Тамирчид тодорхой хэдэн чадварыг гартаа оруулаад л амжилтад хүрчихдэггүй. Амжилтад хүрэхийн тулд, түүнийгээ хадгалахын тулд шаргуу хөдөлмөрлөж, өдөр бүр хичээж, өчигдрөөс илүү байх шаардлага тулгардаг.

Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ М банктай хамтран дассандаа ханалгүй тасралтгүй хөгжихөөр хичээж яваа тамирчдын түүх, тэдний хөгжил дэвшлийн арга барилыг хүргэхээр бэлтгэлээ. М банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд сагсан бөмбөгийн спортын хөгжлийг дэмжин Үндэсний Дээд Лиг, Хөгжлийн Лигийн албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж буй. Уншигч та зочдын маань туршлагаас урам зориг авч, өнөөдрийн өөрөөсөө маргааш илүү байхын тулд хичээгээрэй.

“Хасын Хүлэгүүд” багийн хамгаалагч Ч.Ихбаяр 


Би яагаад ч юм багаасаа л сагсан бөмбөгт дуртай хүүхэд байсан. Тэр үед намайг том эгч маань анзаарч, Багануурын Н.Үүрцайх багшид шавь оруулснаар сагсан бөмбөгийн А үсгээ заалгаж байлаа. Даан ч 10 настай Ихбаяр бэлтгэлийн ах нартаа дээрэлхүүлж, нэг сар гаруй яваад л шантарчихсан.

Долоодугаар ангид ордог жилдээ ангийнхаа найзуудтай хамт сагс тоглохоор Үүрээ багш дээр эргээд очсон. Энэ удаа харин шантралгүй, тогтмол бэлтгэл хийж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, хоёр мөнгөн медаль авч чадсан юм. Оюутан болоод Азийн 3х3 Аварга шалгаруулах анхны тэмцээндээ хүрэл медаль хүртэж, одоог хүртэл энэ төрлөөр тасралтгүй хичээллэсээр байна.

2023 оны зун авсан шагайн бэртлээсээ эргэж ирэх хугацаа маш хүнд байсан. Бэртлээ бүрэн эдгээж амжилгүй 3х3 тэмцээнүүдэд оролцоод явсан болохоор тоглолтын үеэр хялбархан хийж чаддаг байсан зүйлсээ ч хийж чадаагүй. Дээд Лиг эхлэх үед дахиж л ийм байдалд орохгүй юм шүү гэж шийдмэгцээ спортоос түр холдож, бэртлээ сайтар эдгээж аваад илүү эрчтэйгээр бэлтгэлээ хийж эхэлсэн.

Хасын Хүлэгүүд багт ороод шинэ хамт олноосоо олон зүйл сурч авсан гэж боддог. Гадаад дасгалжуулагчдын нэг онцлох арга барил нь бэлтгэлийн үеэр өөрийгөө нөөж хэрхэвч болохгүй гэдгийг үргэлж сануулдаг. Өнгөрсөн улирлын эхээр хүндхэн хожигдлуудыг багагүй амссан хэдий ч бэлтгэлийн шинэ арга барилынхаа ачаар бүхий л үед тултал хичээж, өөрийгөө дайчилсан. Одоо ч тэр хэвээр.

Үүнийг уншиж байгаа та ч мөн өдөр бүр хийдэг зүйлээсээ залхалгүй, одоо байгаа түвшиндээ дасалгүй үргэлж хичээсээр байгаарай.

“Омни Хүлэгүүд” багийн довтлогч Ө.Индра 


Анх гэрийнхээ гадаа найзууд, ах эгч нартайгаа сагс тоглодог байснаас миний сагсан бөмбөгийн спорттой нөхөрлөх аялал маань эхэлсэн. Тавдугаар ангидаа сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээд орсон цагаасаа хойш өдийг хүртэл тасралтгүй сагсаа тоглосоор байна.

