээ ихээр ирдэг байхад хичээл дээр гэнэт ирчихвэл сандраад л, нууж хаан байж нэгнээсээ хэрэглэл асууж, сэмээрхэн дамжуулдаг байлаа. Нэмээд завсарлагааны 5 минутад хэрэглэлээ сольж амжихгүй үе олон. Охидын ариун цэврийн өрөө оочер ихтэй, хэрэглэхэд ч тухтай биш учир хааяа гүрийгээд өнгөрөөнө. Одоо бол харьцангуй цагаа өөрөө төлөвлөх боломж бүрдсэн учир энэ хүндрэлүүд багассан.
Бага байхад оюутан эгч нар маань ариун цэврийн хэрэглэлээ түцнээс ширхэглэж авдаг байсныг тод санадаг. Ингээд санахаар зөвхөн бие махбодод гарах өөрчлөлтөөс гадна санхүүгийн хүндрэл ч мөн адил бодолцож үзэх асуудал. Амьдралд нь анх удаа л саван, шампунийн адил сар бүр худалдаж авах ёстой хэрэглээ гарч ирж байгаа шүү дээ.
Би Америкт солилцоогоор суралцахдаа сургуулийн ариун цэврийн өрөө бүрд төрөл бүрийн хэрэглэлүүд байршуулсныг хараад ихэд гайхаж билээ. Өнөөх үнэтэй, хүний нүд хариулж дамжуулдаг зүйл яг л нойлын цаас шиг хүссэн бүхэнд нь хүртээмжтэй байж болдгийг анх удаа л харсан нь тэр. Манай Монголд ч хаа газар нойлын цаас байдаг шиг ариун цэврийн хэрэглэл ч байгаасай гэж боддог. Одоогоор ээж бид хоёр энэ санаачилгыг гэрээсээ эхлүүлж, ирсэн зочдынхоо нүдэнд ил харагдахуйц газар төрөл, төрлөөр нь тавих болсон. Нэмээд эргэн тойронд сарын тэмдэг ирсэн хүн байвал дуртай жимсээс нь авхуулаад амны зугаа дөхүүлээд өгвөл гоё санагддаг.
Л.Туруунаа

Сарын тэмдэг маань 11, 12 настайд их өвдөлттэй ирж байсан. Ирэхээс нь урьтаж барьцтай ойлголттой болж амжаагүй жаахан хүүхэд байсан учир их хүндээр хүлээж авч билээ. Хэрэглэл авахаас эхлээд л ичиж зовох асуудал бишгүй байлаа. Тэр үед сарын тэмдэг гэх сэдэв хичээлийн хөтөлбөрт тусаагүй, тун бүрхэг байсан юм. Анх ирэхэд нь ээжээсээ асууж, нэмээд үеийн хүүхдүүдийн яриаг чагнаж явахдаа л баримжаа ойлголттой болсон.
Би 13 дахь жилдээ пара жүдогоор хичээллэж байна. Долоо хоногийн зургаан өдөр, өдрийн 2-3 цаг бэлтгэл хийдэг учир бэлтгэл, тэмцээний үеэр сарын тэмдэг ирэх тохиолдол олон. “Тоглолтын дундуур нэвтэрчих вий” гэхээс их санаа зовдог. Нэмээд нуруу, толгой өвдөх зовиур бий. Хоёр ч удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээр сарын тэмдэг ирж таарсан. Тамирчдаас тогтмол допинг илрүүлгийн шинжилгээ авдаг учир өвчин намдаагч ашиглах хориотой, өвдөлтөө тэсээд л тэмцээндээ ордог юм. Сүүлийн үед халуун жин тавих нь туслах болсон. Бүр их өвдвөл бэлтгэлийн дундуур хэсэг амрах зөвшөөрөл олгодог.
Ариун цэврийн хэрэглэл сонгоход лангууны худалдагч нар бүтээгдэхүүний тайлбарыг уншиж өгөхөөс эхлээд материал, бүтцийнх нь ялгааг хэлж өгвөл их тустай байдаг юм. Илүү олон үйлчилгээний ажилтан энэ тал дээр санаачилгатай байгаасай гэж хүсдэг.
А.Бүлтэн

