Ес эхэлж, тэсгим хүйтний эрч чангарчээ. Үүнээс улбаалан агаарын бохирдол, түгжрэл, халтиргаа гэхчлэн хотын асуудлууд ч ээлж дараалан сөхөгдсөөр. Зуны дэлгэр, намрын налгар өдрүүд тоосоо гөвөхтэй зэрэгцэн хэн бүхэн дор бүрнээ “ямар хотод амьдрахыг хүсэж буй” тухайгаа дахин нэг эргэцүүлдэг уламжлалтай.
Тэгвэл бид дээрх асуултыг хот төлөвлөлт, архитектур, байгаль орчин, үл хөдлөхийн салбарын 10 төлөөллөөс асуун энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ. Тэд зөвхөн хүсэмжит хотоо дүрслэхээр зогсохгүй бодит хувь нэмэр, боломжит шийдлүүдэд ч ач холбогдол өгснийг онцлууштай. Уншигч та ямар хотод амьдрахыг хүсдэг вэ? Сэтгэгдэл үлдээгээрэй.
Г.Очбаяр: Өөрийн гэсэн үзэл санаа, таних тэмдэгтэй хот

Улаанбаатар хотын түүхийг гурван хэсэгт үечлэн хувааж болно. Эхнийх нь 1639-1924 оныг хамарсан Богдын хүрээ. Хүрээ гэх ойлголт нь дугуй хэлбэрийн бүтэцтэй, дундаа ордонтой, ордныг хүрээлсэн цогчин, сүм, дуган, хашаа, гэр, сууцууд цөм урагш харсан хаалгатай, урд хэсэгтээ задгай талбайтай байх гэсэн дөрвөн шинжээс бүрдэнэ.
Удаах нь 1924 онд Улаанбаатар хотын захиргаа үүсгэн байгуулагдахтай золгон өндийсөн социалист буюу орчин үеийн хот. Чухам энэ хот биднийг өнөөгийн амьдралын хэв маягтай танилцуулсан. Тухайлбал, 1930 онд анхны орчин цагийн хөшөө байгуулагдаж, 1932 онд анхны орон сууц ашиглалтад орж, 1954 онд анхны такси үйлчилгээ нэвтэрч байв. Үргэлжлүүлээд 1958 онд анхны орон сууцны хороолол бий болсон ба түүнийг даган хөгжсөн инженерийн шугамын ачаар 1990 он хүртэл хот эрчимтэй тэлсэн.
Тухайн үеийн социалист агуулгатай, үндэсний хэв шинжтэй барилгын үзэл санааг өнөөгийн Бага тойруугаас анзаарч болно. Хэдийгээр бид зүүн хүрээгээ устгасан ч зүүн хүрээний зохион байгуулалтыг орчин цагийн амьдралын хэмнэлтэй хослуулж, хотынхоо төв болгон хөрвүүлсэн нь энэ байв. Үүний зэрэгцээ тэр үед барилгын өндрийн хэмжээг ч нийтэд нь тогтоож, ногоон байгууламжид ач холбогдол өгсөн, хүндээ тун ээлтэй төлөвлөлт Монголын анхны архитектор Б.Чимид гуайн санаачилга дор цэцэглэж байлаа.
Харин 1990-ээд оноос тэрхүү хот төлөвлөлтийн үзэл санаа аажмаар алдагдаж, өнөөгийн “шилэн” Улаанбаатар хот хуучин хотынхоо буурин дээр боссон нь юун түрүүнд түүхэн ач холбогдлын хувьд эмзэглүүштэй. Мэдээж цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, дэвшилтэт барилгуудыг барих нь зөв. Гэвч хотынхоо амин сүнс болсон төвийг буулгахын оронд түүнийг залган тэлэлт хийвэл хамгийн зохилтой. Ялангуяа 1947-1960 онд давамгайлан хөгжсөн неоклассик барилгууд анхнаасаа цогцолбор байдлаар төлөвлөгдсөн учир бүрэн бүтнээр нь бүсчлэн хамгаалах шаардлагатай. Эл байгууллын хамгийн том жишээ нь Сүхбаатарын талбайг тойрсон МУИС, УДБЭТ, УДЭТ, Засгийн газрын ордон орчим юм.