Анх сагс тоглож эхэлснээс хойш шантрах үе мэдээж цөөнгүй тохиосон. Залхах мэдрэмж, “ер нь больё доо” гэх бодол бишгүй л төрнө. Гэхдээ тэр бүх хэцүү үеийг даван туулахад хамгийн их нөлөөлсөн хүн бол О.Баярцогт дасгалжуулагч. Багш маань надад бүхнийг зааж сургаж, өдийг хүртэл намайг яг л өөрийн охин шигээ хайрлаж, хажуудаа авч явдаг.

Багшийнхаа зөвлөснөөр би өөртөө илүү амар, илүү тохирсон байрлалд тоглож сурсан. Тиймдээ ч би талбай дээр илүү тайван байж сурсан гэж боддог. Сүүлийн үед хооллолтод онцгой анхаарч байна. Бэлтгэлийн өмнө хүнд хоолноос татгалзаж, шөл уухаас эхлээд тоглолтоос хэдэн цагийн өмнө ямар хоол идэж болох, болохгүй гэх мэтчилэн маш их зүйлийг тасралтгүй суралцаж байна.

Сагсаар хичээллэж буй залуу тамирчдад хандаж хэлэхэд, эхэлсэн бол эцсийг нь үздэг байгаарай. Мэдээж явц нь амаргүй л байх болно. Гэхдээ чи хэр их хөлс дуслуулна, төдий чинээ амжилт чамайг дагаж явдаг юм шүү. Хичээгээрэй манайхаан, амжилт!


“Бишрэлт Металл” багийн довтлогч А.Энхбаясгалан 


Би Булган аймгийн Булган суманд өссөн. Хүүхэд байхдаа хашааныхаа шонд цагариг өлгөөд сагсан бөмбөгийн шийд болгож тоглодог байлаа. Оюутан болохоор их сургуулиа сонгох үедээ МУИС-ийн МБМ Шонхорууд багийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв багшаас урилга авч, гурван жилийн турш сургуулийнхаа шигшээ багийн ахлагчийн үүргийг дааж явсан. Их сургуулиа төгсөөд О.Баярцогт дасгалжуулагчийн удирдлага дор очиж, мэргэжлийн тамирчны карьераа эхлүүлээд өнөөдрийг хүртэл суралцсаар л байна.

Анх эхлэхдээ л хаа хүртэл явж чадахаа харъя гэдэг зорилготой байсан болохоор шантармаар, болимоор санагдсан үе огт тохиогоогүй. Харин 2019 онд шагайндаа хүнд бэртэл авсан нь хамгийн хүнд цаг үе байсан юм. 2022 онд хагалгаанд хагалгаанд орсныхоо дараа өмнөх түвшиндээ эргэж очихын тулд маш их тэвчээр, хатуужил шаардсан. Бэртлээс болж олон зүйл алдсан юм шиг боловч эдгэх явцдаа маш чухал зүйлийг ойлгосон гэж боддог. Мэргэжлийн тамирчин болохын тулд зааланд бэлтгэл хийхээс гадна эрүүл мэнд, хооллолт, биеэ нөхөн сэргээх, гэмтлээс урдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй байх шаардлагатай юм байна. Одоо үргэлж тэр талаарх мэдлэгээ тасралтгүй тэлэхийг, эргэн тойрныхондоо хуваалцахыг хичээдэг.

“Завхан Бродерс” багийн хамгаалагч Б.Тэмүүжин


Анх долоодугаар ангид байхдаа яаж бөмбөгөө цагариг руу шидэх, хэрхэн хоёр алхамт хийх талаар найзаараа заалгаж байсан. Тэр цагаас хойш сагсан бөмбөг гэдэг спортод бага багаар татагдсаар өнөөдрийг хүртэл сагсаа тоглосоор байна.

Оюутан байхдаа сагс тоглохын зэрэгцээ фитнесээр хичээллэдэг байсан юм. Нэг өдөр фитнес дээрээ техникгүй дасгал хийснээс болж, нуруундаа гэмтэл аваад тав орчим сар хөдөлгөөнөө хорьсон. Тэр үеэс хойш тамирчин хүнд гэмтэл бэртэл гэдэг хамгийн том саад бэрхшээл болохоос гадна босож тэмцэх хүч чадлыг ч бас өгдөг юм байна гэдгийг ойлгосон.

