XVII жарны дөч дэх жил, "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жил билгийн тооллын 1-н буюу харагчин гахай өдрийг хөлөглөн ирснээс хойш даруй хоёр хоног шувтарч, шинийн гурван айлчлан иржээ. Нэгэн жаранд ердөө ганц тохиох Гал морин жилийг угтан буй уншигч та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Энэ удаагийн нийтлэлээрээ бид морь жилээр овоглогч үе үеийн төлөөллийг нэг дор цуглуулж, цагаан сартай холбоотой нандин дурсамж, сар шинийн баярыг тэмдэглэн буй сонин хачнаас нь дэлгэлээ. Ингээд "жил орох" онтой золгосон адтай багачуудаас эхлээд ахмад буурал морь жилтнүүдтэй танилцацгаая.
З.Рагчаа, 1942 оны усан морь жилтэн

Би Говь-Алтай аймагт төрж өссөн. Энэ жил 85 насыг зооглож байна. Бага байхын сумын төвийн цагаан сар их хөл хөдөлгөөнтэй, өргөн дэлгэр болдог байлаа. Үе тэнгийн гурав, дөрвөн нөхөдтэйгөө нийлж морь унан давхихдаа замд тааралдсан таних, танихгүй айл бүрээр ороод гарах нь холгүй. Айлууд ч орж ирсэн хүүхдийн гарыг заавал дээш харуулна. Тэр үед чинь боорцог, ааруул л өгнө шүү дээ. Хааяа аз таарвал ганц, хоёр ёотон олдоно. Одоогийнхоос ялгаатай нь цагаан сараар зөвхөн хүүхдийн гарыг л цайлгаж, настан буурлуудтайгаа хадаг өгөлцдөг ёстой байв.
Манайх ам бүл наймуулаа учир цагаан сарын бэлтгэлээ хэдэн талаас хамжаад базаачихна гэж жигтэйхэн. Бүх юмыг өөрсдөө гардаж хийнэ. Аль сайндаа хөхүүрээ ч усны савны лаазаар хийчихдэг байв. Аав маань лам байсан тул цагаан сарын ёсыг багаасаа заалгаж өссөн. Одоо ч ёсоор нь хийдэг. Жишээ нь сар шинийг угтаж тотгон доороо мөс, хаалганы баруун талд харгана тавина. Энэ нь нэг талдаа бурхны хөлийг ундаалж, нөгөө талдаа өргөстэй харганаар муу муухайг гэрээс гэтэлгэж байгаа учиртай.
Өдгөө сар шинийг битүүний орой үр хүүхдүүдтэйгээ чуулж, тоглоом наадгай тоглож угтдаг. Шинийн нэгэнд 30-аад хүн ирж золгоно. Нэмээд жил орж байгаа учир засал, номоо уншуулаад эхэлсэн. Ирж буй жилдээ аюул зовлонгүй, энх тунх байхыг бэлгэддэг үйл тул тасалдуулалгүй хийхийг хичээдэг.
Л.Баярмаа, 1978 оны шороон морь жилтэн

Цагаан сар гэхээр юуны түрүүнд хүүхэд насны дурсамжууд хөвөрдөг. Би Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрж өссөн. Сумын төвийн айлуудаар тор барьж дүү нараа дагуулаад удтал хэсдэг байв. Тороо дүүрэхээр гэртээ орж суллачхаад буцаад яаран гардаг байлаа. Цагаан сар бол ирж буй жилээ угтаж, ахмад настнуудаа хүндэлж, ураг садантайгаа чуулдаг хамгийн том баяр. Иймдээ ч хөгшин залуугүй ач холбогдол өгч, тэмдэглээсэй гэж хүсдэг. Заавал шинэ дээл хувцас, элбэг дэлбэг идээ ундаа бэлдэх хэрэг гарна гэж цааргалалгүй өөрийн боломжид тааруулан тэмдэглэхэд л болох хэрэг.
Манай гэрт надаар зогсохгүй хоёр охин маань ч морь жилтэй учир энэ жилийг онцгойлон бэлгэшээж байна. Цагаан сарыг хөдөөгийнхөн маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Зочид, гийчдийн хөл хөдөлгөөн мал төллөтөл үргэлжилнэ. Нэгнийхээрээ орж тоглож наадахаас гадна баярын идээ будаа хүртэнэ. Тэнгэр хангайн аяс нааштай бол гуравдугаар сар гартал золгож л байдаг, дайлж цайлж л байдаг. Би өөрөө мал дээр гараад 25 жил болж байна. Ер нь малчид бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртдэг хаврын урин цагт тохиодог болоод ч тэр үү цагаан сар тун бэлгэдэлтэй. Одоогоор бол эн тэргүүнд мал юугаа эсэн мэнд төллүүлж авах том ажилтай. Ахиад ч аж амьдралаа тэтгэх олон чухал ажил хүлээж байна. Морь жилдээ их зүйл хийж амжуулахаар яаран сууна.
Жавхланбаяр, Жавхлантөр, 2014 оны модон морь жилтэн ихрүүд