Дээрх барилгууд тэргүүтэй хотын таних тэмдэг болсон орон зай, байгууламжууд (landmark)-ыг хамгаалах маш чухал. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын оршин суугч бүрийн мэддэг, байршил заасан нэрсийг цаашид ч “амьдруулах” хэрэгтэй. Учир нь тэрхүү нэрсийн цаана хэдэн арваныг дамжсан хотын ой санамж, дурсамж оршдог. Иймд аливаа таних тэмдэг нь архитектур, өнгө үзэмжээс үл хамааран онцгойлон авч үзэгдэх ёстой гэж боддог. Бид ч хоорондоо “Ийм гоёмсог барилгын гадаа байна” гэж биш “Урт цагаан, Арслантай гүүр, Төв шуудангийн ойролцоо байна” гэж харилцдаг шүү дээ. Гагцхүү эл дурсамжууд хүн төрөлхтний соёлын хамгийн том орон зай болох хот гээч байгууллын мөн чанарыг цогцлоодог гэдгийг цохон тэмдэглэх байна.
Т.Баттүшиг: Амин чанараа хадгалсан хот

Хотын аливаа төлөвлөлтийг хийхдээ хамгийн түрүүнд хэнд зориулж буйгаа сайтар ойлгож, асуудлаа ул суурьтайгаар илрүүлэх чухал. Ингэж чадвал зохиомлоор загварчилсан бус хүмүүсийнх нь амьдралын хэв маягаас урган бий болсон хот бүрэлдэнэ. Том зургаараа бид монгол хүний амьдрах орчин өөрөө Монгол байж чадаж байгаа эсэх рүү өнгийх хэрэгтэй. Учир нь ямар ч орны соёл, цаг уур, амьдралын хэмнэлийг дагаад оршин суугчдынх нь хэрэгцээ ч харилцан адилгүй. Энэ нь эргээд хотын амин чанарыг төлөвшүүлдэг.
Эл санаанд хөтлөгдөн хүмүүсийн амьдрах орчныг дээшлүүлэн хотоо илүү хүнлэг, ээлтэй болгох зорилго дор “Улаанбаатар төгөл” хамтын санаачилгыг эхлүүлсэн. Чөлөөт цагаа өнгөрүүлэх, эргэн тойрныхонтойгоо уулзалдах нээлттэй орон зай заавал нүсэр том парк байх шаардлагагүй. Тэр тусмаа Улаанбаатарчуудын талаас илүүг бүрдүүлдэг гэр суурьшлын бүсийн оршин суугчдад хотын төвд хэт төвлөрсөн байгууламжууд хүрэлцээ муутай байдаг учир тэдний амьдарч буй орчинд хүртээмжтэй, бичил хэмжээний, ээлтэй орон зай ихээхэн үгүйлэгддэг. Иймд бид тэр хавийн ашиглагддаггүй жижиг орон зайг “халаасны цэцэрлэгт хүрээлэн”-гийн загвараар тохижуулах санаа гаргасан юм. Тэрхүү орон зай нь хүмүүсийн өдөр бүр дамжин өнгөрдөг, хөдөлгөөний урсгалын төв цэг болсон худаг. Худаг нь өөрөө ногоон байгууламж, нийтийн орон зай болчихвол хүмүүс усаа авангаа давхар амралт, чөлөөт цагаа ээлтэй орчинд эдэлж, хүүхдүүд ч дураараа тоглох талбай тэлж буй хэрэг.
