Бидний бие организмд их наядаар тоологдох бактериуд бий. Тэдгээр бактериудын тэнцвэрт байдал нь бидний дархлаа, хоол боловсруулалт, тэр байтугай тархи, сэтгэл зүйн эрүүл мэндэд хүртэл нөлөөлдөг. Иймд бид ээлжит нийтлэлээрээ ашигтай бактерийг нойр, насжилт, антибиотик зэрэг сэдэвтэй холбон тайлбарлалаа.

1800-1900 он

Дэлхийн шинжлэх ухааны түүхэнд ашигтай бактерийн тухай ойлголт 1800-1900 онд үүссэн гэж үздэг. Тодруулбал, Оросын эрдэмтэн Элие Мечников Болгар хүмүүс исгэсэн сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэсний үр дүнд урт насалж байгааг ажиглаж, исгэсэн хүнсний сүүн хүчлийн бактери гэдэсний ашиггүй бактерийн өсөлтийг дарангуйлснаар эрүүл мэндэд эергээр нөлөөлдгийг тогтоосон нь эл ойлголтын суурийг тавьжээ.


Зургийг: CalendarZ

300 сая хүн 

Хүний дархлааны системийг бидний бие хамгаалагч хэмээн төсөөлж болно. Тэрээр биднийг бактери, вирусээс хамгаалж эрүүл, аюулгүй байдлыг маань хангадаг баатар л гэсэн үг. Гэхдээ заримдаа энэхүү хамгаалагч биед аюул учруулахгүй энгийн зүйлсийг буюу цэцгийн тоос, тоосонцор мөн зарим хоол хүнс зэргийг аюултай дайсан хэмээн андуурснаар харшил үүсдэг ба дэлхий дээр нийт 300 сая хүний дархлаа яг ингэж андуурдаг.

Зүг чигээ алдаж яваа тэрхүү дархлааг зөв залж, чиглүүлж өгдөг зүйл нь ашигтай бактери. Нэгэн сонирхолтой судалгаа дурдахад, өвлийн гурван сарын турш 281 хүүхдэд нэг тэрбум тунтай ашигтай бактери өгөхөд ханиад, томуу болон гэдэсний халдвар тусах эрсдэл энгийн хүүхдүүдээс хамаагүй бага байсан нь ажиглагдсан ба өвдсөн ч маш хурдан эдгэрч байсан юм.


Зургийг: NYT

20 тэрбум 

Ашигтай бактерийг ярих бүрд нэн түрүүнд дурдагддаг бактери бол Lactobacillus. Уг бактери бидний ходоод гэдсэнд үржсэн муу бактери болон мөөгөнцрийг устгах гол үүрэгтэй. Хамгийн гол нь ходоодны хүчтэй хүчилд уусалгүй гэдсэнд хүрч үйлчилдэг нь эмнэлзүйн судалгаагаар нотлогдсон байдаг тул ингэж их энд тэнд нэр нь дурдагдаад байдаг хэрэг. Эрдэмтэд одоогоор Lactobacillus-ийн 200 гаруй зүйлийг тодорхойлоод байгаа бөгөөд энэ нь ашигтай бактериуд дундаа хамгийн өндөрт тооцогдох тоонуудын нэг.


Зургийг: MicrobiomePost

10x 

Пребиотик нь хүний биед боловсорч шингэдэггүй, зөвхөн ашигтай бактерийн хоол тэжээл болдог ургамлын гаралтай эслэг.

Насанд хүрсэн хүн өдөрт 25-30 грамм эслэг идэх шаардлагатай ч бид үүнийгээ хоол хүнснээс хангалттай авч чаддаггүй ба пробиотикийг өөрийнх нь "хоол" болох пребиотиктой хавсарган хэрэглэснээр ашигтай бактерийн өсөлт, үржих хурд 10 дахин нэмэгддэг.