Цагаан сарын хамгийн гоё хэсэг нь айл хэсэх. Энэ шинийн нэгэнд 6-7 айл хэснэ. Бага байхад манайх залуу гэр бүл байсан учраас айл хүлээж авдаггүй байсан, энэ жилээс хүлээн авч эхэлнэ. Аав маань 14 хүүхэдтэй айлын бага хүү болохоор маш олон хүн ирэх байх. Үеэлүүдтэйгээ уулзаж, төрөл бүрийн тоглоом тоглохоор хүлээж байна. Бид хоёр энгийн долоо нэртэй шагайн наадгайд их сайн.
Жил бүр эмээгийндээ очихоор хамгийн их догдолдог. Бид хоёр аниме үздэг учир энэ жил манга бэлгэнд авбал гоё. Ер нь комик ном унших дуртай. Өмнө жилүүдийн бэлгүүд дундаас эмээгийн бэлэглэж байсан сансрын лего тоглоом хамгийн таалагдаж байсан.
Бид хоёр тав дахь жилдээ морин хуур тоглож байна. Энэ жил айл хэсэхдээ “Жалам хар,” “Үүлэн бор” аяудаар үзүүлбэр үзүүлнэ гэж бодож байгаа. Тоглолттой үедээ долоо хоногт 7-10 цагийг морин хуурын бэлтгэлд зориулдаг. “Жалам хар”-ыг тоглож сурахад 2-3 сар зарцуулсан. Одоо “Нутгийн зүг” гэдэг ая тоглож сурмаар байна.
Д.Цэрэндэжид, 1954 оны модон морь жилтэн

Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрж өссөн. Айлын ганц хүүхэд болохоор нэг их айл хэсдэггүй байсан. Гэсэн ч цагаан сар дөхөхөөр ээжтэйгээ буузаа хийж, гэр орноо цэвэрлэсэн даруйдаа очих айлаа тоолж догдолдог байж билээ.
Тэр үед айл хэсвэл 12 мөнгөний дэвтэр, чихэр цуглуулдаг байв. Бал ч гэж байгаагүй үе шүү дээ. Балын харандаа л олдоно. Улсууд ч цагаан сарыг тэгтлээ хүндрүүлэх нь тун ховор, дор бүрнээ цомхон тэмдэглэдэг байж. Угаас социализмын үед баярын өдөр бүх нийтээр амарна гэж үгүй, бүгд албандаа яардаг байлаа. Шинийн нэгэнд ч ажилдаа яарна. Манай суманд л лав цагаан сарыг малчдын баяр гэж дууддаг байв. Одоо бодох нь ээ мал, ахуйтайгаа их ойр аж төрдөг байсантай холбоотой юм болов уу даа.
Манайх зургаан хүүхэдтэй учир сар шинийн хөл хөдөлгөөн хэсэгтээ намдахгүй. Шинийн 1, 2, 3-нд хүүхдүүд тасралтгүй ирж золгоно. Хүүхдүүдээ тоолоод л сууж байдаг юм. Монголчууд морь жилийг их бэлгэшээдгийн адилаар сайхан жил ирж байна гэж бодон сууна. Жил орсон ч засал, ном гэж яараагүй яваа. Хөдөөгийн бидэнд байгаль цаг агаар, төр улс амгалан тайван байвал болно доо. Хүн бүр зөв сэтгэлтэй явахад л болохгүй юм гэж үгүй. Залууст маань ч хийж бүтээх юм их байгаа биз ээ. Хуучин үеэс дутахааргүй сар шинээ ёс жудагтай, соёлтой угтаж байгаа тэднийгээ хараад ихэд сайшаан олзуурхдаг даа.
Б.Наранзаяа, 2002 оны усан морь жилтэн