Одоогоор дотроо төсөөлөөд буй тэр амжилтаа хараахан гаргаагүй л байна. Гэхдээ хичээл зүтгэл, тогтмол бэлтгэлийг дагаад амжилт өөрөө ирнэ гэж итгэдэг. Мөн зөвхөн сагсан бөмбөг гэлтгүй өөрт таалагдсан бусад зүйлсийг давхар суралцаж хөгжихийг хичээдэг.

“Улаанбаатар Амазонс” багийн холбогч Г.Булган


2019 оны зун О.Баярцогт гавьяат дасгалжуулагчийн шавь болон мэргэжлийн тамирчны карьераа эхэлж байсан түүхтэй. Энэ хугацаанд хамгийн сорилттой байсан үе минь Отгонтэнгэр Их сургуулийн шигшээ багт байх үедээ багийнхаа гишүүнтэй үл ойлголцож, сургуулиа хаях дээрээ хүртэл тулаад, нэг жил их сургуулиасаа өнжсөн юм. Гэсэн хэдий ч зуны туршид бэлтгэлээ тасралтгүй хийсээр Этүгэн Их сургуулийн шигшээ багт орж, гарааны холбогч болтлоо тоглож чадсан.

Тамирчин хүнд хамгийн чухал зүйлсийн нэг бол яахын аргагүй найз нөхөд, хүрээлэл гэж боддог. Чамайг буруу зүйл рүү татдаг, амжилтад чинь атаархдаг хүмүүсээс холбоогоо тасалж чаддаг байх хэрэгтэй. Дараагийн чухал зүйл бол хооллолт. Сайн тоглохын 70 хувь нь хоол, 30 хувь нь бэлтгэл шүү дээ. Миний хувьд хувийн хоолны зөвлөхтэй бөгөөд нүүрс ус, эслэгээ нарийн тооцож, өглөөний цайнаас оройн хоол хүртэлх бүх хоолон дээрээ анхаардаг.

Үргэлж суралцахаар тэмүүлж, “өлсгөлөн” байх нь миний зарчим. Ирээдүйд дасгалжуулагч болохоор шийдсэн тул “Ulaanbaatar Amazons” багийнхаа дасгалжуулагч нараас тамирчны хувьд ч, ирээдүйн дасгалжуулагчийн хувьд ч үргэлж суралцахыг хичээдэг. Та ч бас одоо байгаадаа ханалгүй, өөрийнхөө хамгийн шилдэг хувилбараа бүтээхээр үргэлж хичээгээрэй.

“Бишрэлт Металл” багийн довтлогч Б.Сүхбат


Сагсан бөмбөгийг багаасаа л тоглож өссөн. 2016 онд өсвөрийн шигшээ багт нэгдсэн цагаасаа хойш мэргэжлийн тамирчин болох хүсэл төрж, бэлтгэлээ улам шаргуу хийдэг болсон.

Анхандаа бэртчихээд сэтгэлээр унаж, бусад тамирчдын хойно үлдэж байгаа юм шиг санагдаж, стресстдэг байсан бол одоо аль болох бэртлээс урдчилан сэргийлж, биеэ арчилж, торддог болсон. Бэртэл авсан ч эргэж ирэх хугацаандаа фитнесээр хичээллэж, формоо алдахгүй байх нь чухал. Мөн бэлтгэлийн дараа биеэ сайтар амраадаг болсон маань өөртөө суулгасан хамгийн чухал дадал. Бэлтгэл болон тоглолтын өмнөх оройноос эхлээд хүнд хоолыг хорьж, биеэ бэлддэг.

Тамирчин хүний амьдрал олон онцлогтой. Бусдаас илүү их тэсвэр тэвчээр, золиос, биедээ анхаарах чадвар шаардаж, хооллолтоос эхлээд хүний биед хэрэгтэй бүхий л зүйлийн тухай мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй болдог. Гэхдээ хэдий чинээ хэцүү байна, төдий чинээ аз жаргал, хүндэтгэл гээд олон сайхан зүйл дагаж ирдэг болохоор өдөр бүр бэлтгэлээ үнэнчээр хийгээрэй гэж дүү нартаа захья. Бэлтгэл хэзээ ч ихэддэггүй юм шүү.