Энэ ташрамд “ирээдүй рүүгээ буцах” гэх ойлголтыг сөхөх хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн цагийн дурсамж, өвлөгдөж ирсэн санах ойг хаа нэгтээ музейн хоргонд түгжээд орхилгүй ирээдүйгээ чиглүүлэх луужин болгож ашиглах нэн чухал санагддаг. Саяхнаас эл үзэл санааг хот төлөвлөлтөөс гадна OI.өвийн өртөө төслөөр дамжуулан түгээхэд анхаарч эхэлсэн.
Г.Номиндарь: Тэнцвэртэй хот

Миний бие сүүлд “20 минутын хот Үндэсний хороо” төслийн багт ажилласан. Төслийн гол санаа нь ажлын байр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэхчлэн байнгын хэрэгцээт байршил руугаа 20 минутаас илүүгүй хугацаанд алхан очих боломжтой, олон төвт хотын тогтолцоог бүрдүүлэх явдал.
Харин судалгаа, хэрэгжүүлэлтийн явцад 20 минутын хотыг цогцлооход тулгарч буй суурь асуудал нь бүтээн байгуулалтын хүрэлцээнээс илүүтэй тэрхүү байгууллага, институтийн үйлчилгээний чанарын хүрэлцээ байсныг анзаарсан. Нэг ёсондоо ойр тойронд сургууль, цэцэрлэг дутагдсанаас бус чанартай үйлчилгээг бараадсанаас хүмүүсийн хөдөлгөөн алсарсаар буй. Хэрэв зөвхөн хүртээмж, бүтээн байгуулалтын тархцаар нь авч үзвэл манай хот 20 минутын хот болоход тун дөхсөн. Гэвч дэд бүтэц, тэгш чанарын асуудлаас үүдэж, 20 минутад алхаад хүрэх газраас сайн дураараа татгалзах шалтгаан ургадаг. Иймд барилгажилтыг хурдасгах гэж яарахаас илүүтэй тухайн барилга дотор бий болж буй үнэ цэнд ч анхаарал хандуулах чухал.
Ингэж чадвал жинхнээсээ алхахад ээлтэй хоттой болно. Дэд бүтэц, хүний нөөцийн асуудлаа шийдчихвэл нийтийн тээвэр, явган зорчигчийн урсгал ч эрчимжинэ. Мэдээж үүний зэрэгцээ харууц, аюулгүй байдлын сэдэв зайлшгүй хөндөгдөх ч залуус хотдоо итгэл алдраагүй цагт боломж үргэлж байгаа гэдэгт итгэдэг.
Б.Ивээл: Хүн төвтэй хот

Би Берлинд төрж, амьдралынхаа ихэнх хугацааг тэнд өнгөрүүлсэн. Харин энэ онд Улаанбаатар хотдоо долоон сарын турш амьдарлаа. Хэдийгээр зун бүр очдог байсан ч энэ удаа өнцөг, булан бүрээр нь алхаж, илүү ойроос тольдох боломж олдсоноор өмнө нь огт анзаарч байгаагүй олон зүйлийг олж мэдлээ. Барилга, хот төлөвлөлт, архитектурыг харах өнцөг минь ч тэлсэн. Иймд зөвхөн өөрөө таньж мэдээд зогсолгүй нийт залуучууддаа ч хотынхоо архитектурын онцлог, тэдгээрийн өгүүлэх үүх түүхийг эмхэтгэн хуваалцах зорилгоор шинэхэн номын ажилдаа шамдаж буй. Одоогоор 150 орчим барилга, байгууламжийг хальсанд буулгаж, ач холбогдлыг нь тэмдэглэсэн. Мөн номын төсвийнхөө 20 мянган еврогоос 11 мянгыг нь босгоод байна.