Бага байхад хөгшин ээжийнд халуун бүлээрээ бужигнаж, бэлэг солилцдог байсан нь цагаан сарын хамгийн нандин дурсамж. Нэг жил хөгшин ээж маань яг л намайг хуулаад тавьчихсан уу гэлтэй хачин гоё хүүхэлдэй бэлэглэж билээ. Одоо бодоход хүн бүрд юу хэрэгтэй тухайд ихэд санаагаа чилээж, жилжингээ бэлэг цуглуулдаг байж. Хөгшин ээжээс үлгэрлэж энэ жил ч манайх хүн бүрийн нэрийг жагсааж байгаад тус тусад нь бэлэг цуглуулж үзсэн. Жилжингээ бага багаар нэмэрлэсээр эргээд харахад шкафын шургуулга дүүрэх бэлэгтэй болчихсон байсан.
Хөгшин ээжийг зорьж ойрын гэлтгүй холын хамаатнууд ч ирнэ. Харин өнгөрснийх нь дараа хүн олны хөл эрс багассан. Ер нь өнөр өтгөн, олуулаа тэмдэглэсэн баяр л сэтгэлд тун тод үлддэг. Нэг хэсэг Ковидоос үүдэж цахим золголт давлагаалсан шүү дээ. Орчин үетэйгээ хөл нийлүүлж, технологийн хөгжлийг ашиглан гадаадад байгаа төрөл садантайгаа амар мэндээ мэдэлцэнэ гэдэг их олзуурхууштай. Нэг ёсондоо холыг ойртуулж байна гэсэн үг. Гэвч хэт хавтгайрвал ойр суугаа нэгнийг холдуулах шалтгаан болох вий гэж эмзэглэдэг. Техник технологийн ач тусаар алс газар суугаа хүмүүстэй холбогдох боломж олдож байгаа нь үнэн ч тав алхмын цаана байгаа хүмүүс рүүгээ өөрсдийн биеэр зорьж, амьд харилцаа үүсгэх хэрэгтэй.
Залуус бид өв уламжлалаа авч үлдэх, ойр дотнынхоо хүмүүстэй холбоотой байх залгамж халааг ухамсарлах цаг ирсэн санагддаг. Өөрсдөө холбоо тогтоож, учрах санаачилга. “Болчихно доо” гэж алгуурлавал бүр л холдож, сошиал орчинд тогтмол мэдээлэл солилцдог “найзууд” атлаа гудамжинд танихгүй зөрөх төрөл садан олширвол харамсалтай. Гол нь цагаан сарыг ёс төдий тэмдэглээд орхих бус цаана буй ач холбогдлыг нь ойлгож, жанжин шугамаа алдагдуулахгүй байх чухал юм болов уу.
Ч.Өнөрбат, 1954 оны модон морь жилтэн