“Сэлэнгэ Бодонс” багийн холбогч О.Тулга 


15 настай байхдаа гэнэт нэг өглөө босоод л аав ээждээ “Би гадагшаа явж, сагсны бэлтгэл хиймээр байна” гэдгээ хэлсэн. Гэр бүлийнхэн маань тун дурамжхан хүлээж авсан ч тэр ондоо аав намайг Япон Улсад суралцуулах шийдвэр гаргаж билээ. Ингэж л би дараа жил нь Японыг зорьж, гурван жилийн турш ахлах сургуульд суралцахын зэрэгцээ сагсны бэлтгэл хийж, мэргэжлийн замналынхаа суурийг тавьсан.

Дээд лигийн эхний хоёр жилд би “банз халаагч” буюу сэлгээний тоглогч байлаа. Тэр хугацаанд надад асар даруу төлөв зан сууж, үргэлж сайжрахыг эрмэлзэгч, “өлсгөлөн” байдлыг өөртөө төлөвшүүлж авсан гэж боддог. “Банз халаагч” халаагаа өгөхийн тулд хамаг чадлаараа хичээж, үндсэн бэлтгэлээс гадна өглөө нэмэлт бэлтгэл хийж эхэлсэн. Амжилт бол олон жижиг амжилтын олонлог бөгөөд тасралтгүй оролдлого бүрийн дэгээ гогцоо нь эцсийн үр дүнг бүтээдэг гэдэгт би итгэдэг.

Дүү нар минь, бэлтгэлийнхээ хажуугаар ном сайн уншаарай. Номоос тоглоомын дүрмийг ойлгоно, дүрмээ ойлгосон, амжилттай яваа хүмүүсийн философи, сэтгэлгээг ойлгоно. Европ, Ази, Америк сагсан бөмбөгийн дүрэм харилцан адилгүй шүү дээ. Харин бид ихэнхдээ NBA үздэг учраас Америк дүрмээр тоглож, алдаа гаргаад байдаг. Тиймээс FIBA-ийн албан ёсны вэбсайтаас дүрмийг нь сайтар уншиж, бичлэг үзэх, эсвэл подкаст сонсох байдлаар ямар талбайд, ямар дүрмээр тоглохоо ойлгож аваарай.

“Улаанбаатар Амазонс” багийн холбогч Н.Нандинхүсэл 


Би бага ангидаа л сагсан бөмбөгт дурласан. Харамсалтай нь миний очсон дугуйлан, тэмцээн болгон “эмэгтэй” гэдэг шалтгаанаар намайг авдаггүй байв. Харин долоодугаар ангидаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох завшаан тохиож, түүгээр ч үл барам “хамгийн үнэ цэнтэй тоглогч” (MVP) болж чадсан. Улмаар оролцох тэмцээнүүдийн маань тоо ч өсөн нэмэгдсээр 14 настайдаа шигшээ багийн дасгалжуулагчдын нүдэнд өртөж, багт нь нэгдэх урилга авснаар тамирчны карьераа эхэлсэн.

Тамирчны карьерын минь хамгийн хүнд үе өнгөрсөн жил тохиолоо. Спортын Академид суралцахаар ганцаараа АНУ-ыг зорьсон ч хөлдөө хүнд бэртэл авч, алхаж ч чадахгүй хэвтэж байхдаа “Би энд яг юу хийгээд байгаа юм бол доо” л гэж их бодсон. Хэрэв хамгийн чухал үедээ бэртээгүй байсан бол надад илүү олон боломж нээгдэж, олон дасгалжуулагчид танигдаж, цаашлаад Их сургуульд суралцах бүтэн тэтгэлэг ч авч чадах байсан даа гэж харамсдаг. Сагсны чадвар маань сайжрах нь байтугай бараг л муудаад эргэж ирсэн болохоор асар том гацалтад орчихсон. Одоо ч тэр гацалтаасаа гарахын тулд хичээсээр л байна.