Үүний зэрэгцээ хотын архитектур, ерөнхий байгууллыг таниулах таван удаагийн явган аялал зохион байгуулсан. Аялал бүрд 20-30 залуус оролцсон нь залуусыг багахан сэдэл, санаачилгаар хөглөж чадвал амьдарч буй орчноо илүү гүн гүнзгий түвшинд ойлгох ямар их эрмэлзэл, сониуч зан байдгийг тод гэгч харуулсан. Ер нь хот, хүн хоёр хоорондоо салшгүй холбоотой. Хотыг ойлгохын тулд хүмүүсийг ойлгохоо мартаж болохгүй. Үүний тулд хотыг төлөвлөхдөө наанадаж “human scale” буюу хүний хараа, өндрийн түвшин, амьдралын хэмнэлийг бодолцохоос эхэлнэ. Энэ нь цаашлаад барилгажилт, олон нийтийн зай талбайн стандартыг тодорхойлох луужин болсон цагт илүү ээлтэй хот бүрэлдэх юм болов уу.
Э.Тэмүүлэн: Хамтын уур амьсгалтай, санах ойтой хот

Хэдийгээр бидэнд амин чухал сэдэв болох агаарын бохирдол, замын түгжрэлийн асуудлуудад анхаарал хандуулах хэрэгцээ давамгайлж байгаа ч ногоон байгууламж, хотын дурсамжийг өгүүлэх түүхэн барилгууд, хөршийн холбоо зэрэгт уйгагүй ач холбогдол өгөөсэй гэж хүсдэг.
Хотжилтын талаар суралцах зүйл мундахгүй ч гадаад орны жишиг, шийдэл рүү яаран өнгийхөөс урьтаж өөрсдийн хотын мөн чанар, онцлогийг сайтар бодолцох хэрэгтэй гэж бодогддог. Хот гэдэг өөрөө амьтай, санах ойтой. Жишээ нь, Улаанбаатар хотыг хүншүүлж төсөөлбөл Токио хотыг хүншүүлснээс тэс ондоо дүр зураг буух нь гарцаагүй. Тэр хүний эцэг эх, ааш араншин, туулсан амьдрал цор ганцтай адил хотууд ч дахин давтагдашгүй түүх, ондоошилтой байдаг. Гэтэл хаа хаанаа ижилт төстэй асуудал тулгарч буй гэдэгт үндэслээд нэг хотод хэрэгжсэн шийдлийг нөгөөд нь шууд хэрэгжүүлэх гэж яарах учир дутагдалтай. Харин бид бусад улсаас салбарын хөгжлийн чиг хандлага, ажлын арга барилаас нь суралцаж, түүнийгээ Монголынхоо хөрсөн дээр буулгахдаа өөрсдөө бие даан шийдэл боловсруулахад илүү анхаарал хандуулбал үр дүнтэй болов уу.
Улаанбаатарын хамгийн гоё нь үргэлж амьдрал буцалж байдаг. Тэр дундаа зам, гудамж дээр өрнөдөг харилцаа, идэвхтэй хөдөлгөөний урсгал хүнийг тэр хоттой нь сэтгэл зүй, дурсамжийн хувьд холбож өгдөг санагддаг. Байшингаас байшин хооронд дамжиж бус хотынхоо бусад өнцөг булан, олон нийтийн зай талбайд ч хамтын уур амьсгалыг мэдрэх их үнэ цэнтэй. Цаашлаад энэ мэтээр дотоодын бичил бизнесүүд улам цэцэглээсэй гэж боддог. Эдийн засаг нь дотроо ч тасралтгүй эргэлддэг, иргэд нь шинэ санаа, бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгоход түүнийг нь дэмжиж, тэтгэдэг хотод амьдрахыг хүсэж байна.
Б.Ариунжаргалан: Тэгш, олон нийтийн зай талбайн хүртээмжтэй хот

Миний бие сүүлийн 10 гаруй жил хот төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж байна. Анх Солонгос улсад архитектораар бакалавраа хамгаалж ирээд эмээ, өвөөтэйгөө амьдардаг байсан Нисэхийн эцэс дэх гэр лүүгээ эргэж очсон нь намайг энэ салбар луу хүчтэй татсан гэж боддог. Учир нь би өөрөө тэр хашаа, эргэн тойронд өссөн атлаа хэдхэн жил холдсоны дараа л сая нэг тэндхийн хүндрэл бэрхшээлийг бодитой олж харах шиг болсноо санадаг юм.