Миний бие 13 хүүхэдтэй айлын отгон хүү ч сар шинийн өдрүүдийг ээжтэйгээ хамт өнгөрөөдөг байлаа. Тэр үед зочлох айл дундрахгүй. Төрөл садныхнаараа ороод дуусвал ангийнхнаа зорино. Сумын төвийн 200-аад айлуудыг алгасахгүй хэсдэг байлаа. Харин одоо бол урилгагүй зочин айлуудаар барагтаа харагддаггүй шүү дээ.
Ер нь сар шинийн бэлтгэл битүүний өдөр цэгцэрчихдэг байсан. Иймд битүүний орой айл хэсэж, битүүлгээ хаяаныхаа айлуудад хувааж тараасаар өнгөрнө. Айл бүр л ирж буй жилдээ элбэг, дэлбэг байхыг бэлгэдэж, өөрсдийн чадахаар идээ будаагаа засан ойр тойрондоо харамгүй хүртээхийг их чухалд тооцно. Нэмээд Лхам бурхны аяншсан морь, малын цангааг тайлна гээд гурван мөс, ёотон сэлт үүдэндээ тавьдаг заншилтай.
Залуу байхдаа цагаан сарын баярыг өнжиж л явлаа. Гэвч өрх толгойлж, тусдаа гарсан л бол цагаан сараа тэмдэглээсэй гэж залуустаа захихыг хүсдэг. Үр хүүхдэдээ өв соёлоо таниулж, ах дүү нар хоорондоо учран золгох онцгой завшаан шүү дээ. Гол нь өөрсдийн боломжид тааруулж, ёс уламжлалаа дээдэлж, шинэ оноо бэлэг дэмбэрэлтэй угтах чухал. Дээр үед ч цагаан сарын гол зорилго нь настайчуудаа л хүндлэхэд оршдог байсан. Настай улстай золгоно гэдэг буян хишгийг нь хүртэж байгаа хэрэг. Хол ч байсан очиж байвал сайшаалтай. Одоо юм сайхан болсон хойно утсаар ч болов мэндчилдэг болжээ.
Морь жил хөдөлгөөн, хувьсгалыг эрчээдэг гэдэг юм. Нэмээд энэ онд жил орж байгаа учир засал хийлгээд амжсан. Гэвч юу юунаас илүүтэй жил орлоо гэж их юм бодохгүй байх чухал. Сэтгэл сайхантай, зөв бодолтой явахад юмс аяндаа бүтнэ.
Б.Өлзийбаясах, 2014 оны модон морь жилтэн

Цагаан сараар бэлэг авах хамгийн гоё. Өвөө, эмээгийнхээ бэлэглэсэн бамбаруушид их хайртай. Орой бүр тэвэрч унтдаг. Цагаан сарын өглөө дээлээ өмсөөд, үсээ янзлаад аав ээжтэйгээ золгодог. Энэ мэт ёсыг өмнө нь бужигнаад ойлгодоггүй байсан ч одоо бол яагаад золгодог, ахмад настнаа эн тэргүүнд зорьдог шалтгааныг мэдэж авсан. Би хэдийгээр Улаанбаатар хотод сурдаг ч аав ээж хоёр маань малчин хүмүүс учир жил бүр цагаан сар ойртмогц хөдөө гэр рүүгээ яардаг. Хөдөөгийн цагаан сар их завгүй, хөл хөдөлгөөнтэй болдог нь сайхан санагддаг. Өглөө ээж цайгаа чанаад, аав, ах хоёр хонь малаа хариулна. Энэ хооронд ууландаа гарч нар мандахыг хардаг. Битүүний орой алаг мэлхий өрж орхичхоод шинийн нэгний өглөө гэр бүлээрээ тоглодог. Цагаан сар бол монгол уламжлалаа түгээж, өвлүүлдэг баяр учраас маш онцгой баяр гэж боддог.
Ээж маань аав, ах, эгч, надад гээд бүгдэд нь дээл урлаж өгсөн. Жил болгон ээжийнхээ дээлээр гоёдог. Энэ жил манай гэрийнхэн хөх өнгийн дээлээр жигдэрч байгаа.
С.Оюунгэрэл, 1966 оны гал морь жилтэн

