2025 оны зун жинхэнэ утгаараа “блокбастерын улирал” болж өнгөрлөө. Кино театрын дэлгэцүүд олон жилийн турш хүлээлт үүсгэсэн франчайзын төгсгөлүүдээс эхлээд шив шинэ бүтээлүүдийг ээлж дараалан гаргаж, Холливудын студиуд үзэгчдийг дахин кино театр руу татах гэж асар их хөрөнгө оруулалт зарим нь бүр эрсдэл гаргасан юм.
Энэ зун кино театруудын хоймрыг чимсэн бүтээлүүдтэй илүү ойроос танилцья.
60 сая $
Disney-ийн “live-action” анимейшн Lilo & Stitch-ийг 150 сая доллар орчим төсвөөр бүтээсэн ч, орлого нь нэг тэрбум давсан нь тус студийн сүүлийн жилүүдийн хамгийн том амжилт болсон билээ. Дөрөвхөн хоногт 183 сая доллар цуглуулсан нь бүх цаг үеийн шинэ дээд амжил болсон юм. Дээрээс нь урьдчилан захиалсан тасалбарын борлуулалт 60 сая доллар давсан нь үзэгчдийн хүлээлт төдий чинээ өндөр байсныг баталсан гэхэд хилсдэхгүй.
~10
Энэ зун нээлтээ хийсэн 241 киноноос ердөө 8-10 бүтээл л жинхэнэ “блокбастер” буюу зуны гол ярианы сэдэв болсон бүтээлүүд байв. Үүнд Disney-ийн Lilo & Stitch, Universal-ийн Jurassic World: Rebirth, Apple-ийн F1: The Movie, мөн James Gunn-ийн Superman зэрэг багтжээ. Эдгээрийн төсөв бүгд 150 сая доллароос дээш байв. Нэгтгэвэл, эдгээр блокбастерүүд бокс оффисын орлогын ихэнхийг бүрдүүлсэн аж.
10% IMAX
Jurassic World: Rebirth кино нь 72 улсад, 6,800 театрт зэрэг нээлтээ хийж, дэлхий даяар зургаан долоо хоногийн дотор 925 сая долларын орлого олсон аж. Сонирхолтой нь, уг кино зөвхөн IMAX-аас 96 сая долларын ашиг олсон нь нийт орлогын 10 хувь байсан юм.
Хагас тэрбум
“Warner Bros” студи “Superman” киног дэлгэцээр гаргахдаа IMAX болон Dolby Cinema-тай онцгой гэрээ хийж, эхний гурван долоо хоногт зөвхөн premium форматаар үзэх боломжтой болгосон нь онгой маркетингийн арга байсан юм. Кино шүүмжлэгч, судлаачид энэ аргыг “premium-first strategy” хэмээн нэрлэж, цаашид олон студи дагаж хэрэгжүүлэх төлөвтэй гэж дүгнээд буй.
Кино нийтдээ 600.9 сая долларын ашигтай байсан ба 2025 оны цорын ганц хагас тэрбум гаруй орлого бүхий супер баатрын тухай бүтээл болсон юм.
38 сая $
A24 Weapons-ийг ердөө 38 сая долларын төсөвтэйгөөр хийсэн ч, маш богино хугацаанд 138 сая долларын ашиг олсон нь тэдний түүхэндээ бүтээсэн хамгийн өндөр ашигтай төсөл болжээ. Дээрээс нь аймшгийн кинонууд ихэвчлэн хоёр дахь долоо хоногтоо үзэлт нь эрчимтэй унаж эхэлдэг бол Weapons ердөө 43 хувийн бууралттай байсан нь эхлээд 1,500 театрт нээлтээ хийж, дараагийн долоо хоногт нь үзвэрийн тоог өргөжүүлэн нийт 3,000 театрт цацсантай холбоотой байж болзошгүй.
300 км/ц
Apple Studios 250 сая долларын төсөв зарцуулж, өөрийн түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтыг F1: The Movie-д хийсэн гэхэд хилсдэхгүй. IMAX камеруудаар 300 км/цагийн хурдтай зураг авалт хийсэн нь IMAX-ийн технологийн түүхэнд хамгийн хурдан хөдөлгөөн бичигдсэн үзэгдэл болж үлдсэн нь сонирхолтой. Нээлтийн өдрүүдэд уг кино 175 сая доллар цуглуулсан нь Apple-ийг стримингээс гадна театрын блокбастерын жинхэнэ өрсөлдөгч байж чадахыг баталсан юм.
10% уналт
2025 оны зуны нийт бокс оффис өмнөх оноос 10%-иар буурч, дотоодын хэмжээнд 3.63 тэрбум ам.доллараас 3.43 тэрбум ам.доллар болжээ. Шинжээчид энэхүү бууралтыг зуны сүүл үеийн сул гүйцэтгэлтэй холбон тайлбарлаж байна. Учир нь 2024 онд Barbie шиг дэлхий даяар хит болсон бүтээлтэй дүйцэхүйц кино энэ онд гарсангүй. Мөн нэг долоо хоногт дөрөв хүртэл киноны нээлт давхцаж, үзэгчдийн сонирхол хуваагдсан нь нөлөөлжээ.
350 сая $
1996 онд эхэлсэн "Mission: Impossible" цуврал өнөөг хүртэл нийт 8 ангитай болж, Paramount-ын хамгийн урт настай франчайзын нэг болжээ. Том Круз бүх ангид гол дүрийг бүтээж, action сценүүдийг орлон тоглочгүй, өөрийн биеэр тоглодгоороо кино урлагт нэр хүндээ тамгалсан билээ. Сүүлийн анги болох "Final Reckoning" нь 300-400 сая долларын төсөвтэй хийгдсэн бөгөөд АНУ-д эхний долоо хоногтоо 89 сая доллар, олон улсын зах зээлээс нийтдээ 350 сая гаруй долларын ашиг олсон юм. Эл анги дээрх жүжигчин Том Крузийн зарим эрсдэлтэй сценүүдийг (мотоциклтойгоо гүүрнээс үсрэх) өөрийн биеэр гүйцэтгэж буй бичлэгүүд кино руу олны анхаарлыг авчирч чадсан юм.
92%
Олон улсын зах зээлд “How to Train Your Dragon” киног гэр бүлээрээ үзэх үзэгчид давамгайлж, зөвхөн эхний долоо хоногт Хятадад 22 сая, Их Британид 18 сая ам.долларын борлуулалт хийсэн байна. Үзэгчдийн үнэлгээ Rotten Tomatoes дээр 92 хувьд хүрсэн нь тасалбарын борлуулалтыг тогтвортой хадгалсан бөгөөд нээлтийн дараах хоёр дахь долоо хоногийн орлого ердөө 56.8%-иар буурсан нь том студийн ихэнх бүтээлүүдтэй харьцуулахад харьцангуй тогтвортой бууралт юм.
70 мм
“The Fantastic Four: First Steps” кино нь бүрэн дижитал камерын оронд IMAX-ийн 70 мм формат дээр бичигдсэн нь өндөр зардалтай ч, дүрсний чанарыг шинэ түвшинд гаргасан MCU (Marvel Cinematic Universe)-ийн эхний бүтээлүүдийн нэг болсон юм. Нээлтийн үеэр 100-110 сая долларын ашигтай байсан нь тэдний өмнөх оргил амжилтуудтай харьцуулахад даруухан үзүүлэлт боловч стратегийн хувьд олон шинэ зүйлсийг туршсан чухал эхлэл байв.