Хэн бүхэн орлогын түвшин, нийгмийн статусаас үл хамааран гудамжаар аюулгүй алхаж, эрүүл орчинд амьдарч, хүрэлцээтэй ногоон байгууламжтай ойр байх боломжтой хотыг хамгийн их хүсэмжилдэг. Үүнээс улбаалан ажилласан дахин төлөвлөлтийн судалгааны ажлын үр дүнд ч нийтийн эзэмшлийн орон зай амьдралын чанарт ямар их нөлөөтэйг ойлгосон. Хэдийгээр газар өмчлөл, барилгажилтын үйл явц зах зээлийн журмаар өрнөх учиртай ч төсөл хэрэгжүүлэгчид ойролцоох эргэн тойрны тав тух, ээлтэй байдалд үзүүлэх нөлөөгөө сайтар бодолцож үзэх ёстой юм билээ. Нэг ёсондоо барилгажилтын үйл явц эзэмшлийн талбайгаа хашаалаад орхихоор дуусахгүй гэдгийг онцлох байна.
Б.Энхжин: Онцлогоо хадгалсан, хамтач сэтгэлгээтэй хот

Гэр суурьшлын бүс гэнэт л орчин үеийн өндөр, шилэн барилгуудыг бүчээд ороод ирсэн зүйл биш. Угтаа бидний хот анх хийд, гэр, хашаа, тэдгээрийг холбосон гудамжнуудаас сүндэрлэсэн шүү дээ. Энэхүү суурьшлын бүс нь хэдэн мянганыг элээсэн нүүдэлчин өв соёлыг суурин амьдралын хэв маягтай хоршуулсан өвөрмөц хотжилтын хэлбэр учир Улаанбаатар хотын мөн чанар, өнгө төрх талаасаа ч ач холболтой санагддаг. Мэдээж дэд бүтэц, нягтаршлын асуудлууд чамгүй их бий. Гэвч хөршийн холбоо, хамтын санаачилгаар ус, дулаанаа шийдэх, дундын бохирын танк ашиглах зэрэг амьдрах орчиндоо хэрэгтэй ажлууд их хийгдэж байна. Энэ янзаар айл бүр хамтач сэтгэлгээ, шийдэлд суурилсан хандлагаар өөрийн эзэмшлийн хашаандаа илүү тухтай, эрүүл, аюулгүй амьдрах боломж бий гэдэгт итгэдэг.
Манай байгууллага ч хотын асуудлууд, тэр дундаа гэр суурьшлын бүс рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Төслүүдээ хэрэгжүүлэхдээ өөрсдийн боловсруулсан шийдлээ тулгах бус харин иргэдийг оролцуулан тэдний мэдлэг, туршлагыг сайтар тусгахад анхаардаг. Жишээ нь, манай Монгол гэрийн дулаалгын загварыг Монгол гэрт амьдардаг оршин суугчид олон нийтийн төв дээрээ цугларч, хамтдаа загварыг нь гаргасан. Монголчууд ямарваа нэг асуудлыг шийдэх гарц гаргалгаа, амьдралын ухаантай байдаг ч нэгдэн нийлж, өргөн хүрээнд шийдэл боловсруулах тал дээр хамтач сэтгэлгээ дутагддаг. Иймд бүгдээрээ нэгэн дээвэр дор хамтран ажиллахад нь түлхэц үзүүлэх орчин нөхцөлийг нь бүрдүүлж, сэдлийг нь төрүүлэх хэрэгтэй.