Хүүхэд ахуй цагт дугуй цагаан гэртээ бөөнөөрөө чуулж сар шинийг угтдаг байлаа. Ах дүүс бид эхээс есүүлээ учир цагаан сарыг эртнээс өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Цагаан сарын бэлтгэл хангах ажил ч нүсэр гэж ярих зүйлгүй. Олон хүүхэдтэй айлын дундах нь, нэмээд гурван эгчтэй надад бууз чимхэх, гурил элдэх ажил ноогдоно гэж үгүй. Голцуу өрөгч, таслагч хийдэг байсан санагдана. Харин тэр нэг жил төрж өссөн Хөвсгөл аймгийн Мөрөн хотоосоо 10-аад км-ийн зайтай малчны хороололд очиж, нагац ахындаа гурил элдэж сурч байсан нь сэтгэлд одоо хэр нь их тод үлджээ. Тэр үед айлуудад хажуу хавийнх нь хүмүүс, ойр суудаг найзууд нь цуглаж, цагаан сарын буузыг нь хамтдаа хийлцдэг байлаа. Үргэлжлүүлээд нямбайлан урласан амьтдыг дүрстэй модон тоглоом (хорол) тоглож, удтал хөгжилдөж билээ.
Цагаан сар бол монгол түмний ондоошлыг харуулж, өв соёлоо хойч үедээ уламжилдаг сайхан баяраас гадна ах дүү, садан төрөлтэйгөө нэг дор учран золгох томоохон завшаан. Нэмээд байгаль, эх дэлхийтэй шүтэлцээтэй олон зан заншлыг тээдэг ач холбогдолтой. Өнөө цагт ч цагаан сарыг нийтээрээ соёлч боловсон, ёс жудагтай тэмдэглэсээр байгааг харах сайхан байдаг. Гал морин жил өмнө жилүүдийн ололт амжилтаа ахиулж, хөгжин дэвших олон олон боломжийг хөлөглөн ирнэ хэмээн бэлгэшээж байна.
О.Төгөлдөр, 2002 оны усан морь жилтэн

Хүүхэд ахуйн цагаан сар гэхээр өглөө эртлэн босч, гал тогооноос үнэртэх буузны уур, зочдын хөлийн чимээ, айл гэрийн халуун дулаан уур амьсгал хамгийн түрүүнд санаанд ордог. Тэр үед баяр гэдэг зүгээр л хөөр баяр, амттай идээ будаа байлаа. Харин нас нэмэх тусам цагаан сар гэдэг ёс жаяг, хүндлэл, үе дамжсан холбоо гэдгийг илүү ойлгож эхэлсэн.
Энэ жил миний хувьд онцгой. Анх удаа тусдаа айлд очиж, хүргэн хүний ёсыг баримтлан золголт хийх гэж байна. Багадаа харж өссөн тэр олон зан үйл одоо миний өөрийн хариуцлага болж иржээ. Ахмадуудаас асууж лавлаж, дээл хувцас, золголтын дэг жаягт анхаарч, баярыг зөв утгаар нь угтахыг хичээж байна. Цагаан сар бол жилд ганц тохиох баяр ч гэлээ, түүний цаана үе үеийн холбоо, хүндлэл, үргэлжлэл оршдог. Тиймээс гал морь жилийг ёс жаягтай, утга төгөлдөр угтах нь залуу хүний хувьд нэгэн шинэ алхам гэж бодож байна.
Х.Гүнболор, 2002 оны усан морь жилтэн

Би гэрийнхээ цагаан сарын “бууз ажиллагаа”-ны элдэгч нь. Халуун бүлээрээ цагаан сарын бэлтгэлээ базаахаас гадна сар шинийн баяраар дамжуулж настан буурлуудтайгаа золгож, тэдний түүхийг сонсох сайхан байдаг. Цагаан сарыг ах дүү, төрөл садантайгаа уулзан амар мэндээ мэдэлцэх нь хамгийн чухал. Залуус энэ баярыг тэмдэглэхдээ ч гоё ганган бэлэг сэлт бэлтгэх, хэт нүсэр баярын бэлтгэл хийх гэж өөрсдөдөө дарамт үүсгэлгүй гол ач холбогдолд нь анхаарлаа хандуулбал ирж буй жилээ илүү утга учиртай угтах юм болов уу.
Гал морин жил бүхэл бүтэн нэг жарны дараа л сая нэг тохиож байгаа учир олныг хамарсан томоохон үйл явдлууд тохиох болов уу гэж таамаглаж байна. Сар шинийн өдрүүд эхлэхээсээ дуусах хүртэл соёлын биет болон биет бус өвийг тээдэг юм байна гэж анзаардаг. Идээ ундаа бэлтгэх, битүүлэх ёсноос эхлээд арвин их мэдлэгийг уламжилдаг баяр учир хөгшин залуугүй чухалчилж, тэсэн ядан хүлээдэг нь гарцаагүй биз ээ.

Сэтгэгдэл бичих