Хэдийгээр бэртлийн үед бэлтгэл хийж чадаагүй ч тоглолтын арга барил, техник, биеэ нөхөн сэргээх, зөв хооллох зэрэгтэй холбоотой маш олон зүйлийг сурсан. Энэ бүхэн маань ирээдүйд олон том боломжийн үүд хаалга руу хөтөлнө гэдэгт итгэлтэй байна.

Харин сагсан бөмбөгийн тамирчин болохоор зорьж байгаа дүү нартаа хандаж, мэргэжлийн карьер чинь дууссаны дараах амьдралаа эртнээс төлөвлөж байгаарай гэж зөвлөмөөр байна.

“Бишрэлт Металл” багийн довтлогч Э.Дөлгөөн


2008 онд Якутад болсон хүүхдийн их наадамд өсвөрийн шигшээ багтаа тоглож, яг тэр жилдээ буюу дунд сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа Монголын сагсан бөмбөгийн Дээд Лигээс мэргэжлийн тамирчны гараагаа эхэлж байсан. Миний хувьд хоол зүйд маш их ач холбогдол өгдөг. Сүүлийн 16 жил амьтны гаралтай мах махан бүтээгдэхүүн огт хэрэглээгүй. Энэ нь дээд түвшинд тасралтгүй амжилт үзүүлэхэд гол нөлөө үзүүлсэн гэж бодож байна.

Мэргэжлийн тамирчны хувьд амжилтдаа ханах үеэс л тухайн тамирчны өсөлт хөгжил зогсдог. Өчигдрийн Дөлгөөнөөс өнөөдрийн Дөлгөөнийг бага ч гэсэн хувиар хөгжүүлэхийн тулд өдөр бүр аз жаргалтайгаар суралцахад өөрийгөө зориулсаар иржээ. Зөвхөн спортын хувьд биш, ажил мэргэжил, боловсрол, гэр бүл гээд л…

Шинэ эринд бүхий л зүйл хувьсан өөрчлөгдөж өмнө нь хэрэгждэг байсан арга барил ч хоцрогдож байна. Тиймээс карьераа эхэлж буй тамирчид маань мэргэжлийн өндөр түвшинд амжилт гаргахаар зорьж л байгаа бол мэргэжлийн баг хамт олонтой ажиллах хэрэгтэй. Спортын сэтгэл зүйч, хоол зүйч, хөдөлгөөн засалч, гэмтлийн эмч гэх мэт. Бүхий л зүйлд шинжлэх ухаанч байдлаар хандаж чадвал зөвхөн өрсөлдөгч бус өөрийгөө ялан дийлж чадна.

“Сэлэнгэ Бодонс” багийн хамгаалагч С.Баттөр


Би 12 настайгаасаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Анх өсвөрийн Улсын аваргад Дорнод аймгаасаа оролцож, түрүүлэн MVP болсон. Тухайн үед улсынхаа өсвөрийн шигшээ багт дуудагдаж, эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд оролцож байсан нь миний карьерын эхлэл болсон.

Сагсан бөмбөгийн ур чадвараа дээшлүүлсэн, мэргэжлийн тамирчны хувьд дараагийн шатандаа очиход минь тусалсан хамгийн гол зүйл бол бэлтгэлийн арга барилаа шинэчлэн, техникийн хувьд илүү анхаарал хандуулсан явдал. Түүнчлэн биеийн хөгжил болон сэтгэлзүйгээ тогтмол сайжруулахад их төвлөрсөн.

Тамирчны замналаар явж байгаа залууст миний хэлэх нэг зүйл бол “Амжилтад хүрэхэд тууштай байдал чухал”. Өөрийнхөө хөгжлийг хэзээ ч зогсоож болохгүй. Хүнд үеийг давахад чинь туслах сэтгэл зүйгээ, илүү чадварлаг тамирчин болгох техникээ хамтад нь үргэлж хөгжүүлж байгаарай.