А.ОРгил: Нэгдсэн зураглалтай хот
Үл хөдлөхийн салбарынхныг зөвхөн бизнес эрхлэгч гэж харах хандлага түгээмэл. Угтаа хотын өнгө төрх, бүтцийг тодорхойлоход эл салбарынхан томоохон үүрэг гүйцэтгэдэг. Үүнд нэг талаас үл хөдлөхийн төсөл хэрэгжүүлэгчид, нөгөө талаас хот төлөвлөлтийнхөн болон оршин суугчид сайтар ач холбогдол өгч, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Товчхондоо хотоо хөгжүүлэх нэгдсэн зураглалтай болж, ижил зүгт хамтдаа хөдлөх чухал.
Хэдийгээр бидний хот 386 жилийн түүхтэй гэдэг нь урт хугацаа мэт боловч дэлхийн “жишиг” гэгдээд буй хотууд дор хаяж 1,000 насалсан байх нь элбэг. Бид хэн нэгнээс хоцорч, хөгжлөөрөө доогуурт жагсаж байгаа гэхээс илүү өөрсдийн туулах ёстой замыг л туулж байгаа гэж боддог. Юутай ч бидний нийслэл өнөөгийн хөгжингүй хотуудын насыг зооглох нь тодорхой. Харин бид тал талаас нөөц бололцоогоо нэгтгэж, тэр хүртэлх хөгжлийг дөтлөх нэг шат болох учиртай. Өрсөлдөөн ёроолд өрнөдөг бол хамтын ажиллагаа оройд өрнөдөг гэдэг шүү дээ.
Цаашлаад девелопер компаниуд тус тусын төслөө хаалттай хаалганы цаана гүйцэлдүүлээд орхилгүй салбарын бусад төслүүдтэй хоршсон бүтээн байгуулалтыг бүс нутгийн хэмжээнд төлөвшүүлээсэй гэх санаанд үндэслэсэн БЛОК платформыг хамтран үүсгэн байгуулсан. Үүний тулд девелоперуудаар зогсохгүй хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч, архитектор, цаашлаад санхүүгийн байгууллагуудыг нэгэн дээвэр дор цуглуулж буй хэрэг.
Т.Балжинням: Аюулгүй, санаачилгатай хот

Мэдээж чөлөөт цагаа өнгөрүүлэх “гуравдагч орон зай”-наас эхлээд олон хүсэмжит бүтээн байгуулалт хэрэгтэй ч юун түрүүнд тэдгээрийн бүрэлдэх ээлтэй орчинг бий болгосон, аюулгүй хотод амьдрахыг хүсдэг. Энэ нь зөвхөн халтиргаа, дугуйн замын хомсдлоор зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөч зам, нийтийн тээврийн хүрэлцээг ч хамрах өргөн сэдэв. Өргөн утгаараа аюулгүй байдал нь тэгш байдлын суурь нөхцөл гэж боддог. Үүнд залуусын оролцоо маш чухал үүрэгтэй.
Манай хотын залуус шийдэл боловсруулах хүсэл эрмэлзэлтэй хэдий ч тэр нь бодит үйл ажиллагаа, тогтвортой хөдөлгөөн болж чадалгүй үлдэх тохиолдол олон байдаг. Эл шалтгаанаар Зориг сантай хамтран “Бол гоё” төсөл болон “Junior Climate Leaders” хөтөлбөрүүдийг санаачилсан.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид маань хотын удирдлагуудад захидал хүргүүлэх, хэлэлцүүлэг зохион байгуулахаас эхлээд сургууль, ажлын байр, гэрийнхээ ойролцоох орчны асуудлуудад тогтвортой шийдэл боловсруулах төсөл хэрэгжүүлсэн. Гол санаа нь байгаа нөөц бололцоогоо ашиглан амьдрах орчноо сайжруулахын тулд тууштай алхам авах явдал. Цаашид ч энэ мэтээр олон залуу манлайлагчид, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо өргөгчдийн оролцоог тэлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.