Ээж маань намайг хүндрэлтэй төрүүлснээс үүдэн саваа авхуулж, сарын тэмдэг нь зогссон юм. Иймд ухаан орсон цагаас ээжид маань сарын тэмдэг ирж байхыг харж байгаагүй учир энэ сэдэв нэг л гаднын, бүрхэг санагддаг байлаа. Наанадаж л гэртээ ариун цэврийн хэрэглэл байхыг харж байгаагүй. Нэмээд үеийнхнээсээ түрүүлж сургуульд орсон учир ангийнхнаасаа хожуу өсөлттэй байлаа. Надаас бусдынх нь сарын тэмдэг ирчихсэн учир ярьж байгаа зүйлийг нь ч төдийлөн ойлгохгүй. Эцэст нь 13 настайд анх ирж, бөөн сандрал, цочирдол болсноо санадаг юм. Хэрэглэлээ яажшуухан байрлуулж, хэр удаан ашиглахаа мэдэхгүй, зурагтаар үзсэн сурталчилгаануудаар л баримжаалж байлаа. Ээж рүүгээ залгаж, хэрэглэлээ яаж ашиглахыг утсаар заалгаж, анх танилцсан түүхтэй. Жаахан байхад ойлголт бага учир сарын тэмдгийн өвдөлтийг гэдэс өвдөж байна, гүйлгэх гээд байна гэж буруу ойлгодог байсан.
Миний хувьд дөрөв дэх жилдээ даавуун хэрэглэл хэрэглэж байна. Нэг удаагийн хэрэглэлтэй харьцуулахад загаднах, харшил өгөх нь эрс багассан учир сэтгэл хангалуун байгаа. Мөн өмнө нь нэвтэрчихвэл санаа зовдог, байн байн толбо цэвэрлэх тээртэй санагддаг байсан бол одоо даавуун хэрэглэлээ байнга угааж хэрэглэдэг дадал суугаад, нэвтрэх ичгүүртэй санагдахаа больчихсон. Хааяа санаандгүй ирж л байдаг шүү дээ.
Хүмүүс даавуун хэрэглэлийг амархан үнэр орчихно гэж андуурдаг. Надад бол нэг удаагийн хэрэглэл хавь илүү үнэртэй санагдсан. Мөн эдгээр хэрэглэлээ анх 50’000 төгрөгөөр худалдаж аваад дөрвөн жил хэрэглэснээ тооцоолж үзвэл сард ердөө мянган төгрөгийн зардал гаргажээ. Бас гэрийн нөхцөлд гар доорх материалаа ашиглаад хийх боломжтой. Шингээлт, тав тухын хувьд нэг удаагийн хэрэглэлээс дутахгүй учир туршаад үзээрэй.
Э.Амина

Нэг удаа би завин аялалд гарах гээд сарын тэмдэгтэй байсан ч маш их догдолсондоо тампон хэрэглээд аяллаа эхлүүлж байсан юм. Гэтэл гэнэт ихээр ирээд тампон маань дуусчихсан. Нэг цагийн турш завиар явсны дараа толгой эргэж, яг унах гэж байгаа мэт мэдрэгдээд нулимс цийлэгнэн найзуудаасаа тампон авчирч өгөөч гэж гуйсан юм. Найзууд маань тэр даруй ойролцоох арал дээр бараг 1 км гүйж байж надад тампон авчирч өгч билээ.
Ер нь ихэнх эмэгтэйчүүдэд өмд, сандал, ор гээд хаа нэг газар нэвтэрчихсэн тохиолдол байдаг. Тэр үед их ичмээр санагддаг ч жил ирэх тусам илүү тайван, энгийнээр хүлээж авч сурч байна. Энэ бол ичих зүйл биш, эмэгтэйчүүдэд тохиолддог энгийн л зүйл.
Анхны сарын тэмдэг маань 12 настайд ирж байсан. Жил ирэх тусам миний мөчлөг илүү тогтмол болсон ч хэмжээ нь ихсэж, нуруу өвддөг болов. Заримдаа сарын тэмдэг ирэх үеүд маш төвөгтэй санагддаг. Учир нь өдөр тутмын амьдралаа тухайн сарын тэмдэгтэй долоо хоногтоо тааруулж зохицуулах хэрэгтэй болдог юм. Гэхдээ тогтмол мөчлөгтэй байна гэдэг нэг талаараа давуу тал.
Би аяга, тампон, угааж хэрэглэдэг даавуун хэрэглэл, живх хэлбэрийн шөнийн хэрэглэл, мөн энгийн хэрэглэл гээд олон төрлийг нь хэрэглэж үзсэн. Миний хувьд сарын тэмдгийн эхний хоёр өдөр нь илүү их хэмжээгээр ирэх үед аяга эсвэл энгийн нэг удаагийн хэрэглэл хэрэглэх нь илүү тохиромжтой санагддаг. Харин шөнөдөө живх хэлбэрийн хэрэглэл хэрэглэж эхэлснээс хойш шөнө санаа зовохгүй тайван унтаж чаддаг болсон.
Г.Ану