Зургийг: The New York Times

36.7%

Антибиотик нь муу бактерийг дарангуйлахын зэрэгцээ хүний биед хэрэгцээт бактерийг хамтад нь устгадаг тул хэрэглэх үед гэдэсний микробиомийн орчин алдагдаж гэдэс хямардаг. Тухайлбал судалгаагаар дан антибиотик хэрэглэсэн хүмүүсийн 36.7% нь суулгалт өгдөг аж. Иймд ямар ч антибиотикийн хажуугаар өөрт тохирсон пробиотик бэлдмэлийг хэрэглэх нэн чухал.

pH 3.8 - 4.5

Эрүүл эмэгтэй хүний үтрээний хэвийн орчин нь хүчиллэг (pH 3.8 - 4.5) байдаг, учир нь энэ орчинд мөөгөнцөр, өвчин үүсгэгч бактери амьдрах боломжгүй. Гэвч савангаар угаах, ачаалал ихсэж стресстэх, антибиотик хэрэглэх үед энэ хүчиллэг чанар алдагдаж, өвчин үүсгэгч бактериуд үржиж эхэлдэг.

Дээрх омгуудыг ууж хэрэглэх үед тэдгээр нь ходоод гэдсээр дамжин үтрээний салст дахь бичил орчныг хамгаалдаг бөгөөд устөрөгчийн хэт исэл ялгаруулж, муу бактериудын эсийн ханыг гэмтээж устгадаг.


Зургийг: Taylor's College - Taylor's Education Group

90% → 5% 

Эрүүл, хөхөөрөө хооллодог нярайн гэдэсний бичил биетний 90 хүртэлх хувийг Bifidobacterium эзэлдэг. Гэвч хүн 60 нас даваад ирэхээр энэ тоо огцом буурч, бүр 5% болтлоо багасдаг. Насжилттай холбоотой энэ төрөлхийн процессийг илүү удаашруулахын тулд Bifidobacterium-тай ашигтай бактерийг өдөр тутамдаа ууж хэвших нь зүйтэй.


Зургийг: Cureveda

150 ккал 

Гэдсэнд зарим төрлийн хортой бактер давамгайлснаар өдөрт идэж буй хоол хүнснээс нэмэлтээр 150 ккал хүртэлх шим тэжээлийг нь тэдгээр бактериуд нь шимснээр хүн шалтгаангүй жин нэмэх, эсвэл шим тэжээлээ авч чадалгүй турах шалтгаан болдог.


Зургийг: Creative Fabrica

100~

Эрүүл мэндийн сэдвүүд хөндөгдөхөд хамгийн түрүүнд дурдагддаг бараг сонсоод дөжирсөн сэдэв бол нойр. Гэдэсний ашигтай бактеритай хүртэл нойрны чанар хамаатай байна гэдэг сонирхолтой.

Тухайлбал 100 орчим оролцогч дээр хийсэн судалгаагаар унтах хугацаа, чанар, тасалдал зэргийг хэмжиж 16S rRNA секвенцийн аргаар бактерийн төрөл, хэмжээтэй харьцуулан тооцоход нойр дутуу оролцогчдод Escherichia coli, Bacteroides, Clostridium difficile зэрэг муу бактерийн хэмжээ ихэссэн байгаа нь ажиглагдсан юм. Харин ашигтай бактерийг хэрэглэсний дараа нойрны чанарт нөлөөлж буйг судлахад ашигтай бактериуд гэдсэнд орсныхоо дараа тодорхой метаболитууд үйлдвэрлэдэг бөгөөд тэдгээр нь нойрсоход чухал тархины бодисуудыг ялгаруулдаг.


Зургийг: Jamieson Vitamins

0% лактоз, глютен 

Ашигтай бактери гэхээр монгол идээ ундаанаасаа нөхөх нь зөв гэж бодох нь бий. Мэдээж зөв гэхдээ лактозын харшилтай хүмүүс яах вэ?

Лактоз нь сүүнд агуулагддаг нүүрс ус бөгөөд энэ нь бүх хөхтөн амьтдын сүүнд тодорхой хэмжээгээр агуулагддаг ба дэлхийн даяарх насанд хүрэгчдийн ойролцоогоор 68 хувь нь тодорхой хэмжээнд лактоз үл тэвчих шинжтэй байдаг. Нас ахих тусам хүний лактаза ферментийн ялгаралт багасдаг нь байгалийн жам ёсны процесс учраас хүүхэд байхдаа цагаан идээ идэж чаддаг байсан хүн насанд хүрээд сүү, сүүн бүтээгдэхүүнийг шингээж чадахаа байдаг нь ийм учиртай.


Зургийг: Dr Neil Galletly