Р.Энэрэл: Оролцоотой, хөршийн холбоотой хот

Ээж маань Дархан хотын багийн нийгмийн ажилтан. Ээжийн ажилд туслах үүднээс аавтайгаа хамжиж ойр хавийн ААН-үүд гадаа талбайгаа хэр арчилж буйгаас эхлээд орцонд ямар засвар үйлчилгээ хэрэгтэй талаар ч алхам тутамдаа анзаарч, “мэдээ хүргэж” амждаг байв. Үүний ачаар эргэн тойрондоо эзний сэтгэлээр хандах хөршүүд, асуудал олж харсан даруйдаа шийдэл эрэлхийлдэг оршин суугчдын оролцоо ямар чухлыг мэдэж авсан. Иймдээ ч хөршүүд цуглаад тулгарч буй асуудал, санаанд орсон шийдлээ хэлэлцэх орон зай байвал ямар гоё вэ гэж бодож явдаг байтал яг дэргэд байсныг нь анзаараагүй их удсан юм билээ. Тэр газар нь бидний мэдэх СӨХ буюу Сууц өмчлөгчдийн холбоо.
Үүнийг “The Gift” төслөөр 1990-ээд онд нэлээд жил СӨХ-ийн даргаар ажиллахдаа байрны оршин суугчдынхаа хамт өвлийн жиндүү улиралд орц мөстөх, хэт хүйт даах асуудлыг шийдсэн нэгний түүхийг сонсоод ойлгож билээ. Гэтэл бид зөвхөн орон сууцны ашиглалтын төлбөр, мэдээллийн самбар дээрх “халаалт тасрах” зараар л СӨХ-ийг төсөөлөх нь элбэг шүү дээ. Ер нь зөвхөн СӨХ-өөр зогсохгүй энэ мэт нөөц боломжийг сайтар анзаарч, хэргийг нь гаргах юмсан гэх бодол төрдөг.
Иргэд, оршин суугчдыг ч шууд хотын макро асуудлууд руу хандуулахын өмнө орц, гадаа талбайн орчноос нь эхэлж ойрын хүрээллийнх нь оролцоотой сэдэлжүүлж, идэвхжүүлэх чухал санагддаг. Мэдээж хотын нэлэнхүй хэсэгт хөршийн холбоо суларсан өнөө цагт энэ төрлийн санаачилга, хандлага төлөвшихөд багагүй хугацаа шаардана. Гэсэн ч тал талаас тасралтгүй оролдлого гаргаасай гэж хүсдэг. Хэдийгээр ойрын хугацаанд дорвитой асуудал шийдэх хэмжээнд хамтын ажиллагаа үүсгэж чадахгүй байсан ч ядаж л хөршүүдээ таньдаг болно гэдэг аль хэдийнээ маш том алхам. Энэ нь цаашлаад хамтын сэтгэлгээ, нийгмийн хариуцлагыг ч төлөвшүүлдэг санагддаг.
Нийгмийн хариуцлага гэснээс, би энэ зун анх удаа багийн засаг даргаа сонгох сонгуульд оролцож үзсэн. Ажиглах нь ээ тэнд залуучуудын төлөөлөл их үгүйлэгддэг юм билээ. Нэг талдаа залууст сонгуульдаа оролцох боломжтойг нь таниулах нэн чухал. Бидний мэдэх УИХ-ын сонгууль бүтэн улс орныг хамарсан, бодлогод суурилсан байдаг учир нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг толгойдоо бүрэн зураглах, цаашлаад ажлын үр дүнг нь оновчтой хэмжихэд хүндрэл гарах нь бий. Харин баг, хорооны төлөөлөлд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр бидний өдөр тутмын амьдрал, хүрээлэн буй орчинтой хэрхэн уялдаж байгаа нь маш илэрхий байдаг. Яг юу хийх, ямар бүтээн байгуулалтыг гардан ажиллах нь ч тодорхой байдаг учир дараа нь оновчтой үнэлгээ өгөхийн тулд энэ төрлийн үйл ажиллагааг оролцоогоор хангаарай гэж уриалах байна.

Сэтгэгдэл бичих