Ээж маань өсвөр насанд гардаг бие махбодын өөрчлөлт, сарын тэмдгийн мөчлөгийн талаар надтай нээлттэй ярилцдаг, бага ангид эрүүл мэндийн хичээлээр энэ сэдвийн тухай үздэг байсан. Тийм болохоор анх ирэхэд өсөж том болж буйн энгийн нэг хэсэг гэж хүлээж авсан. Эргээд бодоход хүүхэд, өсвөр насныханд энэ талаар зөв ойлголт, тайван орчин, нээлттэй яриа нэн чухал нөлөөтэй байжээ.
Сарын тэмдгийн янз бүрийн хэрэглэл туршиж үзсэн. Миний хувьд сонголт хийхэд хамгийн чухал шалгуур нь тухтай байдал, эрүүл ахуй, найдвартай хэрэглээ, мөн өдөр тутмын амьдралын хэмнэлтэй нийцэж байгаа эсэх. Хүн бүрийн биеийн онцлог, хэрэгцээ, амьдралын хэв маяг өөр учраас сонголт нь ч мөн өөр байх. Ер нь сарын тэмдгийн хэрэглэлийн тухай яриа зөвхөн хэрэглэх үеийн тав тух, өгдөг мэдрэмжээс гадна хүртээмж, үнэ, нээлттэй мэдээлэл, сонголт хийх эрхтэй холбогдох ёстой гэж боддог.
Гаднаасаа жижиг зүйл шиг харагдавч үнэндээ эрүүл мэнд, өөртөө итгэх итгэл, өдөр тутмын хөдөлгөөн, оролцоонд хүртэл тогтмол нөлөөлдөг. Мөн энэ сэдэв зөвхөн сарын тэмдэг ирсэн үеүдэд л хамаатай асуудал биш, эмэгтэй хүний биологийн мөчлөгийг сарын тэмдэг ирээгүй үед ч тодорхойлж байдаг учир бүтэн циклээр нь авч үзэх чухал санагддаг.
О.Өнөрбилэг

Би 20 настайдаа зуны амралтаараа ажил хийхээр АНУ руу явж байсан юм. Анх удаа гадаадад амьдарч, ажиллаж байгаа надад бүх зүйл шинэ, багагүй айдастай байснаа санадаг. Үүнээсээ ч болсон уу нэг өдөр ажлын дундуур гэнэт сарын тэмдэг ирэхэд яах учраа олохгүй балмагдаж билээ. Менежертээ хэлэх гэхээр санаа зовоод, тэр тусмаа гадаад хүн болохоор бүр эвгүй санагдсан. Толгойгоо гашилган байж эцэст нь “Гэрт яаралтай асуудал гарсан” гэж хэлээд богинохон чөлөө авч гарч байлаа. Гэтэл дараа нь ажлынхаа олон нийтийн лоббид байдаг угаалгын өрөөнд ороод төрөл бүрийн сарын тэмдгийн хэрэглэл үнэгүй байрлуулсан байхыг хараад “Зүгээр л эндээс авч болох байж” гэдгийг мэдсэн.
“Сарын тэмдэг” гэж сонсоод л шууд “бохир цус” гэж ойлгох түгээмэл. Үнэндээ сарын тэмдэг нь ердөө умайн салст гуужиж, гадагшлах физиологийн процесс шүү дээ. Сарын тэмдгийн үед гарч буй шингэн нь зөвхөн цус биш, умайн салстын эд, үтрээний шүүрэл, эсүүдийн холимог байдаг. Бүр сарын тэмдгийн цуснаас умайн гаралтай үүдэл эс илрүүлсэн судалгаа ч бий.
Сарын тэмдгийн үеэр маш хүчтэй өвдөх, хэт их ирэх, эсвэл мөчлөг алдагдах нь заримдаа эндометриоз, өндгөвчний олон уйланхайжих хам шинж, бүр умайн хүзүүний хавдар зэрэг өвчний анхны шинж тэмдэг ч байж болно. Иймд энэ сэдвийг ичгүүртэй, нууцлаг зүйл мэтээр хандсаар байвал эмэгтэйчүүдийн өвчин хожуу шатанд илрэх эрсдэл эрс нэмэгдэнэ. Иймд ядаж эргэн тойрныхонтойгоо илүү нээлттэй ярилцаж, мэдээлэл солилцож, хэрэгтэй бол тусламж хүсдэг байгаарай.

Сэтгэгдэл бичих (2)


S Sarnai 103.212.116.108
Love this!! made me feel seen<3 Hope it is gonna be something to talked normally, not on just women's days
Z Zaya 103.57.95.235
Үе болгоны төлөөлөл оролцсон, шимтэн уншмаар сайхан нийтлэл болжээ. Сарын тэмдгийн тухай нээлттэй ярилцах орон зай хүргэж байгаад баярлалаа. Цаашдын ажил, үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.